Хөрөнгө оруулалт хүлээсэн хайгуулын салбар

2019-02-26 15:31


Г.Идэрхангай


Монголын хайгуулын салбарт барууны хөрөнгө оруулагчид шинээр бүртгэгдэхгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрынхан хэлж байна. Энэ бол тийм ч таатай мэдээлэл биш. Америк, Австрали, Канадын хүчирхэг хөрөнгө оруулагчид  Монгол Улсыг орхих нь дээр гэж үзээд, аль хэдийнэ  эрсдэлгүй  орнуудыг  зорин одсон. 

Эрсдэлгүй гэдэг нь мэдээж улс төрийн  хувьд тогтвортой, хууль эрх зүйн орчин   байнга өөрчлөгддөггүй,  хөрөнгө оруулахад таатай гээд олон шалгуур, нөхцлөөр илэрхийлэгдэнэ. Өнөөдөр манай улсын нийт хайгуул, ашиглалтын  3066 тусгай зөвшөөрлийг (2019 оны хоёрдугаар сарын байдлаар) 1888 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 84% нь дотоодын компаниуд байна. Үлдсэн 16%-ийг хамтарсан хөрөнгө оруулалттай компани,  үүний 6% нь 100%-ийн гадаадын хөрөнгө оруулалттай компани  байна.  Тэгвэл энэ 6%-ийн  талаас илүүг  Хятад, Сингапур, Хонконгийн компаниуд  бүрдүүлж буй юм. Хайгуулын  салбар дахь голлох хөрөнгө оруулагчид нь Хятадын  компаниуд   гэдгийг эндээс төвөггүйхэн харж болно. 


Гэхдээ  аливаа юмс хоёр талтай байдагчлан  хөрөнгө оруулалтын орчин муудаад байгаа   Монголын хайгуулын салбарт Хятад, Азийн орнуудын хөрөнгө оруулалт тогтвортой  оршиж буй нь  нэг талдаа  сайн  үзүүлэлт.  Нөгөө талдаа барууны том хөрөнгө оруулагчдыг татах тал дээр төр засгийн зүгээс дорвитой алхам хийхгүй бол салбарын нөхцөл байдал  улам дордоно.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хамгийн боломжтой салбар бол  хайгуул. Олон улсын ямар ч хөрөнгийн зах дээр байхгүй өндөр өгөөжийг Монгол Улсад шинэ орд нээн илрүүлэх замаар бий болгох боломжтойг MIBG компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн онцолж байна. Гэсэн ч өнөөдөр Монголд энэ байдал эсрэгээрээ. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын салбарт хөрөнгө оруулах үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн бөгөөд жилээс жилд нэмэгдсэн  хөрөнгө оруулалт  2011, 2012 онуудад оргилдоо (320 тэрбум орчим төгрөг) хүрч байв. 2007 онд  хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ  115.6 тэрбум  төгрөг байсан бол  арван жилийн дараа буюу 2017 онд  буцаад 132,4 тэрбум төгрөг орчимд  очжээ. MMJ-ийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын 10 жилийн статистикаас харахад Монгол Улс  тэвшээ тэврээд хоцордог “Алтан загасны эмгэн”-ий түүхийг санагдуулна. 

2009 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 5177-д хүрч байсан үе бий. Тусгай зөвшөөрөл олголтыг  2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж зогсоосноор салбарын хөрөнгө оруулалт саарч эхэлсэн  гэж хэлж болно. Замбараагүй олгогдсон, нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг эзэлсэн тусгай зөвшөөрлийн “түрэмгийлэл”-ээс улсаа хамгаалсан гэж энэ бодлогыг эрх баригчид зөвтгөдөг. Гэвч  хайгуулын  хөрөнгө оруулалт буурсан, салбар уналтад орсон хариуцлагыг хэн ч хүлээгээгүй юм.   


