Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Лхагважав: “Шадар гурван цэрэг”-т хадаг барихаа больсон цагт уул уурхайд зөв хөрөнгө оруулалт орж ирнэ

The Mongolian Mining Journal , /003.2020/

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай  The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Эзэн байхдаа төрийн нийтийн өмчөөр тоглодог  хэлбэр “Эрдэнэт”, “Монголросцветмет” үйлдвэрээс тодорхой харагддаг

Та уул уурхайн салбартай холбоотой томоохон үйл явдлуудын талаар өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлэлгүй нэлээд хэдэн жил болжээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх  үзэглэснээс  хойш бараг дуугараагүй санагдах юм?             
Юуны өмнө, The Mongolian Mining Journal сэтгүүлд ярилцлага өгч буйдаа баяртай байна. Уул уурхай, эдийн засгийн салбарын бүтэн арван хоёр жилийн түүхийг бичиж, үлдээж яваа танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе. 
Монголын эдийн засгийг үнэндээ уул уурхайгүйгээр ярих боломжгүй. Экспортын 80 гаруй, импортын 60-70 орчим хувь энэ салбараас хамааралтай. Түүхий эд, тоног төхөөрөмж, шатах тослох материал, эрчим хүч гээд 1 тэрбум гаруй ам.долларын хэрэглээ уул уурхайд бий. Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед ЗХУ-ын 9 тэрбум ам.долларын өр тэглэгдэж байсныг Та санаж байгаа байх.  Чухамдаа  2004 он бол хөрөнгө оруулалт зах зээлийн дүрмээр орж ирсэн шинэ үеийн эхлэл байлаа. Өнөөдрийг хүртэл ДНБ тоон дүнгээрээ 11 дахин өссөн байна. Бараг 11.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүхэн уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас эхлээд бүх зүйлтэй холбогддог.

 

Өнгөрсөн 16 жилийг харахад манай ДНБ уул уурхайтай холбоотой дээш доош савласаар ирж. Тэр болгонтой бидний амьдрал  уялдаж өрнөдөг. Засаг төр удирдаж байгаа хүмүүсийн алдар гавъяаг мэдээж үгүйсгэхгүй. Гэхдээ 2013-2016 оны их хямралаас гарах алхмуудыг тухайн үеийн Ерөнхий сайдууд хийсэн байдаг л даа. Эдийн засгийн 7%-ийн өсөлт бол тэдний хийсэн ажлын үр дүн. Эрдэнэтийн 49%-ийг монголчууд ямар нэг аргаар өөрсдөө аваад ирсэн. Үүний үр дүнд Орост очих байсан 800 сая ам.доллар (дөрвөн жилийн дундажаар)  Монголдоо үлдсэн. 2015 онд хийгдсэн Оюутолгойн санхүүжилтын нэмэлт гэрээ буюу Дубайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үр шимээр Монголын эдийн засаг сүүлийн гурван жил амьдарч байна. Тоон дүнгээр жил болгон дунджаар 600 тэрбум төгрөгийн татварыг Оюутолгойгоос өгсөн байдаг. Үүнийг дөрвөн жилээр бодвол 2.4 их наяд төгрөг. 

Нүүрсний үнэ дэлхийн зах зээл өндөр байсан, нэмэгдсэн өртгийн албан татварын систем дотоодод үйлчилсэн зэрэг нь   мэдээж эдийн засагт нөлөөлсөн.  Улс алдаж оноод л явж байна. Та зөв хэллээ, би 2010 оноос хойш уул уурхайгаар бараг дуугараагүй. 2006-2010 онд Оюутолгойн гэрээ хийгдэж байх үед байр сууриа удаа дараа илэрхийлж байлаа. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад буюу 2007 онд энэ гэрээг буцааж, хоёр дахь хувилбарыг нь С.Баяр дарга оруулж ирсэн. Гэрээг сайжруулах тогтоолд  миний хувь оролцоо  байсан. Оюутолгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 7-нд, дараа оны дөрөвдүгээр сарын 3-нд  Хөрөнгө оруулалтын гэрээ   зурагдсан. Түүнээс хойш би энэ талаар дуугараагүй. Учир нь, гэрээ хийгдсэн л бол бизнесийн зарчмаараа үйлчлэх ёстой. 
 

Шударга бизнест гэрээг биелүүлж, ашигтай байлгахын төлөө хоёр тал хичээдэг. Тэгж байж амжилт олно. Үр өгөөжөө өгнө. Хоёулаа санал нэгдэж байгуулчихаад эргэж буцдаг, нэг нь нөгөөгөө залилдаг байж болохгүй. Гэрээний оролцогч нэг тал   зүгээр суугаад, нөгөө нь хамаг ажлыг   хийчихээд ашгаа хувааж авна гэвэл бас хүндрэлтэй. Уул уурхайд төрийн өмч талаасаа  эрх зүйн маш том алдаанууд байдгийг би бүр 2010 онд хэлж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудал засагдах шинж рүүгээ орж байх шиг байна.

1992 оны Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийг ашиглах тухайд төрийн өмчийн тодорхойлолт бий. Гэтэл төрийн өмчийн эрхийг хамгаалсан хууль өнөөдрийг хүртэл гараагүй. Таны байр суурийг сонирхоё?
Төр хувийн буюу нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Энэ нь  өмчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн ойлголт. Гэвч Монгол Улс төрийнхөө өмчийг хуулиар огт хамгаалаагүй. Иргэний хуульд  байхгүй. Эрүүгийн хуулиас ч хайгаад олохгүй. Өмчийн эрхийг хамгаална гээд том, ерөнхий утгаараа байх ч тэр нь ихэвчлэн хувийн өмчийн хамгаалалтууд. Эсвэл төрийн өөрийн хамааралтай буюу барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдтэй холбогддог өмчийн хамгаалалтууд байх жишээтэй.  1996 оны Төр ба орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчийг хоёр хуваасан “төрийн нийтийн хамааралтай”, “төрийн өөрийн” өмч гэсэн заалтууд бий. Гэхдээ энэ бол төрийн өөрийн өмчийг зохицуулсан л хууль. Хуулийн 4.2-т “Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших эрх УИХ-д хадгалагдана. Үүнтэй холбоотой харилцааг энэ хууль зохицуулахгүй” гэж бий. 1996 оноос хойш төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль, ямар ч зохицуулалт гараагүй. 

