Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Пратап Сингх: Монгол Улсын стратегийн түншлэлтэй гуравдагч хөрш болно гэдэгт итгэдэг

The Mongolian Mining Journal /Apr.2019/

Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа. 

Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат алба­ны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ. Энэтхэг улсын Элчин сайдаар Монгол Улсад томилогдохоосоо өмнө Шинэ Дели хотноо Гадаад харилцааны яаманд олон улсын хурал чуулган, дээд хэмжээний уулзалтын арга хэмжээг хариуцан ажиллахдаа албан тушаалынхаа дагуу нэр хүндтэй Праваси Бхарати Кендра Үйл ажиллагааны хорооны тэргүүнээр ажиллаж байсан.   

Та Монгол орны талаарх өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу. Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Монгол оронд зочилж байв уу?  
Монгол гайхалтай үзэсгэлэнтэй орон. Мөнхийн хөх, цэлмэг тэнгэр, мэдээж маш хүйтэн өвлөөрөө алдартай (инээв).  Маш найрсаг, зочломт­гой ард түмэн. Монгол, Энэтхэг улс нь ардчилал болон буддизмын соёлоор нягт холбогдсон. Тиймээс ихэнх энэтхэгчүүдийн хувьд Монгол “сүнслэг хөрш” орон юм. Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас үл шалтгаалан эрчимтэй хөгжин цэцэглэж буй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллах боломж тохиосонд сэтгэл минь ихэд догдолж байна. Энэ сайхан оронд ирснээр манай хоёр орны нэгдмэл үзэл бодол ямар ч хүндрэлийг даван туулж чадна гэсэн итгэл үнэмшил надад төрсөн.

Соёл, эдийн засгийн хүрээнд урт удаан, ойр дотно харилцаатай Энэтхэг-Монгол орны өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны түвшинг Та хэрхэн тодорхойлох вэ?
Монгол, Энэтхэг улс түүх соёл болоод соёл иргэншлийн өв, эрдэм мэдлэг, оюуны чадавхиа солицож ирсэн 2000 жилийн нөхөрсөг харилцаатай билээ. Энд ирээд удаагүй багахан хугацаандаа Монголын ард түмний Энэтхэг улс, Энэтхэгийн ард түмэнд маш их найрсаг хандлагыг мэдэрч, анзаарч байна. Албан үүргийн маань эрхэм зорилго нь хоёр улсын гайхалтай сайхан өнөөгийн харилцаанд эдийн засаг, худалдааны нягт, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны агуулгыг нэмэгдүүлэх явдал юм. 

Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, тэр дундаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломж, нөхцөлийг Та хэрхэн харж байна вэ? 
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах анхны үйлдвэр, монголчуудын мэдлэг, оюуны потенциалыг бэхжүүлэхэд чиглэсэн Мэдээлэл, холбооны технологийн төв, Үндэсний номын санд хадгалагдаж буй сүм хийдтэй холбогдолтой бурхан, шашны хуучны судар, бичвэрийг дижитал хэлбэрт оруулах, батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн төслүүд хэрэгжиж байна. Түүнчлэн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал аж ахуй, уул уурхайгаас гадна газрын тосны үйлдвэрийн ашиглалт, техникийн засвар зэрэг туслах үйлчилгээний салбарт хамтын ажиллагааны өргөн боломж бий. Өнөөгийн болоод ирээдүйн эдгээр санал санаачилга нь хоёр улсын цаашдын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах төдийгүй Энэтхэг нь Монгол Улсын стратегийн түншлэлтэй гуравдагч хөрш орон болно гэдэгт бид гүнээ итгэж байна. 

Та Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэрэгжүүлэх ажил, зорилтын талаараа сонирхуулахгүй юу?
Монгол Улсын эдийн засгийн амин чухал салбаруудад гарсан томоохон амжилтуудыг харгалзан үзэхэд, ДНБ-ий өсөлт харьцангуй тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг хөхиүлэн дэмжсэн санаачилгууд, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах, тогтвортой байлгах шинэ хууль, тогтоомжийг хэлэлцэж буй нөхцөл байдал Монголыг хөрөнгө оруулах сонирхолтой газар болгох нь эргэлзээгүй. Дэлхийн банкнаас гаргасан судалгааны “бизнес явуулахад таатай орчны” индексээр  дэлхийн 190 орноос Монгол Улс нэлээд дээгүүр буюу 74 дүгээр байрт орсон бөгөөд жендерийн тэгш байдлын индекс ч маш өндөр түвшинд гарсан. Энэ нь ирэх жилүүдэд Энэтхэгийн хөрөнгө оруулагчид ашиглах, найдлага төрүүлэх үзүүлэлтүүд юм.

Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Энэтхэг улсын компаниуд хэр байгаа вэ? Монголын ямар салбаруудад Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж харж байна вэ? Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү.  
Монголын уул уурхай, эм зүй, мэдээллийн технологи зэрэг салбар дахь боломжуудын талаар Энэтхэгт таниулан, мэдлэгийг түгээх замаар мэдээллийн тэгш бус байдлыг бид арилгах хэрэгтэй юм. Мэдээж, Энэтхэ­гийн Засгийн газрын 1 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монголд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болоод Засгийн газрын дотоод үйл ажиллагааг сайжруулах (G2G) хэд хэдэн төслүүдийн ашиг тус Энэтхэгийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байна. 
Улаанбаатар хотноо тавдугаар сард Энэтхэгийн компаниудын зохион байгуулахаар төлөвлөсөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой хуралд манай улсаас 30-40 компани оролцож, Монголын талаарх Энэтхэгийн сонирхлыг улам ч нэмэгдүүлэх болно.

Энэтхэг-Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах  төсөл билээ. Энэтхэг улсын Засгийн газраас уг төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг хэрхэн тодорхойлж, олгох вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь манай хоёр улсын харилцааны “түүхэн чухал үе” гэж   Та зөв   тодорхойллоо. Энэ ажил Монгол, Энэтхэг улсын нөхөрлөлийг бэхжүүлэхэд, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно. 

Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын (LOC) нөхцөлийг хоёр улсын Засгийн газар амжилттай тохиролцсоноор Монгол Улсын газрын тосны хараат  бус байдлыг хангах энэхүү амин чухал төслийг цаг тухайд нь дуусгах өргөн боломжийг олгосон. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буйн төлөө мэргэжлийн өндөр ур чадвартай “Engineers India Ltd” компанид талархлын бичгийг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард гардуулсныг энд нэмж хэлэхийг хүсч байна. 

Газрын тос боловсруулах үйлд­вэр байгуулах төслийн нэмэлт санхүү­жилтийг баталгаажуулах ажил ямар түвшинд явагдаж байгаа вэ? Хүлээг­дэж буй, Монголын талаас шалтгаалах асуудлууд тулгарч байна уу?
Та бүхний мэдэж буйгаар, төсөлд шаардлагатай нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг бид хүлээн авсан бөгөөд одоогоор хэлэлцэх шатандаа байна. Энэ асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гарна гэж   найдаж байгаа.   

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нарийвчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулахаар шалгарсан Энэтхэг улсын төрийн өмчит “Инженерс Индиа Лимитед” компанийн туршлага, олон улс дахь ажлуудаас сонирхуулна уу.
“Инженерс Индиа Лимитед” нь нүүрс-ус төрөгчийн салбар дахь мэргэжлийн баялаг туршлагаараа олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн нэр хүндтэй компани юм. Компанийн хувьд Ойрхи Дорнод, Африк, Зүүн Өмнөд Азид олон улсын эрчим хүчний компаниудад томоохон төслүүдийн ажлуудыг гүйцэтгэн дэлхийн хэмжээний тоглогч болсон. 

Жишээ дурдвал, Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутагт Арабын Нэгдсэн Эмират улсын Аби Даби Үндэсний газрын тосны компанийн төсөл,  Кувейт болон Бахрейд газрын тос, хийн гигант компаниуд болох EQUATE, KNPC, BAPCO, BANAGAS,  Оманы Сухаре дахь газрын тос боловсруулах ORPIC үйлдвэрт зориулж “Liwa Plastics” зэрэг төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. 1978 оноос хойш Алжирт газрын тос, хийн боловсруулах чиглэлийн төслүүдэд ажиллаж ирсэн. Мөн Нигерт ноён Данготын удирддаг газрын тос боловсруулах компанийн хоногт 460 мянган баррель, жилд 600 мянган тонн полипропилен боловсруулах үйлдвэрт үйлчилгээ үзүүлдэг. Ийн шалгарсан итгэмжлэлтэй “Инженерс Индиа Лимитед” компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монголд амжилттай хэрэгжүүлж, талуудад харилцан ашигтай ажиллаж чадна гэдэгт бид итгэж байна.