 
2014 оныг дуустал үргэлжилсэн хоригийн таван жил үндсэндээ геологи, хайгуулын салбарын  зогсонги үе байлаа. Дагаад хайгуулын салбарын хөрөнгө оруулалт эрс буурсан. Монголд хөрөнгө оруулах зоригтой, хүчтэй хөрөнгө оруулагчид үргэж одсон гашуун түүх үргэлжилнэ. Мэдээж хэрэг энэ үед дэлхий даяар эрдэс түүхий эдийн үнэ унасан зэрэг гадаад хүчин зүйлс нөлөөлсөн ч  Монгол Улс дотоод боломжоо сайн ашигласан бол тийм ч хэцүү нөхцөлд орохгүй байв. Харин 2015 онд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр хайгуулын зардал өсч, салбарт бага боловч гэрэл туссан. Гэтэл дараа жил нь (2016 он) энэ системийг халж, 2017 оноос  зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хатуу шалгуур, босгыг бий болгосон юм. Өнөөдөр эргээд өргөдлийн тогтолцоогоо сэргээе гэдэг дээр  салбарынхан  ярьж, учирлаж байгаа ч  бодлогын яамнаас, Засгийн газраас ямар нэгэн шийдтэй  хариу өгөөгүй л байна. Уг нь өргөдлийн тогтолцоог   сэргээх хуулийн төсөл боловсруулж байгаагаа  салбарын яамныхан  өнгөрсөн оны дунд үе хүртэл ярьсан   боловч  тэгсхийгээд  нам жим болсон. 

Сонгон шалгаруулалтаар  талбай олгосноор хайгуулын ажил удааширч,  хөрөнгө оруулалт буурах талтай. Учир нь сонгон шалгаруулалтын механизм шат дамжлага олон, цаг хугацаа их зарцуулдаг болохоор шууд орж ирэх  хөрөнгө оруулагч ховор. Ялангуяа сонгон шалгаруулалтын тэрхүү өндөр босгыг давж, төлбөрөө хийчих чадалтай  дотоодын аж ахуйн нэгжүүд  хуруу дарам цөөхөн. Тэгэхээр энэ нь цаагуураа зөвхөн хөрөнгө мөнгөтэй,  тэр тусмаа салбарын бус байж болох  хөрөнгө оруулагчид боломж олгосон  сонгон шалгаруулалт болж байна. 

Төр засаг ямар ч байсан 2018 онд хайгуулын салбараас 20 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх зорилгодоо хүрлээ.  Харин цаана нь өргөдлийн тогтолцоог хүссэн аж ахуйн нэгжүүд яах вэ гэдэг асуудал тулгамдсан хэвээр.  Сонгон шалгаруулалтад оролцож байгаа бэл бэнчинтэй  хөрөнгө оруулагчдын өмнө   Монголын геологчид бараг “хөлсний ажилчид” шиг л ажиллаж байна. “Мөнгөтэй нь дуртай хөгжмөө захиалж сонсдог” гэсэн зарчим энэ салбарт үйлчилж буй гэж хэлэхэд буруудахгүй.  

Өнөөдөр  голчлон 1:50000 масштабтай  талбайн мэдээлэл, сонирхол татах зүйл ховор, өөрөөр хэлбэл геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын үр дүнд тулгуурлан сонгон шалгаруулалтын талбайг ялгаж байгаа.Энэ мэтчлэн хайгуулын талбай сайн олгогдохгүй байгаагийн улмаас хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байна. Хөрөнгө оруулалт буурахын хэрээр шинэ орд газруудаа нээх, нөөц баялгаа өсгөх  асуудал ч хумигдаж буй. 



 2012 онд 132, 2013 онд 207, 2014 онд 171, 2015 онд 116, 2016 онд 102 ордыг шинээр нээж байсан бол 2017 онд энэ тоо эрс буурч 95 орд илрүүлж байж. Тэгвэл 2018 онд 106  ордыг нээж өмнөх оноос  ялимгүй нэмэгдсэн. Хамгийн олон буюу  алтны салбарт 42 шороон, 5 үндсэн ордыг    нээж, улсын нэгдсэн санд бүртгэжээ. Хайгуулын ажлын голлох хөрөнгө оруулалт алтны чиглэлд төвлөрч байгааг дээрх мэдээлэл харуулж байна. Харин ураны  нэг л орд илрүүлжээ. Ураны хайгуулын ажил өнөөдөр бараг зогссон. Уран олборлолт хортой  гэсэн буруу ойлголтод иргэд автаж,  орон нутгийнхан эсэргүүцдэг болсноос хойш Монголын ураны хайгуулд хөрөнгө оруулах сонирхолтой компани байхгүй болсон. Нөгөө талаас цацраг идэвхит ашигт малтмалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг энд онцолъё. Уран нь нэг төрлийн  ашигт малтмал учраас бусад эрдсийн адилаар Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах ёстой юм. Хууль эрх зүйн орчин хангалтгүйн улмаас жилд 30-40 сая гаруй ам.долларын хайгуул хийгддэг   ураны салбар ийнхүү зогсонги байдалд оржээ. Тиймээс Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Хайрхан зэрэг бэлтгэгдсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын орлогоо нэмэгдүүлэх цаг нэгэнт болжээ.

