Тавантолгойн станцыг төр байгуулах нь хоёр талд ашигтай

2020-06-17 12:56

Б.Төгс

Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын (ТТЦС) төслийг төр хариуцахаар болсон нь Оюутолгой төсөлд хувьцаа эзэмшигч бүх талд ашигтай шийдвэр боллоо. Учир нь энэ төслийн эрчим хүчний нийлүүлэлт одоог хэр нь гадаад орноос хараат байгаа билээ. ТТЦС нь Оюутолгой төслийн хувьд дан ганц эрчим хүчний дотоод худалдан авалтын үүргээ биелүүлээд зогсохгүй найдвартай эх үүсвэр болох утгаараа ихээхэн ач холбогдолтой юм. ТТЦС-ыг төр хариуцах болсон шалтгаан нь ногдол ашиг авах хугацааг хойшлуулах явдал юм. Тодруулбал станцыг “Рио Тинто” эзэмших тохиолдолд Оюутолгой төсөл дэх Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа одоогоор баримжаалж буй 2048 он байтугай 2060 он руу талийж өгөхөөр байгааг Засгийн газар учирласан. Энэ нь манай улс хэзээ ч ногдол ашиг авахгүй гэсэнтэй агаар нэг хэрэг юм. Учир нь 2060 он гэхэд Оюутолгойн одоогийн ашиглаж буй ил уурхай, ашиглахаар төлөвлөж буй далд уурхайн нөөцийг бүрэн олзворлож дуусах болно.

Харин Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн дөрөвдүгээр сард “цогтой мэдэгдэл” хийж бид өөрсдөө станцаа байгуулах болсноо зарласан. Ингэснээр Тавантолгойн станц байгуулах ажил “Оюутолгой өртөө”-нөөс “Засаг өртөө” рүү шилжиж байна. Засаг илүү хүчирхэг станц буюу 450МВт  хүчин чадалтай станцыг 600 сая ам.доллараар 2024 онд ашиглалтад оруулна гэдгийг дуулгасан. Энэхүү станцын хувьд ганц бүтээн байгуулалтын өртөг “боломжийн” байгаад зогсохгүй Туркойз Хилл-ийн ТЭЗҮ-д тусгаснаас 50%-иар хямд цахилгаан үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор цахилгааны хэрэглээ нь 250МВт хүрнэ. Хямд эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг бол Оюутолгойн үр ашиг дээшлэхэд тустай. Том хүчин чадлын станц нь төслийн илүү найдвартай эрчим хүчний эх үүсвэр болох давуу талтай.

“Туркойз Хилл Ресурс”-ийн ТЭЗҮ дэх санал болгосон станцын хөрөнгө оруулалтын өртөг нь дэлхийн жишгээс 2-3 дахин өндөр байгааг салбарын сайд онцолсон. Өөрөөр хэлбэл станцыг байгуулах өртөг нь 1МВт тутамд нэг сая евро байдаг ажээ. 
Туркойз Хилл Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газарт өргөн барьсан. Энэ дагуу бол станцын ашиглалтад оруулах хугацааг 2024 оны зургадугаар сар байхаар тусгасан байсан. Станцын хөрөнгө оруулалтын зардал нь 924 сая ам.доллар байх бөгөөд хүчин чадал нь 300МВт  хэмжигдэхээр байв. Уг төсөлд ус дамжуулах 55 км урттай хоолой болон цахилгаан дамжуулах 126 км шугамын дэд бүтэц багтсан байсан юм. Станцыг “Рио Тинто” хариуцах тохиолдолд төслийн бүтээн байгуулалтын өртөг 1 тэрбум ам.доллараар өснө гэсэн төсөөлөл уг ТЭЗҮ зарлагдсанаар ийнхүү баталгаажсан юм.

Засгийн газрын мэдэгдлийн дараа олон улсын зарим хэвлэлд Монголын төр станцыг бие даан хариуцахаар болсон нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын өртөг 1 тэрбум ам.доллараар буурах нөхцөл болж буйг онцолж байна. Нөгөөтэйгүүр “Рио Тинто”-ийн хувьд нүүрсний станц байгуулах, түүнд холбогдох хөрөнгө босгох явдал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, арга хэмжээ дэлхий дахинд эрчимжиж буй энэ цаг үед амаргүй  байсан. 

