Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-10

Өндөр өсөлтийн дараах жил


The Mongolian Mining Journal /006.2017/

2013 он бол дэлхийн эрдсийн зах уналтад орж, түүний хэрээр уул уурхайд түшсэн Монголын эдийн засаг огцом уруудсан үе юм. Нэг ёсондоо өндөр өсөлтийн дараах жил. 2011-2012 оны эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, уул уурхайн салбар зогсонги байдалд орсон, тэр дундаа нүүрсний салбар илүүтэй хямарсан, хөрөнгө оруулагчдын итгэл суларсан амаргүй нэгэн он байлаа.

Эдийн засаг элгээрээ хэвтэхэд хүрч, бондын мөнгө арвангурван онд авралын од болон гялалзжээ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, арванхоёрдугаар сарын 19-нд Японы Засгийн газрын Самурай бондын эхний 300 сая ам.доллар эдийн засагт орсон жил. Өөрөөр хэлбэл их зээлжилтийн жил юм. Ийм бэлэн мөнгөний урсгал эдийн засагт орж ирээгүй бол гүн хямрах байсан. Харин олж ирснийг нь үрж байгаа Сайд нарыг хянах ёстой гэж MMJ бичжээ.

Улс төрийн нөхцөл байдлын хувьд Ардчилсан нам эрх барих нэг жилийн хугацаандаа бизнесийн салбарынхны дунд нэр хүнд нь ихэд унасан, Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж хоёронтаа сонгогдсон жил юм. Ц.Элбэгдорж дахин сонгогдоод гадаадын хөрөнгө оруулалтыг дахин татах бодлого баримтална, уул уурхайн салбарт төрийн хяналтыг чангатгаж, харин шууд оролцоог хумихыг эрмэлзэнэ гэж бодлогоо зарлав.   



Төрийн тэргүүний санаачилсан эрх зүйн шинэчлэлийн хувь заяа   

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний бүрэн эрхийн хугацаандаа уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэлийг гардан хийхээр санаачилгыг гартаа авсан юм. Тэрээр нэн тэргүүнд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах санаачилга гаргаж, өргөн бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг томилсон. Хуулийн төслийг хоёр жил боловсруулснаа оны босгон дээр ил болгов. Асар олон эрх зүйн харилцааг хамарсан, дагалдах 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах нүсэр том төсөл байлаа.

Ашиг сонирхол нь хөндөгдсөн талууд, нийгмийн бүхий л бүлэглэлийг оролцуулан өргөн хэлэлцүүлэг хийсэн нь тухайн үедээ цоо шинэ хандлага байсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэгдүгээр сард зохион байгуулсан хэлэлцүүлэгт MMJ сэтгүүл хамтран ажилласан билээ. Монгол улс геологи, уул уурхайн салбартаа ямар шинэ бодлого баримтлахыг дэлхий ертөнц сонирхон харж, дотоодын компаниуд ч анхааралтай хүлээсэн төдийгүй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон.  

Бодлогын цоо шинэ үзэл баримтлал шингэсэн Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын хуулийн жишгээс санаа авч, Монголын нөхцөлд буулгахыг оролдсон хуулийн төсөл хэлэлцүүлэгт ороод, өргөн маргаан дагуулав. Төрийн оролцоо асар нэмэгдэх, аж ахуйн үйл ажиллагааны шат дамжлага болгонд оролцох зэргээр хүнд суртлыг гааруулахаар байна гэсэн шүүмжлэл зонхилж байлаа.

Үр дагавар нь төсөл санаачлагчдын хүсч байгаа шиг биш харин ч эсрэг, хүсээгүй үр дүнд хүргэх зохицуулалт олон байгааг салбарынхан гярхай олж харсан. Талууд нэгдсэн ойлголтод хүрээгүйн улмаас сонгуулийн шоунаас урьтан Төрийн тэргүүн төслөө эргүүлэн татсанаа зарласан юм. Чингэхдээ эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо гаргах чиглэлийг салбарынханд өгч, дараа нь хуульдаа өөрчлөлт оруулъя гэснээр цуутай хуулийн төслийн ирээдүй замхрав. Хэдий батлагдаагүй ч шинэчилсэн найруулгаас цөөнгүй дэвшилтэт үзэл санаа хожмын эрх зүйн харилцаанд сууж өгснийг онцлох ёстой.

