Австрали-Хятадын худалдааны харилцаанд “ан цав” суув

2020-07-08 10:54

Б.Төгсбилэгт

Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ. 

Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй. Энэ санаачлагаа орхих хэрэгтэйг шуудхан уламжлах болсон. Улмаар тавдугаар сарын 18-нд Хятад улс Австралийн арвайн импортод 80%-ийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Австралийн үхрийн махны импортыг хориглох болсны сацуу дарсны импортод хийх хяналт шалгалтыг чангатгаж эхэллээ. Ийнхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд, тэр дундаа үхрийн махны импортод хориг тавих болсон шалтгаанаа Хятад улс хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байна. Харин үүнийг Австралийн хэвлэлүүдээр ямар ч үндэслэлгүй, шалтаг хайсан зүйл гэж тайлбарлаж байна. Эдгээр нь уул уурхайн салбарт төдийлөн анхаарал татах асуудал биш байж болох юм. Тэгвэл үүнтэй зэрэгцээд эрчим хүчний нүүрс Австралиас импортоор авахгүй байх тухай удирдамжийг дотоодын станцуудад өгсөн тухай мэдээлэл тавдугаар сарын сүүлээр хөвөрсөн. Австралийн хувьд Хятад руу хийдэг эрчим хүчний нүүрсний экспорт нь төдийлөн их биш тул энэ нь тийм ч их сэтгэл зовниулсан асуудал биш гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бусад орон руу  эрчим хүчний нүүрс нийлүүлэх боломжтой. Өнгөрсөн оны байдлаар Австралийн эрчим хүчний нүүрсний нийт экспортын 24% нь Хятад руу тээвэрлэгдсэн бөгөөд тэдгээр нь үнийн дүнгээр гурван тэрбум доллартай тэнцжээ. Ер нь Хятад улс эрчим хүчний нүүрсний тухайд цахилгаан станцуудыг дотоодын нүүрсээр бүрэн хангах бодлого барин ажиллах болсон нь эрчим хүчний нүүрс экспортлогчдод  сануулга болж байна. Австралийн компаниуд ч цаашид уг асуудалд бэлтгэлтэй байхыг сануулсан нийтлэлүүд хэвлэлүүдээр гарч эхэлсэн. 
 

Одоо гол асуулт гэвэл Австралийн төмрийн хүдэр, коксжих нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн экспортыг ямар ирээдүй хүлээж байгаа вэ гэдэг асуудал юм. Хэрэв Хятад Австралийн эрдэс түүхий эдийг худалдаж авахгүйд хүрвэл тус улсын уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ зарах Хятадаас өөр том зах зээл байхгүй байж мэдэх юм. Тэр тусмаа шинэ коронавирусын үед улс орнуудад хөл хорио тогтоож, түүхий эдийн эрэлт буурсан үед Хятад нүүрээ буруулах аваас Австралийн уурхайчид төдийгүй эдийн засагт нь маш хүнд тусна. Нөгөө талдаа Хятадын хувьд ч Австралийнх шиг сайн чанарын төмрийн хүдэр, коксжих нүүрс олоход төвөгтэй. Хятадын гангийн үйлдвэрүүд Австралийн түүхий эдэд бүр “идээшин дассан” гэж хэлж болно. 
Гэхдээ бодит байдал дээр Хятадын Австралиас авах коксжих нүүрсний хэмжээ буурах болжээ. Өнгөрсөн тавдугаар сард Австралиас Хятад руу экспортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх сартайгаа харьцуулахад даруй 53.7%-иар буурсан тухай MySteel Global мэдээлжээ. Харин эсрэгээр Монголоос авах хэмжээ нь тавдугаар сард өмнөх сараасаа 120%-иар дээшилсэн байх юм. Энэ тоон үзүүлэлтийг одоохондоо шууд дүгнэхэд бэрх байна. Учир нь тавдугаар сард Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ 4.8 сая тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх сарын үзүүлэлттэй  харьцуулахад 23.8%-иар буурсан байна. Дээр нь манай улсын зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспорот одоо л сэргэх янзтай болж эхэлсэн.  

 

Английн “The Guardian” хэвлэлд өгүүлснээр Хятад улс аажимдаа Австралийн нүүрсийг шахаж Монголоос нүүрс түлхүү импортлох төлөв тодорч мэдэх тухай өгүүлжээ. 2021 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нэмж 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Энэ нь Австралийн Хятад руу экспортолдог коксжих нүүрсний хэмжээтэй дүйнэ гэж тайлбарлажээ. Монголын нүүрсний экспортод сул хөгжсөн дэд бүтцийн асуудал саад болдог ч нүүрсний өртөг зардлын хувьд Австралийнхтай харьцуулахад илүү өрсөлдөхүйц гэдгийг тодотгожээ. 
 

