Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Drewry”: Хятад руу Австралийн нүүрсний экспорт буурсан ч Монголын нийлүүлэлтээр нөхнө

Австрали, Хятадын хооронд маргаантай байдал үргэлжилсээр байна. Нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй тохиолдолд энэ онд Хятад руу Австралийн нүүрсний экспорт  71-72 сая тонн болж, өнгөрсөн оны 89 сая тонноос буурах таамгийг олон улсын худалдааны “Drewry” фирмийн шинжээчид дэвшүүлжээ. Харин энэ буурах нүүрсний тодорхой хэмжээг Монголын нийлүүлэлтээр нөхөх бүрэн боломжтой. Ийм нөхцөлд Монголын нүүрсний экспорт 36-37 сая тоннд хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Хятадын нүүрсний гол нийлүүлэгч орнууд Австрали, Монгол, Орос болоод Индонез юм.

Хятадын Засгийн газраас 2019 онд эрчим хүчний нүүрсний импортоо 10 сая тонн буюу 3-4%-иар бууруулж, өнгөрөгч оны хэмжээнд барих тухайгаа мэдэгдсэн. Тус улсын гаалийн статистикийн мэдээллээр, 2018 онд нийт 281.2 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилээс 3.9%-иар өсчээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын төрөөс дотоодын нүүрсний салбарын үйлдвэрлэлийг хатуу хянаж, шинэ уурхайн ашиглалтын зөвшөөрлийг олгохыг зогсоосон билээ. Уг бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний уурхайн тоо огцом буурч, 2018 оны жилийн эцсийн байдлаар 5800 хүрснийг тус улсын Нүүрсний ассосциациас мэдээлэв. 

Түүнчлэн, Хятадын Хөгжил, шинэтгэлийн хорооны мэдэгдлээр, жилд 300 мянган тонноос бага нүүрсний олборлолттой уурхайнуудыг 2021 он гэхэд бүрэн хаахаар болжээ. Байгаль орчны болоод аюулгүй ажиллагааны стандарт мөрддөггүй уурхайнуудыг хааж, харин нөөц ихтэй, стандартыг өндөр хэмжээнд мөрдөж буй уурхайнуудын үйл ажиллагааг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжих бодлого барьж байна.

Э.Од