Харин алтны салбарт шинээр ордууд олноор нээгдсэн нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд эрчимтэй хийгдэж байгаа хайгуул судалгаатай холбоотой. Нөгөө талаас амархан борлогддог, зардал багатай хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой   нь алтны шороон ордуудад л байна. Хэдийгээр энэ төрөлд хайгуул түлхүү хийгдэж байгаа ч  шороон ордын нөөц хоёрхон жилийн дараа дуусах эрсдэл бий. Алтны шороон ордын нөөц 60 орчим тонн үлдсэн гэж үзвэл 2017 онд 20, 2018 онд 22 тонныг Монголбанкинд тушаачихсан. Цаана нь 30 орчим тонн алтны нөөц л үлджээ. Тэгэхээр цаашид алтны үндсэн ордуудыг нээж илрүүлэх дээр геологчид шандсаа сорихоос аргагүйд хүрч байна. 

Хайгуул алтны  салбар руу хэт чиглээд байгаа учраас төрөөс бодлогын түвшинд бусад ашигт малтмал болох  газрын ховор элемент, өнгөт, холимог металыг эрж хайхад анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо голлон ашиглаж буй коксжих нүүрснээс бусад төрлийн ашигт малтмалын нөөцийг өсгөх чиглэлээр дорвитой хөтөлбөрүүд боловсруулж, хэтийн төлөв бүхий талбайнуудыг ялган хайгуул хийх бололцоогоор  хангаж өгье.   Геологи, хайгуул судалгааны ажил  бусад салбараасаа дор хаяж 10-20 жилээр түрүүлж явах учиртай. Гэвч сүүлийн жилүүдэд улсаас нарийвчилсан эрэл, хайгуулын ажилд хөрөнгө мөнгө зарцуулагдахгүй байгааг АМГТГ-ын Орлогч дарга М.Энхжаргал MMJ-д өгсөн ярилцлагадаа дурдлаа. Дээр онцолсон  106 ордыг  хувийн хөрөнгөөр  л   нээж,  улсын нэгдсэн санд бүртгэсэн юм.

АМГТГ-аас эрхлэн гаргасан “Эрдэс баялгийн статистик-2018” (12 дугаар сарын 31-ний байдлаар) товхимолд   хайгуулын 1405, ашиглалтын 1673 тусгай зөвшөөрөл  бүртгэгджээ. Сонирхол татах нэг зүйл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаас давсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын шинэ орд нээх, нөөцөө нэмэгдүүлэхээсээ илүүтэй ашиглалтыг илүү голчилсон үйл ажиллагаа явагдаж байгааг эндээс харж болно. 

Сүүлийн жилүүдэд хайгуулын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт буурснаас гадна уурхайн насжилтыг уртасгах зорилгоор  ашиглалтын үед хийгддэг  хайгуул бараг хийгдэхээ больжээ. “Эрдэнэт үйлдвэр”  энэ төрлийн хайгуулыг арай дорвитой явуулж буй. 2018 онд тус үйлдвэр геологи, хайгуулын ажлаа хоёр дахин нэмэгдүүлж үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр уртасган дахиад 60 жил ажиллах боломжтой болсон тухай таатай мэдээллийг хүргэсэн. Уурхай үр ашигтай ажиллаж байж  ашиглалтын хайгуулаа хийх боломж бүрддэг нэг тод жишээ энэ юм.  

