Монголын геологийн түүхийн мэдээллээс харахад Увс аймгийн нутаг дэвсгэрт 1940-өөд оноос хуучнаар ЗХУ-ын геологичид ашигт малтмалын ерөнхий судалгаа хайгуулыг эхлүүлж 1990-ээд оны эхэн үе хүртэл нийтдээ 400 гаруй орд илрэлийг нээж таамаг нөөц тогтоосноос 70 орчмыг нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, ирээдүйтэй орд байж болох талаар дүгнэлт гаргасан байдаг. Эндээс харахад Увс аймаг нь газрын хэвлийн үүцээ бүрэн нээгээгүй, геологийн ШУ-ы талаасаа эрэн судлах, ашигт малтмалын нөөц нэмэгдүүлэх, стратегийн орд бий болгох асар их ирээдүйтэй бүс нутаг юм.