Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд тус улс 1.064 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өмнөх 2017 оны импортын үзүүлэлт болох 1.075 тэрбум тонны хэмжээнээс 1%-иар буурсан дүн болж байна.
Энэхүү дүн нь төмрийн хүдрийн импортын тухайд 2010 оноос хойших анхны буурсан тохиолдол боллоо. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс эхлэн гангийн үнэ буурч Хятадын дотоодын гангийн үйлдвэрүүдийн ашиг огцом буурсан нь импортын хүдрийн эрэлт багасах нөхцөл болжээ. Хятадын төмрийн хүдрийн импорт 2019 онд үргэлжлэн буурах магадлалтай гэж тус улсын Металлургийн салбарын төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс мэдэгджээ. Учир нь дотоодын болон гадаад эрэлт буурах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Хятадын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дотоодын төмрийн хүдрийн олборлолтыг бууруулж, улмаар агуулга өндөртэй импортын хүдрийн эрэлтийг өсгөх нөхцөл бүрдээд байгаа юм. Гэвч ашиг багасч буй явдал нь Хятадын гангийн үйлдвэрүүдийг өндөр агуулгатай баяжмал гэхээсээ илүү бага агуулгатай төмрийн хүдэр ашиглах стратеги баримтлах нөхцөл рүү аваачих тухай Sinosteel Futures судалгааны байгууллага тайлбарлажээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын төмрийн хүдрийн импорт 86.64 сая тоннд хүрсэн нь өмнөх арваннэгдүгээр сарын үзүүлэлт болох 86.25 сая тоннтой харьцуулахад ялимгүй өсөлттэй гарлаа. Хятадын гангийн үйлдвэрүүд Цагаан сарын баярын өмнө нөөц бүрдүүлэх татан авалтаа базаахын хэрээр төмрийн хүдрийн импорт ихэсдэг уламжлалтай.
Хятадын импорт сайн байгаатай
холбоотойгоор дэлхийн зах зээлд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 74
ам.доллар/тонн-д хүрээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр төмрийн
баяжмалын ханш ердөө 60 гаруй ам.доллар/тонн-той байсан нь чамгүй өсөөд байгаа
ч олонх шинжээч нийлүүлэлтийн өсөлтийн улмаас энэ онд үнэ эргээд буурна гэсэн
таамаг дэвшүүллээ.
Б.Төгс