Л.Амар: Активын удирдлагын компанийг байгуулснаар банкууд шинээр зээлийн эргэлттэй болно

2020-05-25 13:53

The Mongolian Mining Journal /Apr.2020/

Банкны салбарын шинэчлэлийн асуудал, эдийн засгийн өнөөгийн байдалд банкуудын оролцооны талаар Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амарын байр суурийг хүргэж байна.

COVID-19-ын нөхцөл байдал манай улсын банк санхүүгийн салбарт ямар сөрөг нөлөө  үзүүлж байна вэ? Цаашид ямар эрсдэлийг Та харж байгаа бол?
Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.

Энэ хүндрэлийн үед арилжааны банкууд руу чиглэсэн ямар арга хэмжээ  авах нь зүйтэй гэж Та үзэж байна вэ? Банкуудад төрийн дэмжлэг дутагдаж байна уу?
2020 оны хоёрдугаар сард хямралыг урьдчилан тооцоолж Монголын банкны холбооноос МҮХАҮТ-тай хамтран, эдийн засагт 3 сараас илүү урт хугацаанд хүндрэл үүсч болзошгүйг тайлбарлан, үүнээс урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх талаар санал боловсруулж төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн. Олон улсын жишгээр аливаа хямралыг санхүүгийн салбараараа дамжуулан давж гардаг. Эдийн засаг өсөлттэй, мөнгөний эргэлт хэвийн байх үед төр   татвар хураамжаа хуримтлуулж, харин хямрал тохиоход  хуримтлалаасаа аж ахуйн нэгжүүд, эдийн засгийн оролцогчдоо дэмжих бодлого  хэрэгжүүлдэг. Хямралд өртөж буй иргэд хэрэгцээ, шаардлагаа хангах үүднээс хадгаламжаа хамгийн түрүүнд цуцалж ашигладаг. Банкны хувьд энэ үед гаднаас өөр бусад эх үүсвэр татах боломж нь хязгаарлагдмал. Тэгэхээр бодит сектороос эхэлж хямарч байгаа ийм үед зээл олгоно гэдэг   өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа юм. Иймд хямралын үед банкууд үндсэн үйл ажиллагаа болох зээл олголтыг танаж эхлэх нь ойлгомжтой. 

Иймээс банк нь зайлшгүй эрсдэлийг тооцож зээл олгохоос илүүтэй өмнө олгосон зээлийн төлбөрийг хуримтлуулж, нөөцөө бүрдүүлэх зэргээр үйл ажиллагаа, тогтвортой байдалдаа анхаарч эхлэнэ. Хэрэв энэ хүнд үед зээлдэгчид зээлээ төлөхгүй байх нөхцөл байдал үүслээ гэхэд банк тэрхүү томоохон хэмжээний алдагдлыг өөрийн эрсдэлийн сангаар дамжуулан үүрнэ. Иймд, зах зээлийн идэвхжлийг сэргээж, зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэхэд одоогоор Засгийн газар  болон бодлого боловсруулагчид үүрэгтэй. Нэгд, цар тахлын улмаас эдийн засгийн эргэлт саарахад зээлийн эргэлтийг бий болгоход төр засгаас эх үүсвэрийг нь гаргаад арилжааны банкуудаар дамжуулан шаардлагатай салбаруудад зээл олголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрт, өндөр эрсдэлтэй энэ нөхцөл байдалд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Жишээ нь Франц улс гэхэд өнгөрсөн гуравдугаар сард 335 тэрбум ам.долларын бизнесийн зээлд баталгаа гаргана гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр зээлдэгчдийн эрсдэлийг Францын төр бүрэн дааж байна гэсэн үг. Гуравт, чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг нээх замаар буюу Активын удирдлагын компанийн /АУК/ бүтцийг ажиллуулж эхлэх хэрэгтэй. АУК байгуулснаар банкууд шинээр зээлийн эргэлтийг бий болгох боломжтой болно. Мөн хамгийн их эрэлттэй байдаг Жайкагийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төслийн зээл, Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх нь аж ахуйн нэгж, иргэдэд том дэмжлэг юм.

Монголын эдийн засагт иргэдийн хэрэглээ хэр том байр суурийг эзэлдэг вэ? Иргэдийн орлогын бууралт нь банкны секторт хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь эргээд эдийн засагт ямар дарамтыг үүсгэх вэ? 2009 оны дэлхийн санхүүгийн хямрал ипотекийн чанаргүй зээлээс үүдсэн шүү дээ.
Энэ бол эдийн засагчдын хамгийн их санаа зовж байгаа асуудал. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрхийн хэрэглээ маш том буюу 55 гаруй хувийг эзэлдэг. Коронавирусын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь өрхийн хэрэглээг “хязгаарласан”. Ингэснээр өрхийн хэрэглээнд тулгуурлан амьжиргаагаа залгуулж бизнес хийдэг байсан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсч байна. Тэдний орлого нь буурснаар, ажилтнуудаа цомхтгох, ажиллагсад нь орлогогүй болох гинжин нөлөөтэй. Тиймээс энэ хямралыг санхүүгийн хямрал болохоос урьдчилан сэргийлэхэд төр засаг анхаарах шаардлагатай байна. 

