Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Австрали 2020 оны коксжих нүүрсний ханшийн таамгаа бууруулав

Коксжих нүүрс болон төмрийн хүдрийн томоохон экспортлогч улс болох Австралийн Аж үйлдвэр, Инноваци, Шинжлэх ухааны яам 2020 оны төмрийн хүдрийн ханшийн таамгийг 3%-иар өсгөөд байгаа ч коксжих нүүрснийхийг 7%-иар бууруулахаар тогтлоо. Энэхүү тооцооллыг тус яам улирал бүрт гаргадаг түүхий эдийн үнэ ханшийн хамгийн сүүлд гаргасан (12 дугаар сарын) тайландаа тусгасан байна.

Тус улсын төмрийн хүдрийн экспортын хэмжээ энэ онд 864 сая тонн, 2021 онд 878 сая тонн болж нэмэгдэхээр байна. 2020 онд нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж ханш 61.7 ам.доллар байхаар тооцоолсон нь өмнөх таамаглалаас 3%-иар өссөн дүн болж байна. Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байсан нь оны дундаас эхлэн Хятадын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц мэдэгдэхүйц буурсан байсантай холбоотой ажээ. Ингэснээр Хятадын татан авалт сайжирч, Европ, Хойд Ази, Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлийн бууралтаас үүссэн сөрөг нөлөөг хазаарлаж өгчээ.

Харин коксжих нүүрсний тухайд тус улсын экспортын биет хэмжээ ирэх онуудад өсөхөөр байгаа ч бүтээгдэхүүний ханшийн хувьд буурах төлөвтэй байна. Тухайлбал энэ онд коксжих нүүрсний гэрээт үнэ дунджаар тонн тутамд 153 ам.доллар байхаар байгаа нь тус яамны өмнөх тайланд тусгасан тооцоолол болох 164 ам.доллар/тонн-оос 7%-иар бууруулсан дүн болж байна. Ийнхүү ханшийн таамгийг бууруулах болсон нь зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж байгаагийн сацуу эрэлт сул байх төлөвтэй холбоотой ажээ. Өнгөрсөн 2019 оны коксжих нүүрсний ханшийн таамаг 187 ам.доллар/тонн-той байсан юм. Тус улсын коксжих нүүрсний экспортын таамаг 2019 онд 187 сая тонн байсан бол энэ онд 195 сая тонн, ирэх онд 199 сая тонноор илэрхийлэгдэж байгаа юм.

Тус яам дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таагүй, Хятадаас бусад орнуудын үйлдвэрлэлийн өсөлт сайнгүй байгаа нь эрэлтийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхийг онцолжээ.

Б.Төгс