Тэгэхээр сүүлийн 30 жилд хэн төрийн өмч  дээр эзэн сууж, тоглолт хийдэг вэ гэдэг нь харагдаад байна л даа. Яг ямар албан тушаалтнууд нь хамгийн том тоглогчид  вэ?
Шууд хэлэхэд, төрийн хамгийн өндөр албан тушаалд очсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга. Төрийн нийтийн хамааралтай өмчийн эзэмшлийн улс төрийн тоглолтуудыг энэ гурав л хийж ирсэн. Сонгуулиар гарч ирсэн хүмүүс ту­хайн дөрвөн жилийнхээ эзэмших эрх  дээр сайхан тоглолт хийчихээд зүгээр буугаад явдаггүй.  Монголын нийт баялгийн 99%-тай нь зууралдсан хэвээр байдаг. Сүүлийн хямралууд бол эзэд хоорондын л   зөрчилдөөн. Эзэн байхдаа төрийн нийтийн өмчөөр тоглодог энэ хэлбэр “Эрдэнэт”, “Монголросцветмет” үйлдвэрээс тодорхой харагддаг. Дараагийн эзэн нь өмнөх эзний  хийсэн зүйлүүдийг устгаж, үгүйсгэдэг. Сүүлдээ үүнээс нь гадна, дотны бүх хөрөнгө оруулагч  айдаг болчихсон. Хадгаа төрийн гурван өндөрлөгт барьж очдог гаж жишиг тогтсон. Улс төр, нийгэм эдийн засгийн хямралын уг үндэс нь энэ бүхэн дээр  тулж очдог л доо.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг “төрийн, нийтийн өмч” байхаар зохицууллаа. Баялаг олон нийтийн өмч байх хэлбэрийг олсон юм чинь энэ замаараа зөв замнах нь чухал гэдгийг ард түмэн илэрхийлдэг. Та үүнийг хэрхэн харж байна вэ?   
Үндсэн хуулийн зургаадугаар бүлэгт төрийн нийтийн хамааралтай өмчийн зохицуулалтыг оруулж ирсэн. “Хүзүү дагаад гуя” гэдэгчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох байдлаар тусгасан. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх тавдугаар сарын 25-наас хойш  шинээр бүрэлдэх УИХ-ын хийх ёстой хамгийн том ажил бол Төрийн, нийтийн хамааралтай өмчийн харилцааны хуулиудыг батлах. Эрүүгийн, иргэний, өмчийн харилцааны зохицуулалтын хуулиудад ч энэ дагуу өөрчлөлт хийгдэх ёстой. Үүнийг яаж хийх вэ гэдгийг ажиглах хэрэгтэй. Нэгд, өнөөдрийг хүртэлх уул уурхайд оруулж ирсэн хөрөнгө оруулалтууд бүгд царцах уу, үрэн таран болох уу, цаашаа зөв  явах уу гэдэг эгзэгтэй үед   Монгол Улс ирж байна. Хоёрт, нийтийн санхүү, нийтийн баялгийн дахин хуваарилалт ил тод байх ёстой. Эрх мэдэлтнүүд энэ хуваарилалтыг хийж чадах уу гэдэг асуудал. 

Нийтийн санхүү гэхээр татварын мөнгөний дахин хуваарилалт л төсөөлөгдөөд  байна, тийм үү?
Татварын мөнгөний дахин хуваарилалт одоо ч маш бүдэг, авлига хээл хахуулийн гол эх үүсвэр болчихсон. Байгалийн баялаг  үүнтэй адил нөхцөл байдалд байна. Өнөөдөр топ 100 компанийн 50 нь уул уурхайнх. Тэдгээрийг дагаад эрчим хүч, шатах тослох материал, тоног төхөөрөмжийн гээд маш олон компани бий. Тиймээс маш сайн бодлого, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. 

Нийтийн мөнгө, нийтийн санхүүтэй хол­­богддог  эрх мэдэлтнүүдийг хяз­гаар­­лах тогтолцоо манай улсад байна уу?    
Бондын 5 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 10 их наяд төгрөгийн асуудлыг хянах ёстой байсан гэдгийг Ардын намын нөхдүүдэд хэлдэг юм.  Ард түмэн үүнийг шалгах байх гэж итгээд 2016 онд Ардын намд бараг 100%-ийн санал өгсөн. Гэвч төрийн эрх мэдэлд хүрсэн мөртлөө 10 их наяд төгрөгийн ихэнхийг нь хэрэгсэхгүй болоод дууслаа. Өөрсдөө дундаас нь 30 тэрбумыг хулгайлаад түүндээ ороолцолдоод үхвэл хохь нь гэхээс өөр юу гэлтэй.  Энэ бол нийтийн мөнгө. Нийтийн мөнгө, нийтийн санхүүг төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалах хамгаалалт Үндсэн хуульд байдаггүй. Тийм болохоор УИХ-ын гишүүн, сайд мяндагтнууд бүгд  нийтийн мөнгөнөөс ямар нэг аргаар хумсалдаг. Үүнд хяналт тавьж чаддаггүй. Энэ бол Монгол Улсын  сүүлийн 25 жилийн гажиг тогтолцоо. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “нийтийн санхүү” гэсэн заалт орох ёстой байсан ч хүлээж авсангүй.  Ерөнхийлөгчөөс авахуулаад бүх шатны эрх мэдэлтнүүд, багийн Засаг даргад хүртэл нийтийн санхүүг хянуулах сонирхол байдаггүй. Ийм механизмыг хийсэн цагт л ЖДҮ, бондыг хянах боломжтой болно.  

 

Шинэ УИХ, Засгийн газар ийм механизм хийнэ гэдэгт итгэж байна. Польшийн 1997 оны Үндсэн хуулийг орчуулсан хүмүүсийн нэг нь би. Польшийн Үндсэн хуульд парламентын гишүүн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас ашиг олох зорилгоор аливаа нэг хэлбэрээр оролцсон бол гишүүнээс нь татдаг заалттай. Ийм явдал ная, ерөөд онд барууныхан социализмыг унагахын тулд зүүний нөхдүүдэд  маш их хэмжээний мөнгийг өгч байсан. Тэнд байсан эрх мэдэлтнүүд бэлэн мөнгөн дээр л ажилладаг, нийтийн аливаа зүйл дээр ажиллаж чадахаа больсон. Ийм үйл явц манай улсад өрнөөд байгаа юм. Тиймээс нийтийн санхүү дээр оролцдог бүх этгээдийг хязгаарлах системийг бид хийх ёстой. “Шадар гурван цэргийг” ч мөн  нийтийн санхүү рүү ордог эрхийг хязгаарлах хэрэгтэй. Ийм механизм хийхгүй бол тулгарах уршгийг ард түмэн үүрсээр л байх болно

