О.Бат-Эрдэнэ: Орон нутгаас дэмжихгүй санал өгсөөр байтал сонгон шалгаруулалт зарладаг байдлыг зогсоох хэрэгтэй

2019-10-04 15:08

Дундговь аймагт уул уурхайн өнөөгийн байдал, орон нутаг дахь үр өгөөж ямар байгаа талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн ярилцлаа.

 

Дундговь аймагт уул  уурхайн өнөөгийн байдал ямар байна вэ?

2019 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 213 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүн дотроо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт 98, хайгуулын тусгай зөвшөөрөл 15 сумын нутагт 115 бий. Эдгээрийн талбайн хэмжээ 783.0 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 10.5 хувийг эзэлж байгаа юм.

 

Ашиглалтын 98 тусгай зөвшөөрлийн 30 нь жоншны, 24 нь нүүрсний /7 орд/, 17 нь гөлтгөний /3 орд/, 5 нь барилгын материалын, 7 нь төмөр-цайрын, 5 нь алтны, 2 нь шохойн чулууны, өнгөт металлын, бал чулууны, литийний, перлитийн тус бүр нэг орд газар байна. Эдгээрийг 74 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас дотоодын хөрөнгө оруулалттай 40, хамтарсан хөрөнгө оруулалттай 17, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 17 компани байна. 

Хайгуулын 115 тусгай зөвшөөрлийг 92 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагийн дотоодын хөрөнгө оруулалттай 72, хамтарсан хөрөнгө оруулалттай 8, гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.

2017 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 аж ахуйн нэгжийн зүгээс АМНАТ-т 1.4 тэрбум төгрөг, газрын төлбөрт 130 сая төгрөг, усны төлбөрт 22.8 сая төгрөг, төсөвт нийт 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Аймаг, орон нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны эерэг ба сөрөг талыг баримт түшин ярина уу?

Уул уурхайн олборлолтын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд бол нүүрс, жонш, гөлтгөнө юм. Эдгээрийн олборлолтыг өмнөх онтой харьцуулахад гөлтгөнө биет хэмжээгээр 32 хувиар, мөнгөн дүнгээр 3.4 хувиар буурсан бол нүүрс биет хэмжээгээр 2 хувиар буурч, мөнгөн дүнгээр 12.5 хувиар өссөн, жонш олборлолт биет хэмжээгээр 15.5 хувиар буурч, мөнгөн дүнгээр 28.8 хувиар өссөн байна. 
 

2018 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт 792.5 сая төгрөг, усны төлбөрөөс 57.9 сая.төгрөг, газрын төлбөрөөс 259.2 сая.төгрөгийн орлого орсон байна.


 

Тус аймгийн нутагт голчлон жонш олборлодог бичил уурхай нэлээд олширлоо. Эдгээр уурхай дахь олборлолт, худалдан авагч компаниудын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байна вэ?

2019 оны байдлаар Баянжаргалан, Луус, Гурвансайхан, Хулд суманд аж ахуйн нэгжүүд бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулж байгаа. Мөн уг журмаар зохицуулагдаагүй орхигдсон харилцаа буюу бичил уурхайчдын гаргасан ашигт малтмалын худалдан авах асуудлыг аймгийн ИТХ-аас 2013 онд батлан гаргасан журмын дагуу зохицуулж ирлээ.

Эдгээр бичил уурхай тухайн сум орны хөгжил, ард иргэдийн амьдралд нааштай нөлөөлж байна уу? Орон нутаг дахь үр өгөөж хэр байна вэ?

Дээрх сумдын нутагт бичил уурхайн дүгнэлттэй 216.7 га талбайд нийт 56 нөхөрлөлийн 489 бичил уурхайчин ажиллаж байгааг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулсан. Олсон орлогоосоо татвар төлж байна. Хулд сумаас бусад нь өнгөрсөн оны сүүлээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн жилд Хулд сумын жоншны бичил уурхайчид 9.4 мян.тн жонш олборлож, нөхөрлөлүүдээс 51.8 сая төгрөгийн татвар, худалдан авагч аж ахуйн нэгжүүдээс орон нутгийн төсөвт 61.6 сая төгрөгийн татвар, төлбөр, хандив төвлөрүүллээ. Ингээд бодохоор нэг  бичил уурхайчны ард 2-3 хүний амжиргаанд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж байна гэсэн үг.
    
Бичил уурхайн олборлолтоос болж байгаль орчинд учирч байгаа сөрөг нөлөөллийг багасгах, байгаль орчныг нөхөн сэргээх талаар ямар бодлого баримталж байна вэ? Үр дүн ямар байна вэ?