Ерөнхийлөгчийн зүгээс салбарын бодлогыг яаралтай гаргах санаачилга гаргасан нь мөн л анхны алхам байсан. Ажлын хэсэг нэн даруй байгуулагдан, Бодлогын баримтын төслийг тавдугаар сарын 31-нд Уул уурхайн яамнаас УИХ-д өргөн барьсан. Үндсэндээ уул уурхайн салбарынхан эхний хагас жилийг Шинэчилсэн найруулга болон Бодлогын баримт дээр мэтгэлцэж өнгөрүүлсэн юм. Гэвч Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бараг бүтэн жил Парламент дээр хэлцэгдэж байж, боловсруулсан Ажлын хэсэг нь танихгүй болтол зүсээ хувиргасны эцэст дараа жилийнхээ долдугаар сард батлагдсан билээ.   

Уул уурхайн технологийн төмөр зам ба...

Үлдээж боломгүй нэг асуудал бол төмөр зам. Монголын шинэ төмөр зам төслийг урагшлуулахын тулд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг нарийн царигаар тавих нь зүйтэй гэсэн саналыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхсайхан Засгийн газарт дэвшүүлснээс үүдэн оны эхний хагаст багагүй дуулиан дэгдсэн юм. Түүний саналыг УИХ болон Засгийн газрын бодлого шийдвэртэй зөрчилдсөн гэж үзсэний улмаас хоёр сар гаруйхан ажилласны дараа албан тушаалаас нь чөлөөлөхөд хүрсэн билээ. Төмөр замын салбарт үүссэн энэхүү халуун маргааны үеэр “Монголын төмөр зам” компанийн дарга асан М.Энхсайханыг Mongolian Mining Journal сэтгүүл редакцдаа урьж ярилцсан юм.

Үргэлжлүүлэн Төмөр замын бодлогын алдааг нээлттэй ил тод хэлсэн хурц шүүмжлэл, уул уурхайн төмөр зам ямар байх ёстой тухай, шинэ төмөр замын бодлого төлөвлөлтийг бүс нутгийн хөгжил, глобал түвшинд харсан мэргэжилтнүүдийн үнэ цэнтэй байр суурь, зарчмын дүгнэлтүүд MMJ-ийн дугааруудад дараалан нийтлэгджээ. Бодлого, шийдвэр гаргах түвшин дэх мэргэжлийн бус, алсын хараагүй алхмуудыг бут ниргэсэн төмөр замын мэргэжилтнүүдийн даацтай шүүмжлэлийг сэтгүүлийн хуудсаараа дамжуулан нийгэмд өрнүүлсэн юм. 

Төмөр замын бодлогод нэг, хоёр, гуравдугаар шатны төмөр зам гэсэн ойлголтыг оруулж ирсэн нь алдаа байгаад зогсохгүй уул уурхайн салбарт асар их хохирол учруулсан. Геополитик, гео эдийн засаг талаасаа төдийгүй төмөр замын онцлог, технологи талаасаа ч асар их алдааны цуглуулга байгаа тул бодлогын баримт бичгээ өөрчлөх ёстой гэсэн мэргэжилтнүүдийн эрүүл саруул байр сууриуд өнөө ч үнэ цэнтэй хэвээр үлдсэн байна. Өнгөрсөн таван жилд төмөр замын нэг ч бүтээн байгуулалт өрнөөгүй. Харин төмөр замын асуудлаар маргаж талцсан хэвээр таван жилийг тууллаа.          

