Аж үйлдвэрлэл бол  шинэ хэлбэрийн даяаршил

2019-09-10 11:08

The Mongolian Mining Journal /Aug.2019/

 

Э.Оджаргал  /БНХАУ. Эрээн хот. 08.15-16.2019/

Монгол, Хятад, Орос улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөл­бөрийг онцолсон хоёр ч форум Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон БНХАУ-ын боомт Эрээн хотноо  нэгэн зэрэг чууллаа. Хөрш гурван улс төмөр болон авто зам, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүч, интернетийн шугам зэрэг дэд бүтцээр холбогдох “Эдийн засгийн коридор”  байгуулах ажилд түлхэц өгөх, тус хөтөлбөрт тусгасан 32 төслийг хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгыг агуулж байсан юм. Хил орших орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эрээн хотын 11 дэх удаагийн чуулга “”Эдийн засгийн коридор”-ыг хөгжүүлж хамтдаа шинэ эрин үеийг бүтээе” уриан дор зохион байгуулагдав. Уг арга хэмжээ нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх  зорилготой. Энэхүү чуулганд Монгол Улсын гадаад худалдааны томоохон боомтуудтай хиллэх бүс нутаг, экспортын гол зах зээлийн муж, хотуудаас төлөөлөгчид оролцсон нь онцлог байлаа. Тухайлбал, Хятадын талаас Шилийн гол, Хөх хот, Бугат, Ордос, Улаанцав хот, Баяннуур, Алшаа аймаг, Хэбэй, Лёонин, Шандун муж, Оросын талаас Улаан-Үүд,Томск, Тувагийн Кизил хот, Красноярск мужийн оролцоо тухайн чуулганы ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйг илтгэнэ. 

Хятадын “Бүс ба зам” санаачилга, үүнтэй уялдах “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн  Эрээн хот нь гурван улсын эдийн засгийн чуулганыг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд чуулганы хүрээнд 172 хэлэлцээрийг үзэглэж, 73 тэрбум юанийн хөрөнгө оруулсан байна.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн санаачилгаар 2014 онд Душанбе хотноо болсон гурван талт анхны уулзалтаар Монголын зүгээс “Талын зам”, Оросын талаас “Евроазийн эдийн засгийн холбоо” болон Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” зэрэг санаачилгуудаа тус тус танилцуулсан билээ. Хөгжлийн стратеги үндсэндээ нэг цэгт огтлолцож   Ази-Европ тивийг холбосон гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулахаар талууд санал нэгдэж байв. Уфа хотод гурван талт уулзалтаар  “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцож, 2016 онд Узбекстаны нийслэлд Монгол, Хятад, Орос улсын Төрийн тэргүүн нар  “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан түүхэн явдал тохиосон юм.  Хөтөлбөрт тээврийн дэд бүтцийн 13, аж үйлдвэрийн 2, хилийн боомтын 1, эрчим хүчний 5  зэрэг нийт 32 төсөл туссан байдаг. Өнгөрсөн хугацаанд гурван улс дэд бүтцийн, тэр дундаа төмөр, авто замын зарим төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байна.

  •  Төмөр замын Төв коридор (Улаан Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин)-ыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах,

Монголын нутагт хамаарах Сүхбаатар-Замын-Үүд чиглэл нь Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшлийн Транс Монголын 1100 км төмөр замын төв коридор юм. Ашиглагдаж  байгаа бэлэн төмөр зам. 2014 онд хоёр улс УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг үзэглэсэн юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “УБТЗ-ын 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг Оросын тал баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийг өргөтгөх ажил эхэлсэн байна.

  • Төмөр замын Хойд коридор (Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээ­жин-Тянжин)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

Монголын нутагт хамаарах “Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд”-ээс 780 км Арцсуурь- Эрдэнэт чиглэлийг 2018 онд Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмж тусгасан. Үүнээс 547 км Эрдэнэт-Овоот чиглэлийн  төмөр замын төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” хэрэгжүүлж байгаа юм. Охин компани “Northern Railways”  барьж ашиглалтад оруулан, 30 жилийн хугацаанд эзэмшсэний дараагаар төрд хүлээлгэн өгөх нөхцөлөөр Концессын гэрээг Монголын Хөрөнгө оруулалтын газартай 2015 онд байгуулсан. Бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд эхлүүлэх төлөвлөгөөтэй хэмээн “Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Полл ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Оросын нутагт хамаарах Курагино-Кызыл чиглэлд 410 км төмөр зам барих гэрээг “Тувагийн эрчим хүчний корпораци” болон Оросын төмөр замын (РЖД) компаниуд энэ онд байгуулсан. Төмөр замыг 2023 онд Оросын төмөр замын сүлжээтэй холбохоор төлөвлөж байна. 

