Алтны салбарт Төрийн дэмжлэг, Компаниудын чармайлт хэрэгтэй

2018-02-28 10:29


Н.Ариунтуяа

Ашигт малтмалын хуульд 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хоёр заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь алтны салбарынхны хувьд хүсэн хүлээсэн өөрчлөлт байв. Алтны роялтиг 2.5% болгон бууруулж, өсөн нэмэгдэх роялтиг тэглэхдээ алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар заасан билээ. Хуулийн хүчинтэй хугацаа 2019 оны нэгдүгээр сарын нэгнээр дуусгавар болно. Үйлчлэл нь дуусах дөхөж буй мөчид уг зохицуулалт алтны салбарт ямар дэмжлэг болж, ямар ахиц дэвшил авчирсныг бодитоор тооцоолж, дүн шинжилгээ хийх ёстой юм. Өнгөцхөн харвал 5 жилийн өмнө баталсан хуулийн өөрчлөлт сайн, муу үр дагавар аль алийг нь дагуулжээ.

Дээрх хуулиар Монгол улсад олборлож буй бүх алт Монголбанкаар дамжих боломжийг нээсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болов. Хуулийн өөрчлөлтөөс өмнө Тогтвортой байдлын гэрээтэй “Бороо гоулд”, “Оюутолгой” зэрэг компани алтны цэвэршүүлэлт, борлуулалтаа өөрсдөө хариуцдаг байсан бол “Бороо гоулд”-ын Тогтвортой байдлын гэрээ дуусгавар болсноор дээрх зохицуулалтад хамаарах болсон юм. “Оюутолгой”-гоос бусдад үйлчилж буй энэ хууль Монголбанкны алтны худалдан авалтад эерэгээр нөлөөлж,эрдэнэсийн санг арвижуулахад асар том дэмжлэг болсныг өнгөрсөн 5 жилийн худалдан авалтын үзүүлэлт харуулж байна.


Монголбанкны худалдан авсан нийт алтны хэмжээ /тн/


Дагаад гадагшаа нууцаар урсаж байсан алтны далд эдийн засаг ил тод болж, дотоодоо төвлөрөхөд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Энэ хэдэн жилд Төв банкинд алт тушаадаг тогтолцоо бүрдэж чадсан нь хамгийн том дэвшил юм.
Гэвч алтны салбарыг ил тод, хөнгөн шуурхай үйлчилгээтэй болгосон хуулийн өөрчлөлт, татварын хөнгөлөлтийн цаана дийлэнхдээ хувь хүмүүс алт тушаах болсныг доорх үзүүлэлтээс харна уу.

Монголбанкинд аж ахуйн нэгж, иргэдийн тушаасан алтны хэмжээ /кг-аар/


Монголбанкны худалдан авалтын түүхэн дээд амжилт болоод буй 2017 онд худалдан авсан 20.01 тонн алтны 66%-ийг иргэд, 34%-ийг аж ахуйн нэгжүүд тушааснаас үзвэл Монголын алтны салбар “нинжа”-гийн зохион байгуулалтаас гарч чадаагүй байна гэж дүгнэх үндэстэй. Алтны роялтийг 2.5% болгосон 2014 оноос эхлэн иргэдээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ жил дараалан огцом өсөлт үзүүлсэн бол эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтны хэмжээ жил дараалан буурч иржээ. Хуулийн өөрчлөлтөөс өмнө 2013 онд 8 хувь хүн, 120 аж ахуйн нэгж алт тушааж байсан бол өдгөө энэ нь урвуугаараа эргэж, 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар 117 аж ахуйн нэгж 7.2 тонн алт, 216 иргэн 12.4 тонн алт тушаасан статистик байна.

Иргэний хуулийн дагуу алт худалдан авах эрхтэй зуучлагчид алтны худалдаанд голлох үүрэг гүйцэтгэх болж, бичил уурхайчид төдийгүй татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн алтыг тушааж буй нь өдгөө нууц биш болжээ. Монголбанкны тайлбараар, аж ахуйн нэгж Төв банкинд алт тушаахад роялтийн 2.5%-ийн төлбөрөөс гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүнээс давсан орлогод 25%-ийн албан татвар ногдуулахаар хоёр шаттай болгон хуульчилсан. Татварын энэ шатлалаас хамаарч нэмэгдэл татвар төлөхгүй байх үүднээс аж ахуйн нэгжүүд алтаа иргэний нэр дээр тушаахыг эрмэлзэх болж.

Үр дүнд нь алтны худалдан авалт өссөн ч тэр өсөлтийг дагаж татварын орлого нэмэгдсэнгүй. Монголбанкинд алтаа тушаадаг хувь иргэд ч ХАОАТ-аа тэр бүр төлдөггүйг тус банкны эх сурвалж батлав.       




Роялтийг 2.5% болгоход дотоодын гэх тодотголтой 100 гаруй компанийг нэгтгэсэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны лобби үүргээ гүйцэтгэж чадсан юм. Харин өдгөө уг холбооны зүгээс хуулийн хугацааг сунгуулах талаар боломжит бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэнийг The Mongolian Mining Journal-ын шинэ дугаараас уншаарай. Улмаар тус холбоо ААНОАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Сангийн яамд хүргүүлээд байна. “Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь алтны гарал үүслийг тодорхойлоход чухал үүрэгтэй. Хувь иргэд алтны гарал үүслийг тодорхойлж чаддаггүй. Харин тодорхой компанийн нэр дээр алтаа тушаавал гарал үүсэл нь тодорхой болохоос гадна улс алтны нөөцийн хөдөлгөөндөө хяналт тавих боломж нэмэгдэнэ. Нэгэнт хяналтаа тогтоож чадвал цаашлаад алтны салбарт бодлого боловсруулах нөхцөл боломжоор хангагдана” гэсэн холбооны Гүйцэтгэх захирлын тайлбар анхаарал татахуйц сонстож байгаа ч 5 жилийн өмнө алтны компаниуд 2.5%-ийн роялти үйлчлэх хугацаанд бололцоогоороо хуримтлал үүсгэж, хэмнэсэн мөнгөөрөө хайгуул хийн, алтны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг өсгөх амлалт өгч байсныг сануулахад илүүдэхгүй. Гэвч өнөөдөр нөөц ч, нийлүүлэлт ч гойд өссөн юмгүй урьдын хэвээр байгааг АМГТГ-ын статистикаас харж болохоор байна.

