Эрдсийн зах зээлийн хүнд үе ард үлдсэн үү 

2020-07-10 13:54

Шинэ коронавирус эрдсийн зах зээлийг оны эхнээс авахуулаад орвонгоор нь өөрчилж байна. Энэ дунд хамгийн их ашигтай байр сууринд баталгаат хөрөнгө оруулалтад тооцогддог алтыг эс тооцвол бусад эрдсийн хувьд амаргүй байгаа билээ. Гэвч оны хоёрдугаар улиралд ханш харьцангуй өсөх дүр зурагтай болж ирсэн. Цаашид COVID-19-ийн тархалтыг даамжруулалгүй хумиж чадах аваас бодитой өсч мэдэхээр байна. Одоо эрдэс тус бүрээр нөхцөл байдлыг авч үзье.

Б.Төгсбилэгт


Зэсийн үнэ таван сарын дээд цэгт хүрлээ

Лондоны металын бирж дээр зэсийн үнэ үргэлжлэн өссөөр байна. Энэ нь   зэсийн тэргүүлэх олборлогч  Чилийн уурхайчдын дунд  коронавирусын халдвар газар авах болсонтой холбоотой. Цаашид нийлүүлэлт саатах эрсдэл үүсч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Нөгөөтэйгүүр Хятадын эрэлт сэргэх хандлагатай байгаа нь үнийн өсөлтийг дагуулж байна. Зургадугаар сарын сүүлийн байдлаар Лондоны металын биржид нэг тонн зэсийн үнэ 6000 ам.долларт “тэмүүлж” байгаа нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн өндөр үнэлгээ болж байна. 
 

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар дэлхийн зэсийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятадын цэвэршүүлсэн зэсийн импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.7%-иар өсч 305.7 мянган тоннд хүрсэн юм. Зэсийн үнэ өсөх болсон нь Хятадын эдийн засгийг эрчимжүүлэх бодлоготой холбоотой. Учир нь зургадугаар сарын 18-нд  Хятадын төв банк энэ оныг дуустал тус улсын санхүүгийн системд хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг хангалттай хэмжээнд байлгах тухай мэдэгдсэн нь зах зээлд эерэг дохио өглөө. Мөн АНУ болон Хятадын төлөөлөл хоёр улсын худалдааг өргөтгөх чиглэлд идэвхийлэн ажиллаж байгаа нь зэсийн ханш өсөх нөхцөл болж байна.
 

Үнэ ханшийг бууруулж болзошгүй нөхцөлийн тоонд шинэ коронавирусын дэгдэлт огцом өсч болзошгүй эрсдэлт байдлыг нэрлэж болно. Тухайлбал АНУ, Хятад, Европ, Өмнөд Америкт халдварын тоо нэмэгдэж эхлээд байгаа билээ. Цаашид улс орнууд халдварын тархалтыг хэрхэн тогтоохоос эдийн засгийн сэргэлт хамаарахаар байна.  
Чилийн Уул уурхайн сайд Балдо Прокурика шинэ коронавирусын улмаас зэсийн гарц 200 мянган тонноор буурч болзошгүйг мэдэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны нийт үйлдвэрлэлийн 3.5%-тай тэнцэж байна. Одоогийн байдлаар тус улсын зэсийн төрийн өмчийн компани болох “Codelco”-ийн дөрвөн уурхайчин шинэ коронавирусын халдварын улмаас нас бараад байгаа юм. Зургадугаар сарын эхээр Chuquicamata зэсийн уурхайн үндсэн ажилчдын дунд 15, гэрээт ажилтнуудын дунд 34 хүн   коронавирусын халдвар авсан болох нь тогтоогдоод байсан юм. Гэвч сарын сүүлээр үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо “Codelco”-ийн нийт 71 мянган ажилчдын дунд 1951 хүн  халдвар авсан тухай зарласан юм. Энэ тухай “Codelco”-ийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. 
Коронавирусын халдварын улмаас “Codelco” компанийн Chuquicamata уурхайн зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. 

