Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монголын уул уурхайн эрх зүйн орчин засаглалын хямралд оржээ

“Эрдэс баялгийн эрхзүй судлалын сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал, судлаач Г.Сурахбаяртай уул уурхайн салбарын эрх зүйн орчны асуудлаар MMJ-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.

Та Монголын уул уурхайн салбарын эрх зүйн орчин засаглалын хямралд оржээ гэлээ. Юунаас үүдээд ингэж дүгнэх болов. Цаана нь тодорхой судалгаа, анализ бий байх?

1913 оны Богд хаант Монгол Улсын Уурхайн дүрэм, 1923 оны “Ардын Засагт Монгол Улсын Уурхайн дүрэм”-ийг оролцуулан тооцвол эрдэс баялгийн эрх зүй гэдэг бие даасан судлагдахуун манай улсад үүсч хөгжөөд цаг хугацааны хувьд 100 гаруй жил болжээ. Энэ хугацаанд уул уурхайн салбар, засаглалын асуудалдаа бид анализ дүгнэлт хийсэнгүй.

Сүүлийн 28 жилд ашигт малтмалын 3 хууль баталжээ. 2006 оны Ашигт малтмалын хууль 12 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хуульд 250 орчим нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Нэмэлт өөрчлөлт орох нь буруу биш. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд хийж байгаа алхам. Нөгөө талаараа энэ нь асуудал их байгаа учраас л түүнийгээ засахын төлөө явж байгаа хандлагыг харуулж байгаа хэрэг. Үүнийг хууль эрх зүйн орчин тодорхой байдлаар хямралд орчихжээ гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, бодлого талаасаа хямралын нөхцөлд байна гэсэн энгийн дүгнэлт хийж болж байна.

Эрдэс баялгийн эрх зүйг тусад нь салбар болгон хөгжүүлж байж уул уурхайн салбарын бодлого, засаглалыг сайжруулах юм байна гэсэн дүгнэлтэд би хүрээд байгаа. Яагаад гэвэл энэ нь Үндсэн хуулийн асуудал болчихоод байна. Манай Үндсэн хууль хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн түгээмэл шинж чанартай. Америк шиг ч юмуу хэт либерал биш. Энэ түгээмэл шинжтэй, байгуулахыг зорьж буй нийгэмдээ тулгуурласан өмчийн харилцааг “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн 6.1 дэх заалтаар хийж өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулиудыг хооронд нь харьцуулахад асар их ялгаатай байдаг. 1994 оных нь Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалттай нийцүүлэх гэж оролдсон хууль. 1997 оны хууль бол гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг сэргээх зорилготой либерал маягийн хууль байсан. Тэр утгаараа Үндсэн хуулийн үзэл санаатай нийцсэн гэхэд эргэлзээтэй. Энэ талаар янз бүрийн л шүүмжлэл, дүгнэлт өнөө хүртэл өрнөж байна.

2006 оны хууль их онцлогтой. Төрийн оролцооны зэрэг олон шинэ зохицуулалт оруулж ирсэн. Төр уул уурхайн бизнест оролцох хэрэггүй гэж шүүмжилдэг тал бий. Зарчмын хувьд би энэ дүгнэлттэй санал нийлдэг. Бизнес талаасаа төр уул уурхайд оролцох ямар ч шаардлагагүй. Өнөөдөр түүнийхээ үр дагаврыг зарим талаар үүрч байна. Гэхдээ 2006 оны хуульд төрийн оролцоог оруулсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх, тэр тусмаа 6.1 дэх заалтыг хэрэгжүүлэх гэснийх юм. Энэ нь буруу биш ч хэрэгжилт дээрээ буюу төр бизнесийн харилцаанд оролцохдоо гажчихсан. Асуудлынхаа мөн чанарыг ойлгох нь бидний хувьд их чухал болчихоод байна. Тэгэхгүйгээр Төр оролцох буруу, ард түмэн жагсаж тэмцэх буруу гээд туйлшраад байж болохгүй.

Хоёрт, энэ олон хүсэл зоригуудын уулзвар, шинэ тутам бий болсон зохицуулалт, дээрээс нь төрийн байгууллагуудын сонгуульд түшиглэсэн чадавх, тарчиг төсөвт суурилсан институцийн нөхцөл байдалтай холбоотойгоор хямралд хүрсэн зүйл ч байна.

Гуравт, хууль тогтоомжуудын өөр хоорондын уялдаа холбоо сул, салбар, салбарын эрх ашиг гэх туйлшрал дээр тулгуурласан эдгээр хуулиудын хэрэгжилт зэргээс үүдээд нийгэмд цөөнгүй сөрөг үр дагавар үүсчихлээ. Уул уурхайн баялгаас ашиг тусыг хүртэж чадахгүй мөртлөө газар нутгийг лиценз нэрээр тараагаад дууслаа гэсэн нийгэмд байгаа хандлага, олон нийтийн эсэргүүцэл бол энэхүү үр дагаврын илрэл юм.