Эдийн засгийг хүндрэлээс сэргийлж Монгол­банкнаас шат дараатай тодорхой  арга хэмжээг авч байна.  Тухайлбал, Төв банк бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулж 9 нэгж хувь болголоо. Ингэснээр арилжааны банкууд хүүгээ бууруулах “орон зай” үүссэн гэж ойлгох нь зөв үү?  
Төв банкнаас иргэдэд зориулан журам зааварт өөрчлөлт оруулах замаар зарим бодлогын шийдвэрүүдийг гаргасан. Бодлогын хүүг бууруулсан шийдвэрийн үр дүн урт хугацаанд буюу 2-4 улирлын дараа гардаг. Бодлогын хүүг бууруулснаар хадгаламжийн хүү одоо буурч эхэлж байгаа ч, хугацаатай хадгаламжийн хүүг байгуулсан гэрээний дагуу төлнө. Тэгэхээр хадгаламжийн гэрээний хугацаа дуусмагц дараа дараагийн эх үүсвэр татахад хямдарч эхэлнэ гэсэн үг юм.

Арилжааны банкуудын заавал байх бэлэн мөнгөний нөөцийн хэмжээг бууруулснаар тодорхой эх үүсвэр “суларсан”. Энэ эх үүсвэрээр банкууд ямар зохицуулалт хийж байгаа вэ, шинээр зээл олгож байгаа юу?
Заавал байлгах бэлэн мөнгөний нөөцийн хэмжээг бууруулснаар банкуудад эх үүсвэр тодорхой хэмжээнд бий болох ч ийм хүндрэлтэй, эрсдэл өндөртэй үед банкууд эрсдэлээ өөрсдөө даагаад зээл гаргахад маш хүндрэлтэй. 
Хэдэн зуун мянган харилцагчдын зээлийн эргэн төлөлт хамгийн багадаа 6 сар хүртэл хугацаанд саатахаар байна гэсэн үг. Энэ хугацаанд банкинд эх үүсвэр орж ирэхгүй болно.  Нөгөөтэйгүүр, энэ хугацаанд банк нь хадгаламжийн хүү, бусад санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдаас татсан эх үүсвэрийн хүүгийн төлөлтийг тогтмол төлнө. Иймээс банкнаас гарах мөнгөн урсгал хэвээрээ боловч төлөвлөгдсөн “авлага” буюу орох урсгал зогсохоор нэмэлт зээл гаргана гэдэг боломжгүй. 

Нийгэм, эдийн засгийг дэмжих нийт 5.1 их наяд төгрөгийн багцад малчдад зориул­сан 3%-ийн хүүтэй зээл олгоход 300 тэрбум төгрөгийн арга хэмжээ багт­сан. Энэхүү зээлийг олгох талаар бүх арил­­жааны банкуудаас саналаа өгсөн бай­гаа. Тэгэхээр банк бол ашгийн төлөө бай­гууллага учир 3%-ийн хүүнэмэгдэх үү?
Энэ журам нь батлагдаж гараагүй, яригдаж байгаа зүйл учраас тайлбар өгөх боломжгүй байна.

Гадаад улс орнуудын Засгийн газар болон Монголын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогын ялгаа нь юу байна вэ?
Монголбанкнаас гаргасан шийдвэрүү­дийг энгийнээр тайлбарлавал зээлдэгч нь зээлийн төлбөрөө түр хугацаагаар төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлийн ангиллыг нь бууруулахгүй, хэвээр үлдээх нөхцөлийг банкуудын хүсэлтийн үндсэн дээр бүрдүүлсэн, хэрэглээний зээлийн хугацааны хязгаар 30 сар байсныг 42 сар болгосон.

 

Гадны улсуудын хувьд хамгийн их нөлөөлөлд автсан аж ахуйн нэгжүүдийг төрөл бүрийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх, ажилтнуудаа цалинжуулах боломжоор хангах, зээлийг 100% батлан даах, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжиж, иргэдэд бол хэрэглээг дэмжих зорилгоор шууд бэлэн мөнгө тараах арга хэмжээ авч байна. Ерөнхийдөө олон улсын жишгээр бол эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг гэх мэт аливаа хүндрэлийг банк, санхүүгийн салбараар дамжуулан давж гардаг туршлагатай. Тиймээс банк санхүүгийн байгууллагуудаа дэмжихдээ эх үүсвэрийг бүрдүүлж өгөх, эсвэл аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэлийг төрөөс 100% батлан дааж байгаа юм. Харин манай улсын хувьд эрсдэлийг шууд банкуудад үүрүүлж байгаа тал ажиглагдаж байна.

