Улс төрийн хямрал ба хөрөнгө оруулагчдын болгоомжлол

2018-12-25 11:28


Г.Идэрхангай

Он солигдох цаг мөч ойртох тусам Монголын улс төрийн хямрал хурцдаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа гацаад цөөнгүй хонолоо. 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан Монгол Ардын Намын  дотоод хуваагдал, хагарал зөрчил туйлдаа хүрч Засгаа огцруулах гэсэн нэг тал, УИХ-ын даргыг суудлаас нь   унагах гэсэн нөгөө хэсэг бүлэглэл хоорондын тэмцлийг Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байна. Энэхүү улс төрийн бүлэглэл хоорондын тэмцэл  өөрийн энерциэрээ яваа уул уурхайд ч цочрол өглөө.

Ердөө жил гаруйхны өмнө Ж.Эрдэнэбатын “мэргэжлийн” тодотголтой танхимыг унагаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодорсон У.Хүрэлсүхийн Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хандаж хэлсэн үг хувийн хэвшлийнхнийг эмзэглүүлэв. 

“МАК гэхэд 36 лиценз эзэмшдэг. Монголын бүх баялаг, Цагаансуварга бол нэг гэр бүлийн өмч биш. Тиймээс энэ ордыг төрд буцааж авах асуудлыг тавина” гэсэн  Засгийн газрын тэргүүний хатуурхал хувийн хэвшлийнхэн болон гадаадын хөрөнгө оруулагчдад тийм ч таатай сонсогдохгүй нь ойлгомжтой. Хөрөнгө оруулах итгэлийг нь  сулруулах эрсдэлтэй юм. 
Цагаансуваргын төсөл амжилттай явсан ч 2014 онд гацаж, олон улсын банкнаас санхүүжилтээ авч чадаагүй нь мөн л  дотоодын улс төрийн үл ойлголцлоос үүдэлтэй. Өдгөө ч үлдэгдэл санхүүжилтээ босгох гэж буй  үндэсний төслөөр  улс төр хийх нь  засгийн эрхийг барьж буй хүмүүсийн хувьд зохимжгүй үйлдэл. Дэргэдээ Хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, хөрөнгө оруулалт шиг чухал зүйл үгүй хэмээн сурталчлах Засгийн газраас бүр ч гарч боломгүй авир. 

Чухамдаа  улс орны аюулгүй байдал, эв нэгдлийг хангах ёстой Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын баялаг, эрх мэдэл булаацалдсан өнөөдрийн тэмцэл хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааг гацааж нэн яаралтай хэлэлцэж батлах учиртай салбарын хуулийн төслүүдийг ч  мухардалд орууллаа.    

Чуулганы арванхоёрдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхээр товлосон юм. Яг нэг сарын өмнө өргөн мэдүүлсэн хуулийн төсөл. Гэтэл ирц бүрдээгүй, намын Бага хурал гэх мэт шалтгаанаар УИХ-ын нэгдсэн чуулган тав дахь удаагаа хойшилж, улс орны эдийн засагт нэн хэрэгтэй хуулийн төслийг хойш тавихад хүрэв. Хэрэв уг хуулийн төсөл батлагдахгүй шинэ онтой золговол зөвхөн алтны салбарт л гэхэд хэд хэдэн хүндрэл үүснэ.    

Нэгд,  таван жилийн өмнө  баталсан   “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5%-тай тэнцүү” гэсэн заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. 

Хуулийн энэ зарчмыг хэвээр үлдээж эс чадвал алтны роялти буцаад 5%-даа шилжиж, өсөн нэмэгдэх роялти нэмэгдэж орж ирнэ. Өнөөдөр Лондоны металын биржийн ханшаар унци алтны үнэ 1252 ам.доллар байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх роялтийг сэргээснээр  4%-ийн татвар нэмэгдэх ба нийтдээ 9%-ийн татварыг алтны салбарынхан төлөхөд хүрэх юм.  Хятадын алтны роялти 5%-тай. Гэтэл Монгол Улс 2019 оноос өмнөд хөршийн алтны татвараас бараг хоёр дахин өндөр татварыг төлөх болно. Алт үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болж буй хамгийн том асуудал ердөө энэ. Тийм учраас Монголбанкин дахь алт тушаалтаа нэмэгдүүлэх, салбарын бодлогыг шинэчлэх зэрэг алхмаа яаралтай хийхгүй, хил гаалийн хяналтыг нэмэгдүүлэхгүй, далд хэлбэрээр гадагшаа  гарч байгаа алтны урсгалыг таслан  зогсоохгүй  энэ янзаар  явбал  өмнөх гашуун түүхээ  давтахад хүрнэ. 2008 онд алдарт 68%-ийн буюу гэнэтийн ашгийн татвар мэндэлснээр алтны салбар огцом уруудаж, 2010 онд ердөө хоёр  тонн алт тушааж байв. Энэ хугацаанд хууль бусаар алт хил давуулах сүлжээ буюу далд бизнес маш хүчтэй хөгжсөнийг өнгөрсөн түүх харуулдаг.