Төрийн механизмыг ашиглан уул уурхай дээр эрх мэдлээ тогтоодог байдал сүүлийн хэдэн жил бүр хэр хэмжээнээсээ хэтрээд байна л даа. Та энэ тал дээр ямар ажиглалт, дүгнэлттэй байна вэ?  
Ер нь бол  Ашигт малтмалын ордууд дээр төрийн механизмыг ашиглан, түүнийг эзэмших явцдаа өөрийн дархлааг бий болгодог хэлбэрийг “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Монголын алт” гээд олон үйлдвэрээс харж болно. Тийм учраас төрийн механизмаар ашигладаг энэ  үйл явцыг шинэ хуулиар ил болгох хэрэгтэй. Эзэмших, ашиглах, өмчлөх үйл явц тодорхой байх ёстой. Өмчлөлийн хувьд төрийн өмч 27 жил, миний сая дурдсанаар  явж ирсэн боловч  УИХ зөвхөн эзэмших эрхийг нь эдэлдэг. Ашигт малтмалын тухай хуулийн хүчингүй болсон 29, 30 дугаар заалтаар Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг байсан.  300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийхийг  УИХ  Үндсэн хуулийн дагуу Төв, орон нутгийн өмчийн хуулиар шийдэж байна. Үүнийг тодорхой болгох ёстой. Нөгөөтэйгүүр, ийм бүдэг бадаг байдлаас болоод  уул уурхайн салбар ч  тодорхойгүй байдалд орох гээд байгаа юм. Төрийн, нийтийн хамааралтай өмчөөс бий болсон баялгаа Эрдэнэсийн сандаа татаж аваад Засгийн газар, хувийн компани, орон нутаг яаж эзэмшиж ашиглах юм гэдгийг хуулиар  тодорхой болгох хэрэгтэй.  Уул уурхай л гээд байгаа болохоос биш бэлчээр ой мод, ус бүгд төрийн нийтийн өмч. Нийт газар нутгийн 70 орчим хувийг малчид эзэмшиж байна. Гэх мэтчилэн малчнаас авахуулаад уул уурхайн хөрөнгө оруулагчдын  өмчлөл  бүгд тодорхой байх ёстой. 

Монгол Улс газрын хэвлийн баялгаа үнэлж чадахгүй байгаа нь олон асууд­лыг дагуулдаг. Хэрхэн үнэлэх вэ?
2010 оноос өмнө Оюутолгойн гэрээтэй холбоотой яригддаг гол асуудал нь баялгаа үнэлье, эс бүтвэл бүтээгдэхүүн хуваая,  чадахгүй бол үнэлж байгаад заръя гэдэг зарчмыг л тойрдог байсан. Польш улс 58 төрлийн эрдэс баялгаа үнэлсэн байдаг. Ер нь бол баялгаа үнэлээд урьдчилгаа авъя гэдэг нь арчаагүй төрийн систем. Процессын явцад татвар, роялтийг  авч чадахгүй, бүртгэл байхгүй тохиолдолд баялгаа урьдчилаад зарах  системийг хуульд  оруулсан байдаг. Хэрэв харилцан тохироод хяналтаа тавьж чадвал бүтээгдэхүүн хуваах гэрээгээр явж болно л доо. Харин манайд  баялгаа үнэлдэггүй нь бүр сонин нөхцөл байдлыг бий болгосон. Баялаг хөрсөн дороо бол үнэгүй. Хөрөнгө оруулалт хийгдэж, гарч ирэхээрээ үнэтэй болдог. Баялаг төрийн нийтийн хамааралтай өмч байвал төрийн зүгээс давамгайлахаа болино. Төр өөрөө нийтийн өмч рүү тодорхой зөвшөөрлөөр ордог болно. 

Төрийн, нийтийн хамааралтай өмчийн харилцааны хуулийг хууль тогтоох байгууллага маш зөв концепциор батлахгүй бол байгалийн баялгийн хуваарилалт буруу тийшээ явчих магадлалтай юм байна?  
Уул уурхайн мэргэжилтнүүд, өмчийн эрх зүйгээр мэргэшсэн судлаачид, төр засаг бүгд л энэ хуулийг маш онцгой анхаарахгүй бол коронавирус дэгдсэн, эрдэс баялгийн түүхий эдийн үнэ унасан энэ цаг үед хөрөнгө оруулагчид бүр зугтах вий дээ. Эрдэс баялгийн үнэ унасан, коронавирус шиг өвчин гарсан ийм үед хөрөнгө оруулагчид аль болох  алдагдал  багатай даван туулахыг боддог юм билээ. Нэг ёсондоо тэд эрсдэлийн үеийн менежментийг сайн хэрэгжүүлээд сурчихаж. Хоёр зуун жил уурхай ажиллуулсан хүмүүс чинь 20, 30 жилийн савлагааг тааруулаад л менежментээ хийдэг. Харин дөрвөн жилийн циклтэй манай засаг төр  “гэнэн хүүхэд” шиг зан гаргаж байгаад хөрөнгө оруулагчдад молигодуулдаг. Харин шинэ Үндсэн хуулийн нэг давуу тал нь Ерөнхий сайдад бүх эрх мэдэл төвлөрөх нь. Ерөнхий сайд кабинетаа байгуулаад Засгийн газрын  бүрэлдэхүүнээ  сонгуулийн өмнө зарлана. Энэ үүднээсээ Засгийн газар дөрвөн жил тогтвортой ажиллах болов уу гэж найдаж байна.     

Хөрөнгө оруулалт татдаг хайгуулын салбар үндсэндээ зогсонги байдалд орсон. Тусгай зөвшөөрлүүдийг маш өндөр цензуртэй, зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог тогтолцоотой болсоны дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүтэн жилийн хугацаанд хайгуулын зөвшөөрөл  шинээр  олгохгүй байх шийдвэр гаргаад удаагүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг төрд буцааж авна гэж мэдэгдсэнээс хойш хөрөнгө оруулагчид Монголыг зүглэхээ больсон. Сонгууль ойртож байгаа өнөө цагийг ч тэд маш анхааралтай харж байгаа. Нөхцөл байдлыг Та хэрхэн ажиглаж байна вэ?
Гадныхан Монголоос хэд хэдэн зүйлийг ажиглаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг ямар нэгэн аргаар эх орондоо авчирсан нөхдүүдийг шоронд суулгадаг юм байна. Энэ нэг дэх кэйс. Хоёр дахь нь  “Оюутолгой”. Ний нуугүй хэлэхэд 2009 онд Оюутолгойн гэрээнд оролцсон бараг бүх хүн шоронд орлоо доо. Ороогүйг нь нийгмийн хог шаар болгодог. Д.Зоригтод янз бүрийн  нэр хоч өгөөд, Л.Гансүхийг нүүрсний хэргээр шоронд суулгах жишээтэй. С.Баяр даргыг бас суулгах гэж үзээд л байна. Гаднаас хөрөнгөө оруулж ирснийг нь яаж ийгээд шоронд суулгадаг зураг эндээс тод харагдаж байгаа биз. Оюутолгойн Дубайн нэмэлт гэрээнд оролцсон бүх хүн шоронд суусан. Б.Бямбасайхан Ерөнхийлөгчийн хажууд очоод амьд гарч байх шиг байна. Ерөнхийлөгч солигдвол аягүй бол шоронд орж мэднэ. Ийм нөхцөлд гадны ямар ч хөрөнгө оруулагч Монголд итгэхгүй болж байна. Үндсэн хуулиа бүр өөрчлөөд   ирж байгаа энэ төр коммунизм руугаа алхахад бэлэн гэсэн айдас хөрөнгө оруулагчдад төрнө шүү дээ. Өөрсдөө айгаад зогсохгүй монголчууд дотроо бие биетэйгээ яаж харьцдагийг ажиглаж байна. 

