Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

М.П.Сингх: Монголын коксжих нүүрсийг Энэтхэг импортлох бүрэн боломжтой

ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга, Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингхийг (2020.03.04) хүлээн авч уулзжээ. Уулзалтаар, 2020 онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлах бэлтгэл ажил, ойтой холбоотойгоор хамтарч хийх ажлууд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломж, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцсан байна. 

БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч Ажлын хэсэг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хийх хүсэлтээ ЗГХЭГ-ын дарга Элчин сайдад илэрхийлжээ. Монголын коксжих нүүрсний чанарыг шаардлага хангаж буй учир импортлох бүрэн боломжтой гэж Энэтхэгийн Засгийн газар үзэж байгааг тус улсын Элчин сайд М.П.Сингх албан ёсоор илэрхийлсэн байна. Энэтхэг нь ОХУ-тай төмөр замын тээврийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байгааг дурдсан аж. 
Монгол Улсын хувьд 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг ОХУ-тай байгуулсан бөгөөд хэлэлцээрт Монгол, Оросын тал харилцан экспортын бараа, бүтээгдэхүүнийг 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг. 

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны  боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр ЗГХЭГ-ын дарга өнгөрсөн нэгдүгээр сард БНЭУ-д айлчилсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