Эрдэнэс Тавантолгойн IPO-д тулгарах шинэ эрсдэл

2020-03-17 11:29


The Mongolian Mining Journal /2020.002/

 

Г.Идэрхангай

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км  төмөр зам 2020 оны есдүгээр сард ашиглалтад орж, нүүрсээ зөөж эхэлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн сонгуульд өөрийгөө сойхоор бэлтгэж эхэлсэн түүний хэлснээр бол төмөр замын ажил амжилттай яваа ба Хятадын нутгаар нүүрс зөөдөг тарифтай ижил нөхцөлөөр Алс Дорнодын далайн боомтод хүрэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан гэнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Эрдэнэс Тавантолгойн IPO-д хурдасгуур  болж өгнө гэдэгт ч мөн салбарын сайд итгэл төгс хэлж байна. 
Гэхдээ энэ бол түүний хувьд бүтэн жилийн өмнө хэлсэн үг бөгөөд өнгөрсөн хугацаанд IPO гаргах хүчин зүтгэл нь цаг хугацааны алдагдалд орж, шинээр үүссэн эрсдэлүүдэд түүртэж эхэлсэн нь нууц биш. 

 

Эхний сонирхолтой дүр зураг   Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дотроо IPO-д одоо ч нэгдмэл байр суурьтай хандаж  чадахгүй байгаа. “Юун IPO вэ, наад нүүрсээ түүхийгээр нь гарга. Түүхийгээр нь зөөгөөд байхад хөрөнгийн биржид гарахаас ч илүү ашгаа өгнө” гэдгийг Ерөнхийлөгчийн багийн гишүүд мэдэгддэг бөгөөд Д.Сумъяабазар сайдын хүчин зүтгэлд төдийлөн сэтгэл тавьж ач холбогдол өгдөггүй. Зөвхөн Тавантолгойн нүүрс зөөх зориулалттай төмөр замын бүтээн байгуулалтыг бүхэлд нь удирдан хянаж буй Төрийн тэргүүний дэмжлэг илт дутсан IPO-д бас нэг нэрмээс, саад болох зүйл нь хэдхэн сарын дараа болох парламентын сонгууль. 

Сонгуулийн дуулиан шуугиан, улс төрийн хэрүүл маргаантай хольж хутгалгүйгээр  ердөө 180 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаж, 2019 оны есдүгээр сард Хонконгийн Хөрөнгийн биржид цан цохих хүсэл тэмүүлэлтэй ажилласан Засгийн газрын төлөвлөгөө  сунжирсаар парламентын сонгуультай яалт ч үгүй тулж очих нь. Д.Сумъяабазар сайд ч үүнийг  хүлээн зөвшөөрч “Төлөвлөж буй IPO УИХ-ын ээлжит сонгуультай цаг хугацааны хувьд тулахаар байна” хэмээн цөхрөнгүй хэлж байна. 
 

Монголын улс төрийн сонгуулийн нөхцөл байдлыг ажиглаж байж хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргадаг бичигдээгүй хуультай. Хонконгийн Хөрөнгийн бирж ч мөн ийм шийдлээр л хандах нь тодорхой. Сонгуулийн өмнө “IPO гарлаа” гэж гоёор бодож болох ч санал хураалтын дүн ямар гарахаас цаашдын хувь заяа  бас хамаарна. Өөрөөр хэлбэл, салбарын сайд энэ суудалдаа хэвээр үлдэж, У.Хүрэлсүхийн танхим одоогийн бүтцээрээ ажиллахгүй. Энэ утгаараа шинэ Засгийн газар “IPO-гийн дараах амьдралыг хэрхэн “нандигнан” хайрлаж, зөв авч явахыг ч таашгүй. Төр засаг, бодлого шийдвэр нь тогтворгүй, хувьсамтгай байх тусам хөрөнгийн биржийн хувьцааны ханш савлаж, үнэгүйдэхэд хүргэнэ.  
 

Гэхдээ энэ бол IPO гарчихвал гэсэн өнцөгөөс харж буй  илэрхийлэл. Дотоодын олон эрсдэлээс гадна дэлхий нийтийг түгшээгээд байгаа коронавирусын тархалтын нөлөөгөөр Хонконгийн хөрөнгийн биржид IPO гаргах хугацааг хойшлуулахаас аргагүйд хүрнэ гэсэн таамаглалыг  “Bloomberg Intelligence”-ийн дэвшүүллээ. Аюулт өвчний улмаас Хонконгийн  хөрөнгийн бирж  онцгой байдалд шилжин бүтэн сар гаруй хугацаанд хөл хорионд орсон. Хэвийн үйл ажиллагаандаа ортол тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
 

