Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

УИХ ирэх оны төсвийг орлого, зарлагын өөрчлөлтгүйгээр батлав

УИХ-ын чуулганы өчигдрийн  /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хууль, 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан баталлаа.

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2020-2022 онд 6%, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, 2021 онд 12 их наяд 826.7 тэрбум төгрөг, 2022 онд 13 их наяд 773.6 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2020 онд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг, 2021 онд 14 их наяд 89.7 тэрбум төгрөг, 2022 онд 14 их наяд 502.4 тэрбум төгрөг байхаар тооцож, нэгдсэн төсвийн алдагдал 2020 онд 2 их наяд 74.7 тэрбум төгрөг, 2021 онд 1 их наяд 262.9 тэрбум төгрөг, 2022 онд 728.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг, 2021 онд 3 их наяд 93.4 тэрбум төгрөг, 2022 онд 2 их наяд 975.5 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2020 онд 22 их наяд 89.1 тэрбум төгрөг, 2021 онд 22 их наяд 910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23 их наяд 869.2 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд орсон өөрчлөлтийн талаар:

-Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

-Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98 тэрбум 700.0 сая төгрөгөөр, мөн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон байна.

-Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5 тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

-Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

-Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг төсөл, арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй нь уялдуулан, мөн төсвийн төлөвлөлтийг сайжруулах үүднээс нийт 126 тэрбум 315.3 сая төгрөгөөр бууруулахаар болжээ. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 2020 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 4 их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг 2020 онд 1 их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын бонд худалдан авахаас гадна Монголбанкны үнэт цаас худалдан авах эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.