Энэтхэг нь БРИКС-ийн гишүүн орны нэг. Энэтхэг хэмээх энэ хүчтэй эдийн засаг дэлхийн хөрөнгө оруулагчдыг татаж эхэллээ. Энэтхэг улсын эдийн засгийн хурдацтай хөгжил, тогтмол өсөлтийн нууц чухам юунд байна вэ? Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах бодлого, хууль эрх зүйн орчин таатай орчин бүрдүүлэх, татварын бодлогоо цогцоор нь шинэчилсэн Засгийн газар туршлагаас уншигчдад сонирхуулна уу. 
Сүүлийн цөөнгүй жилүүдийн турш БРИКС-ийн гишүүн орнуудаас Энэтхэг   ДНБ-ий тогтвортой өсөлтийг дунджаар 7%-д хадгалж ирлээ. Одоогийн Засгийн газар аж үйлдвэр, санхүү, үйлчилгээний салбарын өсөлт, хөгжилд түлхэц үзүүлсэн эдийн засгийн хэд хэдэн шинэчлэлийг амжилттай хийснээр Энэтхэгт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд нөлөөлж буй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улсын төсвийн алдагдал 4.8%-иас буурч 3.5%-д хүрсэн. Энэтхэг улсад маш чадварлаг ажиллах хүч, шинэ бүтээгдэхүүн, технологийг бий болгоход хуримтлуулсан шинжилгээ судалгааны болоод инженерчлэлийн өргөн мэдлэг, туршлага байна. Экспортын жилийн дундаж орлого 300 тэрбум ам.долларт хүрсэн. Улсын хэмжээнд татварын өөрчлөлт шинэчлэлийг хийж дууссан бөгөөд татварын нэгдсэн бүтцийг бий болгож, GST (goods and service tax) буюу  бараа, ажил үйлчилгээний татварыг шинээр нэвтрүүллээ. “Бохир мөнгө” болон хууль бус орлоготой тэмцэх зорилгоор хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын (demonetization) үр дүнд эдийн засагт тооцогдож байгаагүй мөнгөний урсгалыг шалгаж, тогтоож чадсан. 

Өнөөгийн байдлаар Энэтхэгийн даатгал, батлан хамгаалах, жижиглэнгийн цахим худалдааны салбарт 50%-ийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөвшөөрч байна. Мөн тодорхой төслүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв ч бий. Хуулийн цогц бүтэц, арбитрийн хуулийн үйлчилгээ тэнд бий.

Сүүлийн дөрвөн жилд Энэтхэгийн ГШХО 52 тэрбум ам. долларт хүрсэн. Энэ нь Энэтхэг улсыг хөрөнгө оруулахад дэлхийн хамгийн таатай орны нэг болгоно гэсэн манай Засгийн газрын амлалтыг хангалттай нотолж байгаа юм. Түүнчлэн, улсын 25-аас доош насны 650 сая залуус ирэх он жилүүдэд Энэтхэгийн эдийн засгийн хурдацтай хөгжлийн хөдөлгөх гол хүч байх болно. 

Энэтхэг улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр БНХАУ, ОХУ-тай ямар түвшинд харилцаатай байгаа вэ?  

ОХУ нь БРИКС-ийн гишүүн орны нэг төдийгүй хэдэн арван жилийн турш Энэтхэг улсын эртний, басхүү цаг хугацаагаар шалгарсан стратегийн түнш   юм. Энэтхэг, Орос улсын эдийн засаг, худалдааны өнөөгийн хамтын ажиллагаа батлан хамгаалах, сансар судлалаас эхлээд шинжлэх ухаан болоод технологи, цөмийн эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэх мэт өргөн цар хүрээг хамарч байна. Хоёр улсын жилийн нийт худалдааны эргэлт 9.3 тэрбум ам.долларт хүрч, тогтмол өсч буй. Дээд хэмжээний тогтмол уулзалт, төрийн удирдлагуудын харилцан айлчлалууд нь хоёр улсын харилцааг улам бэхжүүлсээр байна.

БНХАУ-ын хувьд мөн адил БРИКС-ийн гишүүн бөгөөд Энэтхэг улсын худалдааны гурав дахь том түнш орон. Өнгөрсөн оны дүнгээр хоёр улс нийт 85 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Сүүлийн хорин жилд мэдээлэл болон харилцаа холбооны технологи, хүнд машин механизмын үйлдвэрлэл, эм зүй болон бусад үйлдвэрлэлийн салбарыг хамарсан худалдаа асар хурдацтай өсөлтийг үзүүлж байна. Дэлхий нийт 2018  оноос хоёр талын хамтын ажиллагаа эрс эрчимжиж байгаагийн гэрч болж буй. Өнөө цагт улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, түүнчлэн бүс нутгийн болон дэлхийн асуудлуудыг хамарсан янз бүрийн түвшний яриа хэлэлцээрийн 30 механизм бий болж, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж байна.    
       