Яг энэ мөчид нүүрсний цахилгаан станцыг монголчууд өөрсдөө хариуцахаар болж буй нь “Рио Тинто”-г ихээхэн санаа зовоосон ажлаас   салгаж өгсөн гэж хэлж болно. Мэдээж нүүрсний станцад хөрөнгө босгохоос  “Рио Тинто” чөлөөлөгдсөн ч станцаас үйлдвэрлэх эрчим хүчийг урт хугацаанд худалдан авах үүргээ зайлшгүй биелүүлэх хэрэгтэй. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд ч уурхайн үйл ажиллагааг эрчим хүчээр хангахдаа дотоодын эх үүсвэрээс авах тухай тодоос тод зааж өгсөн.   
Эрчим хүчний сайдын хувьд “бид өөрсдөө” хэмээн тунхагласан явдал нь угтаа “айлаас эрэхээр авдраа уудал” гэх үгийн биелэл байв. Тэрбээр “Энэ станцын ТЭЗҮ-ийг өмнө нь боловсруулсан юм билээ. М.Энхсайхан Засгийн газрын сайд байх үедээ олон улсын зөвлөх компаниудаар Тавантолгойн төсөлд судалгаа хийхэд 17 сая ам.доллар зарцуулсан. Энэ хүрээнд станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан” гэж мэдэгдсэн. Ийнхүү Тавантолгойн цахилгаан станцыг өмнө нь бэлтгэсэн   ТЭЗҮ-ээр үндэслэн барих юм. 
Одоо хөрөнгө оруулалтын асуудал гол сэдэв болж байна. “Тавантолгой цахилгаан станцын төсөл”-ийн нэгж 450 МВт хүчин чадалтай станцын өртгийг 1 тэрбум ам.доллараар байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулсан байсан. Энэ нь өнөөгийн ярьж буй бэлэн гэх ТЭЗҮ бөгөөд харин одоо станцыг байгуулах нийт өртөг 600 сая ам.доллар болж хямдраад буй нь хачирхалтай бас сайшаалтай ч гэж хэлж болно. 

Хөрөнгө оруулалтын тухайд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгаар Тавантолгойн станцыг барих нь санхүүжилтийн нэг шийдэл гэж Засгийн газар харж байна. Энэ нь тус компанийн 2018, 2019 оны ашгийн зарим хэсгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсантай адил хувилбар юм. Гэхдээ энэ удаад дэлхий дахинд тархаад байгаа COVID-19 цар тахлын улмаас Монголын нүүрсний экспорт огцом буурч “Эрдэнэс Тавантолгой” компани ашгаасаа “хувь хүртээх” хувилбар “зэрэглээ” болж магадгүй байна. Ямартай ч Эрчим хүчний сайд санхүүгийн бусад арга хэрэгслээр хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ бат итгэлтэй байна. 

Оюутолгойн гүний уурхай 2023 онд ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа бөгөөд үүнээс нэг жилийн дараа станц ажиллаж эхлэх дүр зураг харагдана. Станц ашиглалтад ороход гол хэрэглэгч нь Оюутолгой үйлдвэр байх бөгөөд урд хөршөөс импортолж буй эрчим хүчинд жилд зарцуулж буй 170-200 сая ам.долларын төлбөр Монголд  үлдэнэ. Чухам ингэснээр эртнээс улбаатай Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах “мөрөөдөл” ажил хэрэг болох юм. Тэгэхээр одоо “Рио Тинто” групп болон Засгийн газар төр даан хийж буй ТТЦС-ын эрчим хүчний борлуулалтын үнэ болон бусад асуудалд хэлэлцээрт хүрэх ажил үлдэж байна.  


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 2020-09-18 13:17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • 2020-09-17 17:52
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • 2020-09-17 15:43
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.