Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн тоног төхөөрөмжийн угсралт эхэлжээ

Оросын Забайкалийн хязгаар нутагт орших зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн билээ. Энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлж байна.

Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байгаа юм.

Тавдугаар сарын байдлаар, БАМ-ын төмөр замын “Новая Чара” өртөөн дээр байнгын үйл ажиллагаатай гаалийн бүс байгуулжээ. Ингэснээр гаалийн үйл ажиллагааг түргэтгэж, тэр хэрээр УБҮ-ийн бүтээн байгуулалт хурдан явагдах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Удоканы УБҮ-ийн тоног төхөөрөмжийг Финляндын “Outotec” компани нь дэлхийн 43 орноос татах аж. Эхний тоног төхөөрөмж болох үйлдвэрлэлийн гол хэсэг бөмбөлөгт тээрмийг нийлүүлжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт энэ зургадугаар сард эхлэх юм байна. Үйлдвэрийн эхний шатанд, тус бүр 6 сая тонн хүчин чадалтай хоёр тээрмийг ашиглалтад оруулах аж. Үйлдвэр байгуулах талбайд инженер-геологийн судалгааны ажлыг “Русбурмаш” компани гүйцэтгэж байна.

Үйлдвэрийн гадна дэд бүтцийн хүрээнд, одоо төслийн талбай хүртэл 25 км зайд 220 КВт эрчим хүч дамжуулах шугамыг “Энергомост” компани татаж байна. Өндөр хүчдэлийн дэд станцын эхний ээлжийг өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн бол 2021 онд бүрэн ашиглалтад орох аж. Мөн Новая Чара-Удокан чиглэлийн 25 км авто зам барьж байгаа юм.

“Байгалийн уул уурхайн компани”-ийн мэдээлснээр, Удоканы УБҮ-ийн эхний ээлжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар юм.  Энэхүү төсөл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилга болох тэргүүнд хөгжүүлэх газар нутгийн нэг (территория опережающего развития – ТОР) “Зайбайкаль” хөтөлбөрт багтсан.  

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ОХУ-ын дотоодын зэсийн нийт хэрэглээний 15%-ийг дангаар хангах төсөөлөлтэй. Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр Орост, нэгдүгээрт, дэлхийд олборлогдоогүй гурав дахь том зэсийн ордод тооцогддог.

Зайбайкалийн хязгаар нутагт бас нэгэн зэсийн том үйлдвэрлэл 2017 онд Быстринскийн УБҮ-ийн эхний ээлжийг ашиглалтад оруулсан бөгөөд энэ жилээс бүрэн хүчин чадалд хүргэх юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 67 мянган тонн зэс, 2.9 сая тонн төмрийн баяжмал болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой. Энэ нь тус улсын 1990 оноос хойш ашиглалтад орсон хоёр дахь зэсийн үйлдвэр юм.  

Быстринский болон Удоканы зэсийн үйлдвэрүүд нь зорилтод зах зээл буюу Хятадын хилд ойр оршдог давуу талтай. 

Э.Од