Сүүлийн хориод жилийн уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинтой холбоотой зүйлсийг энэ мэтээр судлаад үзэхэд сайн, муу үр дагавар аль аль нь байна. Алдаа мадагтай зүйлсээ судалгаатайгаар гаргаж , засч залруулж, зөв гольдролд оруулахын тулд одооноос илүү шаргуу ажиллах хэрэгтэй байна. Ингэхдээ аль нэг улсаас хуулах биш. Эн тэргүүнд баримтлах зүйл бол Үндсэн хуулийн 6.1-ийг суурь болгож, Ашигт малтмалын хуулийнхаа шинэ концепцийг гаргаж авах.

Гэхдээ бид шинэ зүйл зохиох хэрэггүй. Уул уурхайн үйлдвэрлэлийн процесс дэлхий дээр нэг л хэлтэй. Хайгуулаас эхлээд хаалтаар дуусдаг. Энэ харилцаанд ямар этгээдүүд оролцдог, яаж хяналт мониторинг тавьдаг, хариуцлагын ямар механизм хэрэгждэг нь цаад агуулгаараа нэг л зарчимтай. Хоёр дахь зарчим нь хариуцлагыг дээшлүүлж байж л эрх зүйн орчноо сайжруулж авах юм байна. Бид хариуцлага гэдгийг бүх зүйл дууссаны дараа шагнадаг, эсвэл шийтгэдэг систем гэж ойлгодог. Гэтэл тогтвортой, хариуцлагатай уул уурхайн зарчим бол эхлэхдээ л хариуцлагатай байх тухай ойлголт, шаардлага юм.

Сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн орчныг өөрчлөхгүй байх ёстой гэдэг байр суурь давамгайллаа. Гэхдээ хууль эрх зүйг өөрчлөх гэхээсээ илүү сайжруулах, хэн хэнийх нь эрх ашгийг хамгаалахын тулд энэ асуудал тавигддагийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчдэдээ ч тодорхойгүй байдал үүсгээд, нөгөө талаар төр, орон нутгийн засаг захиргааг ч хариуцлагагүй болгож харагдуулаад байна.

Энэ бүгдийг цогцоор, ул үндэстэй сайжруулж байж 2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь баталгаа бий болно. Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаараа 2030 онд дэлхийн дундаж улсуудын түвшинд очих зорилт тавьсан. Үүнд хүрэхийн тулд 4-5 салбараа голчилно гэж байгаа ч яалт ч үгүй уул уурхайн салбараа түшиглэх болчихоод байна. Нэг талаас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 алсын зорилгодоо хүрэх асуудал. Нөгөө талаас сүүлийн хориод жилд туулсан сургамж байна.

Эрдэс баялгийн эрх зүй талаас харахад 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд дүгнэлт хийх цаг болжээ. 2006 онд хууль батлахдаа тавьж байсан зорилго зорилт өнөөдөр хэр түвшинд хэрэгжсэнийг ул суурьтай судлах хэрэгтэй байна. Ингэж тодорхой дүгнээд, тэр дүгнэлтээ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Үндсэн хууль, бусад салбарын хууль эрх зүйтэй хэрхэн уялдуулж болох вэ гэдэг шийдлээ гаргаж байж, дараагийн шатны хууль эрх зүйн систем бүрдэх болов уу гэж харж байна.

Манайд уул уурхайн төслүүд олон нийтийн эсэргүүцлээс болж зогссон тохиолдол ховор. Гэтэл сүүлийн жилүүдэд олон нийтийн эсэргүүцэл эрчимжиж, үүний улмаас зогссон төслийн тоо нэмэгдэх боллоо. 2015 онд Увсад газрын тосны хайгуул хийхээр очсон компани орон нутгийн иргэдийн эсэргүүцлээр төслөө зогсоосон. Энэ жилийн хувьд “Степп Гоулд”, “Аспайр Майнинг” компанийн төслүүдтэй холбоотой тохиолдлууд гарлаа. Үүнийг асуудал ужгирч байна гэж харж болох байх. Шалтгааныг та бас л эрх зүйн орчны хямралтай холбож байна уу?  

Эцсийн дүндээ энэ бүхэн салбарын хууль эрх зүйн орчин тодорхой байдлаар хямралд өртчихсөний илрэл. Үүнийгээ сайжруулаад явах ёстой гэсэн санаа.

Улстөрчдөөс эхлэлтэй уул уурхайг эсэргүүцэх асуудал бүр 2003 оноос эхтэй. Тэндээс тооцвол 15 жил болж байна. Эцсийн үр дагавартаа асуудал яаж ужгирч байна гэхээр орон нутгийн иргэдийн нэрийн дор эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөдөг дараагийн хэлбэр рүү шилжчихлээ. Үүнийг тохиолдол бүхнээр нарийвчлан судлах ёстой юм. Үнэхээр тухайн баг, сумын иргэдийн эсэргүүцэл байна уу, үгүй юу.

Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж бие даасан хуулиар хийгддэг, боловсруулагддаг, Салбарын яам нь хянадаг, баталдаг бичиг баримт бий. Эсэргүүцэлтэй тулсан төслүүд дээр судлаад үзэхэд энэ бичиг баримтыг батлуулаагүй нэг ч компани байдаггүй. Яагаад үүнийг ярьж байна гэхээр БОНБҮ-г батлуулах процесс дунд орон нутгийн иргэдийн оролцоог баталгаажуулсан мэдээлэл хүргэх, саналыгавах тусгай механизм байгаа. БОНБҮ батлагдсан бол орон нутгийн иргэд оролцсон гэсэн үг. Эсэргүүцээгүй байна гэсэн үг. Эсэргүүцсэн бол саналаа хэлээд хамтарч ажиллах, сайжруулах ажлаа хийсэн байж таараа. Хууль эрх зүйн механизм талаасаа ингэж харвал бүх процесс явагдчихсны дараа хүмүүс очоод эсэргүүцнэ гэдэг маш ойлгомжгүй. Яагаад ниргэсэн хойно хашгирч уул уурхайн төслүүдийг зогсоогоод байгааг Төр анхааралдаа авах ёстой. Ийм байдлыг өөгшүүлэн газар авахуулаад байж болохгүй шүү дээ.

Түүний тулд үнэхээр орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа эсэхийг нарийн судлах шаардлагатай. Нутгийн иргэд эсэргүүцэж байгаа бол зөвтгөх нэг үндэслэл бий нь Үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй, байгалийн тэнцвэр алдагдаагүй орчинд амьдрах эрх. Үүний тулд орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа бол эрхээ эдэлж байгаа хэрэг. Тэр эрхийн баталгааг хангахын тулд төр үүргээ биелүүлж, ажлаа хийх ёстой. Хийхгүй орхиж байгаа бол уул уурхайн компанийн биш төрийн буруу. Төр асуудлыг хэрхэн засч сайжруулж болох вэ гэхээр уул уурхайн үйлдвэрлэлийн процесстэй уялдсан эрх зүйн зохицуулалт буюу уурхайн хаалтын механизм бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл олгохоос өмнө хариуцлагын механизм нутагшуулах тухай энгийн ойлголт.

Уурхайн хаалт нь дэлхий дахинд 1960-аад оноос эхлэлтэй ч 1992 оны Рио де Жанейрогийн хурлаас харьцангуй газар авч, олон улсад нутагшиж эхэлсэн, Монголд 2010 оноос хойш яригдаж буй шинэ ойлголт. Уурхайг нээхээс хаах хүртэлх харилцааг зохицуулахдаа олон нийтийн оролцоог яаж хангах, байгаль орчныг хэрхэн хамгаалах, түүнд ямар хөрөнгө мөнгө зарцуулж, ямар арга хэмжээ авах талаарх цогц ойлголт юм.

Манайд юу нь уурхайн хаалтын механизмтай холбогддоггүй гэхээр тусгай зөвшөөрөл олгодог механизм маань. Хайгуулын лиценз олгосон бол ашиглалтын лицензийг шууд олгодог. Олгосон А лиценз дээрээ ТЭЗҮ, БОНБҮ хийлгэдэг энэ механизм иргэдэд шаардлагатай мэдээллээр хангагдах боломжийг олгохгүй байна. Иргэд тухайн төслийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт, уурхай ашигласны дараа юу хийх талаар ямар ч мэдээлэлгүй сууж байхад А лиценз хэдийнэ олгогдоод, газрын хэвлийг хөндөх процесс руугаа орчихсон байдаг.

Хариуцлагатай уул уурхай хөгжчихсөн орнуудад энэ асуудлыг зохицуулдаг туршлагаас харахад хайгуул хийх механизм нь харьцангуй нээлттэй. Харин хайгуул хийгээд илрүүлсэн нөөц баялагтаа тулгуурлан олборлолт явуулах механизм нь асар хариуцлагатай болдог. Өөрөөр хэлбэл, А лиценз авахаас өмнө БОНБҮ, ТЭЗҮ, уурхайн хаалтын төлөвлөгөөгөө авчир, түүний дагуу төр хяналтаа тавина гэж ярьдаг гэсэн үг. Хариуцлагатай уул уурхайн концепцид нийцэх уурхай байж чадах нь уу, нөхөн сэргээлт, хаалтад хэдэн төгрөг зарцуулах юм, үүнд нөөц нь хүрэлцэхээр байна уу гэдгийг Төр мэдэж байж зөвшөөрөл өгдөг, тэр мэдээллээ иргэд олон нийтэд ил болгодог. Ингэж нийгмийн зөвшөөрлийн механизм үүсэх явдлаар явдаг.

Бид одоо л энэ чиглэл рүү явахгүй бол, энэ механизмыг нутагшуулахгүй бол орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудал намжина гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Зарим тохиолдолд улам ч түвэгтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

Манайд уул уурхайн хаалтын механизмыг хуульчлах талаар зарим нэг оролдлого хийсэн. Бие даасан хуулийн төсөл яригдаж байлаа. Дараа нь хүрээг улам тэлж, Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулан, хэлэлцүүлэгт оруулсан. Гэвч ажил болоогүй. Хаалтын механизм салбарын хямралыг үндсээр нь засч залруулах нэг гарц юм бол яагаад хуульчлагдахгүй байна вэ? 