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхсайхан:
February 2013. № 002 (052)


Манайхан “шинэ төмөр зам” гэж мөрөөдөөд, 1800 километр төмөр замын  дутуу хагас төсөл хийсэн. Тэр төслийн бодлогоо төмөр замын бодлого гэж андуураад төрийн бодлогодоо суулгасан юм билээ. Тодорхой нэг төслийг хэрэгжүүлэх, түүнийгээ зөв буруу гэж шүүж үзэлгүйгээр Монголын төмөр замын бодлого гэж авч үзэж байгаа нь алдаатай юм. Тийм учраас цаашдаа энэ бодлогоо УИХ эргэж харна биз гэж би хэлээд байгаа.

Ер нь төмөр замын төслүүдээс хамгийн бодитой, эдийн засгийн үр ашгаа өгч чадах нь гарцаагүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Энэ тал дээр урьд өмнө гарсан бодлогын баримт бичигтэй зөрчилдөх зүйл байхгүй. Яагаад гэвэл уурхайгаас хилийн боомт хүртэлх төмөр замын өргөн, нарийныг тухайн үед нь УИХ, Засгийн газар шийднэ гэж “Төрөөс баримтлах төмөр замын бодлого”-д тусгасан. Тэгэхээр УИХ, Засгийн газар царигийн асуудлыг шийдэх ёстой. Миний хэлж байгаа санал бол царигийг шийдэхдээ ийм ийм зүйлүүдийг анхаараач ээ. Олон улсын стандартын цариг руу орохыг нөхцөл байдал биднээс шаардаад байна шүү гэдгийг л танилцуулсан. Намайг төмөр замын бодлогыг зөрчсөн гээд байгаа боловч үнэн хэрэгтээ тийм зүйл огт байхгүй. Ер нь Засгийн газарт төмөр зам барих хүсэл байхгүй юм шиг байна.

...Монголд уул уурхайн төмөр замын асар их боломж байна. Гэвч бид тээвэрлэж чаддаггүй. Тээвэрлэж чаддаггүй учраас Монголын эдийн засаг босч ирж чаддаггүй. Энэ бүхнээс үүдэн олон улсын аргачлалаар дүн шинжилгээ хийж, шинэ дүгнэлт гаргаж ирэх шаардлагатай болсон. Ерөөсөө Монгол улс уул уурхайгаас хараат биш, төмөр замаараа хараат болчихжээ гэсэн дүгнэлт. Өнөөдрийн төмөр зам дээд ачаалалдаа хүрчихсэн. Энэ төмөр зам руу хажуу талаасаа орох орц ерөөсөө байхгүй. Төмөр зам нэгэнт өсөхгүй болохоор уул уурхай өсөхгүй. Тэгэхээр уул уурхайн өсөлтийн хязгаарлагч нь төмөр зам болжээ гэсэн шинэ дүгнэлтийг хэн ч хийгээгүй. Энэ дүгнэлт зарим хүмүүсийг цочирдуулж байна.

Төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар:
March 2013. № 003 (053)


Сүлжээний  төмөр замаа өөрсдөө бариад уул уурхайн төмөр зам үлдээх хэрэгтэй. Тавантолгойд ирээд өргөнөөр урагшаа яваад Ганцмод дээр ирээд дуусах нь улсын төмөр зам байг. Үүний хажуугаар зөвхөн нүүрс явдаг, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”-ын эзэмшлийн нарийн царигийн төмөр зам байлгая л даа. Тэгвэл манай улс энэ царигийн маргаанаас гарчихна. Төрийн бодлогод байгаа өргөн төмөр зам нь тусдаа байгаад түүнийг МТЗ бариг л дээ. Яг уул уурхайд зориулсан төмөр замыг арай өөр категориор барьж, өөр харьяаллаар ашиглавал зохистой биш үү гэсэн санааг л би хэлэх гээд байгаа юм.   