 

Чилийн зэсийн салбарын хувьд оны эхний дөрвөн сарын хугацаанд вирусын дэгдэлттэй холбоотойгоор үйл ажиллагааны саатал, хорио цээрт төдийлөн өртөөгүй явж ирснээрээ харьцангуй азтай ч сүүлийн хоногуудад уурхайчдын дунд халдвар нэмэгдэж, үйлдвэрчний эвлэл аюулгүй ажиллагааг сайжруулахыг алхам тутамд шаардах болсон тухай “Capital Economics”-ийн Эрдсийн эдийн засагч Kieran Clancy тэмдэглэжээ. Тус байгууллага зэсийн үнэ оны эцэст 6200 ам.доллар/тонн-д хүрнэ гэж тооцооллоо шинэчилсэн байна. 
“Morgan Stanley”-ийн тооцоолж байгаагаар Чили улсын зэсийн гарц энэ онд 250 мянган тонноор буурч 5.56 сая тоннд хүрэх төлөвтэй. Тус улсын хувьд дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн дөрөвний нэгээс илүүг  бүрдүүлдэг томоохон олборлогч, үйлдвэрлэгч орон юм. 

 

Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт бичигдэх Перу улсад зэсийн олборлолт  20-25%-иар буурах байдал ажиглагдсаныг Exploration Insights байгууллага мэдээлжээ. 
Эдгээрээс үзэхэд зэсийн нийлүүлэлт талд багагүй асуудал үүсээд байгаа нь дунд хугацаандаа зэсийн ханш харьцангуй сайн байх төлөвийг баталгаажуулж буй юм. Өөрөөр хэлбэл дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх тухай яригдаж байсан бол одоо харин эсрэгээрээ хомсдол үүсэх магадлалтай болсон хэрэг. 
Аж үйлдвэрлэл сэргэж зэсийн худалдан авалт нэмэгдэх үед нийлүүлэлт гүйцэд хэвэндээ ороогүй байх аваас ханш улам бүр өсөх нь дамжиггүй. Нийлүүлэлт хомс үед үйлдвэрүүдийн түүхий эдийн татан авалт илүү өндөр байдаг логик дээр үндэслэн зарим шинжээч зэсийн ханшийн өсөлтөд ихээхэн итгэлтэй байна. u

Коксжих нүүрсний ханш тогтвортой байна

Хятадын хувьд   эхний таван сарын байдлаар нүүрсний олборлолт нь 1.47 тэрбум тоннд хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.9%-иар дээшилсэн үзүүлэлт юм. Тус улсын Засгийн газар цаашид бага хүчин чадалтай, жижиг уурхайнуудыг хаах бодлого барин ажиллаж байна. Олборлолтын хүчин чадлын таналт нь голцуу өмнөх таван жил буюу 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд олзворлолт танах зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй муж, хэсгүүдэд төвлөрөх юм. Гэхдээ нөгөө талд тус улс томоохон уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьж ажиллаж буйг тэмдэглэх нь зүйтэй. Цаашид Хятад улс нүүрсний хэрэглээний  96%-ийг дотоодын нүүрсний уурхайнуудаас хангах төлөв харагдаж байгааг Аргус Медиа мэдээллээ. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны (2020.06.18) мэдээллээр цаашид нүүрсний нийт уурхайнуудын тоог 5000-аас хэтрүүлэхгүй байх зорилт тавин ажиллах юм байна. Ирэх оны эцэс гэхэд 300 мянган тонноос бага хүчин чадалтай уурхайнуудын тоог 800  болгон бууруулахаар тооцоолжээ. Хятад   2016-2018 оны хооронд нүүрсний олборлолтын хүчин чадлаа 810 сая тонноор бууруулсан байна. 
 

Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн тавдугаар сард 4.79 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 19.1%-иар буурчээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарын дүнтэй харьцуулахад 23.8%-иар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Австралийн коксжих нүүрсний Хятад руу хийсэн экспорт өнгөрсөн тавдугаар сард өмнөх сартайгаа харьцуулахад 53.7%-иар буурсан байхад Монголын нийлүүлэлт 120.3%-иар өссөн тухай MySteel мэдээлжээ. 
Гэсэн ч оны эхний таван сарын байдлаар тус улсын коксжих нүүрсний импортын үзүүлэлт 31.86 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.1%-иар өссөн дүн боллоо. Импортын нүүрсний үнэлгээ 4.29 тэрбум ам.долларт хүрч 2.7%-иар өсчээ. 