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотойгоор Уурхайн хаалтын хууль байх ёстой гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. УУХҮЯ-наас Ажлын хэсэг гарч, Уул уурхайн хуулийн төсөл боловсруулан санал аваад явсан. Үүнийг эрдэс баялгийн эрх зүйн судлал талаасаа тайлбарлавал хөгжлийн үе шатаа туулж яваа үйл явц. Асуудлаа ярихгүй, судлахгүйгээр явбал бид хаана байх юм. Нэг хууль ярьж байснаа чимээгүй зогсчихдог гэдэг талаас битгий хараасай. Таны хэлсэн үйл явцууд хууль эрх зүйн орчин сайжрахад томоохон суурь судалгаа, мэдээлэл болж байгаа. Хуулийн төсөл боловсруулна гэдэг нь нэг талаасаа судалгаа. Ажиллах тусмаа л сайжруулах зүйлсээ зөв ойлгоно. Салбарынхан нэгдсэн ойлголцолд хүрч эхэлнэ гэдэг хөгжил дэвшлийн нэг үндэс.

Хуулийг хийсэн зорилго зорилтоос үл хамааран хөндлөнгийн хүчин зүйлсийн нөлөөн дор Ашигт малтмалын тухай хуульд концепцийн томоохон өөрчлөлт ордог болсон. Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сард Төсвийн тухай хуулийг дагалдуулан Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгох зарчмыг өөрчилсөн. Түүнчлэн АМНАТ болон лицензийн төлбөрийн тодорхой хувийг уул уурхайн үйлдвэрлэл явж буй орон нутагт шилжүүлэх тухай зохицуулалт хэрэгжиж амжилгүй ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаанд царцлаа. Салбарын харилцаанд учирч буй бэрхшээлийг шийдэхийг зорьсон зарим зохицуулалт жилийн настай Төсвийн тухай хуулиар замхрах ийм тохиолдлууд дээр Та ямар дүгнэлт хийж байна вэ?

2017 онд Төсвийн  тухай хуулийг дагалдсан өөрчлөлт дээр УИХ, Засгийн газар асар хариуцлагагүй шийдвэр гаргасан. Ингэхээ одоо тоглоом ч үгүй болих хэрэгтэй, энэ чинь цаагуураа төр өөрөөрөө тоглоод байгаа хэрэг шүү дээ.

1997 оны Ашигт малтмалын хуулиар бий болгосон маш либерал систем бол өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох. Давуу тал ч бий, сул тал ч бий. Сул тал нь илүү үр дагавраа үзүүлж эхэллээ гэсэн судалгаагүй туйлшрал дээр үндэслэж, энэ системийг 2010 оноос Ерөнхийлөгчийн санаачилгаар хуулийн хориг тавьж зогсоосон. Тэр нь уул уурхайн салбарын өсөлтөд асар сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалтыг үндсэндээ хаасан. Нэгэнт түүх болон үлдсэн учраас шүүж үзэхээсээ илүүтэй сургамж авах ёстой юм. Гэтэл сүүлийн жилүүдэд хоригийн хүрээнд үндсэндээ хайгуулын лиценз нэмж олгогдоогүй шахам байхад, мөн хайгуулын лицензийн тоо огцом буурсан нөхцөл байдалтай байхад ерөөс энэ системийг хуулиас бүрмөсөн авч хаяъя гээд сайн муу үр дагаврыг сайтар тооцоололгүй хэт гоомой хандаж, салбарын хөгжил, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгох шаардлагагүй байсан. Үндэслэлээ төсвийн орлогыг бүрдүүлэхгэж тайлбарлаж байгаа ч ямар ч үнэмшилгүй.

Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох механизмыг 2006 оны хуулиар бий болгосон ч огт хэрэгжилгүй өнөөг хүрлээ. Хэрэгжээгүй механизмаа сайжруулах гэж ажиллаагүй мөртлөө өргөдлийн системийг шууд таслан зогсоосноор тендерээр бүгд явчихна гэсэн хэт хөнгөн найдлагаар асуудалд хандсан. Засгийн газрын өргөн барьсныг УИХ авч баталсан нь туйлын хариуцлагагүй явдал.

Хоёрт АМНАТ, лицензийн төлбөрийн тодорхой хувийг уул уурхайн үйлдвэрлэл явж буй орон нутагт олгох хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн 6.1-ийн үзэл санааг хэрэгжүүлэх чухал механизм. Монголын ард түмэн баялгаасаа хүртэх эрхтэй. Үүнийг хоёр механизмаар хэрэгжүүлж байгаа. Нэгд Улсын нэгдсэн төсөвт татаж, Үндсэн хуулийнхаа дагуу 3 сая хүн уул уурхайнхаа баялгаас нийгмийн үйлчилгээгээр тэгш хүртэж байгаа. Хоёрт баялагтай бүс нутаг өгөөжийг арай илүү хүртэх тухай механизмыг нэг бий болгож, нэг авч хаяж байснаа одоо 2020 он хүртэл зогсоочихлоо. Энэ нь нийгэмд өнөөдрийн тогтворгүй байдлыг үүсгэчихээд байна.

