Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах Санамж бичгийг байгууллаа

2018-05-17 13:26


Оюутолгой ХХК нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Өмнөговь аймгийн Засаг дарга болон Олон улсын  санхүүгийн корпорацитай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.  Түүнчлэн Говийн оюу хөгжлийг дэмжих сан болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Корпорейт” зочид буудалд болсон тус ёслолын арга хэмжээний эхэнд  Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес  уг  төслийг санаачлан хамтран ажиллаж байгаа GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийнхөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр “Оюутолгой бол Монгол улсад аюулгүй, өрсөлдөөнтэй, чадавхитай зэсийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг компани. Манай компани орон нутгийн худалдан авалтыг  хийснээр нийлүүлэлтийн сүлжээ, түүний  дараах шинэ ажлын байрыг бий болгож буй юм. 2017 он гэхэд ойролцоогоор 670 орчим ханган нийлүүлэгч манай компанитай хамтран ажилласан байна. Тэд бүгд  Монголын үндэсний ханган нийлүүлэгчид” гэлээ.

2010-2017 онд “Оюутолгой” компани ойролцоогоор 2.25 тэрбум ам.долларыг зөвхөн үндэсний худалдан авалтад зарцуулжээ. Тус компанийн хувьд Өмнөговь нь  стратегийн маш чухал ач холбогдолтой аймаг бөгөөд 2010 онд ойролцоогоор 500 мянган ам. долларыг худалдан авалтад зарцуулж байсан бол энэ тоо  2017 оны байдлаар бараг 100 сая ам.долларт хүрчээ.

Түүнчлэн “Оюутолгой” компани нь гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад 1.4 тэрбум ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулахаар  төлөвлөж буй аж.  Гэхдээ үүнээс илүү их зүйлийг бид хийх ёстой, тухайлбал бараа бүтээгдэхүүний худалдан авалтын дараагийн үе шат руу дэвшин орох шаардлага үүсч буйг ноён Армандо Торрес  хэлсэн үгэндээ тодотгож байсан юм.

“Бид үндэсний болон орон нутгийн оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж,  тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд урт хугацааны турш хувь нэмэр оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү түншлэлийн хүрээнд Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий  олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн шинэ үеийн эхлэлийг тавьж байна” хэмээн  тэрээр хэллээ.  

Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел “Монгол улсын жижиг дунд үйлдвэрүүд бол  тус улсын эдийн засгийн үндсэн суурь юм. Тийм учраас ялангуяа залуу бизнес эрхлэгчдэд чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг бидний зүгээс зохион байгуулах ёстой. Хамгийн гол  нь, жижиг дунд үйлдвэрийг цаашид тогтвортой хөгжүүлэхэд анхаарах учиртай. Өнөөдрийн хөтөлбөр бол жижиг дунд үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бий болгоход  чиглэж байгаа учраас үр ашгаа авчирна гэдэгт итгэж байна” хэмээн тодотгосон.       

Талууд хамтдаа Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах хөтөлбөрийг боловсруулах хүрээнд хамтран ажиллах юм. Чадавхижуулах хөтөлбөрийн гол зорилго нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага зэрэг бизнесийг оновчтой удирдан явуулах ур чадвар олгох сургалтуудыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд явуулах аж.

Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа сайжруулан үйл ажиллагаагаа илүү тогтвортой явуулах боломжтой болох ба нөгөө талаас дэлхийн түвшний уул уурхай болон бусад бизнесийн салбарын хэрэгцээг хангах чадвартай болж, мөн тэдний санхүүгийн мэдлэг, мэдээлэл, чадавхи сайжрах боломжтой болно.

Монгол улсын нийт бизнесийн 98% нь жижиг дунд гэсэн ангилалд орж байгаа ч тэд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний зөвхөн 25%-ийг бүрдүүлж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид нь улсын хэмжээний ажил эрхлэлтийн 90%-ийг хангаж байгаа ч өсөх, хөгжихийн тулд олон бэрхшээлтэй тулгардаг. Монгол компаниудын зөвхөн 10% нь банкаар дамжуулан санхүүгийн  үйлчилгээ хүртэж байна.

“Оюутолгой” ХХК нь энэхүү дэвшилтэт түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан түншүүдтэйгээ хамтран Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг илүү аюулгүй, тогтвортой, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх, чадавхийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх аж.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн  яамны хүсэлтээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон салбарт хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн  юм.  Түүнээс гадна тус байгууллага нь  Дэлхийн 130 гаруй улсад жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх  чиглэлээр ажилласан туршлагатай тус байгууллага юм.   

Олон улсын санхүүгийн корпорацийн хувьд  банк, санхүүгийн салбар, уул уурхайн усны менежмент, ажил эрхлэлт, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ихээхэн ажил хийж, Монгол улсын эдийн засгийн хөгжил тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж иржээ.  Мөн хувийн хэвшилд хөрөнгө оруулах, хөрөнгө санхүү босгох, Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөх замаар Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

Төлөөлөгчийн газраа 1997 онд байгуулсанаас хойш олон салбарт хөрөнгө оруулж ажилласан бөгөөд энэ нь нийт дүнгээрээ 3 тэрбум гаруй ам.доллар болжээ.

“Энэхүү түншлэлийн хүрээнд уул уурхайн компаниудын хэрэгцээт бараа, үйлчилгээний тухай мэдээллийг орон нутгийн ханган нийлүүлэгч нарт нэгдсэн байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр нэг талаас ил тод байдал сайжирч, нөгөө талаас хөтөлбөрийн хүрээнд чадавхиа дээшлүүлсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү давуу тал, боломж бий болж, тэдний тогтвортой байдал нэмэгдэнэ” хэмээн Монгол улсад суугаа Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен хэллээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар Санамж байгуулах ёслолын үеэр Монгол улсын Засгийн газар 2017 оны ажлуудаа аймгуудаар нь эрэмблэн дүгнэхдээ  Өмнөговь аймгийг улсын тэргүүний аймгаар зарласан таатай мэдээллийг та бүхэндээ хүргэе гэлээ.   

“Өнөөдрийн энэ арга хэмжээ нь Өмнөговь аймаг болон Оюутолгой компанийн тогтвортой хөгжлийн төлөөх эерэг, бүтээлч хамтын ажиллагааны тод илрэл юм. Энэ нь орон нутаг, бүс нутаг болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх жижиг дунд бизнесүүдэд зориулсан ховор боломжийг бий болгож байна. Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн нэг томоохон тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн олон тулгуурт байдал болон жижиг дунд бизнесийн хөгжил байдаг.

Өнөөдөр Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын санхүүгийн корпораци, Оюутолгой гэх мэт томоохон байгууллагуудыг оролцуулсан олон талт түншлэлдийг бий болгож, тэдгээрийн хүчин чармайлт, туршлага болон хөрөнгө оруулалтыг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн салбарт нэгтгэж чадлаа. Бид эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн олон тулгуурт байдалд энэ түншлэлийн гэрээгээр дамжуулан бат бөх суурийг тавилаа” гэсэн юм.

Г.Идэр        

                 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 23 минутад
    Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
  • 2020-11-24 15:46
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 2020-11-24 15:31
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 2020-11-24 15:22
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • 2020-11-23 15:42
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.