Хятадын импортын коксжих нүүрсний дундаж үнэ тонн тутамдаа 117.9 ам.доллараар илэрхийлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.7 ам.доллараар, өмнөх сарынхаас 16.2 ам.доллараар буурсан дүн боллоо. 
Коксжих нүүрсний томоохон хэрэглэгч болох Энэтхэгийн хувьд 6-9 дүгээр сард борооны улирал тохиодог тул коксжих нүүрсний эрэлт сулрах төлөвтэй байгаа юм. Үндсэндээ ирэх есдүгээр сараас нааш Энэтхэгийн эрэлт төдийлөн сэргэхгүй байх дүр зураг харагдаж байна. Японы хувьд харин эрэлт харьцангуй өсөх төлөвтэй.  Шалтгаан нь  автомашин болон аж үйлдвэрлэлийн салбарууд сэргэж эхэлсэн байна. Гэхдээ шинжээчид коксжих нүүрсний ханш зургадугаар сарын сүүлээр доод цэгтээ хүрээд долдугаар сараас эхлэн өсөх янзтай болох таамаг дэвшүүлжээ. 

 

Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч 110 ам.доллар/тонн-ын түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Харин Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ харьцангуй өсөлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятадын импортын нүүрс, дотоодын нүүрсний ханшийн зөрүү ихэссэн  гэсэн үг. Гэхдээ үнэ хямдын хувьд давуу талтай ч импортын нүүрсний нэвтрүүлэлт улам бүр амаргүй болж эхэлснийг худалдааны компаниуд онцолж  байна. Нөгөөтэйгүүр Хятадын зах зээлд дотоодын  коксжих нүүрсний үнийн өсөлт урт хугацаанд үргэлжлэх эсэхэд эргэлзээтэй байгаа юм. Үнэ өсч буй нь коксжих нүүрс болон коксын эрэлт,   үйлдвэрүүдийн нөөц бүрдүүлэлт нэмэгдэх болсонтой холбоотой ажээ. 
Хятадын түүхий эдийн худалдаачдын тайлбарласнаар Хятадын импортын коксжих нүүрсний үнэ цаашид  буурах эрсдэл бий. Гэхдээ зарим шинжээч үүнд эсрэг бодолтой байна. Оны хоёрдугаар хагаст коксжих нүүрсний импортын хяналт илүү суларна гэж үзэж байна. 

Нөгөөтэйгүүр Хятадаас өөр бусад томоохон зах зээлийн эрэлт хараахан сэргэх болоогүй байгааг шинжээчид тэмдэглэлээ. 
Одоогийн үнийн түвшинд Австралийн коксжих нүүрс олборлогчид зарим уурхайгаа хаах шийдэлд хүрч байна. Тухайлбал АНУ-Австралийн компани Coronado Coal коксжих нүүрсний олборлолтын төлөвлөгөөгөө 19.7-20.2 сая тонноос 16.5-17 сая тонн болгож бууруулжээ. Бусад компаниуд South32, Peabody, AMCI, Stanmore Coal зэрэг нь бүгд олборлолтоо танах шийдэлд хүрсэн юм.

 

Төмрийн хүдрийн зах зээлд бууралт ажиглагдаж магадгүй

Хэдийгээр шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас эрдэс түүхий эдийн ханшийн бууралт үргэлжилж байгаа ч энэ дунд хамгийн “дархлаа”-тай   нь ганц  алт биш. Төмрийн хүдэр ч  хамаарна. Уг түүхий эдийн ханш өнгөрсөн саруудад буурах биш харин ч өсөх хандлага   нь хачирхалтай хэрэг  биш. Үүнд дэлхийн төмрийн хүдрийн томоохон олборлогч   “Вале” компанийн нийлүүлэлтийн саатал нөлөөлсөн. Тус компани олборлолтын хэмжээгээ бууруулах болсноо зарласнаар ханш өсөхөд нөлөөлжээ. Гэхдээ Вале компанийн эх орон болох Бразилд шинэ коронавирусын халдварын тохиолдол АНУ-ыг давах болсон нь илүү сэтгэл түгшээсэн асуудал болж  байна. Мөн Хятадын төмрийн хүдрийн импортын хэмжээ өндөр хэвээр байгаа нь үнийн өсөлтийг авчирч байгаа юм. Одоо   эрэлт буурчих вий гэсэн болгоомжлолоос илүү нийлүүлэлт сааталд орох вий гэдэгт оршиж байна. Гэсэн ч Morgan Stanley банк оны хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн нийлүүлэлтийн илүүдэл үүссэнээр үнэ эргээд буурна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Учир нь оны сүүлийн хагаст “Вале” компанийн нийлүүлэлт нэмэгдэж, улмаар оны дөрөвдүгээр улиралд үнэ 80 ам.доллар/тонн болж буурна гэж тооцжээ. 
Гангийн салбарын хувьд Хятадад үйлдвэрлэл нэмэгдэх болсон нь төмрийн хүдрийн үнэ өндөр байх нөхцөл болж байна. Гэсэн хэдий ч Хятадаас бусад оронд гангийн салбарын сэргэлт хавьгүй удаан явагдаж буйг MEPS байгууллага цохон тэмдэглэлээ. 2009 оны Дэлхийн санхүүгийн хямралын дараа гангийн салбар бүрэн сэргэх хүртлээ чамгүй олон жилийн хугацаа зарцуулсан байдаг. Автомашины үйлдвэрлэл цар тахлын өмнөх түвшнээс нэлээд доогуур байгаа нь гангийн эрэлт сул байх нөхцөл болж байна. u