Уул уурхайн үр өгөөж орон нутагт наалдахгүй байна гэж иргэд гомдоллох нь зөв юм. Орон нутгийн иргэдийн эсэргүүцэл зарим талаар энэ мэт төр засгийн хариуцлагагүй шийдвэрээс ч болж байгаа.  Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг зорьсон хууль эрх зүйн сайн зохицуулалтаа боомилоод байвал амжилтад хүрэхгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн тайланд дүн шинжилгээ хийгээд, хэт их суварга барьж, баяр наадам хийж байна гээд зогсоосон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ аяндаа хөгжөөд зөв гольдролдоо орох зүйл дээр богино хугацааны үйл явцад үндэслэсэн дүгнэлт хийж, түүнийгээ улс төрийн шийдвэр болгож гаргаад, тэр нь эргээд уул уурхайгаа муухай харагдуулдаг, орон нутгийн эсэргүүцэл нэрийн дор ашиг хонжоо хайгч зарим этгээдэд өгөөш болох тал байна.

Үнэхээр ОУВС чагталчихаад байгаа бол яриа хэлцэл хийх ёстой юм. Уул уурхайн өсөлт харьцангуй өндөр байна, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр байна. Үүндээ тулгуурлан орон нутаг руу ашиг хуваарилах асуудлыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой.

Миний бодлоор Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг их зөв хэрэгжүүлж болох механизм бол хөрөнгийн биржийн систем санагддаг. Иргэд уул уурхайн компанийн хувьцааг худалдаж аваад, тэндээсээ үр шимийг давхар хүртэх энэ механизм магадгүй орон нутагт АМНАТ өгөхийн хажуугаар иргэдэд илүү үр дүнтэй байх магадлалтай. Ашигт малтмалын тухай хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн нь ард түмэн байгалийн баялгаас үр өгөөж хүртэх Үндсэн хуулийн концепцийг хэрэгжүүлэх чухал заалт. Сая УИХ-аас Тавантолгойн IPO-той холбоотой шийдвэр гарлаа. Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд нэг шат ахиж байгаа үйл явц гэж харж байгаа.

Таны ярианаас эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинд томоохон шинэтгэл хийх ёстой болжээ гэж дүгнэж болохоор байна?

Эрх зүйн шинэчлэл гэж томьёолох нь зөв болов уу. Томоохон өөрчлөлт гэхээр эрх зүйн орчин тогтворгүй болно гэж ойлгож болзошгүй. Судлаачийн хувьд эрх зүйн шинэчлэл хийх цаг үнэхээр болжээ гэж хардаг. Сүүлийн хориод жилийн уул уурхайн салбарын хөгжил, нийгмийн хүсэл зориг, ард түмний хүлээлтийг судлаад үзэхэд зайлшгүй эрх зүйн шинэчлэл хийх болсон байна. Хариуцлагатай уул уурхай, уурхайн хаалт гэдэг томьёолол ярихаасаа илүү хэнд тусгай зөвшөөрөл олгох, тавигдах шаардлагаас өгсүүлээд тусгай зөвшөөрлийг авсан этгээд ямар дүрэм журмаар тоглох юм, түүнд оролцдог олон нийт, төр засгийн оролцоо ямар байх, энэ салбарт оролцдог талуудын хүлээдэг хариуцлага юу байх юм гэдгийг цогцоор шинэчлэн сайжруулах цаг болсон.

Дээр ярилцсан асуудлуудаас гадна ганц жишээ татъя. Нүүрс олборлогч аж ахуйн нэгж агаарын бохирдлын төлбөрийг улсын төсөвт төлдөг. Монгол улсын хувьд агаар бохирдуулсны төлбөр хаашаа орсон нь бүү мэд үр дүнгүй алга болчихдог. Орон нутгийнхан уул уурхайн компаниуд агаар бохирдуулж, тоосжилт үүсгэж байна, асуудлаа шийдээч гэдэг. Гэтэл компаниуд Монгол улсын хуулиар бий болгосон агаарын бохирдлын төлбөрийг төлчихөөд байхад тэр нь зарцуулалт тодорхойгүй улсын том сав руу орчихоод, эргээд орон нутагт асуудал нь хэвээр байгаад байна. Төлсөн татвар зөв механизмаар хуваарилагдахгүй, оновчтой зарцуулагдахгүй байгаагийн нэг жишээ энэ. Нийгэмд үүсээд байгаа бухимдлын бодит шалтгаан энэ мэтээр эрх зүйн үр дагавруудаас үүдэж байна.

Энд бас нэг асуудлыг орхиж боломгүй санагддаг. Уул уурхай усгүйгээр явахгүй. Тэгвэл ус баялаг мөн үү. Судлаачийнхаа хувьд би ус баялаг мөн гэж үздэг. Тиймээс усны асуудлаа авч үзэх хэрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагаанаас нийгэмд төрүүлж байгаа нэг сөрөг ойлголт нь ус их хэрэглэдэг, усны нөөцийг барагдуулж байна гэдэг ойлголт. Нийгэмд байгаа ойлголт, нөгөө талаар уул уурхайн компаниудын усны хэрэглээг зөв гольдролд оруулахын тулд эдийн засгийн зохицуулалт хэрэгтэй. Усыг баялагт тооцож татвар авдаг авдаг байх ёстой.

