Цэнхэр тэнгэрийн амбиц буюу Монгол нүүрсний боломж

2018-09-27 10:37


The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа


Н.Ариунтуяа



Хятад улсын “Цэнхэр тэнгэр” хөтөлбөр Монголын нүүрсний бизнест асар их боломж бүрдүүлж буйг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан Ерөнхий захирал Ян Сианфэнг Coal Mongolia 2018 дээр хэлэв.

Хятадын гангийн үйлдвэрлэлийн оргил үе 2015 оноос дуусгавар болж, эрдсийн зах зээлийн супер мөчлөгийн үед хэт илүүдэлтэй хүчин чадлаар ажиллаж байсан ган, төмөрлөг, нүүрсний салбарт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахын тулд илүүдэл хүчин чадлыг бууруулж, үр ашиг багатай үйлдвэрүүдийг хаах бүтцийн өөрчлөлт буюу бодлогын шинэчлэл эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн бохирдол ихтэй үйлдвэрлэлийг хумьж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулах ногоон хөгжлийн зорилт ч давхар хэрэгжиж эхэлсэн юм. 2016 онд томьёоллын түвшинд байсан бодлогын алхмууд 2017 оноос зарим нэг хязгаарлалт, дүрэм журмыг мөрдүүлэх ажлаар өрнөж эхэлсэн бол 2018 онд тодорхой зорилт тавьж, хүрэх түвшинг тодорхойлсон реформын чанартай төлөвлөгөө, хөтөлбөрүүдээр үйл явц улам эрчимжиж байна.

Өмнөд хөршид өрнөж буй бодлогын шинэчлэл Монголын эрдсийн түүхий эд, тэр тусмаа нүүрсний экспортод онцгой хамааралтай. Тэдгээрээс чухалчлан анхаарал хандуулах ёстой үйл явц бол дээр дурдсан “Цэнхэр тэнгэр” /Three-Year Action Plan to Protect the Blue Sky/ хөтөлбөр юм.  Нүүрс болон коксын зах зээлд бүхэлд нь нөлөөтэй энэ зорилтууд Монголын нүүрст зарим шинэ боломж нээх хандлагыг тодруулан байна.        

Хятадын Төрийн зөвлөлөөс “Цэнхэр тэнгэр” 3 жилийн төлөвлөгөөг өнгөрсөн зургаадугаар сард баталсан билээ. Хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах, Байгаль орчныг хамгаалах, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн гурван зорилтыг уг хөтөлбөрөөр хангахыг зорьжээ. Нэг ёсондоо “Цэнхэр тэнгэр” нь байгаль орчны доройтол, агаарын бохирдол, аж үйлдвэрийн хэрээс хэтэрсэн үйлдвэрлэлийг зохицуулахын тулд Хятадын Засгийн газраас ойрын 3 жилд шийдвэрлэх үйл ажиллагааны жагсаалт юм.

2018-2020 оны  энэхүү амбицтай зорилт асар уудам нутагт хамаарч байгаа. Хэдий хамгийн бохирдол ихтэй Бээжин, Тянжин, Хэбэй мужийг голчлон онилсон ч цаашлаад тэдгээрийг тойрсон “2+26” хотод хөтөлбөрийн зорилт хамаатай. Тодруулбал, Шанси мужийн Лвилианг, Жиньшинг, Юнченг хотууд, Хэнан мужийн Лоёнг болон Санменхи хотууд, Шаанси мужийн Ши-Ан, Хинанг, Баожи, Тонгчуан, Вейнан болон Янглингийн төв зэрэг ФенеВэйе бүсийн 11 хот, мөн Янгзе, Делта голын сав газрын Шангхай, Жиангсү, Зжианг, Анхуй зэрэг дөрвөн аймаг энэхүү төлөвлөгөөнд багтаж байна.  

Гурван жилийн хөтөлбөрт нэр заагдсан эдгээр бүс нутаг ган, төмөрлөг, нүүрсний үйлдвэрлэлийн салбарт хуучирсан бохир технологийг халах, хорт хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр тодорхой үүрэг амлалтууд авч байгаа. Жишээлэхэд Хятадын хамгийн том ган үйлдвэрлэгчид тооцогддог Хэбэй мужид ган үйлдвэрлэх хүчин чадлыг 40 сая тонноор, коксын үйлдвэрлэлийг 10 сая тонн, цементийн үйлдвэрлэлийг 5 сая тонноор бууруулах бол Жансу мужид 17.5 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадлыг хаах төлөвлөгөө тусгагджээ. Дээрх тоонууд нь асар далайцтай бүтцийн шинэчлэл эрчээ авсны илэрхийлэл юм.

“Цэнхэр тэнгэр”-ийн зохицуулалтууд эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрүүдийн байршил, бүр тээвэрлэлтийн системийн бүтцэд хүртэл үр нөлөөгөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Уламжлалт тогтолцоог өөрчилж буй энэхүү реформын хүрээнд 2020 он гэхэд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг 58%-иар бууруулах бол авто замын тээвэрлэлтийг бүрэн зогсоох зорилт тусгагдаад байгаа юм. Түүнчлэн 2020 он гэхэд аж үйлдвэрийн гол кластер болсон Хэбэй болон далайн эргийн мужуудаар ган, коксын үйлдвэрлэлийн гарцыг эрс багасгах зорилт тавигдаад байна.