  • Төмөр замын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жин­ьжоу/ Паньзинь)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэс­лэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,


Монголын нутагт хамаарах Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэл нь Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д багтдаг. Чойбалсан-Хөөт 177.2 км төмөр замын ТЭЗҮ-ийн судалгаа хийгдсэн. Хөөт-Бичигт нь чиглэлийн төмөр замын шугамыг 1435 мм царигаар байгуулах юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  Хөөт-Бичигт  чиглэлийн төмөр замыг барьж ашиглалт оруулах ажил тусчээ.
Оросын Транссибирийн төмөр замын хэсэг Борзя-Соловьевск чиглэлийн өргөн цариг бүхий төмөр зам бэлэн бий.

Хятадын нутагт хамаарах Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян–Жинжоу/Панжин
Чиглэлийн Зүүн хатавч-Улаанхад, Улаанхад-Чаоян гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтээн байгуулагдсан. Зүүн хатавч-Улаанхад хэсэг нь 266 км урттай юм.  Улаанхад-Чаоян хэсэг нийт 487 км урттай бөгөөд 2018 онд ашиглалтад орж Хятадын төмөр замын сүлжээнд холбогджээ. Панжин боомт хүртэлх гуравдугаар хэсгийн 176 км төмөр замын төслийн ТЭЗҮ хийгдсэн байна.  

  • Москва-Бээжин чиг­­лэ­лийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах,

Орос, Хятадын нийслэлийг холбох өндөр хурдны галт тэрэгний төслийг 2015 онд анх олон нийтэд танилцуулсан. Нийт 7000 км урттай. Үүний 3200 км нь Хятадын газарт нутагт хамаарах ба бүтээн байгуулж дууссан.


“Бүс ба зам”: Дэлхийн 34 сая гаруй хүн ядуурлаас ангижирна

Эрээн хотын чуулганд Монгол, Хятад, Орос улсын эдийн засгийн харилцааны судлаачдын илтгэл олны анхаарлыг татсан юм. БНХАУ-ын Ардын их сургуулийн (Ph D) Ван И Вэй нь олон улсын харилцааны судлаач бөгөөд   БНХАУ-ын дарга Си Жинпины “Шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны судалгаа”-ны хүрээлэнгийн дэд захирал юм. Өмнө нь гадаад харилцаа, дипломат бодлого болоод “Бүс ба зам” санаачлагчийн судлаачаар ажиллаж байжээ. Тэрээр илтгэлийнхээ өмнө Хятадын бодлого бус судлаачийн үзэл бодол, өөрийн байр суурь гэдгийг тодотгож байлаа.

“БНХАУ-ын Бүх ардын XIX их хурлаар дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга тэнгис, хуурай замыг холбосон чухал стратеги юм. Энэ хүрээнд хилийн Эрээн хотыг нээлттэй бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Үүгээр дамжуулан хуурай газар, тэнгисийг холбох зорилттой. Монгол Улс нь далайд гарцгүй орон. БНХАУ нь сүүлийн жилүүдэд өөрийн хөрш орнуудтай бодлого, стратегийн түвшинд худалдаа, нийгэм зэрэг олон салбарт дэд бүтцээр холбогдох, саадгүй нэвтрэлцэх бодлого барьж байна.
 “Бүс ба зам” нь улс орнуудыг дэд бүтцээр холбож хамтдаа хөгжих үндсэн зорилттой. Барууны орнуудын хамтын ажиллагаанууд нь хөрөнгөтэй хүмүүсийг илүү хөрөнгөжүүлж, ядуу хүмүүст огт хүртээмжгүй. Энэ алдаанаас суралцаж “Бүс ба зам” санаачилга нь тэгш бус орнуудын ялгааг арилгахыг чухалчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнуудын баян, ядуугийн ялгааг бууруулах, энгийн иргэдэд илүү ашиг тус үзүүлнэ гэсэн үг. Өргөн цар хүрээнд улс орнуудын нийтлэг эрх ашгийг харгалзсан хөгжлийг төлөөлсөн, онцгойлон хөгжиж байгаа туршлагыг бусаддаа түгээнэ. Хамтдаа зөвшилцөж, хөгжиж, хуваалцах гэсэн зарчмыг баримталдаг. Нээлттэй, ил тод, авлигагүй, ногоон хөгжил гэсэн үндсэн концепцыг агуулж байна.