Төлбөр авч байгаа шүү дээ?

Усыг баялаг гэж тооцож авч байгаа төлбөр биш усны үйлчилгээ үзүүлсний төлбөр авдаг систем. Мэргэжлийн хүмүүс өөрөөр тайлбарлах байх л даа.Олон нийт энэ ялгааг нарийн харж чадахгүй байгаа ч бухимдуулаад байгаа зүйл энэ. Ус бол баялаг. Тэр баялагт бид татвар авч чадахгүй байна. Энэ нь уул уурхайн компанийг шантаажлах гэсэн асуудал ерөөс биш. Асуудлаа зөв гольдролд оруулах гэсэн хэрэг. Усыг баялагт тооцож татварын ямар механизм бүрдүүлж болох вэ. Баялгаа ашиглуулж байгаа бол татвар яригдана. Хоёрт үр дүнтэй ашиглах буюу технологийн асуудал байна. Өөрөөр хэлбэл, төр стандартаа сайжруулах хэрэгтэй. Төр уул уурхайн болон бусад салбарт ашиглагдаж байгаа усны стандартыг сайжруулж, түүнийгээ олон нийтэд итгэлтэйгээр тайлагнадаг болох ёстой. Өнөөдөр уул уурхайн компаниуд усаа дахин ашигладаг, худгийн шүүрэлт байхгүй гэж мянга яриад тэдэнд итгэхгүй байна. Асуудлаа ингэж углуургаар нь хөндөж, хамтын ажиллагааны үр дүнд сайжруулах ёстой юм.       

Судлаачийн тань хувьд асуух нэг зүйл байна. Монгол Улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой. Гэтэл аймгууд энэ салбарт бие даасан гэж хэлэхээр бодлогууд явуулж эхэлж байна. Тухайлбал 2018 онд Хөвсгөл аймаг газар нутгаа бүхэлд нь тусгай хамгаалалтад авлаа. Аймгууд хайгуул хийлгэхээс татгалзаж байна. Эдгээр нь хууль эрх зүйн хувьд зөв шийдвэр мөн үү? Төрөөс баримтлах бодлоготойгоо нийцэж байна уу? Алсдаа энэ бүхэн ямар үр дагавартай вэ?

Энэ хаврын нэлээд сенсаци маягийн асуудал бол Хөвсгөл аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд аймгийнхаа бүх газар нутгийг авсан явдал. Асуудал бүр наяад оноос эхтэй. Ц.Балдорж сэтгүүлчийн “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээс хойш 30 гаруй жилийн дараа аймаг бүхэлдээ газар нутгаа хамгаалалтад авлаа. Ард түмэнд сэтгэл зүй суучихсан бол тэр нь явж явж шийдвэр болдог зүй тогтол энд ажиглагдаж байна.     

Нөгөө талаараа энэ бол их хэцүү шийдвэр. Монгол Улс нэг Үндсэн хуультай, нэг төр засгийн бодлоготой, нэг системтэй улс. Аймаг орон нутаг, Монгол улсын төрийн ямар ч байгууллага шийдвэр гаргахдаа Монгол улсын Үндсэн хууль, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн суурь бичиг баримтууд зэрэг малгай том хууль эрхзүйн бичиг баримтад нийцүүлэх ёстой. Хөвсгөл аймгийн шийдвэр хууль эрх зүйтэй нийцээгүй байх магадлал харьцангуй их. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар Газрын тухай хуульд нарийн зохицуулалт, үндэслэлүүд байгаа. Бүхэл бүтэн аймгийн хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нь Газрын тухай хуулийн суурь зарчим, зохицуулалттай зөрчилдөнө. Дараа нь илүү түвэгтэй байдал үүсгэнэ. Хамгаалалтад авчихсан газрыг хамгаалах л ёстой. Тэнд ямарваа нэг эдийн засгийн өөр төрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Үйлдвэр хөгжүүлж болохгүй, хот байгуулж болохгүй. Шийдвэрээ буцаагаад цуцална гэвэл олон нийт яаж хүлээж авах вэ. Энэ мэтээр үр дагаврын хувьд маш зохимжгүй шийдвэр.

Нэг талаараа бусад аймагт маш том сургамж юм. Үүнээс бусад аймгууд үлгэр авч болохгүй. Газар нутгаа хамгаалах нь эх орондоо хайртай монгол хүн бүрийн хүсэл мөн. Гэхдээ үүнийг хэрэгжүүлдэг, хамгаалдаг хууль эрх зүйн механизм дотроо л бид байх ёстой.

Хөвсгөл аймаг байгалийн үнэхээр үзэсгэлэнтэй газар. Гэхдээ Өмнөговь аймаг байгалийн үзэсгэлэнгүй хэрэг биш шүү дээ.