Том гэрээнүүдэд оролцсон хүмүүсээс нийгэмдээ сэвгүй үлдсэн нэг ч хүн  байхгүй болсон. Одоо “Тавантолгой” төсөл тойрсон хэрүүл эрчимжлээ.
Төрийн эрх барих гэж эрмэлзэж байгаа улс төрийн намууд том төлөвлөгөө, бодлого, гэрэл гэгээтэй зүйлээ ярьж өрсөлддөг байсан ч сүүлийн арваад жил үүнийхээ эсрэг болсон. Харин коронавирус гарснаас хойш монголчууд сонгуулийн элдэв хар мэдээнд дарагдалгүй өнгөрч мэдэхээр байна. Гэхдээ яаж тэсэхэв гэдэг шиг коронавирус гарсан гараагүй хамаагүй гээд хоёр талаасаа дайралцаад эхэлсэн. Ийм үед “Тавантолгой” төсөл  явахгүй нь ойлгомжтой.     

Үе үеийн Засгийн газар   мега төслийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмэнд бодит өгөөжийг нь өгөх гэж оролддог ч ямар нэг байдлаар улс төржилтийн хайчинд орж бүтэлгүйтдэг. Ярилцлагын сэдвээ Тавантолгой руу хазайлгая. Та энэ төслийн талаар хэр бодитой мэдээлэлтэй вэ?
Тавантолгой ордод 1957 оноос орон нутгийн уурхай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Социализмын үед хувийн өмчийг нийгэмчлээд хожим “Би Эйч Пи Биллитон” компани тусгай зөвшөөрлийг нь хоёр жил орчим   байтал 2000 онд эрдэс баялгийн үнэ унаж, ёстой шалан дээр буусан л даа. Унц алт 212 ам.доллар болж байлаа. Коксжих нүүрсний үнэ ч  тэр үед маш хямдхан  байсан.  Ингээд “Би Эйч Пи Биллитон” ашиггүй төсөл  гэж үзээд тусгай зөвшөөрлөө буцааж өгсөн байдаг. Ингээд өнөөх нь нэгэн офицер залуугийн гарт, дараа нь явсаар Сү.Батболдод очсон. 

Сү.Батболд бараг арваад жил шахуу өөр дээрээ байлгаад 6.7 тэрбум тонны нөөцтэй энэ том ордыг ганцаараа эзэмшиж чадахгүй юм байна  гэж үзээд 2007 онд төрд буцааж өгсөн байдаг. Тухайн үед иргэний хөдөлгөөнүүдийн хүчтэй давалгаа ч гарч ирсэн. 1996 оныг хүртэл монголчууд газрын хэвлийн баялгийн үнэ цэнийг уул уурхайнхан л бий болгодог гэж ойлгодог байлаа. Тэд үйлдвэрлэлээ явуулж ашгаа олоод улсдаа өгөх юмаа өгдөг ёстой, жирийн иргэний хийх ажил биш гэж үздэг байсан хэрэг. Тэгтэл хэт либераль гэгддэг 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл иргэдэд очдог болсон. Тэр иргэдийн цаана мэдээж янз бүрийн хүмүүс ч байсан. Ингээд С.Баяр Ерөнхий сайдын үед Сү.Батболд Тавантолгой ордын тусгай зөвшөөрлийг төрд буцааж өгсөн юм. Ингэж буцааж өгөх үйл явцад одоогийн Ерөнхийлөгчийн идэвхтэй оролцоотой “Соёмбо” хөдөлгөөнийхний нөлөө ч  их байсан. Ингээд Тавантолгой ордын нийт нөөцийн 4% буюу Ухаахудагийг үлдээгээд, 96%  нь улсад очсон. Өнөөдөр Тавантолгой дээр төрийн, хувийн, орон нутгийн гэсэн гурван янзын менежмент   явж байна.

2013 оны эдийн засгийн хямралаар 4 тэрбум ам.доллар хүрч байсан хөрөнгө оруулалт 100 сая ам.доллар хүрч  буусан гашуун үе  бий. Ийм үед эдийн засгаа томоор нь хөдөлгөх хөшүүрэг нь Тавантолгой гэж хаа хаанаа үзэж байсан. Хямралаас гарах гарц тухайн үед Тавантолгой байсан нь зөв үү?  
Эрх баригчид эдийн засгийн хямралд маш их сандарч гарц шийдэл хайж байсан. Ингээд   2013 оны  аравдугаар сарын 27-нд   Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан юм. Энэ хуулиар УИХ өөрийн зарим эрх үүргээ Засгийн газарт шилжүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар заалтыг хүчингүй болгосноор Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг эрх Засгийн газарт очсон л доо.  Энэ хоёр гэрээг УИХ-тай байгуулахад арай болж өгөхгүй юм байна гэж үзээд нэг шат доошлуулан  Засгийн газарт, түүн дотроо сайдад эрх мэдлийг нь өгсөн юм. 

Сайдаар зогсохгүй бүр агентлагийн даргад ч энэ хоёр гэрээг байгуулах эрх нь очсон байх аа?
Яг тийм. З.Энхболдын өөрийнх нь баталсан  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу М.Энхсайхан Тавантолгойн ордын төслийг боловсруулсан.  Б.Бямба­сайхан ч мөн Дубайн хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг  энэ хуулийн хүрээнд үзэглэсэн. Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар агентлагийн даргад ирсэн эрх мэдлээрээ л хандсан асуудал.   

Тэгэхээр томоохон төслүүдийн гэрээ байгуулах эрх зүйн орчныг УИХ баталж өгчихөөд тэр дүрмээрээ ажлаа хийсэн хүмүүсийг шоронд явуулдаг жишиг эндээс харагдаж байна?
М.Энхсайханы хувьд нүүрсээ угаагаад, баяжуулаад, нүүрснээс гаргаж авч болох бүх бололцоотой зүйлийг аваад бүтээгдэхүүнээ тулсан үнэд хүргэх   л зорилготой ажилласан. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг байдлаар   хандсан. Ний нуугүй хэлэхэд хэн энэ том төслүүд дээр гарын үсэг зурж, эзэн болох вэ гэдэг тулаан улс төрийн бүлэглэлүүдийн хооронд өрнөж байна. Оюутолгойн хоёр гэрээн дээр ч мөн адил  хоорондоо  үзэлцсээр байсан бүлэглэлүүдийг  С.Баяр Ерөнхий сайд зангарагаараа зангидаж байж гарын үсэг зурсан шүү дээ. С.Баяраас өмнөх Ерөнхий сайдуудын зангараг энэ хоёр гэрээн дээр  үнэндээ хүрдэггүй байлаа. Улс төрийн бүх тохиролцоонд хүрч чадаагүй.  Тавантолгой дээр ч мөн Ерөнхий сайдын зангараг дутдаг. Гэхдээ өнөөгийн хүндрэлтэй үед улс төрийн  өмнөх эрх мэдлийг байхгүй болгоод дараагийн шадар гурван цэрэг гарч ирсэн. Энэ шадар гурван цэрэг хэр эвтэй найртай байхаас шалтгаалах зүйлүүд бий. Хэдий тийм ч эвтэй байна гээд шударга зарчмаа, зах зээлийн зарчмаа, уул уурхайн салбарын зарчмаа бариад асуудалд зөв хандаж ажиллах нь бас эргэлзээтэй. 