Харин түүнийг нөхсөн үйлдвэрлэл манай улстай хил залгаа мужуудад өсч эхэлсэн ба цаашид улам эрчээ авах хандлагатай. Гангийн үйлдвэрлэл нягтаршил их, бохирдол өндөр далайн эргээс эх газар руу шилжиж буй нь Монголын нүүрс экспортлогчдын хувьд “азын тэнгэр ивээсэн” хэрэг бөгөөд энэхүү зах зээлд өрсөлдөх давуу талаа ашиглан, байр сууриа бататгаж авах тухай мессежийг өнгөрсөн жилийн Coal Mongolia дээр “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл анх өгсөн. Энэ жил ч давтан санууллаа. Энэ тухай Coal Mongolia 2018 хурлаас хийсэн Э.Оджаргалын сурвалжлагаас дэлгэрүүлэн уншина уу. Байгаль орчноо хамгаалах бодлогууд Хятадын өмнөд хийгээд зүүн зүгийн далайн эргийн ган, коксын үйлдвэрлэлийг хязгаарлаж, тэртээ алсад байсан зах зээлийг дэргэд ойртуулж буй нь Монголын нүүрсний салбарыг гэрэлтэй харагдуулах мэдээлэл мөн билээ.  

“Цэнхэр тэнгэр”-ийн хүрээнд нүүрс олборлох, боловсруулах салбар болон ган төмөрлөгийн үйлдвэрлэлд төрийн хяналт эрс өөр түвшинд очоод байна. Дээрх үйлдвэрлэлд хамаарах хяналт шалгалт урьд байгаагүйгээр чангарчээ. Байгаль орчны шаардлага хангаа­гүй үйлдвэрүүдийг үг дуугүй хаах, дуусгавар болгох бодлого эргэлт буцалтгүй хэрэгжин байна. ХАБ, байгаль орчны хатуу чанга зохицуулалтууд үйлдвэрлэлийг бууруулахад голлох нөлөө үзүүлж эхэлсэн ба үр ашиг багатай, хуучирсан технологи бүхий уурхайнууд олноор хаалгаа барьж, бүтээгдэхүүний гарцаа танаж байна.

Харин тогтож үлдсэн нь чанга хатуу стандартад зохицож ажиллахын тулд илүү сайн чанарын түүхий эд буюу коксын нүүрс худалдаж авахаас аргагүйд хүрч байна. Энэ нь чанартай коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Монголын сайн чанарын коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ ханшийг өсгөх давуу тал авчирч байна. Ялангуяа хүхрийн бага агууламжтай нүүрсний хувьд боломж ихээхэн нэмэгдэж байна гэсэн үг юм.

Тэрхүү өрсөлдөх давуу тал, боломжуудын талаар “Фэнвэй Энержи” байгууллагын Дэд ерөнхийлөгч Сара Лю, Вүүд Маккензийн Ази Номхон далайн бүс нутгийн Нүүрсний зах зээл хариуцсан Ахлах шинжээч Пралаб Бхаргавага нартай MMJ ярилцсан нь есдүгээр сарын дугаарт нийтлэгдлээ.

Мууг сайнаар орлуулан хөгжүүлэх дээрх шилжилт, өөрчлөлтүүд нь Хятадын дотоодын үйлдвэрлэлийг бууруулахтай зэрэгцээд нүүрсний чанарынх нь үзүүлэлт доошилж буй нь сайн чанарын коксжих нүүрсний эрэлт, үнэ ханшийг харьцангуй өндөр түвшинд байлгаж байна. Энэхүү эерэг төлөв ирэх хоёр жилд тогтвортой хадгалагдах төдийгүй ялимгүй өсч мэдэх таамгийг зах зээл шинжээчид гаргасаар байна.

Хятадын зах зээлд гарч буй бодлогын энэ алхмууд манай нүүрсний нийлүүлэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх томоохон хүчин зүйл юм. Гол зах зээлдээ байр сууриа хадгалах, өргөжүүлэх, улам бататгах нөхцөл юм. Харин боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс шалтгаална. Тээвэр логистик, боомтын нэвтрэлт зэрэг нийлүүлэлтийг хязгаарлаж буй хүчин зүйлстээ хурдацтай дэвшил гаргаж, потенциалаа нэмэгдүүлэхгүй бол гол зах зээлд боломжууд хэчнээн нээгдлээ ч түүнийг ашиглах, үр ашгийг хүртэх боломж хязгаартай хэвээр байх билээ.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-01-22 16:34
    Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.
  • 2021-01-22 16:33
    QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж.
  • 2021-01-22 11:49
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • 2021-01-20 16:43
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • 2021-01-20 16:39
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.