Тэгвэл Монголын нүүрс үнэхээр Австралийн нүүрсийг шахах боломжтой юу? Хятадын зүүн эргийн бүс нь Австралийн нүүрсний гол зах зээл гэж хэлж болно. Монголынх харин Хятадын хойд хэсэгт л борлуулагддаг. Монгол нүүрсийг төмөр замаар тээвэрлэн эргийн бүс рүү хүргэх боломжтой ч хавьгүй өндөр зардалтай тусах бөгөөд үүний оронд Австралиас нүүрсээ татах нь гангийн үйлдвэрүүдэд  ашигтай юм. Дээр нь Австралийн дээд ангиллын коксжих нүүрс Монголынхоос чанартай гэдгийг санах хэрэгтэй. Үнэхээр Австралийн нүүрснээс татгалзлаа гэхэд АНУ, Канад болон бусад орноос далайн тээврээр нүүрс авах боломжтой. 
 

Австралийн хувьд Хятадын бодлогод хариу барих үүднээс гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа чангатгахаар зэхэж байна. Энэхүү алхам нь улс орны үндэсний аюулгүй байдал, хурдацтайгаар хөгжиж буй технологийн дэвшил, олон улсад гарч байгаа үйл явдлуудын улмаас  хэрэгжүүлэх ажил гэдгийг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Австралийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлийн холбогдох баримт бичгийн тайлбарт ямар нэг улсыг нэр цохож тэмдэглээгүй ч энэ нь цаагуураа Хятадтай харилцаа муудсаны хариу болгосон алхам гэдгийг хэвлэлүүдэд өгүүлжээ. Тус улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтад харьцангуй нээлттэй ханддаг. Австралийн хий, эрчим хүчний Jemena компанийн 60%-ийг Хятадын төрийн өмчийн “State Grid Corporation of China” үлдсэнийг Сингапурын Singapore Power компани эзэмшдэг бол нүүрс олборлолтын томоохон компани болох “Yancoal” нь Хятад компанийн охин компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.


Австралийн тухайд тус улсын  гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017-2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3%-тай тэнцсэн байна. Их хорийн орнуудад уг үзүүлэлт мөн хугацаанд ДНБ-ийн 1.5%-тай тэнцсэн дүнтэй гарсан байна. 
Австрали, Хятадын хувьд салшгүй, бат бэх харилцаатай худалдааны түншүүд мэт харагддаг. Хятадын хувьд Австрали улстай Чөлөөт худалдааны гэрээ 2015 онд байгуулж байсан нь саяхан. Гэвч энэ хоёр улсын харилцаа үргэлж найрсаг байгаагүй юм. Нөхцөл байдал дордож эхэлсэн хамгийн тод жишээ нь 2018 оны наймдугаар сард Австрали улс Хятадын “Huawei” компанийн 5G технологиос татгалзсан явдал юм. Хятад улс тун удалгүй Австралийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод хяналт шалгалтаа чангатгаж эхэлсэн. Удалгүй 2019 онд Австралийн нүүрсийг Хятад улс далайн боомтоороо нэвтрүүлэх хугацааг уртасгах болсноо зарласан. Гэхдээ энэ бүгд нь дан ганц худалдаа, бараа үйлчилгээний хоригоос үүдэлтэй биш. Австрали улс нь АНУ-тай хамтран Папуа Шинэ Гвиней улсад хамтарсан цэргийн бааз байгуулахаар болоод буйгаа 2018 оны сүүлээр мэдэгдсэн. Энэ нь Хятад улсын эгдүүцлийг багагүй хүргээд авсан. Хятадын тухайд ч 2013 онд Хятадын Зүүн тэнгист Агаараас хамгаалах таних бүсийг тогтоосон нь Австралийн хувьд амар хэрэг биш байсан гэдэг нь лавтай. Гэсэн ч энэ хоёр улсыг нэг зүйл мөнхийн юм шиг холбосон байдаг нь түүхий эдийн худалдаа юм. 

Австралийн эрдсийн экспортын хэдэн хувь нь Хятад руу чиглэдэг вэ? 

(Эрдэс тус бүрээр, %-иар)


    Эрчим     Коксжих    Хагас    Төмрийн
    хүчний     нүүрс    коксжих    хүдэр
    нүүрс        нүүрс    
                
2010    10.3    12.7    16.3    68.1
2011    13.4    8.2    14.8    69.7
2012    20.0    15.8    25.7    72.6
2013    22.5    25.4    28.4    75.5
2014    23.4    26.3    21.7    78.6
2015    17.3    21.6    15.7    81.7
2016    18.3    23.4    15.4    82.1
2017    20.9    26.4    19.4    83.1
2018    23.8    26.1    14.1    81.3
2019    23.5    31.1    13.8    82.6

2020 
I улирал    24.2    31.8    10.0    82.5

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 18 минутын өмнө
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • Өчигдөр 18 цаг 55 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • Өчигдөр 12 цаг 21 минутад
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
  • Өчигдөр 12 цаг 06 минутад
    Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
  • Уржигдар 17 цаг 58 минутад
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.