Уул уурхайн салбар уур, мунхаг, шуналаа дарж чаддаггүй хүмүүсийн цуглуулга болж харагддаг


Иргэдэд очсон 1072 хувьцааг амилуулж байгаагаа “Эрдэнэс Тавантолгой” компани саяхан зарласан. Сонгуулиас өмнө  хувь­цааны ногдол ашгийг иргэдэд олгоно гэж байгаа ч энэ хэр үр өгөөжтэй шийдэгдэх бол?
Тавантолгой ордын тусгай зөвшөөрлийг төр засагтаа өгсөн Сү.Батболд хувь заяаны эрхээр Ерөнхий сайд болж, иргэний нийгмийн шахалтаар 1072 хувьцааг олгох шийдвэр гаргаж байсан. Тухайн үед “Монгол 999” компани хүртэл байгуулагдаж монголчууд өөрсдөө хөрөнгө оруулж, менежмент хийе гэж шахсаар байгаад 1072 хувьцааг олгохоор болсон юм.1072 хувьцаа бол аль ч талаасаа хуулиар зохицуулж болдоггүй төвөгтэй механизм. 2008 оноос хойш 1072 хувьцаатай холбоотой ямар ч механизмыг  хийж чадаагүй. Нийт ард түмний оролцоотой энэ хувьцааг хэн төлөөлөх юм,  ард түмнээ Ерөнхийлөгч төлөөлөх юм уу, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар төлөөлөх юм уу гэдэг ойлгомжгүй. Энэ механизмыг хийх бололцоо өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд байсан ч хийгээгүй. Үүнийг эзэнгүйдүүлэх сонирхол ч их байна. Араас нь хэсэг улс төвлөрөөд явж байснаас ингээд задгай байж байх нь амар хялбар гэж боддог бололтой. 1990-ээд оны хувьчлалын дараа жижиг хувьцаа эзэмшигчид хэн ч биш, тавиас доош хувьцаа эзэмшигч бол хог дээр гар гэсэн байдлаар л ханддаг. Тэр хоёр сая хувьцааг багцлаад төрийн тэргүүн нь ард түмнээ төлөөлдөг байж болно.  Хувьцаа эзэмшигчдийнх нь хуралд ч төлөөлөн сууж болно шүү дээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дарга, 21 аймгаас Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын дарга нар ч хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж болох уу?
Бололгүй яахав. Гэтэл ингээд задгай байж байх нь эрх баригчдад л  ашигтай.  Мэдээж нийтийн мөнгө хуримтлуулах нь төвөгтэй механизм. Уул уурхайн салбарт өмчийн эзэн байх, хувьцаа эзэмших асуудлууд бүгд түүхий хэвээр байна. Улс төр, эдийн засаг талаасаа асуудлыг жигдэлсэн, системчилсэн товхимолууд ч алга. Ийм төвөгтэй байдал улсын эдийн засгийг бэрхшээлтэй болгоод зогсохгүй үүнийг улс төрийн бүлэглэлүүд   зодооныхоо талбар болгон ашигладаг. 

Уул уурхайн салбарт төрийн механизмыг ашиглан эрх мэдлээ тогтоодог хэлбэр амь бөхтэй оршиж байгаа талаар өмнө цухас дурдсан. Энэ талаар  тодруулж ярина  уу? 
2008 онд  Өршөөлийн тухай хууль батлагдсан. Татварын зарим хууль, нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай тун төстэй нэг хуулийг 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд нууц хурлаар баталсан байдаг. Тэр нь 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны зургаадугаар сарын 30 хүртэл хэрэгжсэн “супер” Өршөөлийн тухай хууль. Тухайн оны нэгдүгээр сарын 21-нд Татварын өршөөл үзүүлэх хоёр хууль батлагдсан. Одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Юутай ч 2008 оноос өмнө хөрөнгөжсөн олигархиуд Өршөөлийн хуулиар бүх юмаа цайруулаад авчихсан. Харин жирийн иргэд, жижиг дундууд огт  ашиглаж чадаагүй. Ингээд зах зээл дээр тэнцвэртэй бус байдал бий болчихсон юм. Би 2012 онд Ерөнхий сайдын зөвлөх болж очоод тэр хоёр өршөөлийн хуулийг хартал  хуульд хамрагдсан  2000 компанийн орлого 3-5 дахин, 40 мянган компанийн дундаж орлого хоёр дахин  өссөн байсан. Нэг ёсондоо төрийн ивээлийг ашигласан компаниуд зах зээл дээр улам томроод, ашиглаж чадаагүй нь нурсан.  Тийм учраас дахин Өршөөлийн  тухай хууль гаргах санал гаргаад 2015 онд Ил тод байдлын тухай хууль баталсан. Энэ хуулиар татварын өөрчлөлт, НӨАТ-ийн систем энэ тэр хийгдсэн л дээ. Ийм эрх чөлөө олгогдсоны дараа бизнес эрхлэгчид санхүүгийн системээ форматалж, өмч хөрөнгийн  бүх  асуудлаа цэгцлээд шинээр зоригтой бүтээлч хөдлөх болов уу  гэж харж байлаа. Миний хүссэнээр болоогүй. Учир нь, нэгд  уул уурхайн салбарынхан хуулийн зохицуулалтаар төрийн механизмтай нягт холбогдож байж бизнесээ жаахан явуулна. Хоёрт, уул уурхайн салбар ерээд онд зах зээлийн дүрмээр, өөрсдийнхөө оюун ухаанаар бизнесээ урагшлуулдаг байсан бол сүүлдээ  төрийн механизмыг ашигладаг болсон. 

 

Шүүх, цагдаа, тагнуулын байгуул­лага зэрэг  төрийн институтийг өрсөлдөг­чийнхөө эсрэг зэвсэг болгочихсон. Төрийн институтэд хэр олон хүнийг шингээж чадсанаараа бизнес нь баталгаа  болдог жишиг тогтсон гэж хэлж болно.  u Энэ идээ бээрээсээ салж чадахгүй байна. Алтныхан, нүүрснийхэн нийлж нэгдээд зөв зохицуулалт  хийгээд явах юм болов  уу гэж  итгэж байсан,  үгүй юм билээ. Одоо бол бүгд төрдөө хадаг бариад очдог жишиг бий болсон. Алтныхан 2018, 2019 онд олборлосон алтаа ажилчдынхаа нэр дээр тушаасан үйл явцыг харахад л хадаг бариад очдог нь ойлгомжтой болдог. Хуулиараа татварынхан 800 сая ам.долларыг энэ салбараас авах ёстой л доо. Шатахууны бизнест жилдээ 50 цистерний 20-30 нь хуурамч гэж яригддаг. Гэтэл тэр нь илрэнгүүт бүгд эрх мэдэлтнүүдэд хадаг бариад очиж байна. Нүүрснийхэн хоорондоо зодолдоод болж бүтэхгүй болохоороо шадар гурван цэрэг дээр том том мөнгөн дүнтэй хадгаа мөн л бариад оччих жишээтэй.  Хамгийн гол аюул нь бүгд төрийн өмч, дээр нь төрийн өмчийн зохицуулалт байхгүйн улмаас шадар гуравтаа л очихоос аргагүй болдог. Дахин хэлэхэд шинэ Үндсэн хуулиар энэ байдал засрахгүй бол монголчууд 70 жил амьдарсан нийгэм рүүгээ буцаад очино.             