Энэ мэтчилэн геологи, хайгуулын  салбарын хөрөнгө оруулалт Монголд тааруу үзүүлэлттэй байгаа ч гадны хөрөнгө оруулалт татах гэж хичээж яваа компаниуд  бий.  Төрийн өмчит “Эрдэнэс Метан” компани  хамгийн эрсдэлтэй   геологи хайгуулын үе шатандаа гадаадын хөрөнгө оруулалт татах шийдвэрийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  ТУЗ-өөсөө гаргажээ. Нүүрсний давхаргын метан хийн орд газруудад эрэл хайгуул хийж, ТЭЗҮ боловсруулах чиг үүрэгтэй тус компанийн 2019 оны гол зорилго нь гадны хөрөнгө оруулалтыг татах ажил болохыг MMJ-д онцоллоо. 

Энэ жил Монголын геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Газрын хэвлийн тухай хуулиа шинэчлэн найруулах,  Үндэсний Геологийн алба  байгуулах (ҮГА) гээд  шил дарсан олон ажлыг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хариуцаж байна. Ойн жилдээ багтааж ҮГА-аа байгуулчих юмсан гэсэн хүсэл Монголын геологчдод бий. 




  • Эрх мэдэл хүрдэг бол Робэрт Фрийдландыг уриад дуртай газраа хүссэн талбайдаа хайгуул хийх онцгой эрхийг өгмөөр байна Робэрт Фрийдланд Африкийн Конгод дэлхийд дээрээсээ 2-т орох том зэсийн орд нээлээ Агуулга нь 68 Юун Оюу Толгой Улс төрчид төрийнхөний хийж чадахгүй ажлаа Фрийдланд шиг цаанаасаа бурханаас заяасан хувь тавилан өгөгдөлтэй хүмүүст даатгачихаад дуугай буяныг нь хүртээд явж байсан нь дээрФрийдланд уг ордын хайгуулд 800 сая доллар зарсан байна Манайханы мөрөөдөөд ч олохгүй хайгуулын зардлын мөнгө Өмнийн говьд дэлхийн шилдэг зэсийн геологчдийн баг бүрдүүлээд систэмтэй хайгуул хийж байхад нь бид попдоод хөөж гаргасан Энэ буянтай хүнийг урьж Алтан Гадас одонгоор шагнаад хүссэн газраа хайгуул хийх эрх олгоё Монголын дампуу улс төрчдийг хараад бүтэхгүй
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Газар доор ямар ч баялаг байхгүй.
    Монголд НӨӨЦ ба БАЯЛАГ хоёроо ялгахгүй буруу ойлголт дээр үндэслэсэн ямар ч бодлого хууль тогтоомж амжилтанд хүрэхгүй Газар доор ямар ч БАЯЛАГ байхгүй Илэрсэн орд нь НӨӨЦ болохоос БАЯЛАГ биш Ухаан нь Оюу Толгойн газрын гүнд байгаа зэс алтны агуулгатай шороо чулуу шавар бол БАЯЛАГ биш Энэ бол НӨӨЦ Түүхий эдийн НӨӨЦ Харин эдийн засгийн үр ашигтай эргэлтэнд оруулж гаргаж байгаа бүтээгдэхүүн нь БАЯЛАГ мөн Өөрөөр хэлбэл Оюу Толгойн хашаагаар ачигдан гарч байгаа баяжмал бол БАЯЛАГ Гэтэл популист улс төрд автагдан НӨӨЦ ба БАЯЛАГ хоёроо андуурсан учраас бүх хайгуулын бодлого алдагдсан НӨӨЦӨӨ БАЯЛАГ гэж андуурсан учраас хайгуул хийхэд орон нутагийн саналыг авна гэдэг тэнэг заалт хуульд оруулсан нь салбарыг унагах нэг том нөхцөл болсон Угтаа НӨӨЦийг хайж олох нь орон нутагт огтхон ч хамаагүй Харин олборлох үед нь саналыг нь авч болно Нэгэнт уул уурхай давамгайлсан эдийн засагтай оронд амьдарч байгаагийн хувьд жирийн иргэдээс бодлого тодорхойлогч шийдвэр гаргагч улс төрчид хүртэл бүх төвшиндөө г
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 20 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
  • 7 цаг 24 минутын өмнө
    Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
  • Уржигдар 11 цаг 03 минутад
    Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна.