Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт 33.4 сая тоннд хүрч, нийт экспортын 36%-ийг бүрдүүлэв

2017 оны эцсийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн хугацаанд улсын импорт 4.3 тэрбум ам.доллар, экспорт 6.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарав.


Эрдсийн экспортын тухайд
өнгөрсөн оны эцсээр 4.93 тэрбум ам.доллартай тэнцэж, өмнөх 2016 оноос 41.6%-иар өсч, улсын нийт экспортын 79.5%-ийг бүрдүүллээ.


Эрдсийн экспортын төрөл дундаа орлогын дүнгээр
бусдыгаа хошуучилсан нүүрсний хувьд экспортын хэмжээ нь өнгөрсөн онд биет жингээр 33.4 сая тоннд хүрч, орлого нь 2.27 орчим тэрбум ам.доллартай тэнцэв. Энэ нь 2017 оны төсөвт тусгасан нүүрсний борлуулалтын төлөвлөгөөт хэмжээ болох 32 сая тонноос 4.3%-иар давж биелэгдсэн дүн юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын нүүрсний экспорт дангаараа 2 сая 71 мянган тоннд хүрсэн нь өмнөх (арваннэгдүгээр) сарынхаас 28.5%-иар буюу 829 мянган тонноор буурсан дүнтэй гарчээ. Харин нүүрсний экспортын 2017 оны хэмжээн дэх орлогын нийт дүн нь өмнөх 2016 онтой харьцуулахад 2.3 дахин өссөн бол биет жингээр 29.4%-иар нэмэгдсэн дүнтэй гарч байна.


Зэсийн баяжмалын экспорт мөн хугацаанд биет жингээр 1.
45 орчим сая тоннд хүрсэн нь 2016 оныхоос 7.3%-иар буурсан бол орлогын дүн нь 1.61 тэрбум доллартай тэнцэж, өмнөх 2016 оны орлогын дүнтэй дүйв. Цэвэр зэсийн экспортын тухайд оны хэмжээнд нийтдээ 15.6 мянган тонн бүтээгдэхүүн экспортод гарч, 92.7 сая долларын орлого олсон нь жингийн хувьд ялимгүй бууралттай, үнийн дүнгээр 25%-иар тус тус өсөв.


Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны
экспорт энэ хугацаанд жингээр 14.6 тоннд хүрч, үнийн дүнгээр 595 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн 2016 оныхтой харьцуулахад 21.5-24.1%-иар доошилсон үзүүлэлттэй гарлаа.


Харин газрын тосны экспорт оны
эцсийн байдлаар 7.51 сая баррельд хүрлээ. Экспортын үнийн дүн нь 374 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх 2016 оныхоос 11 орчим хувиар өссөн гэсэн үг юм. Гэхдээ биет жингийн хувьд газрын тосны экспорт 6.3%-ийн бууралттай гарчээ.

Төмрийн хүдрийн экспорт оны
эцсийн дүнгээр жингийн хувьд 6.26 сая тонн, орлого нь 313 сая доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн 2016 оныхтой харьцуулахад жингээр 2.8%-ийн өсөлттэй, орлогын хувьд 25.4%-иар дээшилсэн байна.


Цайрын баяжмалын экспорт
өнгөрсөн оны хэмжээнд жингийн хувьд 118.2 мянган тоннд хүрч өмнөх 2016 оныхоос 6.2%-иар буурсан ч орлого нь 181 сая доллар буюу 24.3%-ийн өсөлттэй гарчээ.


Жоншны баяжмалын экспорт оны
хэмжээнд 319.3 мянган тоннд хүрч, 84.2 сая долларын орлого олжээ. Тодруулбал жоншны экспорт өмнөх 2016 оныхоос жингээр 28.3%, орлогын дүнгээр 42.8%-иар өслөө. Молибденийн хувьд ч мөн адил экспорт нь биет жин, орлогын дүнгийн аль аль нь дээшилсэн дүнтэй гарлаа. 2017 оны хэмжээнд молибденийн экспорт 6.5 мянган тонн, үнийн дүн 37.3 сая доллартай гарсан нь жингийн үзүүлэлт 12.6%, орлого 41.3%-иар өссөнийг илтгэнэ.

Хар тугалганы экспортын тухайд жингээр 17 орчим мянган тонн, үнийн дүнгээр 43.7 орчим сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет жин 69%, орлогын дүн нь 81.5%-иар өссөн дүнтэй гарлаа.


Харин гянтболдын экспорт энэ оны
эцсийн байдлаар биет жингээр 30.7%-иар буураад байна. Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт жингийн хувьд 1016 орчим тонн, үнийн дүн нь 8.08 орчим сая доллараар тэмдэглэгдсэн нь орлогын үзүүлэлт 23.2%-иар буурсан гэсэн үг юм.


Эрдсийн экспорт
2017 онд ийнхүү дийлэнх төрөлдөө өсөлттэй гарсныг Үндэсний стастикийн хорооны мэдээлэл харуулж байна. Зэсийн хувьд Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга буурсан ч оны хэмжээнд зэсийн зах зээл өсөлттэй байсантай холбоотойгоор зэс баяжмалын орлогын дүн 2016 оныхоос бууралтгүй ижил түвшинд хадгалагдаж чадлаа. Нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн долдугаар сараас эхлэн буурсан ч зорилтот хэмжээ болох 32 сая тонныг бүрэн биелүүллээ.


Б.Төгс