Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЗГ: Тавантолгойн станцын санхүүжилтийг төр хариуцаж, 450МВт-ын хүчин чадалтай байхаар тогтов

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар (2020.04.08) Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулахтай холбоотой чухал шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн мэдэгдлээ.

Уг шийдвэрээр Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр буюу Оюутолгой төслийн өргөтгөл шатны санхүүжилтэд станцын зардлыг оруулахгүй байхаар тогтлоо. Түүнчлэн станцын нийт хүчин чадлыг 300МВт бус 450МВт байхаар тогтсон байна. Станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар тооцож буй аж. Уг төслийн хөрөнгө оруулалтын зардал 600 сая ам.доллар байх төлөвтэйг салбарын сайд мэдэгдлээ.

Тэрбээр “ТТЦС барих талаар 2018 онд “Оюутолгой” компанитай гэрээ байгуулж байсан. Энэ хугацаанд хоёр тал уг чиглэлээр нэлээд сайн ажилласан. Компани ТТЦСтанцын төсөл нь 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй байхаар санал ирүүлсэн. Энэ бол дэлхийн зах зээлд цахилгаан станц байгуулах зардалтай жишихэд харьцангуй өндөр. Өнөөдөр станц байгуулах зардал нэг МВт тутамд нэг сая евро байдаг. Компаниас ирүүлсэн 300МВт-ын станцын хувьд авч үзвэл нийт өртөг дэлхийн зах зээлийнхээс 2-3 дахин өндөр байсан. Энэ нь эргээд Засгийн газрын Оюутолгой төсөл дэх эзэмшлийн 34% дээр нэмэлт өр болж тусгагдаж, улмаар ногдол ашиг хүртэх хугацаа хойшлох нөхцөл байдал үүссэн. Иймд Засгийн газар уг саналыг хүлээж авах боломжгүй болсон. Ингээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ойрын дөрвөн жилийн хугацаанд багтааж 2024 онд ашиглалтад оруулах 450МВт-ын цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэлээ. Энэ бол төрийн өмчит компани байх болно. Санхүүжилтэд зээл болон бусад арга хэрэгслийг ашиглана. Энэ станцын ТЭЗҮ-ийг өмнө нь боловсруулсан юм билээ. М.Энхсайхан Засгийн газрын сайд байх үедээ олон улсын зөвлөх компаниудаар Тавантолгойн төсөлд судалгаа хийхэд 17 сая ам.доллар зарцуулсан юм билээ. Энэ хүрээнд станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Энэ ТЭЗҮ нь Эрчим хүчний яаманд бий. Үүнд түшиглээд Тавантолгойн станцыг барьж байгуулна. Уг тооцооллоор авч үзэхэд шугам сүлжээ, устай холбоотой зардлыг оруулаад станц барих нийт өртөг 560-600 сая ам.доллар болно. Энэ нь “Оюутолгой” компанийн ирүүлсэн саналаас 30%-иар хямд, мөн цахилгаан эрчим хүчний өртөг нь 50% хямд байх төлөв харагдаж байна.

Станц ашиглалтад орсноос хойш 5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ авах ёстой гэж заасан. Хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнд ч мөн ийм заалт бий. 2019 онд Оюутолгой нь Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан ч биелээгүй.

Бид 330КВт-ын шугам татаж өгсөн. 220КВт-ын дэд станцтай нь холбох гэсэн боловч одоо болтол холбоогүй байна. Бид шугамаа татсан, дэд бүтцээ бий болгосон юм. Тэгэхээр энэ станц ашиглалтад орохоор гол хэрэглэгч бол Оюутолгой байх ёстой.  Бид жил бүр 170-200 сая орчим ам.долларыг импортын эрчим хүчинд төлдөг. Станц ашиглалтад орсноор жилдээ 200 сая ам.доллар гадагш нь төлж байгааг хэмнэх боломж 2024 оноос хойш бүрдэх юм.

Энэ төлбөрөөр тооцоход маш богино хугацаанд станцын хөрөнгө оруулалтын зардлыг төлөх боломж байна гэж харж байна” гэв.

Тэрбээр мөн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны ашгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгааг онцоллоо. Хэрэв энэ хувилбар өөрчлөгдөх тохиолдолд нэгэнт уг станц нь маш ашигтай төсөл учраас санхүүжилт босгох бүрэн боломжтойг тэрбээр тайлбарлалаа.

Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газарт өргөн барьсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани мэдээлсэн. Уг өргөн барьсан ТЭЗҮ ёсоор станцын ашиглалтад оруулах хугацааг 2024 оны зургадугаар сар байхаар тусгасан байсан. Станцын хөрөнгө оруулалтын зардал нь 924 сая ам.доллар байх бөгөөд хүчин чадал нь 300МВт-аар хэмжигдэж байв. Уг төсөлд ус дамжуулах 55 км урттай хоолой болон цахилгаан дамжуулах 126 км шугамын дэд бүтэц багтсан байсан юм.

Засгийн газрын шийдвэрээр ийнхүү илүү том станцын төслийг илүү бага зардлаар байгуулах боломж харагдаж байна.

Б.Төгс