Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн S11D төслийн экспорт 2017 онд эхэлнэ

Бразилийн “Vale” компани дэлхийд томоохонд тооцогдож буй төмрийн хүдрийн S11D төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн уурхайгаас төмрийн 66%-ийн агууламжтай хүдрийн  олборлолт болон экспортыг 2017 оны нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Төмрийн хүдэр экспортлох зорилгоор уурхайгаас Carajas Railway төмөр зам хүртэл 101 км төмөр замыг бүтээн байгуулах ажлыг энэ сард эхлүүлэх аж. Энэ салаа замыг байгуулснаар Мексикийн Сан Луис дахь Донта де Майдера боомтоор дамжин дэлхийн зах зээлд төмрийн хүдрээ экспортлохоор төлөвлөж буй.

S11D төслийн уурхайг эхний ээлжинд жилд 90 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтайгаар ашиглалтад оруулах юм байна. 2020 он гэхэд уг төслийн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрнэ хэмээн “Vale” компанийн Логистик болон маркетинг хариуцсан захирал Луис Мериса мэдэгджээ.

Хэдийгээр төмрийн хүдрийн гол худалдан авагч Хятад улс гангийн үйлдвэрлэлээ бууруулж байгаа ч он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нийт 28%-иар өссөн юм. Төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Австрали болон Бразил улсын хувьд экспортоо нэмэгдүүлсээр байна. Эдгээр улс 2016 оны санхүүгийн жилд экспортоо 50 сая тонноор нэмэгдүүлнэ гэсэн судалгааг хөрөнгө оруулалтын “Liberum Capital” банкнаас гаргажээ. Уг банкны тооцоолсноор жилийн хоёрдугаар хагаст Австралийн BHP Billiton, “Рио Тинто” болон “Рой Хилл” нь нийт 677,8 сая тонн, ирэх жилийн эхний зургаан сард нийт 686 сая тонн төмрийн хүдэр дэлхийн зах зээлд нийлүүлэх хандлагатай байгаа аж.

Зөвхөн Австрали гэхэд 2016 оны 835 сая тоннын төлөвлөгөөгөө нэмэгдүүлж, 2020 он гэхэд 934 сая тоннд хүргэх тооцоо байна. Тэгвэл Бразил улсын төмрийн хүдрийн экспорт 371 сая тонноос 480 сая тоннд хүрч нэмэгдэх бололтой. Тус улсын Vale компанийн S11D төсөл хэрэгжиж эхэлмэгц 2017 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр 20 сая тонн хүдэр нэмэгдэх төлөв бий. Энэ нөхцөл байдлаас хамаарч зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ энэ оны сүүлчээр буурч эхэлнэ гэж Morgan Stanley, Citigroup, BHP Billiton үзэж байна. Citigroup-ийн дэвшүүлсэн таамаглалаар төмрийн хүдрийн дундаж үнэ 2017 онд 45 ам.доллар, 2018 онд 38 ам.долларт хүрч буурах гэнэ.  
 
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хятадын Циндао боомт дээр төмрийн 62%-ийн агууламжтай 1 тонн төмрийн хүдэр 56,79 ам.доллараар худалдаалагдсан билээ. 

Э.Од
   
    

Сэтгэгдэл (1)