Тинк танкуудын үүрэг оролцоо нийгэмд яагаад чухал вэ?

2019-01-31 15:10
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгтэйгээр  “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх “Тинк танкууд  болон иргэний нийгмийн хөтөлбөр”-ийн зүгээс зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг, Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийж буйгаараа онцлог юм. Эдүгээ дэлхий даяар 75 улсад, 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан,”Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар үг хэллээ.

“Судалгааны байгууллагууд Монголд хөгжиж байгаа ч боловсруулж гаргасан тэрхүү судалгаануудыг төр засаг, шийдвэр гаргагчид ашиглаж чадаж байгаа эсэх нь тийм ч тодорхой биш байна. Өнөөдрийн мэдээллийн их далайгаас баримтад суурилсан, үнэн зөв судалгаа урьд өмнөхөөс ч илүү ач холбогдолтой болж байна” хэмээн ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ын дарга П.Цагаан онцолсон.     

Үүний дараа “Тинк танкуудын үүрэг оролцоо ба тэд өнөөгийн өөрчлөгдөж буй нийгэмд яагаад илүү чухал болж байна вэ?” гэсэн сэдэвт хэлэлцүүлэг өрнөсөн.  Тус хэлэлцүүлэгт “Фридрих-Эбертийн сан”-гийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Нийлс Хегевиш, “Глобал” эдийн засаг судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

“Энэ жил Монголын улс төр, эдийн засагт ямар эрсдэлүүд учрах вэ гэсэн өнцгүүдийг шалгуур үзүүлэлтүүдээр гаргаж ирвэл тодорхой дүгнэлт гарч ирэх байх. Энэ бол Тинк танкуудын хийх ёстой нэг том ажил болоод байгаа” хэмээн УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал байр сууриа илэрхийлсэн бол ”Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн “Тинк танк маш онцлог шинж чанартай. Янз бүрийн шинэлэг санаачилгууд, инновацийг байнга дэвшүүлж байдаг” хэмээн тодорхойллоо. “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал  “Төрийн бодлого боловсруулж байгаа байдлыг анзаараад байхад асуудлын мөн чанар, цаад учир шалтгааныг сайн судалдаггүй. Зөвхөн тэр асуудлын тухайн нөхцөл байдлыг өнгөцөөр дүгнэсэн бодлогуудыг гаргаж байна” хэмээн ярисан юм.

Хэлэлцүүлгийн зочноор мөн Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Де Факто институтийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Хэвлэлийн мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, сэтгүүлч О.Ариунбилэг нар уригдан оролцож буй юм.         

Тинк танкийг олон улсад бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг хэмээн тодорхойлдог байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аппарат дахь бодлого боловсруулах чадамж илүү боловсронгуй болсон ч гэсэн тинк танкуудын судалгааг үнэлж үзэх хэд хэдэн үндэслэл байдаг аж. Нэгдүгээрт, Засгийн газрын төвшинд тогтсон хандлагыг “эвдсэн” бүтээлч санал бага гардаг байхад тинк танкууд илүү холыг харсан бодитой судалгаа гаргаж чадна гэж үздэг байна. Хоёрт, дээрхтэй холбоотойгоор засаг захиргааны төвшинд стандартчилагдсан горимын дагуу “явцуу” хүрээнд шийдэл гаргадаг бол тинк танкууд өөрчлөлтийг зоригтой санал болгож чаддаг байна. Гуравт, тинк танкууд сонирхлын зөрчлөөс ангид шинжээчдийг бүрэн дайчилж, хамтран ажиллах бүтэц бий болгож чаддаг давуу  талтай юм байна.

 Мэдээ мэдээллийн өнөөгийн эринд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн найдвартай, бодит мэдээллийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байгаа аж. Тинк танкийн үйл ажиллагаа нь мэдээлэл дамжуулах, судалгаа шинжилгээний үр дүнг сурталчлах, нийгэмд шинэчлэл хувьсал үүсгэх үйл явц гэдгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн мэдээлэлд дурджээ.

Дэлхийн хөгжингүй улсуудад Think-Tank буюу Policy Research Institute-уудыг ашигладаг жишээ их байна.  Салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлж байгаа юм. БНХАУ-д гэхэд нийт тинк танкуудаа эрэмбэлэн, шилдэг тинк танкуудын төлөөллөөс төрийн бодлогын зөвлөлүүддээ оруулан, судалгааны үр дүнгээс бодлогодоо тусгах зэргээр маш их ач холбогдлоо өгч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Монгол Улсын хувьд ч дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид тодотгож байв. Түүнчлэн баримт мэдээлэл, судалгаа, шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоо хэзээд чухал байсаар ирсэн байна. Тийм учраас   баримт мэдээллийг нягтлан шалгах, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй өндөр байх ёстойг оролцогчид мөн хэлж байлаа.

Г.Идэр           

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.