“Белшина”: Евро стандартын “шинэ эриний”дугуйг Монголын зах зээлд нийлүүлнэ

2019-05-14 11:19

Машины дугуй үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгч “Белшина” үйлдвэрийн уул уурхайн зориулалтын дугуйг Монголын зах зээлд нийлүүлэх боломж, эрэлт хэрэгцээний талаар тус үйлдвэрийн Экспорт, худалдааны албаны дарга Москалёв Евгенийтэй ярилцав.

Юуны өмнө, сэтгүүлийн уншигчдад “Белшина” үйлдвэрийн талаар танил­цуулна уу?
“Белшина” нь Беларусийн улсын үйлдвэр  юм. Суудлын авто машинаас эхлээд хөдөө аж ахуй, уул уурхайн хүнд техник хүртэлх 300 гаруй нэр төрлийн дугуй үйлдвэрлэдэг. Уул уурхайн зориулалтын дугуйны тухайд, Австрали, Тайланд, Вьетнам, Индонез, Канад, Бразил, Чили, Африк болоод Хойд Америк орнуудад нийлүүлж байна. Уул уурхай өндөр хөгжсөн тус орнуудад “Белшина” дугуй хэдийн танигдсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн гурван жилд манай үйлдвэр 90 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн техник, технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологи дэлхийн түвшинд хүрч, евро стандарт бүхий “шинэ эриний” дугуйг үйлдвэрлэж байна. Дэвшилтэд технологийн шинэ бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд экспортлогдож эхэлсэн.
Манай үйлдвэр дотооддоо “БелАЗ”, МАЗ (Минскийн авто машин, тракторын үйлдвэр), КАМАЗ, ОХУ-ын ГАЗ зэрэг үйлдвэрүүдэд нийлүүлэхийн зэрэгцээ уул уурхайн дугуйны хувьд “Мечел”, “Металоинвест”, Кузбасс, СУЭК гэх мэт томоохон түншүүдийг нэрлэж болно. Барууны уул уурхайн гигант “Xstrata” компани ч “Белшина” дугуйны хэрэглэгч юм.  

Монгол дахь диллер “Белшина Монголиа” компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
Манай үйлдвэр дэлхийн 70 гаруй оронд диллер компанитай. Монголын түншүүдтэй 2018 оноос хамтран ажиллаж байна. “Белшина Монголиа” компани нь шинэ технологиор үйлдвэрлэсэн евро стандартын дугуйг шууд Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх зорилттой. “Белшина” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд найдвартай, түргэн шуурхай нийлүүлэхээс гадна худалдааны дараах бүтээгдэхүүний аюулгүй ажилла­гааг бүрэн хянах үндсэн үйл ажиллагаатай. Манай үйлдвэр Монголын түншүүдтэйгээ хамтран “Mongolia Mining” үзэсгэлэнд анх удаа оролцож, уул уурхайн машинд зориулсан бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

Үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнээ танилцуул­сан бэ? “Белшина” дугуйг сонирхох хэрэглэгч­дийн хандлага ямар байв?
Хүлээж байснаас ч илүү сонирхож байгаа нь анзаарагдсан шүү. Зөвхөн уул уурхайн бус суудлын машины дугуйг ч нэлээд сонирхож байсан. Манай үйлдвэр уурхайн зориулалттай самосвалын 130 тоннын даацтай дугуйг жишээ болгон үзэсгэлэнд авчирсан. Өнөөдөр Монгол Улсад зөвхөн нүүрс гэлтгүй ашигт малтмалын олборлолт болоод экспортын тээвэрт ачааны маш олон тооны машинууд явж байна. Эдгээр машинд 1200R20 загварын дугуй хамгийн их хэрэглэж байгаа юм. Тиймээс бид “Белшина” үйлдвэрийн 1200R20 загварын дугуйг мөн үзэсгэлэнгээр танилцууллаа. Ойрын жилүүдэд Монголын зах зээлд ачааны машины сайн чанарын дугуйны эрэлт хэрэгцээ өндөр байх болов уу. “Белшина” үйлдвэрийн дугуйны чанарыг таниулах үүднээс Монголын зарим уурхайн техникүүдэд дугуйнуудаа тавьж туршисан.

