Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

"Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна

Есдүгээр сард “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”- гаас 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Өмнөговь аймгийн 45 оюутанд батламж гардууллаа.

Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын 30 гаруй мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа Өмнөговь аймгийн харьяат оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж, шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосноороо онцлог юм. Сүүлийн таван жилийн хугацаанд “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрт Өмнөговь аймгийн сум бүрийн төлөөллөөс бүрдсэн 180 гаруй оюутан хамрагдаад байна. 

Мөн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал-Овоо суманд баригдсан эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад оров. Эмнэлгийн барилгын төслийн санхүүжилтийг сангаас 2018 оны гуравдугаар сард баталсан бол барилгыг өнгөрсөн сарын 23-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Оюутолгой компаниас орон нутгийн компанийг дэмжих бодлогын хүрээнд эмнэлгийн барилгын гүйцэтгэгчээр Өмнөговь аймгийн "Хос бор морь" ХХК ажилласан юм. Хоёр давхар шинэ эмнэлэг нь арван ортой, дулаан хангамж, цэвэр, бохир ус, холбооны инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоноос гадна цахилгаан тасарсан үед автоматаар ажиллах нөөц мотортой. Орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн төрөх болон мэс заслын өрөөнүүдийн дотор заслыг шийджээ. 

“Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж, жил бүр таван 5 сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгохоор тогтсон билээ. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ТББ нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл Өмнөговь аймагт нийт 45.3 тэрбум төгрөгний 149 төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байна.