Тавантолгойн IPO өмч хувьчлал мөн үү?

2020-04-27 13:34

Г.Идэрхангай

The Mongolian Mining Journal /003.2020/

“Тавантолгойн уурхайг хувьчлах нь”  гэсэн үг олон нийтэд маш хүчтэй хүрдэг

Эрдэнэс Тавантолгой”-н IPО-г олон улсын бирж дээр гаргах ажлууд сүүлийн арван жил  бүтэлгүйтэж ирсэн. Түүхээ сөхөөд харахад гадны гэхээсээ дотоодын улстөржилт, фракцуудын зодоон  энэхүү мега төслийг задалж бутаргасан байдаг. 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгой ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ анхлан мэдэгдсэн. Араас нь С.Батболдын засаг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Маш том зорилго тавьж стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарласан ч хөрөнгө оруулагчдаа шалгаруулж чадаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар хэлэлцээрийг эхлүүлсэн ч бас л урагшлаагүй. Түүний засгийг  огцруулснаар төсөл дахиад л  нурсан.  Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын даалгавраар М.Энхсайхан тэргүүтэй баг маш шаргуу ажиллан  төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурахад бэлэн болсон боловч УИХ-ын хаврын чуулганы нээлт  дээр спикер З.Энхболд алхны ганцхан тогшилтоор л унагачихаж билээ. Энэ удаад Д.Сумъяабазар сайдын зүтгэл бас л талаар болж байна. Төрийн өмчит компанийн хувьцааг анх удаа олон улсын бирж дээр гаргах түүний  гурван жилийн хөдөлмөрт цэг тавих уу,  дараагийн Засаг өөр хувилбараар  үргэлжлүүлэх үү гэдэг торгон зааг дээр ирлээ.  

Сонирхолтой нь М.Энхсайханы хэлдэгээр шилтэй зүйрлэм  мега төсөл рүү “чулуу” шидэж  унагадаг цорын ганц хүн нь З.Энхболд юм. Өнөөдөр тэрээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын  хувиар биш Ардчилсан намын даргын орон тооны бус Ахлах зөвлөхийн байр сууринаас Тавантолгойн IPO-д “тэсрэх бөмбөг” шидэв.  Сонгуульд өрсөлдөнө гэж албаа өгсөн тэрээр Ардчилсан намд өгсөн эхний зөвлөгөө нь Тавантолгой төслийг зогсооход чиглэжээ. Сөрөг хүчин буюу МАН-ын зорилтот төлөвлөгөөг нураах хүч, эрх мэдлийн нөлөөлөл түүнд байсаар байгааг сүүлийн үйл явдлуудаас тодхон харж болно. Гэхдээ энэ удаад тэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н дотоод зөрчлийг маш чадамгай ашиглав. “Шатдаг” нэр зүүсэн “Эрдэнэс Тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн даргатай хүч хавсарч, Тавантолгойн хууль бус хувьчлалыг нотлох  баримтуудыг илчлэв. Үнэндээ бол  энэ бүх баримт далд байгаагүй л дээ.   Тавантолгойн талаар авч буй арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тогтоол, шийдвэрүүдийг  хүссэн хүн цахим  хуудаснаас харж болно. 
 

Тавантолгойн уурхайг хувьчлах нь гэсэн үг олон нийтэд маш хүчтэй хүрдэг. Үнэндээ Тавантолгойн IPO өмч хувьчлал мөн үү? Өмч хувьчлал мөн, биш гэсэн маргаан төслийг хэрэгжүүлэх гэж байгаа, унагааж зогсоох гэж байгаа хоёр талын дунд өрнөсөн хэвээр байна. Төрийн өмчит компаниудын өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ил тод явуулснаар компанийн засаглал сайжирна гэж манай тэргүүлэх эдийн засагчид ярьдаг, бичдэг. Үйлчилж байгаа хуулийн агуулга нь ч ийм. Төрийн өмчийг хувьчилснаар хувьцааны  үнэ нь бодитой тогтдог газар бол яах аргагүй хөрөнгийн зах зээл. Тэр утгаараа Тавантолгойн IPO өмч хувьчлалын нэг хэлбэр мөн. Гэхдээ энэхүү эцэс төгсгөлгүй маргааны эхлэл нь Д.Сумъяабазар,  З.Энхболд гэхээс илүүтэй  хууль эрх зүйн хувьд  маш ойлгомжтой,   тодорхой болж,  төрийн өмчийн хувьчлал, хувьцааны засаглалтай холбоотой юм. “Мордохын хазгай” гэдэгчлэн эхнээсээ зөв зохицуулалтаар яваагүй Тавантолгойн төсөлд гадаадын хөрөнгө оруулалт татах оролдлого бүр “хувьчлагдах” нь гэсэн үгэнд дарагдаж, зогсох эрсдэл хүлээдэг.    
“Тавантолгой  IPO энэ Засгийн үед хийгдэхгүй”  

“Эрдэнэс Тавантолгой”-н Хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулъя.