 
Алтны ханш  өснө

Алтны ханш зургадугаар сарын 24-нд сүүлийн долоон жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч 1796.1 ам.доллар/унц-тай тэнцлээ. Энэ нь шинэ коронавирусын халдварын тоо дэлхий дахинд хурдацтайгаар нэмэгдэх болсонтой холбоотой. Тавдугаар сард дэлхийн хэмжээнд өдөрт 100 гаруй мянган хүн халдвар шинээр авч байсан бол зургадугаар сарын сүүл хагасын байдлаар   180 мянгад хүрээд байгаа билээ. Халдварын тоо нэмэгдэж буй нь эдийн засгийн сэргэлт төдийлөн хурдан байх боломжгүйг харуулж байна.  
 

Дэлхий дахинд шинэ коронавирусын халдварын тоо 10 сая тохиолдлыг давсан тухай мэдээлэл сарын сүүлээр цацагдсан нь тооцоолсон хугацаанд эдийн засаг  сэргэхгүй байх  анхааруулга болж байна. Энэ нь эргээд баталгаат, аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны ханш өсөх шалтгаан болж буй төдийгүй алтны хөрөнгө оруулалтын сангууд хурдацтайгаар өсч байна. 
Оны эхний хагасын байдлаар алтны ханш  17%-иар өссөнөөр одоогоор хамгийн өсөлттэй эрдсээр нэрлэгдэж байна. Оны сүүл гэхэд үнэлгээ нь илүү өснө   гэдэгт шинжээчид дуу нэгтэйгээр санал нэгдэнэ. ANZ банкны тооцооллоор алтны ханш цаашид 1900 ам.доллар/унц-д хүрч магадгүй гэсэн бол Голдман Сакс банк 2000 ам.долларт ч хүрнэ гэж таамаглал дэвшүүлээд байна. 


 Газрын тосны дундаж ханш 2021 онд 50 ам.долларт хадгалагдана

Газрын тосны хувьд оны эхний хагаст хамгийн амаргүй үеийг туулсан болохыг зах зээлийн шинжээчид онцолж байна. Энэ дунд ОХУ болон Саудын Араб хооронд газрын тосны ханшийн дайн гуравдугаар сард болсны сацуу шинэ коронавирусээс үүдэн эрэлт буурч үнэ ёроолдоо хүрсэн зэргийг дурдаж болно. Дөрөвдүгээр сард АНУ-д олборлогчид арилжаалсан газрын тосныхоо төлөө худалдан авагчид мөнгө төлсөн тохиолдол ч гарав. Гэвч ханшийн түвшин өмнөх саруудыг бодвол харьцангуй өсч зургадугаар сарын дундаас эхлэн баррель нь 40 ам.долларын шугамд тогтворжиж байна. Нэг асуулт урган гарч байгаа нь цаашид газрын тосны   ханш  буурах эсэх тухай юм. Энэ нь оны хоёрдугаар хагаст хөл хорионы хатуу дэглэм цуцлагдаж эдийн засаг сэргэх эсэх эсвэл өвчний тархалт дахин газар авах зэргээс шууд хамаарахыг шинжээчид тайлбарлаж байна.  Газрын тосны хувьд ирэх онд дундаж ханш нь 50 ам.доллар/баррель-ийн түвшинд хадгалагдана гэсэн таамгийг Bank of America-ийн зүгээс дэвшүүлж байна. Энэ нь цаашид тээврийн салбар сэргэхийн сацуу ОПЕК-ийн гарц танах хөтөлбөр үргэлжилсэн тохиолдолд хэрэгжих юм. Банк санхүүгийн байгууллагууд өмнө нь Брэнт газрын тосны энэ оны дундаж ханшийг ердөө 37 ам.доллар/баррель байна гэж тооцоолсон бол одоо 43.7 ам.доллар/баррель байх таамгийг дэвшүүллээ. Citi банкнаас Брэнт газрын тосны ханш дөрөвдүгээр улиралд 48 ам.доллар/баррель, улмаар ирэх онд дунджаар 61 ам.доллар/баррельд хүрнэ гэж таамаглалаа. Зургадугаар сарын сүүлийн байдлаар газрын тосны ханш 40 ам.доллар/баррель-д хүрээд байна. Үндсэндээ газрын тосны ханш сүүлийн гурван сарын хугацаанд тасралтгүй өссөн гэсэн үг. Гэвч энэ нь цар тахлын өмнөх түвшинтэй харьцуулахад хавьгүй доогуур хэвээр байна. 
 