Бидний зорьж буй Тогтвортой хөгжлийн тухай ойлголт нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг гурвыг хэрхэн зүй зохистойгоор тэнцвэрийг нь хангаж, засаглалын аргаар хөгжүүлэх вэ гэдэг асуудал. Дан ганц байгаль орчны асуудлаа баримталбал эдийн засаг орхигдох нь байна. Эдийн засаг хөгжихгүйгээр нийгмийн амьдрал, ард иргэдийн амьжиргаа хэрхэх вэ гэдгээ бодох л ёстой. Энэ мэтээр дагасан үр дагаврууд нь хүндрэлтэй харагдаад байгаа. Улам л эсэргүүцэл тэмцэл үүсгэсэн, бие биенийхээ эсрэг тэмцсэн, үүндээ дөрөөлж улс төрийн оноо авах гэсэн, эргээд өөр хоорондоо зөрчилдөх зохисгүй зүйлийг дагуулж болзошгүй.

Нөгөө талаар Хөвсгөл аймаг байгаль орчиндоо тулгуурласан эдийн засаг буюу аялал жуулчлал хөгжүүлнэ гэж байгаа. Монгол улс өөрийн онцлог бүхий 4 улиралтай. Зун богино, өвөл урт. Хөвсгөл аймагт дэд бүтэц хөгжөөгүй үед жилдээ 6-8 мянга орчим гадаад дотоодын жуулчин очдог байсан бол одоо жилд 60-70 орчим мянган хүн очиж байгаа статистик байна. Гэтэл тэр 60-70 мянган хүний усны хэрэглээ, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, хог хаягдал зэргийг тооцоод үзвэл бас нэг дүр зураг гарна. Гэхдээ аялал жуулчлалын хугацаа харьцангуй богино, үндсэндээ аялал жуулчлалын хоёр л сартай учраас одоохондоо тэр сөрөг үр дагаврыг харж, тооцохгүй байна л даа.

Уул уурхайн салбар нэр хүндгүй байгаа нь уул уурхайг дэмжихгүй, хөгжүүлэхгүй гэх байдлаар улс төрийн оноо авахад ашиглагддаг боллоо. Ялангуяа орон нутагт түгээмэл болж байна. Энэ нь зөв, буруу эсэхийг хэн ч хэлэхгүй болохоор хавтгайрахыг үгүйсгэхгүй. Хэрвээ буруу бол асуудал хуримтлагдаагүй дээр залруулах ёстой юм биш үү. Тэр ажлыг хэн хийх ёстой вэ?

2000 оны дунд үеэс Монгол Улс нэг биш 22  Засгийн газартай болсон жишээ гарсан. Аймгийн ИТХ-ууд бие даасан тогтоол шийдвэр гарган, уул уурхайн компаниудаас Орон нутгийн хөгжлийн санд хандив нэхдэг болсон. Гэхдээ хөгжил, цаг хугацааны явцад засагдсан. Нэгд, уул уурхайн салбарынхан, компаниуд хуулийн дагуу эрх ашгаа хамгаалж, өөрсдөө тэмцсэний үр дүнд дээрх шийдвэр хууль бус нь тогтоогдсон. Нөгөө талаар төр засаг ч асуудлыг соргог харж, Орон нутгийн хөгжлийн сан гэдэг зүйлийн хууль эрх зүйг хангаж өгөх ёстой юм байна. Тийшээ мөнгө өгч байж, орон нутаг баялгаасаа хүртэх эрхтэй болох юм байна гээд засагдаад явсан.

Уул уурхайг орон нутаг дэмжихгүй байгаа асуудалд дээр хэлсэнчлэн баялгийн зарцуулалтын талаарх зохицуулалтыг яаралтай сайжруулахгүй бол ойлголцолд хүрэхгүй. “Уул уурхайгүй орон нутаг” гэж туйлшрах бус уул уурхайтай, АМНАТ-ын төлбөрийн зөв оновчтой хуваарилалт, зарцуулалт, хяналт байх учиртай. Мэдээж Сангийн яам зэрэг төрийн байгууллагуудын оролцоо өндөр байх ч одоогийн хүн ам зүйн системд тулгуурлаж орлогын хуваарилалтыг тэгшитгэдэг асуудал байж болохгүй. Үүнийг зөв горимд нь оруулбал уул уурхайг дэмжихгүй гэх хандлага цаг хугацааны хувьд эерэг тийш хандах байх.  

Хоёрт, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний механизмыг сайжруулах хэрэгтэй. Ямар оновчтой зохицуулалтаар гэрээ байгуулах вэ гэдэг эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай. Гуравт, олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл авах, ил тод нээлттэй байлгах механизмыг сайжруулахгүй бол уламжлалт аргаар яваад олон нийтэд хардлага сэрдлэг төрүүлэхээс хэтрэхгүй байна.