Сүүлийн жилүүдэд баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлж чадсан Энэтхэг улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа тэрхүү зөв бодлого, туршлагаас манай уншигчдад хуваалцахгүй юу?  
Манай Засгийн газрын Үндэсний хөгжлийн “Sabka Saatha Sabka Vikas” буюу “Хамтын хүчин чармайлт, хүртээмжтэй өсөлт” хөтөлбөр Энэтхэг улсын нийт 1.3 тэрбум хүн амд тэгш хүртээмжтэй, тэнцвэртэй өсөлтийг хангах баталгаа, амлалтыг багтаасан. Ерөнхий сайдын тусгай схем “Jan Dhan Yojana” (PMJDY) нь дэлхийн хамгийн том санхүүгийн хөтөлбөр юм. PMJDY, Aadhaar (Биометрийн өгөгдөлд суурилан иргэдийн хувийн мэдээллийг таних Үндэсний систем) болон гар утасны сүлжээ ашиглан Засгийн газраас нийт 1.62 их наяд рупи буюу 25 тэрбум ам.долларыг 329 сая иргэний банкны данс руу шууд  шилжүүлэн хуваарилсан. Энэ нь Засгийн газрын хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд ихээхэн дөхөм болсон юм. Түүнчлэн, Энэтхэг улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэлхийн хамгийн том систем болох “Ayushman Bharat” нь 500 сая иргэнд тус бүр 7500 ам.доллар хүртэлх үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлж байна. Хамтын, өрсөлдөх чадвартай холбооны улсын зарчимд тулгуурлан улсын засаглалын механизмыг сайжруулахаар онцгойлон анхаарч бодитой алхмуудыг манай улс хийсээр ирсэн. Энэтхэг улс энэ чиглэлд тэгш боломжийг бүрдүүлэх, баян хоосны ялгааг бууруулах, жендерийн тэгш эрхийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрдүүлэхээр нөөц ашиглалтыг оновчтой болгоход бодитоор анхаарах байдлаар томоохон ахиц гаргаж байна.  

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Энэтхэг улс нь гангийн томоохон үйлдвэрлэгч орон болж, тэр хэрээр нүүрсний импортоор ирээдүйд тэргүүлэх шинэ хувьсал ажиглагдах болсон билээ. Нүүрсний салбарт төрийн ямар бодлого барьж байгаа вэ? Гангийн үйлдвэрлэлийн салбарын ойрын жилүүдийн зорилт, өсөлт ямар байх вэ?
2017 онд Энэтхэг улс 101 сая тонн ган үйлдвэрлэж дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жил 90.68 сая тонн гангийн хэрэглээгээрээ мөн гурав дахь орон болсон. Удахгүй Япон улсыг гүйцэж дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч болох төлөвтэй. Хоёр жилийн өмнө батлан хэрэгжүүлж буй Энэтхэгийн гангийн Үндэсний бодлогоор ирэх арван жилд ган үйлдвэрлэлийг 300 сая тоннд хүргэх зорилттой.

Монгол Улс гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд сайн чанарын коксжих нүүрсний экспортлогч орон. Тэр утгаараа нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, гадаад зах зээлээ тэлэх зорилттой. Энэтхэг улс Монголоос нүүрс импортлох боломжийн талаар Та өөрийн бодлоо хуваалцана уу?
Энэхтэг улс 2017 онд ойролцоогоор 15 тэрбум ам.долларыг нүүрсний  импортод зарцуулсан. Эрчим хүчний нүүрсний импортын 60%-ийг буюу 100 сая тонн нүүрс Индонези улс нийлүүлж байна. Гэсэн ч Энэтхэг улс нь нүүрсний арвин нөөцтэй бөгөөд үр ашгийн коэффициентийг илүү өндөр болгох орон зай байсан хэвээр байна. Таны мэдэж байгаачлан, нүүрсний импортын бодит өртөг нь импортлох шийдвэр гаргах суурь хүчин зүйл болно. Үүнд Монголоос нүүрс импортлох боломжийг холбогдох мэргэжилтнүүдээр судлуулах шаардлагатай.

Танд баярлалаа.