Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Нүүрснээс алдагдсан боломж

Нүүрсний экспорт эхний 9 сарын байдлаар (мян.тн)



Н.Ариунтуяа
 

Дээрх графикаас уншигч та нүүрсний экспорт зургаадугаар сард оргилдоо хүрээд долдугаар сараас буурч эхэлснийг харж байна. Тодруулбал, сүүлийн гурван сард нүүрсний экспорт сард ойролцоогоор 1 сая гаруй тонноор буурчээ. Аравдугаар сард ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул найм, есдүгээр сарынхтай ойролцоо дүн гарч таарна.

Экспортын энэхүү сааралт зөвхөн Гашуунсухайт-Ганцмод  боомт дээр гарсан үзүүлэлт юм. Өдөрт дунджаар 1500 орчим машин нэвтэрдэг байсан тус боомтоор өдгөө дээд тал нь 500 машин нэвтэрч байна. Долдугаар сарын дунд үеэс эхлэн боомтын нэвтрэлт Хятадын талаас хамааралтайгаар тодорхойгүй шалтгаанаар хоёроос гурав дахин буурчихаад байгаа. Боомтын нэвтрэлт буурсны улмаас зах зээл таатай үед нүүрсний экспортоос алдагдсан боломжийг сүүлийн 3 сараар маш ерөнхий тойм байдлаар тооцоолох гээд үзье.  

Гашуунсухайт-Ганцмод  боомтоор Тавантолгойн бүлэг орд дээр олборлолт явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” компани экспорт хийдэг. Дээрх график үзүүлэлтээс харвал компаниуд өнгөрсөн гурван сард 3 сая тоннын экспортын боломжийг алдаад байна. “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл есдүгээр сард Coal Mongolia 2017 дээр экспортоо сард дунджаар 200-300 мянган тонноор өсгөх боломжийг алдсаар байна гэсэн юм. Дээрх 1 сая тоннын 200 мянган тонныг Энержи ресурс” компанийнх гэж үзвэл үлдсэн 800 мянган тонн нь “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компанид ногдоно. Мэдээж дийлэнх нь “Эрдэнэс Тавантолгой-д хамаарна.       

Гурван компанийн экспортын 87%-ийг коксжих нүүрс эзэлдэг. “Энержи ресурс” компанийн борлуулалтын үнэ эхний хагас жилд 128 ам.доллар байсан. “Эрдэнэс Тавантолгой” 68 ам.доллар, “Тавантолгой” борлуулалтын үнээ 70 ам.доллар гэж хэлж байгаа. 70 ам.доллараар дундажлан тооцоход сард 70 гаруй сая ам.долларын борлуулалтыг өнгөрсөн хугацаанд алджээ. Өдөрт шилжүүлбэл 2.2 сая ам.доллар гэсэн үг. Өнгөрсөн гурван сарын алдагдал ойролцоогоор 200 гаруй сая ам.доллар болж байна. Уншигч таныг энэ тухай унших мөчид ч алдагдал өдөрт 2.2 сая ам.доллараар нэмэгдэн байгаа. Нөхцөл байдал он гартал хэвээр үргэлжилвэл оны сүүлийн хагаст Монгол улс нүүрсний экспортоос 400 орчим сая долларын боломжийг алдаж байгаа хэрэг юм. Эдийн засагчид тооцоог илүү бодитой, өргөн хүрээнд харж гаргах байх. Хамгийн харамсалтай нь зах зээлийн алтан боломжит үед алдагдлын тухай ярьж суугаа нь даажинтай хэрэг.

Он гараад төлөх Чингис бондын 500 сая ам.долларын өрөө дарчих мөнгөгүй, өрийг өрөөр гэхээс өөр арга зам олохгүй суугаа ядарсан эдийн засагт энэ бол бага мөнгө биш. Нүүрсний экспортын гацаанаас боломжийг алдсан бүтэн дөрвөн сар бол улсын эдийн засаг хайхрах эзэнгүй, Засгаа огцруулж, шинээр бүрдүүлэх гээд “завгүй” явсан үе юм. Алдагдал өдөрт 2.2 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын даруй барьж авч шийдвэрлэх ёстой асуудал юм.