Монголд ч мөн өндөржүүлсэн байдал зарлалаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл  гол боомтоор нүүрс гаргахыг хориглосон бөгөөд цаашид ч энэ хугацааг сунгаж болзошгүйг анхааруулсан. Ингэсэн тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай хүндрэлтэй байдалд орж, IPO гаргахад ч сөрөг нөлөөтэй гэдгийг тус компанийн удирдлагууд санаа зовнингуй мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний алдагдал хүлээж эхэлбэл юун IPO манатай л болно. Хөрөнгийн биржийнхний хамгийн эхэнд тавьдаг шаардлага бол тухайн компанийн засаглал, орлого зарлагын менежмент. 
 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг толгой компани өөрөө эзэмшиж байх Засгийн газрын 296 дугаар тогтоол өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд батлагдсан. Уг тогтоолд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой майнинг” хэмээх охин компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь ч өнөөдрийг хүртэл ямар ажил хийж байгаа талаар нууцалсан хэвээр байна. Тус компани Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний 795 сая тонн нүүрсний Зүүн Цанхийн уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компани дээр үлдсэн Баруун Цанхи, Бортээг, Бортолгой, Онч хараат, Оорцог гэсэн хэсгүүдийн тусгай зөвшөөрлүүд  ч “Эрдэнэс Тавантолгой майнинг”-т бүрэн шилжсэн эсэх нь бас нууцлаг. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой майнинг”-д шилжсэн тусгай зөвшөөрлүүдийг буцааж толгой компани руу шилжүүлэхийг улс төрийн  шинэ хүчин шаардаж байна. Сонгууль дөхөх тусам энэ байдал даамжрах биз.  

Одоогоор шалгарсан  АНУ-ын “Merrill Lunch”, Швейцарийн “Credit Suisse”, Японы “Nomura” банкууд “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах үүрэг хүлээж буй. Гуравдугаар сардаа багтаан бирж рүү материалаа хүргүүлж, эдгээр ажлыг шалгаж бүртгэх ажил хоёр сар орчим үргэлжилнэ гэж салбарын сайд мэдэгдсэн. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад сонгуулиас өмнө энэ бүх ажил хийгдэж амжихгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. Компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал, байгаль орчны үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гээд уул уурхайн компаниудад тавигддаг бүх нөхцөлийг хангаж байж биржид гарах ёстой. Биржид гарахын өмнө хөрөнгийн биржийнхэн “Эрдэнэс Тавантолгой”-н бүхий л үйл ажиллагаатэй биечлэн танилцах учиртай. Үйл явц ингэж л өрнөнө.   
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн эзэмшиж буй Зүүн Цанхийн уурхай экспортын зогсолт хийж, “Эрдэнэс Тавантолгой” компани бүхэлдээ санхүүгийн алдагдалд орох нөхцөл үүсч байгаа. Тийм учраас олборлолт, тээвэрлэлт,   нүүрсний зах зээлийн тооцоо судалгааг дахин хийх, ТЭЗҮ-ээ тодотгох гээд ажлууд нэмэгдэж байх шиг байна. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрч дээд амжилт тогтоосон ч шинээр үүссэн нөхцөл байдал компанийн  амжилтыг доош татаж болзошгүй.


“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргахад нөлөөлөх олон хүчин зүйлсийн нэг нь УИХ-ын 73 дугаар тогтоолын “Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт, ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх тухай юм. Энэ чиглэлээр ямар ажлууд, ямар нөхцөлтэй  хийгдэж байгаа талаар төслийн удирдагчид ам нээхгүй байгаа нь хачирхалтай.   
 

Ер нь сүүлийн үеийн мэдээллүүдийг харахад корона­вирустэй холбоотойгоор  Хятадын эдийн засагт томоохон хүндрэл учирч буйгаас гадна ихэнх компаниудын борлуулалт буурч, зардал өсөх зэргээс шалтгаалж хэсэг хугацаанд уналтын байдал үргэлжлэх шинжтэй. Үүнээс шалтгаалж, олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гарах үед суурь хүндрэл байхаар байна. Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид нүүрс гэхээс илүүтэй алт руу хөрөнгөө байршуулах сонирхол түлхүү байх төлөвтэйг судлаачид хэлж байна. Ийм нөхцөлд IPО гарахгүй байх эрсдэл учирлаа ч “Эрдэнэс Тавантолгой”-д өөрт нь бас гарц бий. Төслийн санхүүжилтээрээ төмөр зам, дэд бүтцийн ажлуудаа чанартайхан хийгээд дараа нь IPО гаргавал 1072 ширхэг хувьцаа илүү үнэд орж, өгөөж өгнө. 1072 ширхэг хувьцааг амьдруулахын тулд эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж, том хөрөнгө оруулагчдыг татан оруулж ирэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд дотоодын хөрөнгийн биржээ давхар хөгжүүлэх боломж ч гарах юм. Харин Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO хийсэн тохиолдолд хувьцааны үйл ажиллагаанд монголчууд өөрсдөө оролцох, тэр хэрээрээ 1072 ширхэг хувьцааны үр өгөөж удаан ч гэсэн гарна. Монголын хөрөнгийн биржид  1072 хувьцааг бүртгэх, арилжаалах хууль эрх зүйн орчин хэдийнэ бүрдсэн. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тэр хэрээрээ том хөрөнгө оруулагчид л худалдаж авна. Шинэ эрсдлүүдээс зайлсхийх нэг боломж нь энэ байж болох юм.   
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 2020-09-18 13:17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • 2020-09-17 17:52
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • 2020-09-17 15:43
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.