Өнөөдөр дэлхийд хамгийн олон талт хамтын ажиллагаатай, анхаарал татаж байгаа зорилт “Бүс ба зам”-д одоогоор 170 гаруй улс орон нэгдээд байна. 
Улс орнууд төмөр, авто зам, агаарын болон тэнгисийн тээвэр, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүчний шугам, мэдээл холбооны шугам зэрэг дэд бүтцээр холбогдоно. Дэд бүтцээрээ холбогдохгүй байгаагаас дэлхийн эдийн засагт удаашрал үүсч байгаа юм.
“Максима Консалтинг” компанийн судалгаагаар, дэд бүтцийн хувьд “Бүс ба зам” дагуух улс орнууд 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ий  80%-ийг хамарна. Одоогоор эдгээр оронд 1 тэрбум орчим иргэн ядуурлаас бүрэн ангижраагүй байна. Үүний адил Монгол, Орос улс ч ядуурлын асуудалтай тулгарч байна. “Бүс ба зам”-ын хөрөнгө оруулалт дэлхий дахины 34 гаруй сая хүнийг ядуурлаас ангижруулж, дунд орлоготой түвшинд хүргэх боломжтой болохыг судалгаагаар тогтоосон. Хятад улсад “Хөгжье гэвэл эхлээд зам барь” гэсэн үг бий. Тиймээс ядуурлаас ангижрахын тулд хамгийн түрүүнд дэд бүтцийг бүтээн байгуулах учиртай.

Хятад нээлттэй эдийн засагтай болохоос 40 жилийн өмнө Африкийн хамгийн ядуу орныхоос ч бага ДНБ-тэй байсан бол өнөөдөр дэлхийн хоёр дахь том эдийн засаг болон хөгжиж байна. Энэ туршлагаасаа Монгол, Орос оронтой хуваалцахад хамгийн түрүүнд зам тээврийн дэд бүтцийг бүтээн байгуулахыг зөвлөмөөр байна. Мөн нэг талд хэт туйлширсан буюу зөвхөн Засгийн газар удирдсан, эсвэл бүрэн зах зээлд түшиглэсэн хөгжлийн загвараас гарах хэрэгтэй. Хятад улсын өнөөгийн  Засгийн газраар удирдуулсан, зах зээлд түшиглэсэн хос загвар нь улс орнуудад зохицно гэж хардаг.

Дэлхийд   аж үйлдвэрийг жигд хөгжүүлсэн улс бол Хятад. Шүдэнзнээс авахуулаад пуужин, сансрын дагуул хүртэл бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг. Нэг талаасаа, “Бүс ба зам” нь дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг үүсгэж байгаа юм. Аж үйлдвэрлэл нь аливаа улсын хөгжлийн гол тулгуур. Шинэ хэлбэрийн даяаршил гэж хэлж болно.

Юуны түрүүнд эрчим хүч дамжуулж, дараа нь хурдны төмөр зам, боомт болоод нисэх онгоцны буудлуудыг “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудад бүтээн байгуулснаар эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. АНУ нь 1991 оноос хурдны төмөр зам байгуулах төлөвлөгөө, төсөл гаргасан. Гэвч одоог хүртэл хурдны нэг ч зам байгуулж чадаагүй байна. Үүний гол шалтгаан нь үндсэрхэг үзэл, баян ядуугийн ялгаа, тухайн улсын Засгийн газар тогтсон зорилтод бүлэгт үйлчлэх тогтолцооны систем нь алдаа юм. Өнөөдөр Хятад хурдны хамгийн урт төмөр замтай  улс бөгөөд 1 км хурдны төмөр зам байгуулахад 200 сая ам.долларын өртөгтэй. Дэд бүтцэд хөрөнгө оруулснаар замд түшиглэн иргэдээ ядуурлаас ангижруулж чадсан юм. Хятадын алслагдмал зарим муж одоо хамгийн түргэн хөгжиж буй бүс нутаг болж байна. Гэхдээ дэд бүтцийг бүтээн байгуулахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Энэ хөрөнгийг зохицуулахад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зээл олгож байна. Гэхдээ тодорхой үр дүнд хүрч чадахгүй бол тухай улс орны өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй. Өрийн дарамт нь тухайн улсын бүрэн эрхийг тогтворгүй болгоно. Тиймээс Хятад “Торгоны зам” сан, Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан ба улс төрийн дарамтгүй. Мөн дэд бүтцийг байгуулахад аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татах  нь ихээхэн чухал. u
Эрчим хүчний хувьд өнөөдөр Африкт 600 сая хүн цахилгаан ашиглаж чадахгүй байна. Гэтэл тэнд үдэш болоход цахилгаан эрчим хүч Умард Америк, Япон зэрэг хөгжингүй бус нутагт төвлөрдөг. Саяхныг хүртэл Африкийн орнуудад тэнгисийн доорх кабелийн сүлжээ байдаггүй байлаа. 2018 онд Хятадын “Huawei” компани Камерун улсаас тэнгисийн доогуур кабелийн сүлжээг байгууллаа. АНУ яагаад “Huawei” компанийг эсэргүүцдэг вэ? гэж олон хүмүүс асуудаг. Өмнө нь тэнгисийн доорх кабелийн сүлжээг АНУ дангаараа эзэмшдэг байсан юм.
НҮБ-аас “Бүс ба зам” санаачилгыг хүн төрөлхтний хөгжлийн стратеги гэж үнэлсний учир нь улс орнуудын нийтлэг эрх ашиг, ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаад оршиж байгаа юм”