МТЗ-ын замын инженер С.Халтарбанди:
May 2013. № 005 (055)


Би Ерөнхий сайдад бичсэн захидалдаа нэгд, зураг төслийн асуудлыг хөндсөн. Австрали, Хятадын хийсэн зураг төслийг үзэхэд байгаль, цаг уурын орчин нөхцөлд таарахгүй зураг төслүүд хийгдэж байна. Хоёрт, авто замын хэд хэдэн институтэд төмөр замын зураг хийх зөвшөөрөл өгчээ. Авто зам, төмөр зам хоёр ийм эрс тэс ялгаатай байхад яагаад авто замынхнаар төмөр замыг хийлгээд байна вэ. Гуравт, Өмнөговьд Тавантолгой-Гашуунсухайтын чиг­лэлд 20-иод компани ажиллаж байна. Дан авто замынхан. Тэдний хийж байгааг очоод үзэхэд зузаан зузаан шороо асгачихаад дээгүүр нь гридер явж тэгшилсэн болоод л өнгөрч байна. 25 см, 30 см-ээр овоолгын шороог нягтруулдаг. Гэтэл самосвалаар цагаан шавар авчирч овоолоод гридер гүйлгээд л болчихож байна. Нягтруулдаг индүү энэ тэр юу ч байхгүй. Шороо нь ч таарахгүй  хөрс байна лээ. Цагаан шавар гээд элдвийн юм асгаж байна.

Зөвлөх инженер Р.Раш:
May 2013. № 005 (055)


Төмөр зам бол стратегийн байгууллага. Харамсалтай нь өнгөрсөн жил гарсан Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд төмөр замыг оруулаагүй орхичихсон юм. Гэхдээ маргаашийн уушгинаас өнөөдрийн өөх гэж үг бий. Эдийн засаг гэдэг зүйлээ гээж огт болохгүй. Шинэ төмөр замын хувьд хамгийн гол зүйл нь эдийн засгийн үр ашиг хаана байна вэ гэдэг асуудал. Өнөө болоод ирээдүйн эдийн засгийн үр ашгийг сайн бодох ёстой. Харамсалтай нь улс төр давамгайлаад, эдийн засгаа хоёрдугаар суурьт тавиад байх шиг.       



Нүүрсний салбарын гүн хямрал

Арвангурван оны нэг онцлог нь Монголын нүүрсний салбарын гялалзсан үзүүлэлт эрчимтэй унасаар 2009 оны түвшинд хүрсэн юм. 2009 он бол нүүрсний голлох том уурхайнууд ердөө шав тавьж, хөрсөө хуулж байсан үе билээ.

Манай улс 2011-2012 онд Хятадад нийлүүлдэг нүүрсний хэмжээгээрээ Австралийг ардаа орхин, жагсаалтын нэгд ороод байлаа. 2011 онд 21.1 сая тонн нүүрс экспортлон, 2.25 тэрбум ам.доллар олж, Монголын нүүрсний салбар амжилт ололтдоо мансууран байв. Нүүрсний тэргүүлэх компаниуд шинэ төсөл хөтөлбөр рүү мөнгө хаян, судалгаа шинжилгээний ажил рүү ханцуй шамлан ороод байлаа. Гэвч 2012 оны дунд үеэс эхтэй коксжих нүүрсний зах зээлийн хямрал 2013 онд улам гүнзгийрсэн. Үнийн өндөр өсөлтийн дараа нүүрсний компаниуд бүхэлдээ хүнд өдрүү­дийг өнгөрүүлсэн. Зардлаа багас­гаж, хөрөнгө оруулалтаа танан, үйл ажиллагаагаа хумин, зогсоочихгүйг эрмэлзэж байлаа. Нэг үгээр оршин тогтнох менежментийг удирдлага болгосон үе.

Хэдий зах зээл уналттай байсан ч Хятадын коксжих нүүрсний эрэлт унаагүй. Гол нь монгол нүүрсний өрсөлдөх чадвар дэд бүтцийн сул хөгжил, тээврийн өндөр зардалтай уялдаатайгаар доошилж, нийлүүлэлт буурсан билээ. Улмаар Австрали гол нийлүүлэгчийн байр сууриа эргүүлэн авч, араас нь Канад, Орос, АНУ жагссанаар Монгол улс тавд бичигдэн өрсөлдөөнөөс аажмаар шахагдав. Нүүрсний компаниудад бэрхшээл тулгарах бүр улсын эдийн засагт уршигт үр нөлөөллөө үзүүлж иржээ. 