Дотоодын алт үйлдвэрлэгч компаниуд үндсэндээ “нинжа” хэлбэр руу ороход бэлэн болоод байсан нөхцөл байдлыг өөрчлөх өөдрөг хүлээлтээр хийсэн хуулийн өөрчлөлт яагаад салбараа өөд татах боломжийг нээж чадсангүй вэ. Алтны компаниудаас ч тайлбар нэхэж асуух ёстой асуулт юм. Хуулийн хугацааг сунгалаа гэхэд алтны салбарыг “нинжа” шиг  харагдуулж байгаа дээрх “цоорхой”-г зайлшгүй бөглөх ёстойг өнгөрсөн хугацааны үзүүлэлтүүд харуулж байна. 

 Уг нь нүүрс, төмөр, зэс шиг дэд бүтцийн өндөр зардлын зовлон үгүй боловч бодлогын том жижиг алдааны савлагаанд өртсөөр гүн хямарсан алтны салбарыг зөв зам дээр гаргахад төрийн дэмжлэгээс гадна компаниудын хүчин чармайлт ч хэрэгтэй билээ. Тэгж гэмээнэ алтны салбар хөл дээрээ өндийн босч чадна. 

Монголын шинэ үеийн алтны салбар нэн баялаг түүхтэй. Одоо ч унаж сэхсэн, огцом дээш доош савласан дардан биш замыг туулж явна. Энэ салбар шилжилтийн он жилүүдэд улсынхаа эдийн засгийг урагш нь чирсэн гавьяатай ч уул уурхайн салбарын нэр хүндийг шороотой хутгаж хаясан нь бас үнэн.

Монгол улс чөлөөт эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш түүхэндээ гурван удаа “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж буйн гурав дахь нь өдгөө хэрэгжиж буй “Алт-2” /2017-2020 онд хэрэгжинэ/ хөтөлбөр. Өмнөх “Алт” хөтөлбөрүүд сайн муу үр дагавартай ч салбартаа том өөрчлөлтүүд авчирч чадсан юм. Алтны салбарт гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг татаж, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулан, улмаар алтны нийт олборлолтыг 24 тоннд хүргэж, 40 гаруй хувийг нь алтны үндсэн ордоос олборлон алтны үйлдвэрлэлд шинэ хөгжил авчирсан замнал “Алт” хөтөлбөрүүдийнх. Гэвч завсарт нь түүхий эдийн үнийн өсөлтөөс асар их орлого олох гэсэн “Гэнэтийн ашгийн 68%- ийн татвар”, байгаль орчноо хамгаалах гэсэн “Урт нэртэй” хуулийн үйлчлэл хүссэн үр дүнг авчрах нь бүү хэл улсын эдийн засагт ч, эх орны байгаль дэлхийд ч халтай байгаад зогсоогүй хөл дээрээ дөнгөж тогтож байсан алтны салбарыг татан унагаж, “нинжа”-гийн зохион байгуулалтад оруулсан билээ. Бодлого боловсруулагчдын алсаа хараагүй хөнгөн хуумгай шийдвэрийн шууд нөлөөнд үргэлж чирэгдсээр ирсэн энэ салбарт хөдөлгөөн оруулж мэдэх санаачлагууд одоо ч тасрахгүй бололтой.

2018 оны хувьд 5 жил үйлчлэх хуулийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож, энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоох хуулийн өөрчлөлтийг өргөн барина” гэсэн мэдэгдэл, хэрэгжээд жилийн нүүр үзэж буй “Алт” хөтөлбөрийг дахин шинэчилнэ гэсэн Салбарын яамны санаачилга явж байна. Үйл явц яаж өрнөлөө ч  алтны салбар дахь алдаа завхралыг засч залруулахын төлөө явах  ёстой. Үүний тулд ойлголтуудаа ойртуулах эрүүл зөв мэтгэлцээн, ажил хэрэгч хандлага бүхнээс чухал билээ.

Ийм цаг мөчид The Mongolian Mining Journal хоёрдугаар сарын дугаарынхаа үндсэн сэдвийг алтны салбарт төвлөрч бэлтгэлээ. Сэдвийн хүрээнд алтны компаниудын байр суурийг “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирлын ярилцлагаар нэгтгэн хүргэж байна. Түүнчлэн алтны салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх учиртай Гацуурт төслийн явцын талаар “Сентерра гоулд Монголиа” компанийн тайлбарыг уншигч Та тогтож анхаарна уу. Алтны салбарын өмнөө тавьсан стратегийн чухал зорилт болох алт цэвэршүүлэх үйлдвэр, алтны худалдан авалтын сүлжээний талаарх танин мэдэхүйн нийтлэл, алтны салбарын түүхэн үзүүлэлт зэрэг салбар тойрсон бусад мэдээллийг Уншигч Танаа өргөн барьж байна.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.