Монголын нүүрсний нийт экспортын 60 орчим хувийг дангаар эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод  боомтын асуудлыг шийдэхэд хоёр улсын Засгийн газрын түвшинд хийх хэлэлцээр амин чухал болчихоод байна. Өмнөд хөрштэй Засгийн газрын түвшинд хэлэлцэж, нүүрс нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулж, түүнийгээ идэвхтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн санаа. Хятадын Засгийн газрын зүгээс бодлогын ийм дэмжлэг авахгүй бол Монголын нүүрсний салбар зах зээлийн байр сууриа алдаж, өрсөлдөөнөөс шахагдах нь байна. Өөрөөр хэлбэл, нүүрсээ зарж мөнгө олох төлөвлөгөө маань гунигт мөрөөдөл болж замхарна. Эрдсийн салбарт хоёр дахь том орлого нүүрсний экспортоос орж ирдэг. 2018 оны Монгол улсын төсөвт 1.7 их наядыг уул уурхайн салбараас төвлөрүүлэхийг зорьж буй бөгөөд үүний 535 тэрбумыг 32 сая тонн нүүрсний экспортоос олохоор төсөөлөөд байгаа юм. Гашуунсухайт-Ганцмод  боомтын нэвтрэлт удааширсныг шийдвэрлэж чадахгүй бол нүүрсний орлого энэ он байтугай салбар уналттай байсан 2016 оны түвшинд ч хүрч чадахгүй. 2018 оны Улсын төсөв эрдсийн салбарт хэр их найдлага тавьсныг сэтгүүлч Б.Төгсбилэгтийн нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.

Улмаар У.Хүрэлсүхийн кабинетийн хувьд эдийн засагт үзүүлж буй уул уурхайн салбарын бодит нөлөөллийг хүлээн зөвшөөрч, санаачилгыг гартаа авах бас нэг хойшлуулшгүй ажил бол Тавантолгойн ордыг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах. Хойшлуулшгүй гэж хэлсний учир нь он гараад “Эрдэнэс Тавантолгой” 0 давхаргын нүүрсээ олборлож эхэлнэ. Энэ бол Тавантолгойн олборлолт шалдаа бууж буйн дохио юм. Тавантолгойн ашиглалтыг цогцоор шийдээгүй, арга ядсан байдлаар залгуулж явсны гор бодитойгоор илэрч байна гэсэн үг. Уул уурхайн салбарынхны, мэргэжлийн хүмүүсийн олон оны турш ойлгуулах гэж аргаа ядан яваа асуудал нүүр тулаад ирсэн нь энэ. Тавантолгойн ордод байгаа нүүрсний багахан хэсэг нь маш чанартай бөгөөд түүнийгээ янз бүрийн чанартай бусад хэсэгтэй нь холих замаар ядаж нэг тэрбум тонн нүүрсээ ашиглачих юмсан, түүний тулд Тавантолгойн ордыг цогцоор хөгжүүлэх ёстой гэж “улигласаар” ирсэн мэргэжлийн хүмүүсийн анхааруулгыг өнгөрсөн бүх хугацаанд хэн ч тоогоогүй. Түүхийгээр зарвал ямар ч үнэ цэнгүй, сайн чанарын бусад нүүрстэй хольж угааж байж үнэ цэнтэй болгодог 0 давхаргын нүүрсээ олборлоод, тэр нь ямар ч үнэ цэнгүй шороо болж хувирах цагт орой руу орох тэр үе дэргэд ирчихлээ. Олборлолт нь эрчтэй явбал оны сүүлээр ч 0 давхаргадаа хүрэх боломжтой юм.

Тавантолгойн орд дээр “Эрдэнэс Тавантолгой” оператор компаниудтай ганц нэг жилээр олборлолтын гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь зогсоочихгүйг эрмэлзэж яваа. Энэ бол компанийн, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш. Тавантолгойг цогцоор хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих асуудлыг улс орны эрх ашиг бус улс төр бизнесийн бүлэг хоорондын эрх ашгийн мөргөлдөөн болгож ирсний, наад зах нь нүүрсээ угааж баяжуулах асуудлаа ч шийдэх боломж өгөхгүй улс төрийн тээг үүсгэсээр, гаргах ёстой шийдвэрийг гаргахгүй гацааж ирсний гор юм.

Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ аргацаасан байдлыг өөрчлөх зоримог алхам, улс төрийн шийдлийг уул уурхайн салбар хүлээж байна. Зоримог дайчин имижээрээ олон нийтэд танигдсан Ухнаагийн Хүрэлсүх дараагийн сонгууль ойртчихоогүй энэ үед зоригтой ажиллаж, Тавантолгойг цогцоор ашиглах түүхэн шийдвэрийг гаргавал Монголын эдийн засгийн түүхэнд мөнхрөх шийдвэр болох нь гарцаагүй. Нүүрсний бизнест яг одоо төрийн ухаалаг бодлого, ончтой шийдвэр, алсаа харсан алхам хэрэгтэй байна. Улмаар уул уурхайн салбарын хөгжлийг эдийн засагт нөлөөлөх эерэг зөв хандлага руу хөтөлж чадвал унасан эдийн засагт богино хугацаанд үр дүн гаргах боломжит хамгийн дөт зам болох билээ.