CTL буюу түлшний шинэ эх үүсвэрийн технологийн талаар MMJ сэтгүүл 2013 онд хамгийн их хөндсөн бөгөөд тусгай дугаар гаргасан нь танин мэдэхүйн үнэ цэнтэй гарын авлага болсон юм.



Үндэсний томоохон компаниуд өөрсдийн хөрөнгө, бололцоонд тулгуурлан нарийн судалгаа хийж, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл боловсруулсан нь “Монголын Алт” компанийн “Адуунчулуу”, MCS-ийн “Багануур энержи”, “Цэцэнс майнинг энд Энержи”-ийн “Бөөрөлжүүтийн тал”, ICM-ийн “Төгрөгнуур” төслүүд юм. 4 компанийн CTL технологид суурилсан төслүүдийн хоёр нь бензин, хоёр нь дизель түлшнийх. Бүгд тус тусдаа технологийн сонголт, судалгаа хийж, зарим нь ТЭЗҮ хэлэлцүүлэх шатанд хүрч, үйлдвэрлэлийн туршилт хүртэл хийгээд байв.


Өндөр хөгжилтэй орны нарийн технологи, мөн олон үйлдвэрлэлтэй цогцолбор учир 2-4 тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардагдсан эдгээр төсөлд Төр, Засгийн зүгээс дэмжлэг шаардлагатай байлаа. Төслийг хэрэгжүүлэгч үндэсний болоод технологи нийлүүлэгч гадны түнш компаниудын зүгээс бензин, дизель түлшний алийг дэмжих талаар Засгийн газар шийдлээ гаргахыг бүтэн жил хүлээсэн юм. Учир нь нүүрс шингэрүүлэх технологийг Монгол улсад хөгжүүлэх асуудал Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан чухал зорилтын нэг байсан. Гэвч цаасан дээрх мөрөөдлийн жагсаалтын нэг болж үлдсэн билээ.

Оюутолгойн гацаа

Дэлхийн хамгийн том зэсийн уурхай ашиглалтад орж, Монголын хувьд хамгийн том баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дууссан нь 2013 он байлаа.  
Гэвч “Оюутолгой”  төслийн шинэ үе, үйлдвэрлэлийн шинэ шат эхлэх мөчид 2012 оны сонгуулиар байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөр зориг шулуудав. Улмаар хоёрдугаар сард Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болов. Хагас жилийн турш Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” хоёр далд уурхайн санхүүжилтийг шийдэх арга замыг тохиролцож чадахгүй явсаар Оюутолгой төслийн дараагийн үе шатыг 22 сараар зогсоосон алдарт гацаа эхэлсэн юм.
•    2013.7.19 -“Эрдэнэс Оюутолгой” компаниас “Рио Тинто”-д
    захиа хүргүүлэв.    
•    2013.7.22 - Манай улсын зээлжих зэрэглэлийг Moody’s
    бууруулав.
•    Монгол Улсын Засгийн газрын бондын хоёрдогч зах
    зээлийн үнэ унав.
•    2013.7.29 -“Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн
    хоёрдугаар үе шатыг зогсоосноо мэдэгдэв.  
•    2013.8.15 -ҮАБЗ хуралдав.     

Далд уурхайн бүтээн байгуулалт зогссоноор эдийн засаг дахь өөдрөг хүлээлт талаар болов. Уншигч танд дээрх он цагийн мэдээ үйл явц цаашаа яаж өрнөснийг тов тодхон сануулж буй биз ээ. Энэ талаар “MMJ-ийн архиваас” буланд нийтлэгдсэн “Оюутолгойг гацаанаас гаргах эрэлхийлэл” тоймоос дэлгэрүүлэн уншина уу. Юу ярьж, ямар асуудлыг хэрхэн  шийдвэрлэж ирснийг харж болох түүх энд үлджээ.
Монгол орны хувьд өнөөдрийн хэрэгжүүлж буй хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт гэдгээрээ яах аргагүй онцгойрдог “Оюутолгой” төсөл одоо ч маргаан мэтгэлцээн дунд, зарим талаар арвангурван оны түүхийг давтан байна.  

Хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг цуцлав
   
Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом газардсан жил бол 2013 он. Хөрөнгө оруулалтын урсгал тасалдуулсан буруутнаар 2012 оны тавдугаар сарын Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тодорсон юм. УИХ, Засгийн газар алдаагаа засахыг хичээн, хуулиа өөрчилж, хөрөнгө оруулагчдыг урин дуудахыг оролдов. Гадаадын хөрөнгө оруулалт эрс унасан нь Оюутолгойн эхний шатны бүтээн байгуулалт дуусч, хөрөнгө оруулалт татарсантай холбоотой ч дээрх хууль хөрөнгө оруулагчдын идэвхийг намжаасан нь яах аргагүй үнэн юм.   

2012 оны дөрөвдүгээр сараас Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Саусгоби Ресурс”-ийн Монгол дахь нүүрсний төслийг худалдан авах хэлцэл эхлүүлснээс үүдэн хөрөнгө оруулалтын хязгаарлалтын асуудал анх босч ирсэн түүхтэй. Гадаад улсын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтад хязгаарлалт хийх үүргээ энэхүү “урт нэртэй” хууль гүйцэтгээд нүд аньсан. Уг хуулийг жилийн дараа буюу 2013 оны намар Хөрөнгө оруулалтын хуулиар халав. Анхандаа Хөрөнгө оруулалтын  гэх хуулийн сураг ч үгүй, зөвхөн гадаадын төрийн өмчийн этгээдийн хийх хөрөнгө оруулалтыг Монгол улсын нутаг дэвсгэрт хязгаарлах заалтыг үлдээх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулан, хомрогт өртсөн бусад хөрөнгө оруулалтад тавих хязгаарлалтыг хүчингүй болгох төслийг Засгийн газар бэлтгээд байсан юм.
Хөрөнгө оруулалтын хуулийн гол концепци нь хөрөнгө оруулагчдыг гадаад дотоодын гэж ялгаварлахгүйгээр хууль эрхзүйн тогтвортой орчныг бий болгох явдал байлаа. Гэвч хуучин хуулиа цуцалж, шинэ хууль гаргаж, хэчнээн даллан дуудаад ч хүсэн хүлээсэн үр дүн өдгөө ч ирээгүй л байна.   

MMJ-ийн 5 жил ба “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил”



MMJ сэтгүүл тав дахь жилийнхээ босгыг даван өгссөн жил бөгөөд “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар дэмжин ажилласан юм. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын 90 жилийн түүхэн намтрын сүүлийн 20 жил илүү баялаг, уул уурхайн салбар нь улсынхаа нэрийг олон улсын тавцанд сайн муугаар гаргаж ирсэн онцгой 20 он юм. 11 дүгээр сард зохиогдсон энэхүү хурлаар өнгөрсөн жилүүдийн алдаа сургамж, ирэх жилүүдийн эрсдэлгүй үйл ажиллагаа гэсэн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээс Дүгнэлт зөвлөмж гаргаж, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдэд илгээсэн билээ.

Төрийн хууль, бодлого, шийдвэр өнгөрсөн 20 жилд ялангуяа ашигт малтмалын үнэ ханшийн таатай мөчлөгт хүрсэн сүүлийн жилүүдэд салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлснийг талууд ширээ тойрон суугаад тунгаан хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүд, мэргэжилтнүүдийн байр суурийг таван оны дараа эргэн харахад он нь шинэ ч, асуудал нь хуучин хэвээрээ л байна.

Ирэх жилүүдэд уул уурхайн салбар зөв бодлогоор хөгжихөд түлхэц болох ийм арга хэмжээг зохион байгуулах нь Mongolian Mining Journal үүргээ гэж үзсэн юм.
  
Н.Ариунтуяа