Гэхдээ уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс дуугарахгүй байна л даа. Цэвэр мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой үгүйлэгдэж, харин хийрхэгч, мэдэмхийрэгчид өнөөдрийн нийгмийн өнгө төрхийг тодорхойлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
Тантай санал нэг байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль бол хэт либераль хууль. Зах зээл эхэлснээс хойш  хөлөө олоогүй хоёр байгууллага   Геологи болон  уул уурхайн институт. Энэ хоёр байгууллагыг эхлээд устгасан. Нэг нь Баянхошуунд З.Энхболдын авсан байшин, нөгөө нь Бэлхэд байдаг Уул уурхайн хүрээлэн. Социализмын үед тус бүрдээ 200 гаруй мэргэжилтэнтэй оюуны төв байсан. Энэ хоёр хүрээлэнг эхлээд задалсан юм билээ. Хүрээлэнд ажиллаж байсан тэр олон сэхээтнүүд “Алт” хөтөлбөрийн дараа  энэ тэнд алтны шороон орд тэврээд хэвтчихсэн. Ингээд уул уурхайн салбарын оюун ухаан, түүх нь байхгүй болоод зогсохгүй үлдэж хоцорсон орон зайд нь хэсэг наймаачид очоод суучихсан байхгүй юу. Хатуухан хэлэхэд, манай геологи, уул уурхайн чиглэлийн эрдэмтэн судлаачид өөрийнхөө ертөнц рүү орж ирэхээс айдаг эмээдэг, бүр үзэн яддаг болсон. Зөвхөн ашиг олж, зарж борлуулах зорилготой   огт өөр  мэргэжлийн хүмүүс тэдний ертөнцийг дүүргэчихсэн юм чинь аргагүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн сэтгэл зүрх, мэдлэг чадвар нь зөвхөн тэр ертөнцийнхөө  төлөө явдаг. Түр зуурын ашиг олдог одоогийн этгээдүүдэд бол ашиггүй. Ер нь бол салбарын мундаг мэргэжилтнүүдийн дуу хоолойг боох, дарамтлах байдал бий болсон. Үүнээс болоод  цаг бусаар өөд болсон хүмүүс ч бий.  Уул уурхайн салбар уур, мунхаг, шуналаа дарж чаддаггүй хүмүүсийн цуглуулга болж харагдаад байгаа. 

Коронавирусын  цар тахал, дэгдэлтийн улмаас дэлхий даяараа эдийн засгийн хямралд орлоо. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал  ч хүндхэн байна. Засгийн газрын зүгээс энэ чиглэлд дорвитой, зоримог алхам хийхгүй байгааг эдийн засагчид шүүмжилж байна. Эдийн засгийн хямралыг даван туулах бодит төлөвлөгөө боловсруулж, төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн  байр суурийг баримталдаг хүмүүсийн нэг нь Та. Нэн түрүүнд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой вэ?
Төсвийн тодотголоо нэн яаралтай хий гэж тав дахиа хэлье. Эрх баригчид сонгууль болоход гуравхан сар дутуу байгаа болохоор нөгөө тууз хайчлах үйл явдлууд бүгд байхгүй болчих вий гэж айгаад байгаа бололтой.  Жинхэнэ улстөрч бол төсвөө одоо л зоригтой танадаг цаг. Алтны үнэ жаахан өсөлттэй ч 9%-ийн уналттай байна. Нүүрсний экспорт хэсэг хугацаанд тэг зогсолт хийлээ. Нүүрсний экспорт сэргэлээ ч худалдаж авдаг тал нь дөрвөөс таван сар болж байж жигдэрнэ. 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгойн экспортыг гурван сарын хугацаатай зогсоож байсан. Улстөрчид л ийм тэнэг шийдвэр гаргадаг. Уул уурхайн үйлдвэрлэлийг зогсоож болдоггүй, зогсоолоо ч дахиж асаах гэж түүнээс  илүү зардал гардаг юм. 2013  оны нэгээс гурван сарын хооронд коксжих нүүрсний үнэ 150 ам.доллараас 30 ам.доллар буюу тав дахин унаж байсан. Сү.Батболдын Засгийг газрын тонн тутмыг 57 ам.доллараар хийсэн гэрээг манай талаас хямдхан байна гэж хэлэнгүүт цаад талаас хүчингүй болсон удаатай. Ингээд 2013 оны нэгдүгээр сард Н.Алтанхуяг Ерөнхий сайд 2.7 их наяд төгрөг хэвлэж тараасан түүхтэй. Гол нь тэрийгээ гурван сарын хугацаанд нүүрсний орлогоороо нөхнө гэж тооцсон ч сүүлдээ модоо барих шахсан шүү дээ. Яг ийм үйл явц өнөөдөр үүсээд байна. Сар гаруй хугацаанд нүүрсний экспорт хийгдсэнгүй, жигдэртлээ бараг хоёр гурван сар шаардагдана. Энэ байдлаараа манай төсвийн нийт алдагдал 5 их наяд болох юм. Энэ хооронд Монголбанкны хүзүүг нь мушгиж байгаад мөнгө хэвлүүлчих гээд л  үзэж байна. Эцсийн эцэст улсын төсөв орлогоо олж байж зарлагаа гаргадаг нь энгийн логик ойлголт. Эрдсийн үнэ унасан энэ нөхцөлд аж ахуйн нэгжүүд зардлаа ч нөхөж чадахгүй нь. Зэсийн үнийг  төсөвт  бараг 6000 ам.доллараар тооцсон. Гэтэл олон улсын зах зээлээс харахад тонн зэсийн үнэ 4000 ам.доллар руу ч бууж магадгүй болсон байна. Ийм нөхцөлд бид ямар орлого олох билээ. 

