Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа эрхэлж буй “Аспайр Майнинг” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам байгуулах барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авснаа өчигдөр албан ёсоор мэдээллээ. Энэхүү зөвшөөрлийг авснаар газар ашиглах урт хугацааны зөвшөөрөл олгох яриа хэлэлцээрийг Монголын Засгийн газартай эхлүүлэх суурь нөхцөлийг хангаж буйг компанийн мэдээлэлд онцолжээ. Түүнчлэн “Аспайр Майнинг” компанийн төмөр зам хариуцсан охин компани Northern Railways болон Зам, тээврийн яам, Улаанбаатар төмөр зам компанийн төлөөллөөс бүрдсэн комисс байгуулан, хөдөлгөөний менежментийн протокол, шинэ төмөр замыг төв шугамд хаагуур холбох зэрэг асуудлыг хэлэлцэх ажлыг эхлүүлэхээр болоод байна.
Уг төмөр замаар жилдээ 30 сая тонн
бараа тээвэрлэх боломжтой бөгөөд Northern
Railways төслийн байгаль орчны судалгаа, банкны шалгуур хангасан
техникийн судалгааг гүйцэтгэж дуусгахад шаардлагатай санхүүжилтийг олохоор идэвхийлэн
ажиллаж буй ажээ.
Б.Төгс