“Эрдэнэс Монгол”-ын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?

2019-07-19 11:28

 

Эндрю Бауэр нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх, 

Н. Дорждарь нь тус байгууллагын Монгол Улс дахь менежер юм.

“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.

Гэвч тус компанийн нөлөөлөл нь эрдэс баялгийн салбараас хол халин гарсан билээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй ч өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани зөвхөн уул уурхайн компани биш, харин Монгол Улсын аж үйлдвэрийн өөрчлөлтийг жолоодож буй компани болоод байна. 

Эхэндээ тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх гэсэн уул уурхайн үндсэн чиг үүрэгтээ голлон анхаарч байв. Гэвч “Эрдэнэс Монгол” компани эдийн засгийн шинэ салбарууд руу орж, өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар тус компани авто зам, хил нэвтрүүлэх байгууламж, зочид буудал, зоогийн газар, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, худалдааны сурталчилгаа, хөрөнгийн менежментийн салбарт охин эсхүл хувийн хэвшилтэй хамтарсан компани байгуулсаар байна. Ихэнх охин компаниуд 2016 оноос хойш байгуулагдсан байдаг. 

Эдгээр хөрөнгө оруулалт Монголын ард иргэдэд үнэ цэнээ өгч чадах эсэх нь тодорхойгүй. Наанадаж “Эрдэнэс Монгол” компани юунд хөрөнгө оруулалт хийж болох тухай шалгуур, мөн тус компанийн менежерүүд аль хөрөнгө оруулалт оновчтой болохыг шийдэхэд удирдлага болох тогтолцоо алга байна. Юу тодорхой байна вэ гэхээр энэхүү бизнесийн шинэ төслүүд нь төрийн өмчит компанид улсын төсөвт ашиг хуваарилахаас илүүтэйгээр аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг олгож буй төр засгийн сонголтын илрэл болж байна. 

Ийм нөхцөл байдалд олон асуулт урган гарна. “Эрдэнэс Монгол” эдгээр төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй юу, эсхүл энэ мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал салбарт төсвөөр дамжуулан зарцуулах ёстой юу? Энэ олон чиглэлээр ажиллах туршлага, ур чадвар тус компанид бий юу? Тухайн чиглэлээр ажиллахад илүү тохиромжтой төрийн эсхүл хувийн өмчит өөр компани байгаа юу?

“Эрдэнэс Монгол” компани ийнхүү огцом өсөн тэлж буйтай холбоотой өөр нэг сорилт бол ашигт ажиллагаа хангалтгүй байгаа явдал юм. “Эрдэнэс Монгол” анх байгуулагдсанаасаа хойш зөвхөн сүүлийн гурван жилд буюу 2016-2018 онд нийт 41 тэрбум төгрөг (16.3 сая доллар)-ийн ашигтай ажилласан нь чамлалттай дүн бол 2017 оны эцсийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлуулаад байна. Мөн тус компани нүүрс экспорт болон төмөрлөгийн аж үйлдвэрийн цогцолбор төслийг санхүүжүүлэхэд 7.3 гаруй тэрбум доллар хайж байна.

“Эрдэнэс Монгол” илүү ашигтай ажиллах боломжтой. Компанийн хяналт, аудит хангалтгүйн улмаас зардал нэмэгдсэн байх магадлалтай. Тавантолгойн уурхайгаас Хятад руу тээвэрлэх нүүрсний хэмжээнээс орлого шууд хамааралтай тул нүүрсний үнийн огцом уналт компанийг буцаагаад алдагдалтай болгох эрсдэлтэй. Тус компани анхаарлаа өөрийн анхдагч үйл ажиллагаандаа дахин төвлөрүүлэх боломжтой хэдий ч Засгийн газар шинээр солигдох бүрт Төлөөлөн удирдах зөвлөлийн болон дээд шатны удирдлагуудын халаа сэлгээ их явагддаг нь тууштай бодлого явуулахад хүндрэл учруулсаар байх болно. 