Ван И Вэй:“Huawei” компанийн захирал 5G технологийг Монголын уул уурхайд нэвтрүүлэх боломжтой талаар санал хуваалцсан


“Монгол, Хятад, Орос нь мөнхийн хөрш, стратегийн иж бүрэн түнш орнууд. 2014 онд БНХАУ-ын дарга Си Жинпин дарга Монгол, Хятад, Орос улсын хамтын ажиллагааг ШХАБ-ын түвшинд гаргах, тээвэр ложистик, дэд бүтэц болоод тэнгисийн доорх кабелийн сүлжээ зэрэг олон талбарт хөрш орнуудын үлгэр жишээ болно гэж мэдэгдсэн. Гурван улсын хамтын ажиллагааны олон арга замуудыг хөгжүүлэх боломж өргөн байна. Тухайлбал, аж үйлдвэрийн парк, тээвэр ложистикийн төв, дижитал эдийн засаг, 5G зэрэг чиглэлд хамтын ажиллагааг  тэлэх шаардлагатай гэж судлаачийн хувьд үзэж байна. “Huawei” компанийн Ерөнхий захирал “Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний хүч, машин техникээр зөөж тээвэрлэдэг. Өртөг зардал өндөр, хүмүүс маш их зүдэрдэг.  Хүмүүс 6 цагаас илүү ажиллаж чаддаггүй. Тэгвэл одоо 5G буюу жолоочгүй технологийг ашиглах боломжтой” хэмээн “Huawei”  компанийн Ерөнхий захирал нартай санал бодлоо хуваалцаж байсан. Одоо “Huawei” компанийн 5G технологийн сүлжээг ашиглан жолоочгүй техник уурхайн тээвэрлэлтийг хийж байна. Энэхүү туршлагаар 5G сүлжээний технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Хятад улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ уул уурхайн үйл ажиллагааны өртгийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэсэн саналыг миний хувийн зүгээс дэвшүүлье.
Гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулахад цөөнгүй бэрхшээл байна. Судалгааны хүрээлэнгээс “Эдийн засгийн коридор” байгуулах явцад тогтмол үнэлгээ дүгнэлт хийж ирсэн. Жишээ нь, дунд урт хугацааны төлөвлөгөө дутагдаж байна. Боомтуудыг  боловсронгуй болгох хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг ард иргэдэд зөв таниулан сурталчлах шаардлагатай. Мэргэжлийн боловсон хүчний нөөц дутагдаж байна. Мөн зах зээл, бизнесийн харилцааг зохицуулах, орчныг бүрдүүлэх хэрэгтэй.  Цахим худалдааны хөгжил дутмаг байна. Тиймээс гурван улс бие биеийнхээ зах зээлийг илүү судалж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж судлаачийн зүгээс харж байна. “Эдийн засгийн коридор” байгуулах ажлыг урагшлуулахад, нэгд, гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хилийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хил орчмын иргэдийн худалдааны гэсэн гурван бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёрт, бизнесийн орчин, олон улсын ложистик, транзит аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоо зэргийг нэгтгэсэн Ерөнхий боомтыг байгуулах боломжтой. Гуравт, дэлхийн үйлдвэрлэл, олон улсын зах зээл, импортын худалдааг идэвхтэй зохион байгуулах хэрэгтэй” гэсэн юм. 


 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 50 минутын өмнө
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.
  • 2021-01-15 19:10
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • 2021-01-14 15:39
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.