Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ буурах биш өсөх найдвар давамгайлав

Зэсийн үнийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Оны сүүлийн улиралд зэсийн үнэ дунджаар 5700 ам.доллар/тонн байх тухай Citigroup таамаглал дэвшүүлжээ. Тус банк энэ онд уурхайгаас нийлүүлэх зэсийн хэмжээ 18.9 сая тонн байх бөгөөд нийлүүлэлт эрэлтээс ялимгүй давах тооцоо гаргажээ. Харин ирэх жил нийлүүлэлт эрэлтээсээ 280 гаруй мянган тонноор бага байна гэж үзжээ. Улмаар нийлүүлэлтийн хомсдолтой байдал 2019 он хүртэл хэвээр үргэлжлэх гэнэ. Энэ жилийн хувьд цаг агаарын таагүй байдал хийгээд уурхайн ажилчдаас үүдсэн асуудал 1.5 сая тонн нийлүүлэлтийг танаж амжсан талаар Citigroup онцолжээ.

Ийнхүү Хятадын зэсийн эрэлт буурах сөрөг төлвийн улмаас зах зээлд үүсээд байсан үнийн бууралтыг нийлүүлэлт багасах чимээ хазаарлаж, улмаар цаашид үнэ буурах биш харин өсөх найдвар давамгайлсан долоо хоног болж байна. Гэхдээ Goldman банк нийлүүлэлтийн илүүдэл ирэх жил 673 мянган тонн байна гэж үзэж байгаа юм. Учир нь Хятадын эрэлт сул, нийлүүлэлтийн эрчим нэмэгдэнэ гэж тооцжээ.

Зэсийн үнэ сүүлийн саруудад эрчимтэй доошилж өнгөрсөн 8 дугаар сарын сүүлд 4887 ам.доллар/тонн болоод байсан. Чухамдаа зах зээлд үнийн бууралт ноёлох хандлага давамгайлах агшинд Glencore, Freeport, Codelco зэрэг томоохон үйлдвэрлэгч төслийн өргөтгөлөө хойшлуулах, борлуулалтаа бууруулах зэрэг арга хэмжээ авах болсон нь нийлүүлэлтийг эрчимтэй бууруулах үндэслэл болсон билээ. Зөвхөн Glencore гэхэд Африк дахь хоёр уурхайн төслөө жил хагасын хугацаанд хаахаар болсноор зах зээл дэх нийлүүлэлтийн төлөвөөс 400 мянган тонн хасагдаж буй юм. Одоогийн нөхцөл байдал нь эрэлтээс давсан хэт илүүдлийг бүрэн арилгах дүр зургийг хөрөнгө оруулагчдад тод харуулж байна.

Дээр нь лхагва гаригийн шөнө Чилийн эрэг орчмоор болсон 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын зэсийн зарим уурхайг түр хугацаанд хаасан нь ханш өсөхөд нэмэр болжээ. Гэхдээ уурхайнуудын аюулгүй ажиллагаанд хяналт хийсний дараа эргээд нээж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 5369 ам.доллар/тонн байна. Гэхдээ мөн өдөр биржийн арилжааны эхэн үеэр зэсийн үнэ 5440.5 ам.доллар/тоннд хүрсэн нь сүүлийн хоёр сар орчмын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт байв. Зэсийн үнэ оны эхэнд 6000 гаруй ам.доллар/тонн байсантай харьцуулахад одоогийн үнэ доогуур хэдий ч хүрэн металын ханшийн ерөнхий төлөв нийлүүлэлтийн эрсдэлээс үүдэн сайжирч эхэллээ.


Б.Төгс