Гэхдээ ашиг өндөр байсан ч “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд төрийн сан хөмрөгт ногдол ашиг тогтмол төлөхгүй байх магадлалтай. Одоогоор охин компаниуд ашгийнхаа хэдэн хувийг толгой компанид төлөх, толгой компани ашгийнхаа ямар хэсгийг төрийн санд тушаахыг зохицуулсан дүрэм журам байхгүй. Үүнтэй харьцуулахад, Хятадын Шэнхуа Энержи, Энэтхэгийн Коул Индиа, Индонезийн Антам гэх мэт тус бүс нутгийн төрийн өмчит уул уурхайн ихэнх компаниуд ашгийнхаа 30%-100%-тай тэнцэх хэмжээний ногдол ашгийг төрийн сандаа тогтмол төлж байгаа нь жилээс жилд хэдэн зуун сая, цаашилбал хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

Ийнхүү үр ашиг хангалтгүй байгаагийн төлөөсийг монголчууд үүрч байна. Зардал өндөр байхтай холбоотойгоор алдагдсан төгрөг болгон, компанийн зүгээс дахин хөрөнгө оруулалтад зарцуулсан төгрөг бүрийн цаана төсвөөр дамжуулан нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцэд зарцуулах хөрөнгө нэг төгрөгөөр хорогдож байдаг. 

“Эрдэнэс Монгол”-ыг эрдсийн бүтээгдэхүүний үнэ өндөр биш байх үед ч Монгол Улсын Засгийн газарт үр өгөөжөө өгдөг, амжилттай компани болгож өөрчлөхийн тулд шинэчлэл хийх шаардлагатай. Бидний саяхан нийтэлсэн “Барьцгүй өсөлт” тайланд зарим шинэчлэлийг санал болгосон. Үүнд: (1) Төрийн өмчит компанийн тухай эсхүл “Эрдэнэс Монгол”-ын тухай шинэ хууль гаргаж, компанийн зорилгыг тодорхой болгож, хөрөнгө худалдан авах болон борлуулах удирдамжаар хангаж, компанийн засаглал болон хяналтыг тодруулах; (2) Бизнесийн оршин тогтнох боломж, стратегийн ач холбогдол зэрэг нөхцөлүүдийг тооцон төсөл тус бүрийн үнэлгээ хийж, үүнд үндэслэн компанийн бүтцийг өөрчлөх; (3) Охин компани байгуулах бодлогыг тодорхой болгох; (4) Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон менежерүүдийг томилох тодорхой шалгуур тогтоож, томилгоог нээлттэй явуулах; (5) Аудит болон олон нийтийн тайлагналыг нэн ялангуяа охин болон хамтарсан компаниудын хувьд сайжруулах. 

Эдгээр шинэчлэлийг хийснээр “Эрдэнэс Монгол” компани бүх монголчуудын эрх ашигт үйлчилж, бүгдэд үр шимээ өгч, амжилтад хүрсэн үндэсний уул уурхайн компани болно гэдэгт бид итгэж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 36 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “Зам дагасан тарчлаан”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ТУСГАЙ  БАЙР хүртэв.  
  • 20 цаг 35 минутын өмнө
    Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.
  • 22 цаг 6 минутын өмнө
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо. Уг батлагдсан тогтоолд найман чиглэлийг тусгасан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал татаж байна. Учир нь Засгийн газар төсөл дэх 34%-ийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5% дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10%-ийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулаад байгаа юм.
  • Өчигдөр 10 цаг 49 минутад
    Ховд аймгийн www.khovdtimes.mn cайтын эрхлэгч Ж.САРУУЛ  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛЫГ ХӨНДӨХҮЙ” нийтлэлээр  амжилттай оролцон ГУРАВДУГААР  БАЙР хүртлээ.  
  • Уржигдар 10 цаг 43 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ.