Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулжээ

“Кью Эм Си” групп “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, сарын өмнө хүлээлгэн өгчээ. Өнөөдөр салбарын зарим төлөөлөлд хаалтын төлөвлөгөөний ажлын үр дүнг танилцуулсан юм. Энэ нь Монголын компани Монгол дахь тодорхой уурхайг түшиглэн хаалтын төлөвлөгөө боловсруулсан анхны тохиолдол болж байна.

Дээрх хоёр компанийн аль алиных нь хувьд төдийгүй Монголын хувьд ч эхний туршлага юм. “Бороо гоулд” компани Бороогийн уурхайн ашиглалт дуусах үед гадны туршлагатай компаниар хаалтын төлөвлөгөө хийлгүүлсэн. Харин дээрх төлөвлөгөөг эхний туршлага гэж тодотгосон нь “Саусгоби сэндс” ХХК-ийн хувьд одоо явж буй ТЭЗҮ-ээрээ 20 жилийн дараа хаах уурхайнхаа хаалтыг өнөөдөр төлөвлөж, ямар хариуцлага үүрэхээ урьдчилан харах боломжтой болж буйг хэлсэн хэрэг. Уурхайн ашиглалтыг эхнээс нь дуустал харах анхны туршлага төдийгүй хаалтын эрхзүйн дэглэм тодорхой хуульчлагдаагүй үед хариуцлагатай, санаачилгатай компаниуд бодит ажлыг эхлүүлснээрээ ч онцлох ёстой ажил юм.  

“Энэ нь 20 жилийн дараах хаалтын асуудлыг ярьж байгаа ерөнхий концепци төлөвлөгөө. Уурхайн бүхий л төлөвлөлт, суурь судалгаануудыг ашиглан концепци төлөвлөгөө гаргаж, хаалтын чиглэлээ тодорхойлж, хаалтын дараа нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай газар болгон үлдээх төсөөллөө гаргаад, түүнийгээ тав, таван жилээр шинэчлээд явдаг олон улсын практик бий. Цаашаа улам сайжирч, нарийвчлагдана” гэдгийг “Кью Эм Си” группын захирал М.Дагва танилцуулгадаа дурдсан. Тэрээр уурхайн хаалтын эрхзүйн зохицуулалтыг бүрэн агуулгаар нь тусгасан Уул уурхайн хууль, уурхайн хаалтын журмын төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж буй. Тиймээс хийх гэж байгаа хууль, журмыг угтсан хаалтын төлөвлөгөө боловсруулахдаа олон улсын туршлагад ч ойртуулахыг хичээжээ.

Бусад улсын уурхайн хаалтын төлөвлөгөө хийх заавар, санхүүгийн баталгааны шилдэг туршлагын заавар, орон нутгийн хөгжлийг авч үзэх зөвлөмжүүдтэй танилцаж, стандарт болоод тогтсон хэм хэмжээг авснаар ерөнхий цар хүрээгээ босгож ирсэн байна. Түүндээ суурилан “Саусгоби сэндс” ХХК-ийн байгаль орчин нийгмийн чиглэлээрх суурь судалгаанууд, ТЭЗҮ, БОНБҮ, биологийн төрөл зүйлээр дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө зэргийг нэгтгэн харж, хаалтын төлөвлөгөө хийсний сацуу хаалтын менежментийн төлөвлөгөөг мөн боловсруулжээ. Өмнөговь аймаг болон Гурвантэс сумын орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, нийгмийн хариуцлагын чиглэлээр компаниас орон нутагт тодорхой зүйл хийж үлдээх эрмэлзлийг хаалтын төлөвлөгөөгөөр уулзуулж байгаа нь бас нэг олзуурхах тал юм.

Хаалтын төлөвлөгөө нь 3 ботиос бүрдсэн нүсэр бичиг баримт болжээ. Эхний хоёр боть суурь судалгаанууд, ТЭЗҮ, цаашдын төлөвлөлтийг багтаасан бол гурав дахь ботид хаалтын талаар хууль, журамд тусгагдаж буй шаардлагууд, компанийн хүлээх үүрэг, нөлөөллийг бууруулахын тулд хэрхэх, санхүүгийн баталгаа гаргахын тулд санхүүгийн зардлаа яаж тооцох, олборлолтын үеийн болон шинэ үйлдвэр барих үед хаалттай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах, мониторинг хийх, бүр хэрхэн тайлагнаж бичиг баримт үүсгэхийг хүртэл нарийвчлан төлөвлөж, зардлыг тооцжээ. Одоо байгаа ТЭЗҮ-ээр хаалтын зардлыг тооцоод үзэхэд 100 орчим сая доллар болох дүн гарчээ.

Уурхайг хаахдаа орон нутгийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан ерөнхий чиглэл нь аялал жуулчлал байна гэж үзсэн бөгөөд түүнд шаардлагатай зарим дэд бүтцийг авч үлдэх, авч үлдэхгүйгээ буулгаж, нөхөн сэргээх, нөхөн сэргээсэн зарим зүйлээ аялал жуулчлалтайгаа холбон ашиглах ерөнхий дүр зураг гаргажээ. Орон нутгийн зам, засварын газар, зуух, онгоцны буудал, эрчим хүч, кэмпийг үлдээх бол баяжуулах үйлдвэр, далан, ШТС, гаалийн баталгаат агуулах зэрэг хэт үйлдвэрлэлийн зориулалттай ашиглаж байгаа зүйлсийг буулгана гэж төлөвлөсөн байна. “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхайн 20 жилийн дараах алсын хараа ингэж гарчээ.  

 

 Зураг: “Саусгоби сэндс” ХХК-ийн уурхайн хаалтын төлөвлөлтийн макет 



Н.Ариун

  • ХАН (202.21.102.178)
    Ухаад дууссаныг хаалт гэж ойлгож болох уу
    2017 оны 04 сарын 27 | Хариулах