Зургадугаар сарын эхээр ОПЕК болон түнш орнууд олборлолтоо өдөрт 9.7 сая баррель-аар багасгах арга хэмжээгээ нэг сараар буюу долдугаар сарыг дуусах хүртэл сунгах шийдэлд хүрснээр үнэ ханш тогтворжих хандлагатай болж ирсэн. Гэхдээ АНУ-ын занарын тос олборлогчдын үйл ажиллагаа ханш өсөхийн хэрээр сэргэж болзошгүйг зах зээл шинжээчид онцолж байна. Энэ нь ОПЕК болон түнш орнуудын гарц танах зүтгэлийг хялбархан арчиж орхино гэдгийг анхааруулсан хэрэг. Гэхдээ Bank of America-ийн зүгээс хоёрдугаар хагасаас л АНУ-ын занарын тос олборлогчид ирэх оны “эргэн ирэх” болно гэж “тайвшруулжээ”. 

Олон улсын эрчим хүчний агентлаг зургадугаар сарын 24-нд “S&P Global Platts”-аас зохион байгуулсан газрын тосны цахим хурлын үеэр “газрын тосны зах зээлийн хамгийн хүнд үе ард үлдсэн” гэж мэдэгдлээ. 
Үүний зэрэгцээ  коронавирусын халдварын тоо АНУ, Энэтхэг, Бразил, Индонез, Филиппин зэрэг оронд өсөх хандлагатай   нь эрэлт  буурах  болгоомжлол зах зээлд үүсээд байна. Мөн Хятад, Шинэ Зеланд, Австралид шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм. 
 
Эрдсийн зах зээлд ханшийн хувьд харьцангуй өсөх дүр зураг ажиглагдах болсон ч эрэлт, нийлүүлэлтийн суурь нөхцөлүүд сайжраагүй хэвээр байна. Тухайлбал үнийн өсөлт нийлүүлэлтийн саатлаас үүдэн бий болох нөхцөл давамгайлах нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин эрэлт өсөх нөхцөл, эдийн засгийн хөшүүргүүд нь урт хугацааны төлөвийг илүү тодруулна. Гэхдээ Хятад, АНУ, Европ болон бусад томоохон эдийн засагт Засгийн газруудынх нь зүгээс аж ахуйн нэгж, айл өрхүүдэд асар их хэмжээний санхүүгийн дэмжлэг олгож буй нь асуудлыг дордуулчихгүй шиг торгоож байна. Харин тэдгээр тусламжийн хөтөлбөр нэг өдөр зогсоно. Үгүйдээ гэхэд хумигдана. Тэр үе нь оны хоёрдугаар хагаст тохионо. Эрдсийн зах зээлийг оны хоёрдугаар хагаст ихээхэн тодорхойгүй нөхцөл байдал угтан байна.  

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 22 минутын өмнө
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 15 цаг 37 минутын өмнө
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 15 цаг 45 минутын өмнө
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • Уржигдар 15 цаг 42 минутад
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
  • Уржигдар 14 цаг 27 минутад
    Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.