Сүүлийн таван жилд ам.долларын ханшийн өөрчлөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцийг нэмэх замаар төгрөгийг чангаруулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад алтны 2.5%-ийн роялти маш чухал үүрэгтэй байж ирсэн. Тоон үзүүлэлтээр илэрхийлбэл  2.5%-ийн роялти бий болсноор  алт тушаалт   2014 онд 12.7 тонн,  2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20.01 тонн болж өссөн түүхтэй.

Өнгөрсөн оны хувьд Монголбанк 20 тонн алт худалдаж авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй гадаад валютын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлсэн онцгой жил. 2018 онд гадаад валютын нөөцийн нийт дүнгээр 800 сая орчим ам.долларыг алтны салбарынхан бүрдүүлж чадлаа. Ийм өсөлттэй яваа салбараа бодлогын түвшинд хөгжүүлж,  1 тэрбум ам.доллар давсан орлоготой, улсын эдийн засгийн гол тулгуур багана болгон босгож авах гэсэн салбарын яамны амбиц бий. 

Нүүрсний үнэ буурсан тохиолдолд алтны салбартаа, алтны ханш унахад зэсийн салбартаа тулгуурлаж эдийн засгаа авч явах бодлогыг тодорхойлох яамны стратегийг буруутгах аргагүй юм. 800 орчим сая ам.доллар  20 тонн алт бүрдүүлдгийг статистик илтгэж байна. Тэгэхээр  Монголбанк 25 орчим тонн алт худалдаж авч байж гадаад валютын нөөцөд оруулах хувь нэмэр 1 тэрбум ам.доллар давна.  2018 онд Монголбанк 22 тонн алт худалдаж авах төлөвлөгөөтэй ч 21 тонныг баттай  авах нь хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцолж байсан. 

Хэрэв алтны роялтийг 2.5% хэвээр нь хадгалж, өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн хуулийн заалт үргэлжлэх аваас 2024 он хүртэлх таван жилийн хугацаанд алтны салбарынхан тогтвортой ажиллаж, улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ өсгөөд явах нь гарцаагүй. Гэсэн хэдий ч сүүлийн таван жилийн хугацаанд бусад ашигт малтмалаас хамаагүй доогуур буюу 2.5% роялти төлж ирсэн ганц салбар бол алтных. Улсын төсөвт уул уурхайгаас бүрдүүлдэг орлогын 90 орчим хувийг нүүрс, зэс эзэлж байхад алт ердөө 1%-ийг л гэх гомдол эрдсийн бусад салбарынханд бий.Энэ нь Монголбанкны худалдан авч байгаа алтны талаас илүү хувийг иргэд тушаадагтай шууд холбоотой.

2013 онд буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос нэг жилийн өмнө 8 хувь хүн, 120 аж ахуйн нэгж алт тушаасан бол 2017 онд Монголбанкны худалдаж авсан 20.01 тонны алтны 66%-ийг иргэд (216), 34%-ийг  аж ахуйн нэгж  (117)  тушаасан байх жишээтэй.Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны статистикаас харахад  энэ  жилийн  алт тушаалтын бүтцэд бага  зэрэг өөрчлөлт оржээ. Монголбанкинд тушаагдсан 21.2 тонн алтны  59%-ийг иргэд, 41%-ийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлээд байна. Хэдийгээр алт тушаалтад аж ахуйн нэгжүүдийн тоо, хувь хэмжээ өсч байгаа ч алтныхан “нинжагийн салбар” гэдэг ойлголт төрүүлсэн хэвээр байна.  Энэ нь шууд утгаараа өнөөдрийн хууль эрх зүйн орчноос үүдэлтэй.

Өдгөө УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж буй Татварын багц хуулиудын төсөлд  3 тэрбум төгрөгийн хязгаарыг 6 тэрбум болгож өсгөсөн ч алт үйлдвэрлэгч үүнд бас л чамлалттай хандаж байна. Тиймээс цаашид Сангийн яам болон бусад холбогдох  яамд  Татварын багц хуулийг дахин эргэж харахаас аргагүйд хүрэх болов уу.

Алтны нөөц ашигласны төлбөрийг үргэлжлүүлэн 2.5% хэвээр үлдээх  зайлшгүй нэг шаардлага нь гарал үүсэл тодорхой бус алтыг 2021 оноос хойш худалдаж авахгүй гэдгээ Европын холбоо мэдэгдсэн. Нөгөө талдаа Монгол Улс олон улсын стандартад нийцсэн Алт цэвэршүүлэх  үйлдвэртэй болж,  цэвэршүүлсэн алтаа  Төв банкиндаа хадгалж, худалддаг тогтолцоо руу орж байж гэмээнэ алт болоод валютын нөөцөө нэмэгдүүлнэ. 

Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УУХҮЯ  саяхан Монголбанктай тохирч,  гэрээ  үзэглэжээ. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2019 оноос эхлэх нь тодорхой болж байна.

Салбарын яамны бас нэг том асуудал нь алтны шороон ордын нөөц эрчимтэй багасч ердөө 50 гаруйхан тонн болсон явдал. Жилдээ 20 гаруй тонныг олборлоод Монголбанкинд тушаагаад байвч нөгөө талдаа  алтны үндсэн ордуудаа ашиглалтад оруулахгүй бол хоёр жилийн дараа нөөцгүй болж валютын ханшийн өсөлтөө дийлэхгүй болох эрсдэл бий. Тиймээс УУХҮЯ шороон ордоос үндсэн ордын алт олборлолт давамгайлсан салбар болох шилжилтийг 5 жилийн хугацаатай хийхээ зарлаад байна. Ийм зарчмын томоохон реформ хийхгүй бол алтны салбарын орлого тасалдаж юун 20-25 тонн алт олборлох манатай болно. Жил бүр 20-иос доошгүй алт олборлох концепц агуулсан “Алт-2” хөтөлбөр ч зүгээр л хоосон мөрөөдөл, хэрэгждэггүй тунхаглал болж хувирна.   

The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар эрхэм уншигчдын гар дээр очсон 2008 оноос хойш Монгол орны түүхэнд хамгийн богино настай буюу 8 дахь Засгийн нүүрийг үзэхдээ эрдэс баялгийн салбарын амжилт ололт, уналт доройтол бүхнийг бичиж иржээ. Тиймдээ ч бид арваннэгдүгээр сарын дугаараа  “Хамтдаа хөгжсөн 10 жил” хэмээн нэрийдэж, эрдсийн салбарын 10 жилийн түүхэн тойм нийтлэлүүдээ уншигчдадаа багцлан хүргэсэн билээ.   

Монголын эрдсийн хайгуулын салбарт нэг үеэ бодвол 2018 оны наймдугаар сараас хойш бага ч атугай сэргэлт ажиглагдаж эхэлсэн гэдгийг тэмдэглэе. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газар баталснаас хойшхи өнөөдрийг хүртэлх хугацаанд 60 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, 123 аж ахуйн нэгж 30 талбайд нээлттэй оролцон улсын төсөвт 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Төр засаг энэ жил хайгуулын салбараас  20 тэрбум төгрөг олох зорилгодоо бараг хүрч байна. Энэ нь ямар ч байсан хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохгүй байснаас  хамаагүй дээр алхам хэмээн салбарынхан үнэлж байна.

Гэвч улиран одож буй оны хувьд өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох тал дээр шийдвэр гаргагчид  бодитой  нэг ч ажил хийсэнгүй. Цаашид ч энэ чиглэлээр ямар бодлоготой ажиллах нь тодорхойгүй байна. Хайгуулын компаниуд өргөдлийн системийг илүүд үздэг. Хэдий тийм ч Засаг эхний ээлжиндээ сонгон шалгаруулалтыг нэгдүгээрт тавьж, төсөвт мөнгө төвлөрүүлэх зарчмаа чухалчлав.   

MMJ сэтгүүл 2018 оны сүүлийн дугаараа уншигч Таны гар дээр дэлгэн тавихдаа жилийн турш өрнөсөн уул уурхайн мега төслүүдийн явц байдал, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Эрдсийн захын өрнөл энэ онд хүлээлтэд хүрээгүй ч ирэх онд хэрхэх тухай мөн онцлон орууллаа. Томоохон төслүүдийн хурдыг Газрын тос боловсруулах үйлдвэр л ганцаар түүчээлж байна.  Мега төслүүдийн энэхүү  төсөөллийг сэтгүүлч Э.Оджаргал  тоймлон бичлээ. 

Мэндлээд удаагүй байгаа “Тавантолгой төмөр зам” компани Удирдлагын багаа томилжээ. Нүүрсний экспор­тыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхэд тээврийн гол суваг болох Тавантолгой-Гашуунсухайт  төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хариуцах ажилдаа энэ компани орж эхлээд байгаа.  Гэсэн хэдий ч 2019 онд “Тавантолгой төмөр зам”  компани хэрхэн ажиллах нь Засгийн тогтвортой байдлаас басхүү хамаарна.

2019 он Монголын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын он жил байгаасай. Өнөөдрийн улс төрийн тогтворгүй байдал, айсуй сонгуулийн чимээн дунд хөрөнгө оруулагчдаа дахиад үргээчихгүй байх нь салбарын амин чухал асуудал мөнөөс мөн билээ.    

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.