Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 

Гэрэл зургийн эх сурвалж: www.vip76.mn

2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.