Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Уул уурхайн алдрын од” одон гардууллаа



Сар шинийн баярыг тохиолдуулан уул уурхайн салбарын дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа. Д.Дондов нь Багануурын уурхайн их бүтээн байгуулалтыг удирдсан бол М.Дамдинсүрэн Монгол Улсад уул уурхайн баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, уул уурхайн салбарт 50 гаруй жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд юм.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонг 2018 оноос эхлэн олгохоор тогтсон билээ. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд гаргасан зүтгэл, ажлын амжилтыг нь үнэлэн тус салбарт 50 гаруй жил ажилласан ахмад уурхайчид Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Ренчинханд, дэд сайд асан, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн технологийн багийн профессор, шинжлэх ухааны доктор, профессор  Я.Гомбосүрэн,  дэд сайд асан З.Төмөрбаатар нарт анхны одонг уурхайчдын баярын өдрөөр олгож байсан юм.



Салбарын мэргэжлийн сэтгүүл “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч, редактор Г.Идэрхангайн  уул уурхайн салбарын чиглэлээр 10 орчим жил тасралтгүй сэтгүүл зүйн бүтээл туурвисан хөдөлмөрийг үнэлж уул уурхайн салбарын тэргүүний ажилтан “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнав. Эдгээр нэр хүндтэй шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар “Уурхайчид маань үеийн үед Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явна. Сүүлийн жилүүдэд уурхайчин биш хүмүүсийн нөлөөгөөр уул уурхайн салбар жаахан тааруу нэртэй болчхоод байгаа. Энэ нэр хүндийг өсгөхийн төлөө бид хамтдаа зүтгэнэ. Үүний тод жишээ бол өнөөдөр шагнал хүртсэн нэр хүндтэй хүмүүс гэдгийг тодотгон хэлье” хэмээн онцолжээ.