Мөнгө хэвлэбэл наадмын дараа бүрэлдэх Засгийн газарт  том өр үлдэх нь дээ?
Өр үлдэнэ.  Шинэ Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оройлохоос гадна зургаадугаар сард төлөх Хятадын своп гэрээний 1.8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэх ёстой. Намраас “Чингис” бондын эхний 500 сая ам.долларын төлөлт эхэлнэ. Дараа жил гарангуут    1 тэрбум ам.долларын өр орж ирнэ. Би зөвхөн төр засгийн тавьсан өрүүдийг ярьж байна. Хувийн компаниудын нийт 18 тэрбумын зээл бий. Коронавирусын дэгдэлт, эрдэс баялгийн уналтаас болоод тэд бас алдагдалд орно. Ингээд 18 тэрбум жинхэнээсээ өр болно. Тэгэхээр бид ойрын хоёр гурван жилдээ макро түвшний хямралаас үүдэлтэй том зовлон дундуур явна. Үүнд бүгдээрээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн эхний бэлтгэл ажил бол төсвөө танах. Хувь заяаны эрхээр дараагийн засаг эдийн засгийн маш том намаг балчиг туулна. Тэр үед коронавирус дарагдаагүй байх магадлалтай. Эдийн засаг хөдөлгөөнд оршиж байж л жинхэнэ утгаараа эдийн засаг болдог. Хөдөлгөөнгүй царцвал бүх нөөцөө барж дуусна. Ийм аюулыг олж харахгүйгээр гоё цаасан малгай өмсгөж болохгүй. 

Уул уурхай ашиг өгөхөөсөө илүү төсвийн зардлаа дийлэхгүй, төрөөс татаас авах дээрээ тулж ч мэдэхээр  байна шүү дээ. 

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 1%-иар бууруулсан. Энэ нь эдийн засагт бодит дэмжлэг болж чадах уу?
Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10%-д хүргэсэн нь эдийн засагт бодит  дэмжлэг болж чадахгүй. Арилжааны банкуудын нөөцийг хоёр пунктээр буулгалаа. Гэвч арилжааны банкуудаас  компаниуд л мөнгө авдаг. Өнөөдөр компаниудын үйл ажиллагаа зогссон байхад банкнаас зээл авах компани олдохгүй. Хоёрдугаарт, онцгой энэ үед Монголбанк  арилжааны банкуудыг удирдах эрхтэй.  Арилжааны банкуудын хамгийн эрсдэл өндөртэй зээлийн төрөлд тооцогддог тэтгэврийн зээлийг төрөөс тэглэлээ. Одоо дахиад арилжааны банкууд онцгой нөхцөл байдлыг далимдуулж  хэрэглээний зээлийг мөн төрөөс тэглэх зальтай арга хэрэглэж байна. Бодлогын хүүг 5% хүртэл буулгах бүрэн боломжтой. 2016 онд дөрвөн нэгжээр бууруулж байсан. Мөнгө хумих болохоороо 4-5 нэгжээр нэмэгдүүлдэг, буулгахдаа 4-5% руу оруулж яагаад чаддаггүй юм бэ. Засгийн газар, Монголбанк өнгөлөн далдалт хэлбэрийн амь аргацаасан шийдвэр гаргаж байна. Эрсдэлд зориулсан эдийн засгийн менежмент алга. 

Хадгаламжийн хүү 12-13%-тай байгаа. Үүнийг буулгаж болох уу?
Хадгаламжийн хүүг 5% дээр буулгаж болно. Улс даяараа зогсонги байдалтай энэ цаг үед  нэг хэсэг нь мөнгөө 5 их наядаар нь хадгалуулчихаад сууж  байж болохгүй биз дээ. Хадгаламжийн 8 их наяд төгрөгийн 5 их наяд нь татвар төлөгч бидний мөнгөөр 11%-иар төлөгддөг. Арилжааны банкууд Монголбанкны үнэт цаасыг 5 их наяд төгрөгөөр аваад буцаагаад өгөхдөө 11%-ийн хүүтэй  авдаг. Тэр 11%  нь татвар төлөгч бидний  л  мөнгө. Энэ нь бараг 8 тэрбум төгрөг. Банкинд ямар ч эрсдэлгүй. Тэгвэл тэр 3 их наядын асуудлаа өөрсдөө л  шийдэх хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн жил  банкны салбарын хуулиудыг өөрчлөхдөө арилжааны банкуудыг яг арилжааны   хэлбэрт нь оруулсан.  2008 оны хямралын үед арилжааны банкинд хөрөнгийн биржийн эрхүүдийг өгч байлаа.  Арилжааны банкуудад   худалдан авах эрх  олгосон гэсэн үг. Ингээд арилжааны банкууд төрөөс олгосон эрхийн дагуу Дарханы цементийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг худалдаж авч байсан. Тэр байтугай гадны зах зээлээс бонд  босгоод 500 сая ам.долларыг төв банкиндаа буцааж өгч байсан л даа. Одоо ч мөн Төв банк Худалдаа хөгжлийн банкинд 500 сая ам.долларын өртэй. Энэ бол 2009 оны хямралын үеэр хуульд суулгаж өгсөн, төрөөс олгосон эрх. Дараа нь хямрал намжихад энэ цонхоо хаагаагүй. Тэгэхгүй бол арилжааны банкууд Монголын бүх бизнесийг худалдаж авдаг, зохицуулдаг нэг тоглогч болчих гээд байсан.  Олон улсын валютын сангийнхан үүнийг олж харчихаад банкны системд өөрчлөлт хийх оролдлого хийх гэж үзсэн. Сүүлийн хоёр гурван жилд Засгийн газар бонд гаргаагүй нь ийм учиртай. Тэгтэл Төв банк нь өөрөө бонд гаргаад эхэлчихэж байгаа юм. 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 5 их наядын бонд гаргасан байх жишээтэй.  Мөнгөний хүү буулгахад долларын хэрэгцээ унадаг. Манай улсын импорт 30% уначихаж байгаа биз дээ. Импортод явдаг доллар өөрөө хэрэггүй болж байна л даа. Импорт унана гэдэг валют гадагш урсахгүй л гэсэн үг. Энэ байдлаараа долларын  хэрэгцээ ч байхгүй болох талтай. Яг энэ чиглэлээр зоригтой шийдэл гаргах хүмүүс алга. Тийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь уриад уулзах хэрэгтэй. Тэд чинь алдсан ч оносон ч ямар нэг арга замаар хямралыг туулаад гарсан хүмүүс. Тэдний оролцоотой  зөвлөл байгуулаад улс төрийн шийдвэр гаргаж болно. Түүнээс биш ганц Ч.Хүрэлбаатарын толгой хүрэхгүй ээ.   

Зах зээл дээр мөнгө дутагдаж байна. Арилжааны банкуудад байгаа 8 их наяд төгрөг буцаад зээлэнд гарна, тийм үү? 
Энэ мөнгөний 70-80% нь уул уурхайн компаниудад, харин маш бага хэмжээний зээл иргэдэд очно.  Энэ  зээлийн орон зайг банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд л нөхдөг. Арилжааны банкуудад байгаа 12%-ийн хүүтэй зээл иргэд, жижиг дундуудад очдог. Үүнийг дундажлахаар 16%-ийн хүү болдог. Монголбанк том зээлүүдээ тусад нь гаргаад үлдсэн зээлээ ломбардтай холбовол 30 орчим хувийн хүүтэй зээл гарна. Хамгийн жижиг аж ахуйн нэгж, иргэдэд ийм үнэтэй мөнгө очиж байгаа нь ядуурал руу түлхэж байгаа хэрэг. Тийм учраас Монголбанк бодлогын хүүгээ 5%  дээр аваачих юм бол хадгаламжийн хүү ч буурна, жижиг дунд аж ахуйн нэгж, иргэд рүү хямд мөнгө  очно. Эдийн засагт мөнгө хэрэгтэй. Дэлхий даяараа төв банкууд бодлогын хүүгээ буулгаад байгаа  учир энэ. Зах зээл рүү мөнгө гаргаж, ажлын байр бий болгон хөрөнгө оруулж, тэндээсээ ашиг олохоосоо илүүтэй арилжааны банкинд хадгалах нь хамгийн ашигтай. Тийм ч учраас “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нэлээд их мөнгө арилжааны банкуудад хадгалаатай байгааг Ардын намын нөхдүүд огт шалгахгүй байна. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газраас 10 тэрбум төгрөгийг 2%-ийн хүүтэй авчихаад жилд дунджаар 1 тэрбумын хүүг хүртээд сууж байна. Нэг ёсондоо нийтийн мөнгийг зохицуулалтаар гаргахаар дундаас нь арилжааны банкууд завшиж мөнгө хүүлдэг процесс явагдаад байна. Дахиад мөнгө гаргахаар хууль бус ийм үйлдлээр дундаас нь завших гэсэн нөхдүүд отоод сууж байна.      

Засгийн газрын хуралдаанаар бизнесийг дэмжих чиглэлээр шийдвэр гарсан. Нийгмийн даатгалын шимт­гэ­лийн алдангийг түр зогсоох, түрээсийн төлбөрийг бууруулсан компаниудад хөнгөлөлт үзүүлэх зэр­гээр ажиллах нь. Гэтэл үүнийг маш хангалтгүй шийдвэр гэж үзэх хүмүүс олон байна. Та санал нийлж байна уу?  
Энэ бол далайд дусал төдий ажил. Улсын төсөвт нийгмийн даатгалын шимтгэл гэхээр юм бараг байдаггүй юм. Үүнийг арга хэмжээ авсан болгож гоёор харагдуулах гэж хичээж байна. 70-80 мянган хүн ажиллаж байгаа уул уурхайн салбар зогсвол цалингаа наанадаж өгч чадахаа болино. Тэд бүгд байр, цалингийн зээлтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хувь хүний орлогын албан татварыг 25%  нэмж байсан. Тухайн үед Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс татвар төлөхгүй гэсэн шахалтыг УИХ-д өгч байж буцааж хэвэнд нь оруулсан. Тэтгэврийн насыг хатуу тогтоох байсныг бас уян хатан болгосон. Ялангуяа хувь хүний орлогын албан татварыг 10-25% болгох юм бол хамгийн түрүүнд хамгийн их хэлмэгдэх  нь уул уурхайн салбарынхан. У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнийг хүчингүй болгосон нь   уул уурхайн салбарынханд  их баяртай үйл явдал болсон. Хүндрэлтэй ийм явдал болсныг тухайн үеийн Төрийн өмчийн хороо, Д.Чойжилсүрэн сайд олж хараагүй л дээ. Өнөөдөр яг ийм байдал дахин үүсэх гээд байна. Хямрал цааш хоёр гурван сар үргэлжлэх юм бол 70 мянган хүн цалингүй болоход ойрхон. 

Эдийн  засгийн эрсдэл тулгарсан энэ үед төр аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулахгүй байгааг  шүүмжилж байна. Төрийн ямар зохицуулалт аж ахуйн нэгжид шаардлагатай вэ?
Засгийн газрын хуралдаанаас аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ямар ч шийдвэр гарахгүй байна. Аж ахуй нэгжүүд орлогогүйд хүрлээ. Орлогогүй болсноор татвар төлөх боломжгүй. Татвар төлөхгүйд хүрвэл төсвийн орлого бүрдэхгүй. Тийм учраас улсын төсөвт суулгасан хэрэггүй, үр ашиггүй зардлуудаа эргэж харах шаардлагатай. Засгийн газарт эдийн засагт оролцдог институцийнхаа хийх ёстой ажлуудыг хийгээч ээ. УИХ-ын харьяанд байдаг байгууллагуудын өмнөөс  ажил хийсэн нэртэй болж харагдах хэрэггүй. Компаниудын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед ажилтнуудын цалингаас суутгадаг даатгалууд дотор ажилгүйдлийн даатгал зэрэг төрөл бүрийн даатгал ордог. Эдгээр даатгалын санг онцгой энэ үед ашиглах ёстой. Засгийн газар даатгалуудын сангийн онцгой үүргийг одоо л хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Засгийн газар өөрт ногдсон улсын төсөвтэй холбоотой асуудлыг даруй шийдэж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Өнөөдөр дэлхийн улс орнуудад парламент нь шуурхай хуралдаж, хууль баталж асуудалд хандаж байна. 

Саяхан өрнөсөн нэгэн үйл явдал  мөнгөний бодлого дээр тоглодог гол банкууд тэтгэврийн зээлийн 730 тэрбум төгрөгийг  Хөгжлийн банкны бондыг худалдаж авах нэртэйгээр шийдчихлээ. Хөгжлийн банк ч гэж юу байхав, яг үнэндээ мөнгө хэвлээд тараасан. Хамгийн эрсдэлтэй нь яг хэчнээн хувийн хүүтэй бонд гэдэг нь тодорхойгүй. Та Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүний хувьд мэдсэн зүйл байна уу?
Тэтгэврийн зээлийг тэглэхэд 730 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Эцсийн дүндээ Хөгжлийн банкнаас 730 тэрбумын бонд гаргаад түүнийг нь арилжааны банкууд худалдаж авлаа. Энэ нь яг нарийндаа мөнгө хэвлээд тараасан л үйлдэл. Хамгийн гол нь Хөгжлийн банкны бонд нь хэдэн хувийн хүүтэй вэ гэдэг нууц. Миний таамагласнаар 17 юм уу 20 хувь л болов уу. Ямартай ч тэр бондыг арилжааны банкууд инээд алдаад авсан. Үнэндээ тэтгэврийн зээлийг тэглэхэд хамгийн их хожсон нь арилжааны банкууд. Арилжааны банкуудын 730 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээлийг төр өмнөөс нь төлөөд өгчихлөө. Дээр нь Хөгжлийн банкны нэр дээр хүүтэй бонд аваад бүр башийлаа. Арилжааны банкууд ингэж л суйлдаг юм. Хямралын үеэр банкууд битгий суйлаад байгаач ээ гэж миний хэлээд байдгийн учир энэ. Арилжааны банкууд зээлээ тэглүүлээд л  маргаашнаас нь ахмадуудад дахиад зээл олгоод эхэлчихэж байна. Ингэж л хожиж байна даа. Ахмадуудын бараг 60%  зээл авдаггүй байсан бол одоо бүгд тийшээ хошуурцгааж байна. 430 мянган ахмад бүгд зээл  авах гэж оролдоно. Харин иймэрхүү улс төрийн амлалтууд их хийгдэх байсныг коронавирус  дараад  чимээгүй болгож байх шиг байна.  

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.