Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

2019 онд нүүрсний экспорт 9.9%-иар өсч, 3.1 тэрбум долларт хүрэв

-Улсын нийт экспортын 40.4%-ийг нүүрс, 23.6%-ийг зэсийн баяжмал эзлэв -

2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ.

Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.

Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт өнгөрсөн онд 6.3%-д хүрсэн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 4470 ам.доллартай дүйж, харин нийт дүнгээрээ 13.6 тэрбум ам.доллартай тэнцлээ.

Экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт өнгөрсөн онд 6.38 тэрбум ам.долларт хүрч 2018 оны түвшинтэй харьцуулахад 5.1%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрс 3.08 тэрбум ам.доллар, зэсийн баяжмал 1.79 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Үүнээс харахад нүүрсний экспорт мөнгөн дүнгээр өнгөрсөн онд 9.9%-иар нэмэгдсэн бол зэсийн баяжмалынх 11 орчим хувиар буурсан дүнтэй гарчээ.

Эрдсийн төрөл тус бүрээр экспортын дүн мэдээг авч үзвэл, нүүрсний экспорт жингээр 36.5 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо ялимгүй өсөлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард үндсэндээ 1.56 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас 36%-иар буурчээ.

Зэсийн баяжмалын тухайд өнгөрсөн онд нийтдээ 1.4 сая тонн баяжмал гадагш нийлүүлсэн нь өнгөрсөн 2018 оныхтой харьцуулахад жингээр 2.3%-иар буурсан байна. Харин цэвэр зэсийн экспортын тухайд өнгөрсөн оны хэмжээнд мөнгөн дүнгээр нийтдээ 69 сая ам.доллартай тэнцсэн бөгөөд биет жингээр 11.9 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь жингээр 7.7%-иар, орлогын дүнгээр 16.4%-иар тус тус буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд 8.45 сая тоннд хүрсэн бөгөөд орлогын дүн нь 576.6 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь жингийн хувьд 13.4%-иар, орлогын дүнгээр 68.5%-иар нэмэгдсэн дүн болж байна.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын тухайд өнгөрсөн онд нийтдээ 9 тонн 69.5 кг алт худалдаалж нийтдээ 418.4 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн 2018 оныхтой харьцуулахад жингээр 164.3%-иар, орлогын дүнгээр 189.5%-иар нэмэгдсэн байна.

Түүхийн газрын тосны экспортын тухайд өнгөрсөн оны хэмжээнд нийтдээ 6.54 сая баррель бүтээгдэхүүн гадагш нийлүүлж 366.7 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь жингийн хувьд 5.74%-иар өссөн боловч орлогын хувьд 6.45%-иар буурсан байна.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оны байдлаар 699.4 мянган тоннд хүрч, үнийн дүнгээр 205 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь жингийн хувьд 26%-иар, үнийн дүнгийн хувьд 8.1%-иар өссөнийг харуулж байна.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оны хэмжээнд 134.8 мянган тоннд хүрч, орлогын дүн нь 189 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 8.77%-иар өссөн боловч орлогын дүнгээр 4.4%-иар буурсныг илтгэж байна.

Молибденийн баяжмалын экспорт өнгөрсөн онд нийтдээ 5.69 мянган тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 49 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 5.1%-иар, орлогын дүнгээр 1.86%-иар тус тус буурчээ.

Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оны хэмжээнд 29.6 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 66.8 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь хар тугалганы экспорт жингээр 27.7%-иар, орлогын дүн 16.3%-иар тус тус өссөнийг харуулж байна.

Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн онд жингээр 712.5 тоннд хүрч, 6.5 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь тус металын хүдрийн экспорт орлогын дүнгээр 26.3%-иар, жингээр 14.7%-иар тус тус буурсан гэсэн үг.

Үндсэндээ өнгөрсөн онд эрдсийн экспорт 2018 оны оргил түвшнээс давж дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Үүнд нүүрс, алтны экспорт өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо онцоллоо. Гэхдээ төмрийн хүдрийн салбар өнгөрсөн онд хамгийн сайн үзүүлэлттэй салбар байсныг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд үүнд зах зээлийн ханшийн өсөлт голлон нөлөөлсөн. Зах зээлийн ханшийн байдлаас шалтгаалж зэс, цайр, газрын тосны салбарт бууралт тохиосныг харж болно.

Улсын төсвийн үзүүлэлт өнгөрсөн оны байдлаар нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг, харин нийт орлого 11.9 их наяд төгрөгт хүрчээ. Улсын төсвийн нийт зарлагын тухайд 11.4 их наяд төгрөгт хүрснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мөн нийт төсвийн орлогын 8.7%-ийг Ирээдүйн өв сангийн орлого, 0.8%-ийг Тогтворжуулалтын сангийн орлого эзэлсэн байна.

Б.Төгс