Бичил уурхайн нөхөрлөлүүдийн сумдын Засаг даргатай байгуулсан гэрээ, бичиг баримтыг үндэслэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байцаагчид хүлээн авч, хянан, баталгаажуулж, хэрэгжилтийг нь тооцдог. Хулд сумын хувьд жонш нь гүн рүүгээ орсон тул техникийн нөхөн сэргээлтийг цаг тухай бүр нь хийж байна. Өнгөрсөн онд Баянжаргалан сумын хоёр нөхөрлөлийн 10 га талбайг нөхөн сэргээж буцааж хүлээлгэн өгөөд байна. Бичил уурхай эрхлэх нөхөрлөлүүдийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг дундын санд төвлөрүүлэх журамтай. Мөн жонш худалдан авах эрхтэй компани худалдан авсан жоншны тонн тутамд 2000 төгрөг сумын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх санд төвлөрүүлж байгаа. Талбайг буцаан хүлээлгэж өгөх үед уг хөрөнгөөр нөхөн сэргээлт хийлгэх зорилготой. Өөр нэг сөрөг нөлөөлөл бол ашигт малтмалын тээвэрлэлтийн асуудал. Энэ асуудлыг цэгцлэхээр 2017 онд аймгийн ИТХТ-ээр Ашигт малтмалын тээвэрлэлтийн аймгийн нэгдсэн маршрутыг батлуулан мөрдөж байгаа.

Салхитын мөнгөний орд тойрсон хэрэг явдал аймагт хэрхэн тусч байна вэ? Энэ уурхай хэвийн ажиллаж байхдаа аймаг орон нутагтай ямар харилцаатай байв?  Нэгэнт төрийн мэдэлд авсан энэ уурхайг цаашид ажиллуулахад орон нутаг ямар үүрэгтэй оролцох талаар таны санаа бодол юу байна вэ?

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 914 дугаартай шийдвэрээр Салхитын мөнгөний орд дээр ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан Жи Пи Эф ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийг цуцалж, аймгийн Засаг даргын 2018 оны А/571 тоот захирамжаар эд хөрөнгийг бүртгэлжүүлэн битүүмжилж, дотоодын цэргийн хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш ордын хамгаалалтад байлгах бүх л урсгал зардлыг аймаг хариуцаж байна. Энэ нь улсаас татаас авдаг манай аймгийн хувьд төлөвлөгдөөгүй хүндрэлийг учруулж байгаа. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд 45 сая төгрөгийн өр үүсгээд явж байна. Жи Пи Эф ХХК нь 2014-2017 оны хооронд үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд улсын төсөвт нийт 8.2 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төвлөрүүлсэн байдаг. Татварын хяналт шалгалтаар 2015 оны 930 сая төгрөгийн зөрчил илэрч түүнийг барагдуулж байсан. 2017 онд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 аж ахуйн нэгжийн зүгээс төсөвт нийт 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 1.3 тэрбум төгрөг нь зөвхөн Жи Пи Эф ХХК-иас орсон. Бид уг ордын тодорхой хувийг орон нутагт эзэмшүүлэх тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газар, холбогдох яамд, төрийн байгууллагууд зэрэг бүх шатанд асуудал тавьж ирлээ. Уг ордын тодорхой хувийг орон нутгийн эзэмшилд авч чадвал орон нутгийн төсөв, санхүү, эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна гэж харж байгаа.

Тус аймгийн Өлзийт сумын нутаг дахь Хайрханы ураны ордод тусгай зөвшөөрөлтэй “Гурвансайхан” компани олборлолт хийх тухай үе үе яригддаг. Орон нутгийн иргэд үүнд нэлээд санаа зовнингуй байдаг. Энэ талаар аймгийн удирдлага ямар байр суурьтай байдаг вэ?

Уран нь өөрөө стратегийн ач холбогдолтой түүхий эд. Улс цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хууль эрхзүйн орчноо тодорхой болгох, засч сайжруулах зүйлс ч байгаа. “Гурвансайхан” ХХК нь Монгол, Чехийн хамтарсан хөрөнгө оруулалттай. Монгол улсын төр 34 хувийг, Чех улсын “Ураниум Индастри” ХХК 66 хувийг нь эзэмшдэг. Гурвансайхан ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2016 онд авсан, Хайрханы орд нь 8.4 мян.тн нөөцтэй батлагдсан юм билээ. Монгол улсын төр оролцож байгаа хэдий ч байгаль орчин, иргэдэд аюултай нөхцөл байдал үүсгэж болохгүй.  Нутгийн иргэд ч ийм байр сууринаас хандаж Төр, засгийн удирдлагад захидал хүргүүлсэн юм билээ.

Орон нутаг дахь уул уурхайн талаар төр, засгаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлмээр байна вэ?

Ашигт малтмалын энэ олон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх шаардлагатай. Засгийн газраас энэ талаар сүүлийн үед хэрэгжүүлж байгаа алхмыг иргэд ч дэмжиж байна. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг орон нутгийн ямар ч оролцоогүйгээр шууд шийдвэрлэх боллоо. Орон нутгаас дэмжихгүй санал өгсөөр байтал сонгон шалгаруулалт зарладаг байдлыг зогсоох хэрэгтэй. Ашигт малтмалын тээвэрлэлтийг зөвхөн шаардлага хангасан хатуу хучилттай авто замаар тээвэрлэх тухай асуудлыг бодлогоор зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ер нь уул уурхай эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд төр, ард түмний өмч болсон ашигт малмалыг олборлож байгаагийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийн ард иргэдэд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй л дээ. 

Ярилцсан Танд баярлалаа.

                    
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 2020-05-25 13:52
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 2020-05-25 13:00
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.