Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

S&P Global Market Intelligence: 2020 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй

Эх сурвалж: mining.com

Канадын Торонто хотноо 88 дахь жилдээ нээгдээд буй PDAC-2020 чуулганд зориулж “S&P Global Market Intelligence”-ээс дэлхийн геологи хайгуулын салбарын судалгааны “Дэлхийн хайгуулын хандлага” (World Exploration Trends) тайлангаа (2020.03.01) нийтэлжээ. 2019 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулд 9.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулсан байна. Энэ нь 2018 онд 10.1 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад 3%-иар буурсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт буурсан нь зарим түүхий эдийн ханшийн уналт, алтны салбар дахь компаниудыг худалдан авах, нэгдэх зэрэг үйл явц нөлөөлсөн гэж үзжээ. Гэсэн хэдий ч хайгуулын компаниудын тоо 3%-иар нэмэгдэж 1708  болсон байна. 2018 онд хайгуулын компаниудын тоо 1651-д хүрч өссөн байдаг.    

“2019 онд БНХАУ, АНУ-ын хооронд үүссэн худалдааны маргаанаас үүдэн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарсны улмаас үйлдвэрлэлийн зарим түүхий эдийн ханш буурсан. Энэ нөхцөл байдалд алт хамгийн найдвартай метал болж, нийлүүлэлт талд саатал үүссэний улмаас никель, төмрийн хүдрийн үнэ огцом өссөн” гэж  “Metals & Mining Research”-ийн судалгааны захирал Марк Фергюсон ярьжээ. Түүхий эдийн эрэлтийн тодорхойгүй байдал, геополитикийн өнөөгийн нөхцөлд 2020 онд геологи хайгуулын хөрөнгө оруулалт өсөхгүй гэсэн таамгийг тайланд дэвшүүлсэн байна. Уг тайланд дурдсанаар, 2018 оноос уул уурхайн томоохон компаниуд ихэнхдээ хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийсэн ч жижиг, дунд компаниуд геологи хайгуулд хөрөнгө татах боломж хумигдсан байна. Хайгуулын жижиг компаниудын хувьд тэдгээрийн босгосон хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 онтой харьцуулахад 10%-иар буурсан байгаагаас үүнийг тодорхой харж болно гэдгийг Марк Фергюсон онцолсон байгаа юм. Тайлангийн судалгаанаас үзэхэд, шинэ ач холбогдол бүхий ордоос илүүтэй эрэл хайгуулын дараагийн үе шатуудын төсөлд хөрөнгө оруулахад компаниуд анхаарч байна.

2019 онд Латин Америк геологи хайгуулын сонирхол татахуйц бүсийг тэргүүлсэн хэвээр бөгөөд тус салбарт 2.62 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 117 сая ам.доллараар буурсан байна. Австрали улс геологи хайгуулын хөрөнгө оруулалтаа 199 сая ам.доллараар нэмэгдүүлж 1.53 тэрбум ам.доллар зарцуулсан нь 2001 оноос хойш анх удаа Канадыг гүйцэж түрүүлжээ. Харин Канадын хувьд 1.31 тэрбум ам.долларын зарцуулалтаар дөрөвдүгээрт орж байр ухарсан байна. Гуравдугаарт жагссан Европ, Азийн бүс нутаг 2018 оныхоос 241 сая ам.доллараар бууруулж өнгөрсөн онд 1.44 тэрбум ам.доллар геологи хайгуулд зарцуулжээ.

Э.Од