Дэлхийд тэргүүлэгч дугуйны үйлдвэрлэгчид цөөнгүй бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлж байна. Тэдгээ­рээс ялгарах “Белшина” дугуйны онцлог чухам юу вэ?
Дугуй гэдэг нэн түрүүнд аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс дугуйны бүтэц, технологийг анхаарах нь чухал. Түрүүнд хэлсэнчлэн, үйлдвэрлэлийн технологи, техникийн шинэчлэлийн үр дүнд “Белшина” дугуйны бүх бие нь төмөр каркасан бүтэцтэй хийгдэх болсон. Үүнийг “шинэ эриний” дугуй гэж хэлээд байгаа юм. Төмөр сүлжмэл бүтэцтэй учир “Белшина” дугуй цүлхийж, шалчийх асуудал гарахгүй гэсэн үг. Энэ нь эргээд машины шатахууны зарцуулалтад ч хэмнэлттэй. Хятадын үйлдвэрийн ижил төрлийн дугуйны бүтэц 18,20 тросстой байх жишээтэй. Бас нэг онцлог бол дугуйны томоохон үйлдвэрүүдээс одоогоор ганц “Белшина” нь 450 тонн хүртэлх буюу ажлын жин 820 тоннын даацтай дугуй үйлдвэрлэж байна. Ажлын жин гэдэг тухайн машины өөр дээрээ тээвэрлэх ачааны нийт жинг оролцуулж тооцсон хэмжээ юм. Өнөөгийн байдлаар дэлхийд тэргүүлэгч үйлдвэрүүд 300 тонн хүртэл даацтай дугуй үйлдвэрлэж буй.    

Монголын уул уурхайн салбар дахь боломж, уул уурхайн машин техникийн дугуйны эрэлт хэрэгцээг Та хэрхэн харж байна вэ?
“Белшина” үйлдвэрийн төлөөлөгчид Монголын Тавантолгой, Заамар, Шивээ-Овоо гэсэн уурхайнуудад зочилж уурхайн соёл, цаг агаарын нөхцөл байдал, уурхайн зам зэрэгтэй танилцсан. Өнөөдөр Монголын зах зах зээл, тэр дундаа эдийн засгийн гол салбар уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Ашигт малтмалын баялаг нөөцтэй орон учир цаашдаа ч уул уурхайн салбар илүү хурдацтай хөгжих нь дамжиггүй. Тиймээс энэ зах зээлд “Белшина” бүтээгдэхүүнийг нийлүүлэх орон зай бий гэж харж байгаа юм. Монголд төрөл бүрийн ашигт малтмалын олборлолтоос хамаараад уурхай бүр харилцан адилгүй. Уурхай бүрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг бид нийлүүлэхээр сонирхож байна. Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий дугуй маань өвлийн улиралд цас мөстэй, гулгаатай нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн бөгөөд Монголын хэрэглэгчдийн эрэлтэд нийцнэ гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, “Белшина” үйлдвэрийн дугуй нь дэлхийд тэргүүлэгч, бренд болсон ижил төстэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанартай.

Бүтээгдэхүүнээ худалдсаны дараа   үзүүлэх үйлчилгээнд хэрэглэгчид ихээхэн анхаардаг шүү дээ?  
Техникийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ гэж бий. Том, жижиг гэлтгүй бүх хэрэглэгчдийнхээ бүтээгдэхүүнд техникийн мониторинг байнга хийдэг бөгөөд тэрхүү мониторингийн тайланг танилцуулж тодорхой зөвлөгөө, зөвлөмжийг тогтмол өгдөг юм. Үүнд бүтээгдэхүүн ашиглалт, арчилгаа, замын нөхцөл байдлын онцлог, аюулгүй байдлын заавчирлгаа зэрэг багтана. Манай үйлдвэрийн Монгол дахь түнш “Белшина Монголиа” компани техникийн туслалцаа үзүүлэх өөрсдийн тусгай мэргэжилтнүүдтэй. Толгой компаниас мэргэжилтнүүдээ тогтмол сургалт явуулж мэргэшүүлж байдаг. Худалдааны дараах техникийн тусламж, үйлчилгээг зөвхөн диллер хариуцна гэж үлдээлгүй толгой компаниас ч анхаарна гэдгийг онцлон хэлмээр байна.

“Белшина” үйлдвэр дугуйндаа ямар баталгааг олгодог вэ?
Манай үйлдвэр бүх дугуйндаа таван жилийн баталгаа олгодог. Гэхдээ бүтээгдэхүүн бүр харилцан адилгүй, өөр өөрийн ашиглалтын онцлогтой. Тухайн уурхайн нөхцөл байдлын онцло­гоос шалтгаалан дугуйнд олгогддог баталгааны км, мото/цагийн хэмжээ янз бүр байдаг.

Танд баярлалаа. 


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 23 минутад
    Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
  • 2020-11-24 15:46
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 2020-11-24 15:31
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 2020-11-24 15:22
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • 2020-11-23 15:42
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.