Улс орнуудын төр засгаас эдийн засгийг идэвхжүүлэхээр ихээхэн мөнгө зах зээлд цутгаж байна. Энэ нь эргээд гадаад валютын ханшид тодорхой өөрчлөлт авчрах төлөвтэй байна. Гэхдээ Та хувьдаа цаашид ам.долларын ханш дэлхийн зах зээлд өснө гэж харж байна уу эсвэл бууна гэж бодож байна уу? Энэ нь Монголын валютын захад хэрхэн нөлөөлөх вэ?
Томоохон улс орнуудын хувьд цаанаа нөөц хөрөнгө ихтэй байдаг учраас ийм хүндрэлтэй нөхцөл байдлыг уг нөөцөөрөө даван гарч байгаа. Коронавирусын тархалт цаашид хэр удаан үргэлжилж, хэзээ дуусах, томоохон улс орнууд үргэлжлүүлэн ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй хэвээр байна. Тийм болохоор валютын зах зээл хэрхэн хөрвөхийг яг шууд хэлэхэд хүндрэлтэй.

Гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэдээс дотоод руу чиглэсэн валютын их хэмжээний урсгал явдаг. Шинэ коронавирусээс үүдэлтэй  гадаадад амьдарч ажиллаж байгаа иргэдээс Монгол руу шилжүүлэх хөрөнгийн хэмжээ ч буурах болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? Энэ урсгал буурах нь хэр эрсдэл дагуулах вэ? Аль эсвэл энэ нь эдийн засагт төдийлөн ач холбогдолгүй юу?
2020 оны эхний улирлын байдлаар экспорт 42% буюу 736 сая ам.доллараас буурсан байхад импорт 10% буюу 124 сая ам.доллараар буурсан байна. Импортын энэ 10 нэгж хувийн бууралтыг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 5 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний бууралт 2 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний бууралт 2 нэгж хувийг тус тус бүрдүүлж байгаа. Монгол Улсад орж ирж буй хувийн шилжүүлгийн үйлчилгээ төлбөрийн тэнцэлд 6 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тэгэхээр Монгол руу шилжүүлж буй мөнгөн урсгал нь эдийн засагт үзүүлэх нөлөө багатай юм.

Худалдааны эрэлт, нийлүүлэлтийн гинжин хамааралтай учир өнөөгийн хүндрэл иргэд, аж ахуйн нэгжүүдийн бодит орлогод нөлөөлж байна. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийн тал дээр арилжааны банкууд ямар хөнгөлөлт, шийдлийг үзүүлж байгаа вэ?
Монголбанкнаас гуравдугаар сарын 18-нд “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тус тус өөрчлөлт оруулсан. Харилцагч зээлийн төлбөрөө хийж чадахгүй байвал 3 сарын хугацаанд хүү торгууль ногдуулахгүй байх, зээлийн ангиллыг бууруулахгүй байх шийдвэрийг санаачлагаараа гаргаад хэрэгжүүлсэн. Дөрөвдүгээр сарын байдлаар, 10 мянган харилцагчийн 800 орчим тэрбум төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан. Түүнчлэн банкууд хүүгийн төлбөрөөс тодорхой хувь хэмжээгээр чөлөөлөх, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль авахгүй байх, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахад шимтгэл авахгүй байх зэргээр арга хэмжээ авсаар байна.  Үүнээс гадна харилцагчдад түргэн шуурхай үйлчлэх үүднээс хүсэлтүүдийг нь цахимаар хүлээн авч байна.

Тэгвэл уул уурхай болон олборлолтын салбарын нийт зээлийн үлдэгдэл хэд байна вэ? Экспорт буурсан байдал уул уурхайн компаниудын зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байна уу? Эрсдэлтэй зээлийн ангилалд орж байна уу?
Монголбанкны тайлангаар, 2020 оны гуравдугаар сарын байдлаар арилжааны банкууд уул уурхай, олборлолтын салбарт нийт 1.5 орчим их наяд төгрөгийн зээл олгосон. Энэ нь нийт зээлийн 8.6%-тай тэнцэнэ. Үүнээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нь 30 гаруй хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нь төдийлөн өөрчлөлттэй дүн биш. Гэхдээ яг бодит тоо долдугаар сарын 30-ны өдрөөс хойш тодорхой болно. 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 2020-09-18 13:17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • 2020-09-17 17:52
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • 2020-09-17 15:43
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.