1.Конвейерийн систем: Хэрэгжих хугацаа 2018-2020 он. 
Шаардлагатай хөрөнгө оруулалт 75 сая ам.доллар.

2.Олборлолтын техник тоног төхөөрөмж: 
Төслийг хэрэгжүүлснээр 2021 онд олборлолт 35 сая тоннд хүрнэ. Хөрөнгө оруулалт 1.3 тэрбум ам.доллар.

3.Хайгуул судалгаа: 
Хэрэгжих хугацаа 2019-2030 он. Шаардлагатай хөрөнгө оруулалт 150 сая ам.доллар.

4.Нүүрс баяжуулах үйлдвэр:
Хэрэгжих хугацаа 2019-2021 он.Шаардлагатай хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар.

5. Ус хангамж: 
Шаардлагатай хөрөнгө оруулалт 150 сая ам.доллар.

6.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам: Үлдэгдэл санхүүжилт 824 сая ам.доллар.

7.Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих төсөл:
Шаардлагатай хөрөнгө оруулалт 1.24 тэрбум ам.доллар. 

8.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай автозам:

9.Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын автозамын төсөл:

10.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс Цагаан дэл уулын хилийн боомт хүртэлх 270 км авто замын төсөл:

11.Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц:
Хэрэгжих хугацаа 2018-2021 он.Шаардлагатай хөрөнгө оруулалт 1.0 тэрбум ам.доллар.

Өнөөдрийн маргааны бай болоод байгаа 73 дугаар тогтоолыг УИХ 2018 оны зургаадугаар сарын 29-нд баталсан. Олон улсын хөрөнгийн биржид Тавантолгой төслийн 30 хүртэлх хувьд IPO хийж, хөрөнгө босгон Эрдэнэс Тавантолгойн дэд бүтцийн төслүүдийг хэсэгчлэн, уул уурхайн төслүүдийг бүрэн санхүүжүүлэхээр  тогтоолд тусгасан юм. Тогтоолыг хэлэлцэх үед Д.Сумъяабазар сайд “Эрдэнэс Тавантолгойн 30%-д IPO хийснээр 1.5-6 тэрбум ам.доллар босгох боломжтой гэсэн тооцооллоо танилцуулсан бөгөөд  гишүүдийн зүгээс ч багагүй шүүмжлэлтэй тулгарсан. Олон улсын үнэлгээний аргачлалуудаар уг тооцооллыг хийсэн ч эцсийн тоо   (IPO-гийн үнэлгээ) хөрөнгийн биржид гарахын урд шөнө л тодорхой болно гэдгийг  Ажлын хэсгийнхэн ч учирласан байдаг.  Тэдний танилцуулснаар Тавантолгой төслийг эрчимжүүлэх хүрээнд 7.11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай юун мега, бүр гега төсөл   цаасан дээр бууж ирсэн билээ. Бараг тус тусдаа мега гэхээр төслүүд. Дээрх 7.11 тэрбумын хөрөнгө оруулалтаас 5.95 тэрбумынх нь 2018-2021 онд хийгдэх ёстой ч эдгээр төслийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын зардлыг хэдий хуга­цаанд, хэрхэн нөхөх нь  тухайн үед тодорхой биш байв. 
 

Гэхдээ IPO хийгээд ийм төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө босгож чадах эсэх нь эхнээсээ л эргэлзээтэй байсан юм. Сайндаа л 1-2 тэрбум ам.доллар босгоно гэсэн таамаглалыг тухайн үед хөрөнгийн захын мэргэжилтнүүд хийж байлаа. Тавантолгойн төслийг “зогсоогч”  нэр зүүсэн З.Энхболд ч 73 дугаар тогтоол батлагдахын өмнөх өдөр нь “Уурхайгаа хувьчлалгүйгээр нүүрсээ зараад бүтээн байгуулалтаа хий” гэсэн үгээ хэвлэлээр дайж,  төслийн цаашдын үйл явц болгоныг нарийн ажиглаж, хянахаа битүүхэндээ  илэрхийлсэн байдаг. 
 

УИХ-ын 73 дугаар тогтоол батлагддагаараа батлагдсан. “Эрдэнэс Монгол” буюу эцэг компаниас нь салгаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны буюу салбарын сайдын шууд мэдэлд очсон  Тавантолгойн IPO-гийн эхний төлөвлөгөө нь 180 хоногийн хугацаатай бэлтгэл  ажил. Нэгэнт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, УИХ-ын тогтоол, Засгийн газрын холбогдох шийдвэр зэргээр IPO-гоо баталгаажуулсан Д.Сумъяабазар сайд тун ч идэвхтэй, зүтгэлтэй ажилласан. Гэхдээ   явц дунд нөхцөл байдал өөрчлөгдөх, цаг хугацаандаа амжихгүй байх  асуудлууд тулгарсан юм.  Мэдлэг, туршлага дутсан зүйлүүд мэдээж бий.  Хууль эрх зүйн талаасаа  шийдэх ажлууд  нэлээд ундарсан. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл ч Тавантолгойн IPO-д ярьсан тогтсон  шигээ биш, байр суурь нь өөрчлөгдөөд  байгаа нь олон нийтэд тодорхой ажиглагдаж эхэлсэн билээ. 
 

Ерөнхийлөгчийн зүгээс Таван­толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын төслөө маш шуурхай  гардан удирдсаар ирсэн хэрнээ IPO-д төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. “IPO-гоо зогсоо. Нүүрсээ зөөгөөд байхад хөрөнгийн биржид гарахаас ч илүү ашгаа өгч байна шүү дээ” хэмээн тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын удаа дараагийн ярианууд үүнийг гэрчилнэ. Харин Д.Сумъяабазар сайд “Би IPO-г заавал хийнэ” хэмээн итгэл төгс зүтгэсээр.  Алс холын Канадын  PDAC-ийн хурал дээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Эрдэнэс Тавантолгойн IPO-д хурдасгуур болно” хэмээн итгэл төгс өгүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. 
 

Гэхдээ IPO-гийн эхний концепцийг үндсэндээ өөрчилсөн зүйл бол Засгийн газрын  2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоол. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн Зүүн цанхийн уурхайг “Эрдэнэс Тавантолгойн шинээр байгуулагдах охин компанид хариуцуулж, 30 хувь дээр нь хувьцаа гаргах хувилбарыг тогтоолд тусгасан. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”-н нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь нь явагддаг, сайн чанарын коксжих нүүрсний 795 сая тонн нөөцтэй хэсгийн тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-т шилжсэн түүхтэй. Гэхдээ анх тооцоолсон 6 орчим тэрбум ам.долларын хувьцааны тооцоолол өөрчлөгдөж, зөвхөн “Эрдэнэс Тавантолгойн Майнинг”-ийн 30%  дээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бирж дээр босгох төлөвлөгөөгөө  танилцуулав. Энэ нь З.Энхболдын гэдэнг хөдөлгөж “уурхайгаа хувьчилж зарах үйлдэл” хэмээн дахин   давтан мэдэгдэхэд хүргэв. Ингэж хувьчилснаар хэн дуртай олигархи  бирж дээр гарсан 30%-ийн хувьцааг багцаар нь худалдаж аваад “Эрдэнэс Тавантолгой”-д нөлөөллөө тогтооно гэдгээ ч бас нуусангүй.  Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьчлалыг зогсоохын тулд  УИХ-ын 73 дугаар тогтоол, дагалдаж гарсан Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг нэн даруй цуцал гэдэг шаардлагыг тавьж байгаа. Хэрэв эдгээр тогтоол шийдвэрийг цуцалбал IPO гарах ажил бүрэн хэмжээгээрээ зогсох бөгөөд Зүүн Цанхийн уурхайг эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани татан буугдаж, тусгай зөвшөөрлүүд толгой компани дээрээ эргэж ирнэ. Нэгэнт IPO гарах нөхцөл хумигдах  тул  “Эрдэнэс Тавантолгой” компани ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдлээс гарч “Эрдэнэс Монгол” компанидаа очно. Түүгээр үл барам хөрөнгийн биржийн   журмын дагуу хөгжүүлэх  “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглалын ажил зогсоно.       
 

Гэхдээ  Тавантолгой ордыг  олон улсын   бирж дээр гаргах ажлаа  өнөөдрийн нөхцөл байдлын улмаас хойш тавьж, дараагийн  засагт шилжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх   саяхан мэдэгдлээ. Түүний “Тавантолгой  IPO энэ засгийн үед хийгдэхгүй”  гэж мэдэгдсэнийг ухвал одоогоор бүх зүйл талаар болчихоогүй бололтой.  Дэлхийг хямраасан коронавирус, хөрөнгийн биржүүдийн хувьцааны уналт, эдийн засгийн доголдол гээд эрсдэл  ихтэй өнөөдрийн нөхцөлд IPO мэдээж гарахгүй гэдгийг засаг ойлгосон  биз.  Хамгийн бодит аюул нь Монголын дотоодын улс төрийн бүлэглэлүүдийн зодоон. Энэ зодоон дундаас “Эрдэнэс Тавантолгой” өндийж байсан удаагүй. Экспортын төмөр замаа тавьж чадаагүй 10 жилийн хэрүүлээс үүнийг харж болно.    
Нөхцөл байдал ийм ч Ардчилсан намынхан санасандаа хүрэхээр зүтгэж байна. 2020 оны тавдугаар сарын 25-наас өмнө буюу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд албан ёсоор хэрэгжихээс өмнө IPO-г зогсоохоо тэд мэдэгдсэн. Тиймдээ ч “Эрдэнэс Тавантолгой”-г Үл хувьчлах компаниудын жагсаалтад оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихад бэлтгэжээ. УИХ-ын хаврын чуулган 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд эхлэх товтой.  Чуулганаар хэлэлцэх, магадгүй нэлээд маргаан дагуулах хуулийн төсөл нь энэ байх болов уу. 
                         
“Төрийн өмчийн багц хуулийн шинэчлэлийг хийх шаардлагатай”

Төрийн өмчийн эрх зүйн асуудлыг сууриар нь,  иж бүрнээр нь шинэчлэхгүйгээр Монголд уул уурхайн нэг ч том төсөл урагшлахгүй, IPO  гарахгүй гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болжээ. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийнэ гэж арван жил яриад, том том хөрөнгө оруулагчдыг урьж дуудаад ч бүтэхгүй байгаагийн гол шалтгаан нь төрийн өмчийн тухай хуулийн хэрэгжилт юм.  Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хууль  өөрийн үүргээ гүйцэтгээд 2010 онд дууссан гэж эдийн засагчид үздэг. Гэвч энэ хуулиар өнөөдрийг хүртэл төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зохицуулах гэж үздэг нь алдаа болоод байгаа юм. Ийм тодорхой бус хуультай байж IPO гаргана гэдэг худлаа болох нь харагддаг. Хэн дуртай нь хэрэгжих гэж байгаа том төслийг унагах, хувьцааны бүрэн төгс бус засаглал дээр тоглолт хийх боломжийг төрийн өмчийн  эдгээр   хуулиуд олгодог.  Бирж дээр гаргах хувьцааг хүртэл төрийн захиргааны байгууллагуудын хэрэглэж байгаа сандал ширээтэй адилтгаад өмчилчихдөг. Хувьцаатай холбоотой яриа гарах бүрт “өмч хувьчлал” гэдэг үг араас нь ёс мэт дагаж, төвөгтэй байдал руу чирдэг болоод удаж байна. Нэгэнт хууль нь ийм учир овжин улстөрчид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гаргах оролдлого бүрийг тас цохьдог юм. Захын жишээ хэлэхэд,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн  2018 оны цэвэр ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам барих шийдвэрийг хэн гаргасан нь  одоо ч ойлгомжгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл үү, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ үү, аль эсвэл “Эрдэнэс Монгол” гэдэг нь тодорхойгүй.  Эцсийн хариуцлагыг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хүлээж ч мэднэ.
 

Стратегийн ач холбогдол бүхий ордын 1 жилийн ашгаар төмөр зам барих асуудлыг лав УИХ-аар хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компанийн ашгийг хэн юунд ингэж “дураар” зарцуулаад байна вэ гэдэгт хэн ч хариулт өгдөггүй. 
Бас нэг жишээ гэвэл төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 850 тэрбум төгрөгийн бондыг мөн л төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашгаараа худалдаад авчихсан.  “Монголын төмөр зам” компанид бонд гаргах эрх бий юу гэсэн асуултыг эдийн засагчид тавьдаг. Хувьцаа, бондтой холбоотой асуудлыг төрийн захиргааны өмчтэй адилтган  нэг хуульд  оруулсан нь өнөөдрийн маргааны үрийг тарьсаар байгаа юм.  

 

Үндсэн хуульдаа байгалийн баялгийг “төрийн, нийтийн өмч” байхаар зохицуулсан.  Тиймээс  ирэх тавдугаар сарын 25-наас хойш шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар  хамгийн түрүүнд  Төрийн, нийтийн хамааралтай өмчийн харилцааны хуулийг маш зөв концепциор батлах шаардлага үүсч байна. Хэрэв энэ хууль буруу тийшээ явбал уул уурхайн том төслүүд царцах, олон улсын хөрөнгийн бирж дээр зөв механизмаар гарах ажлууд ч хаагдах юм. Хөрөнгө оруулалтын төслийг гардан боловсруулагчид нь  шоронгийн хаалга татаж, гацаагч нар нь тоглолтоо хийсээр байдаг гаж үзэгдэл арилахгүй. Ядахнаа   төрийн өмчит компаниудын хувьцаа, өмч хувьчлалын ялгааг хуулиар тодотгож өгөхгүй бол  хэрүүл маргаан тасрахгүй нь.  


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 2020-09-18 13:17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • 2020-09-17 17:52
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • 2020-09-17 15:43
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.