Уул уурхайн салбарт эрх зүйн шинэтгэл хийх оролдлогууд голчлон салбарын хэлэлцүүлгээр унадаг. 2013 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажил өрнөсөн ч нэгдсэн ойлголцолд хүрээгүй. Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн Орон нутгийн гэрээний загвар салбарын хэлэлцүүлэгт ороод унасан. Уул уурхайн хуулийн хэлэлцүүлэг бас л явсангүй. Энэ нь уул уурхайн салбар өөрөө эрх зүйн шинэтгэл, шинэ харилцаа, илүү хариуцлагатай тогтолцоонд бэлэн биш байна гэсэн үг үү?

2013 оны шинэчилсэн найруулгын хувьд маш олон улстөрч салбарын хуулиар оролдох хандлага гаргасан учраас уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асуудлыг өөр дээрээ авсан. Үүргээ ч гүйцэтгэсэн. Нөгөө талаар хариуцлагатай уул уурхайн тухай ойлголт хараахан бидний тархинд суугаагүй үед ийм эрх зүйн зохицуулалт яригдсан. Нэг ёсондоо цаг хугацааны тохироо бүрдээгүйн улмаас унасан. Салбарынхан ойлголцолд хүрэх ёстой, түүний тулд зам туулах ёстой.

Уул уурхайн яамнаас гаргасан Уул уурхайн хуулийн төслийг ном зохиол хуулж бичлээ, угаас байдаг стандартыг хуульчлах гэлээ гэх зэргээр асар их шүүмжилсэн. Шүүмжлэл байх ёстой. Гэхдээ шүүмжлэхийн тулд шүүмжилдэг тал бас байна. Салбар салбараа татаж унагадаг гэж хэлэхэд хаашаа юм. Салбарынхан өөрсдөө илүү хариуцлагатай байх ухамсар, соёл, төлөвшил рүү явмаар байна.

Уул уурхай олон улсын хэлээр ярьдаг бизнес. Олон улсын туршлагыг хуулах гэж байна гэж харахаасилүү тэр шилдэг түвшин рүү тэмүүлж, тэнд өөрсдийн ур чадвар, мэдлэг, эрх зүйн харилцаа, зохицуулалт, дүрэм журмыг эс аваачваас өнөөдрийн яригдаж байгаа асуудлууд засагдах ямарч үндэслэл алга.

Салбар нэгдсэн ойлголцолд хүрэхгүйн улмаас өөр салбараас асуудлыг нь зохицуулсаар эцэстээ юун дэлхийн стандарт бүү хэл сонирхогчийн салбар болж хувирч мэдэх нь байна?

Аливаа салбарт манлайллын асуудал байх ёстой. Уул уурхайн салбар өөрөө өөрийгөө манлайлах чадвараа алдчихжээ. Тэр нь боловсон хүчинтэй холбоотой. Үүнд инженер техникийн ажилтнуудыг хэлээгүй, засаглал, бодлого ярьдаг, удирдан чиглүүлдэг боловсон хүчин нь хомсдолд оржээ. Салбарын бодлогыг ярьж байгаа хүн ховор байна. Энэ салбарын мэргэжлийн хүмүүс ухаан бодлоо уралдуулж, өөрсдийн байх байр суурь, хөгжлийн хүрэх үе шат, хүсэл эрмэлзлийг тодорхойлж байх ёстой. Гэтэл үе тасралт бий болчихож. Зөвхөн уул уурхай ч биш бусад салбарт ч шилжилтийн давлагаанаас үүдээд ийм асуудал гарч байна.

Уул уурхайн салбарт бизнес хийж байгаа бизнесменүүдийг ард түмэн манлайлагч гэж хараад, тэд зарим талаар бизнесээ хамгаалсан сөрөгдүү ойлголт төрүүлээд байгаа тал бий. Нөгөө талаар өөр салбараас санаа тавьж байгаа хүмүүс уул уурхайг хариуцлагатай болооч гэсэн хүсэл эрмэлзлийн үүднээс шаардлага тавьж, тэр нь бусдад ойлгогдохдоо уул уурхайг эсэргүүцээд байгаа мэт ойлголт төрүүлээд байна. Энэ хоёр бүлгийн хооронд уул уурхайн салбар өөрийнхөө боловсон хүчний манлайллын чадварыг алдчихжээ гэж хардаг. 

Нөгөө талаар салбарын санаачилга буюу салбарт бизнес эрхлэгч уул уурхайн компаниуд хэрхэн манлайлал үзүүлж хариуцлагатай байх вэ гэдэг механзмыг мөн асар их ярих хэрэгтэй байна. Хариуцлагатай уул уурхайн найман зарчмыг Монголд сүүлийн арваад жил ярьж байна. Төр засаг, орон нутгийн шахалтгүйгээр уул уурхайн компаниуд өөрсдийн санаачилгаар тэр 8 зарчмыг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа үнэлдэг, эргээд олон нийтэд тайлагнадаг механизмыг хэрэгжүүлэх цаг нь болжээ. Салбар хэдийчинээ мэргэших тал руугаа явна төдийчинээ өөрийн салбарын байр сууриа хамгаалах, дүрэм журмаа тогтоох, ойлгуулахад дөхөм болно.     

Ярилцсанд баярлалаа.