Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Оросын нүүрсний экспорт Хятад руу нэмэгдэж байна

Э.Од

2017 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна. Энэ хугацаанд тус улсын нүүрсний томоохон компаниудын нийт ашиг 147.5 тэрбум юань буюу 22.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Австрали 38.47 сая тонн нүүрсний нийлүүлэлтээр Хятадын зах зээлд тэргүүлж байна. Гол нийлүүлэгч орны нэг Индонези 17.86 сая тонн нүүрс тус тус эхний хагас жилд экспортолж хоёрт бичигджээ. Харин Оросын хувьд эхний зургаан сарын хугацаанд 13.14 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолж 1.17 тэрбум ам.долларын орлого олсон байна. Хятад руу нийлүүлэх хойд хөрш орны нийт нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53.8%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хойд Солонгост тавигдсан хориг нь оросуудад Хятадын зах зээл дээр нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломж хэмээн тус улсын хэвлэл мэдээллээр онцлон бичиж байна.

Оросын хувьд нүүрсний нөөц 500 жил хүрэлцээтэй бөгөөд 2017 онд нүүрсний салбарыг хөгжүүлэхэд 90 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Өнөөдөр тус улсад нүүрсний 48 төсөл гадаадын хөрөнгө оруулалт татахаар хүлээгдэж байна. Үүнээс 21 төсөл нь Баруун Сибир болон Алс Дорнодын бүс нутагт хэрэгжих юм. Энэ жил тус улсын Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт 8%-иар өснө гэсэн таамаглалтай байна.  



Хятадын нүүрсний нийлүүлэгч орнуудын экспорт өсч байгаа нь ч Хойд Солонгосын хоригтой холбоотой юм. Цөмийн пуужингийн туршилт хийсний улмаас өнгөрөгч гуравдугаар сард НҮБ-аас Хойд Солонгос улсын ашигт малтмал, тэр дундаа нүүрсний экспортод хориг тогтоосон юм.

Нүүрсний гол зах зээл БНХАУ-ын хувьд мөн наймдугаар сарын 15-наас энэ оныг дуустал Хойд Солонгос улсаас нүүрс, төмрийн хүдрийн импортыг бүрэн зогсоосон.  2016 онд Хойд Солонгос 22.4 сая тонн нүүрс Хятад руу экспортолжээ. Тэгэхээр энэ орон зайг нөхөж нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломж, басхүү өрсөлдөөн бий болоод байна.     

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө “Coal Mongolia” чуулганаар “Монгол бол сайн чанарын нүүрсний ихээхэн нөөцтэй цорын ганц улс биш. Орос Монголын нүүрсний салбарт бидний хамгийн том өрсөлдөгч орон” гэдгийг онцолж байлаа. 2011 онд Монгол 21 сая тонн нүүрс экспортолж Австралийг ардаа орхин Хятадын нүүрсний зах зээлд тэргүүлж байх үед Орос 10 сая тонн нүүрс нийлүүлж эхний тавд “сураггүй” байсан цаг. Нэг жилийн дараа гэхэд Оросууд нүүрсний экспортоо 19.3 сая тоннд хүргэж Монголын араас дөрөвт нэхэн орж ирсэн юм. 2012 оны хувьд Орос түүхэндээ хамгийн их нүүрсний олборлолтыг хийн 354.3 сая тоннд хүргэсэн. Энэ үед Оросын нүүрсний гол худалдан авагчаар Хятадыг тодорхойлж байв. Тэгвэл 2013 оны дүнгээр Орос 20.35 сая тонн нүүрс өмнөд хөрш рүү экспортолж 18.1 сая тоннын нийлүүлэлттэй Монгол улсыг ардаа орхиж байлаа.

Өнөөдрийг хүртэл Хятадын нүүрсний зах зээл дээр Монгол, Оросын хувьд гол өрсөлдөгчид болохыг тоо баримтууд харуулсаар байна. Ашигт малтмал, газрын тосны газрын статистикаар Монгол улс 2014 онд 19.5 сая, 2015 онд 14.4 сая, 2016 онд 25.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Оросын хувьд 2014 онд 20 сая тонн, 2015 онд 15.7 сая тонн, 2016 онд 18.9 сая тонн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлсэн болохыг тус улсын Шатахуун, эрчим хүчний цогцолборын Диспетчерийн төвийн статистикт тэмдэглэжээ.  

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах