Ж.Дамдинжав: Лондоны металын бирж дээр анх удаа цэвэр зэс зарж байлаа

2020-07-20 13:13

Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ. 
Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
Хэдийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ амжилттай яваа ч түүхий эдийн “хомсдол”-д орж болзошгүй байгаа “Эрдмин” ХХК-ийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар уг үйлдвэрийг анх байгуулалцсан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор (PhD) Ж.Дамдинжавтай ярилцлаа. Тэрээр Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Зөвлөхөөр ажиллаж байна. 

Та хилийн чанадад боловсрол эзэмшсэн анхны инженер баяжуулагч­дын нэг. Ажлын гараагаа Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлсэн байх аа?
Би Завхан аймгийн Нөмрөгийн арван жилийн дунд сургуулийг 1974 онд төгссөн. Ер нь баяжуулагч мэргэжлийг өөрөө сонгосон л доо. Аравдугаар ангиа онц төгсөхөд өнгөт металлургийн үйлдвэрийн хуваарь ирж, би ч уухай тас авсан. Аав маань дархан, мужаан хүн байлаа. Зэс, мөнгөөр гоё сайхан зүйл их хийнэ. Миний хувьд тэр бүх ажилд нь багаасаа элэгтэй, дуртай байж билээ. Тухайн үедээ баяжуулагч мэргэжлийг би алт тунгаагч гэж ойлгодог байлаа. Ингээд мэргэжлээ сонгоод 1974-1975 онд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын Политехникийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцсан. Дараа нь буюу 1975-1981 онд Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер-баяжуулагчаар суралцсан юм. Төгссөн жилээ салбарын яамны томилолтоор “Эрдэнэт үйлдвэр”-т ирж ажилласан. 1992 оны арванхоёрдугаар сар хүртэл үйлдвэрийн Баяжуулах фабрикт бутлуурчин, засварчин, ээлжийн мастер, ахлах мастер, хэсгийн орлогч гээд олон ажил хийж ирсэн. Ингээд байж байтал  үйлдвэрээс англи хэл оролддог хэдэн хүнийг Америк руу явуулахад нь миний бие багтаж, Колорадогийн их сургуулийн дэргэдэх эдийн засаг, англи хэлний тусгай курсыг бизнесийн удирдлагаар суралцах аз тохиосон юм. Үүнээс өмнө бол Уралын Политехникийн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх, дотооддоо Удирдлагын хөгжлийн институтийн курсуудад суралцсан. Удирдлагын хөгжлийн институтын анхны төгсөгчдийн нэг нь би. 

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орох үед англи хэлтэй мэргэжилтэн тийм ч олон байгаагүй санагддаг юм.  
Тийм  л дээ. Зах зээлийн нийгэмд англи хэл их хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж, бие даан нэлээд үздэг байлаа. “Эрдэнэт үйлдвэр” тухайн үед англи хэлний багш  урьж  сургалт хийдэг байсан. Тэр сургалтад нь хамрагдсан баяжуулагч Пүрэвээ, цахилгааны инженер Цэрэннадмид бид гурвыг Америк руу явуулсан юм. 1994 онд төгсөж ирээд “Эрдэнэт үйлдвэр”-тээ гадаад худалдааны хэлтэст хэсэг  ажилласан. Энэ  хугацаанд шинэ төсөл хариуцаж байлаа. Тухайлбал, хүхэрт натрийн буюу молибдени шатаах үйлдвэр, “Эрдмин” үйлдвэрийн төслүүдийг хариуцаж байгаад Ш.Отгонбилэг захирлын үүрэг даалгавраар 1995 оноос “Эрдмин”-ээ дагнаж ажилласан. “Эрдмин”-ий барилга угсралтаас авахуулаад ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг удирдсан. Америкт сурч байхдаа гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэж болох юм байна гэдгийг олж харсан юм. Өмнө нь би Америкийн геологичидтай хамт хэд хэдэн уурхайтай танилцчихсан байсан л даа. Ингээд Америкийн геологич Ричард Морристой 1995 онд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурж, Гүйцэтгэх захирлаар нь намайг томилсон. Энэ үйлдвэрийг байгуулахад АНУ-ын 20 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон юм. Ажлаа хийх явцад миний хувьд мэргэжлийн англи хэлний чадвар  сайжирсан гэж боддог.

Түрүүн Та Эрдэнэт үйлд­вэрийн томилолтоор ЗХУ-д суралцсан гэлээ. Тухайн үед эргэж ирж ажиллах гэрээ­тэй  суралцахаар явдаг байсан гэдэг. Та шууд ирээд “Эрдэнэт үйлдвэр”-тээ ажилласан уу?
Төгсөөд ирээд шууд “Эрдэнэт үйлдвэр”-тээ ажилласан.Түлш, эрчим хүч, геологийн яамтай гэрээ байгуулаад ЗХУ-д суралцахаар явсан олон оюутан бий дээ. Миний санаж байгаагаар, 400 гаруй хүүхэд явсан байх. Эрдэ­нэт үйлдвэр 1978 онд баяжуу­лах үйлдвэрийнхээ анхны залгалтыг хийсэн юм. Үйлдвэ­рийн тавдугаар зэргийн бут­луурч­наар эхэлж ороод орос бакальай шланг барьчихсан нэг нөхөр л явж байлаа. Нэг удаа намайг ингэж явахыг хамаатны ах эргэлтээр ирж харчихаад “Гонжоом өмссөн залуу инженер байх болов уу гэсэн чинь” гээд их л гайхсан янзтай  хэлж байсан нь санаанаас ер гардаггүй юм.  Тухайн үедээ дээд мэргэжилтэй хүн цалин сайтай. Би 850 төгрө­гийн цалин авч байсан. Анхан­даа сургууль дөнгөж төгсөж ир­сэн хүүхэд бүх юмыг сайн мэдэх­­гүй байсан ч ажлаа багаас нь эхлүүлсэн болоод ч тэр үү, яваан­даа нэлээд туршлагажсан. 
Оросуудаас ч их юм сурсан. Манай Эрдэнэт байгуулагдаад удаагүй залуусын, шинэхэн  хот байж билээ. “Эрдэнэтийн Овоо энэ зууны царай байна” гээд сайхан дуу ч гарч байлаа. Одоо ч өнгөлөг сайхан хэвээрээ. Бид энд ирээд нэг их удалгүй бид байранд орцгоосон. Тэндээ л амьдарч байна. 

Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг Монголоос хожмоо уул уурхайн салбарт хүч сорьж, амжилтад хүрсэн олон хүн төгссөн байдаг. Та заримаас нь нэрлэвэл?
Тийм ээ. Энэ сургуулийг олуулаа төгссөн. “Монголын Алт”-ын Н.Нямтайшир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх, баяжуулагч Г.Шархүү, Р.Дэлгэр, Л.Батаа, Донецкт төгссөн С.Давааням гээд үе тэнгийн  мэргэжилтнүүдийг нэрлэж болно. Засвар, механикийн завод, металлурги, механикийн чиглэлээр төгсөж ирсэн  олон залуус Эрдэнэт үйлдвэрт ажиллаж ирсэн. Ташрамд хэлэхэд, Эрдэнэт үйлдвэр маань Азидаа олон үзүүлэлтээрээ, тэр дундаа зарим үзүүлэлтээрээ бүр нэгдүгээрт орж байсан үе ч бий шүү. Биднийг анх очиход Эрдэнэт үйлдвэр жилдээ 16 мянган тонн хүдэр боловсруулдаг байсан. Миний хувьд орлогч даргаар ажиллаж байсан Өөрөө нунтаглах цехийг 1990 онд ашиглалтад оруулсан юм. Энэ цех жилдээ 20 мянган тонн хүдэр боловсруулдаг болсон. Тухайн үед нийтийг хамарсан олон чухал арга хэмжээ зохиогддог байлаа. Социалист уралдааны төлөө залуу мэргэжилтнүүд бид их тэмцэлддэг, мэдлэг ур чадвараа сорьдог байж. Манай ээлжийн хамгийн том шагнал нь ЗХУ-ийн Өнгөт металлургийн үйлдвэрийн сайдын баярын бичиг байлаа. 

Та 1994 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад худалдааны хэлтэст шинэ төсөл хариуцан ажиллаж байж. Ямар төсөл байсан бэ?  
Надтай хамт сургууль төгссөн баяжуулагч  Пүрэвээ зэсийн наймааг хариуцдаг байсан. Шинэ төсөл гэдэг нь молибден шатаах үйлдвэр. Энэ үйлдвэр нэг хэсэг ажиллаж байгаад улстөрчдийн оролцоотойгоор хаалгаа барьсан. Молибдений гуравдагч ислийг хоёрдогч болгодог өндөр ач холбогдолтой төсөл байлаа. Молибден бол хөнгөн, хатуу металл. Манайхан чинь нэгнийхээ үүсгэсэн ажлыг үргэлжүүлэхгүй юм байна шүү дээ.  

Баруунд төгссөн баяжуулагчид Эрдэ­нэт үйлдвэрт ажиллахад технологийн болоод ур чадварын хувьд өмнөх үеийн мэргэжилтнүүдээсээ ур чадвараар хэр ялгардаг вэ?
Ялгаа байдаггүй.  Америкт болон дэлхийн бусад оронд баяжуулагч мэргэжлээр төгссөн залуус Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн технологи, түүнийг эзэмшсэн монголчуудын  мэдлэг ур чадвар хаана ч гологдохгүй гэж би боддог.

Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг Монголд анх нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани бол “Эрдмин”. Тус компани 1997 оноос  катодын цэвэр зэс, 2005 оноос зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлсэн. Энэ үйлдвэрийг анх байгуулсан түүхээс Та ярина уу?
Уул уурхайн баялгаа бүрэн дүүрэн ашиглах үүднээс “Эрдмин” үйлдвэрийг байгуулахыг ГОК-оос дэмжсэн. Тиймдээ ч хамтарсан үйлдвэр байгуулагдсан. Америкчууд ирж үйлдвэрийг байгуулах цагаас  монголчууд технологиос нь суралцаж, ажилтнуудаа бүгдийг нь шинээр авч ажиллуулж байсан. Онцлох зүйл гэвэл Америк, Австрали зэрэг халуун дулаан газар хэрэглэгддэг технологийг Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд бид нутагшуулж чадсан. Анхандаа туршилтын үйлдвэр хэлбэрээр байгуулагдаад яваандаа зах зээлийн нийгэмд илүү “коммершиал” үйлдвэр болж хөгжүүлсэн юм. Жилдээ 2500 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагдаад яваандаа 50 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх төлөвлөгөө, тооцоотой байсан. Гэвч хүдрийн хоёрдугаар овоолго дээр яг ийм хүчин чадалтай “Ачит Ихт” гэдэг компани байгуулагдан ажиллах болсон. Манай улс төрийн нөхцөл байнга солигддог болоод ч тэр үү, хэрэгжиж байгаа төслүүдийг шинэ удирдлагууд ирээд “унтраачихдаг” гэмтэй. “Эрдмин үйлдвэр” анхандаа их том амбицтай байсан. Үйлдвэрийн нэгдүгээр бааз дээр “Эрдмин” үйл ажиллагаа явуулж байгаад ирээдүйд хоёрдугаар бааз дээрээ 50 мянган тонн катодын зэс байгуулах гэж зорьж байсан хэрэг л дээ. Бүр ТЭЗҮ-ийг нь ч хийсэн байлаа. Бид үйлдвэрээ байгуулахын тулд Японы “Марубени”-гээс  7 сая ам.долларын зээл авсан юм. Энэ зээлийг   хөөцөлдөж аваад сүүлд нь өөрөө барагдуулсан. 2005 онд бүх өр ширээ дарж байлаа. Өөрөөр хэлбэл, 7 сая ам.долларын зээлийг катодын зэсээрээ буцааж төлөөд хүүг нь хожим ярилцаж байгаад тэглүүлсэн юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээс авсан ажил үйлчилгээний хөлсийг 2006 онд барагдуулж байлаа. Тэр үед аз түшиж зэсийн үнэ өндөр байсан нь зээлээ төлөхөд нөлөөлсөн юм. 7 сая ам.доллар бол тухайн үедээ их хөрөнгө оруулалт. Манайх ер нь “Марубени”-ээс авсан зээлийг барагдуулсан ганц компани байх. Туршилтын үйлдвэр гэдгээ харуулж чадсан төдийгүй эдийн засгийн үр ашигтай ажилласан. Хэдийгээр жижгэвтэр үйлдвэр ч гэлээ өнөөдрийг хүртэл ямар нэгэн өргөтгөл хийгдээгүй л байна. Нэг хүндрэл нь Эрдэнэт үйлдвэрээс авч байгаа түүхий эд буюу хүдрийн хэмжээ багасаад л байна. 

Хэдэн жилийн нөөцтэй байна вэ?
Одоогоор манай үйлдвэр нэг жилийн нөөцтэй байна.  “Эрдэнэт үйлдвэр” 10 сая тонн хүдэр авах гэрээг дэмжиж байгаа. Энэ асуудал бусад компаниудаас шалтгаалаад Засгийн газрын хурлаар орж чадахгүй байна. Учир нь, “Ачит Ихт”,  “Зэс эрдэнийн хувь” гээд компаниудын хооронд шүүхийн маргаантай асуудлууд бий. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд энэ бүгдийг цогцоор нь шийдэх гээд байдаг. Бид 10 сая тонн хүдрээ авчих юм бол үйлдвэр маань дахиад 10 жил ажиллана. Үйлдвэрийнхээ 10 жилийн ойгоор бид чардайж байж 3 мянган тонн катодын  зэс үйлдвэрлэсэн.  Эдүгээ “Эрдмин” үйлдвэрийн хөрөнгө оруулагчид нь Америкийн “Ар Си Эм” компани. Энэ компани “Эрдмин”-ий 58.5%, “Эрдэнэт үйлдвэр” 25%, “Мега Холдинг” гэдэг монгол компани 10%,  Ж.Дамдинжав гэж иргэн 6.5%-ийн хувьцааг тус тус эзэмшиж байна. 2005 онд үйлдвэр бүх хөрөнгө оруулалтаа нөхсөн, өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”, “Марубени”-ийн өрийг хүүтэй нь төлсөн гэж намайг урамшуулан 6.5%-ийн хувьцааг  өгсөн юм. Ингээд 2010 онд би эрүүл мэндийн шалтгааны улмаас үйлдвэрийн Зөвлөхөөр ажиллахаар болж, олон жил ажилласан Баатарыгаа Ерөнхий захирал болгосон. Одоо “Эрдмин”-д 120 гаруй хүн ажиллаж байна. 2005 онд катодын зэсээ хайлуулан зэс утас, барилгын дотуур монтажны утас үйлдвэрлэсэн. 2011 онд  бүр нарийн утас хийлээ. Зөөлөн утас, зөөлөн кабель ч  гэж хэлдэг. Өнгөрсөн жилээс зэс тууз үйлдвэрлэж байна. 
Ер нь Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэж юу байдгийг анх мэдэрсэн хүмүүс бол бид. Нэг тонн зэсийг утас болгож зарах, тууз болгоод зарах бүрт  нэмүү өртөг шингэдэг. Зэсийг хүндийн жингээр нь хэмжиж зардаг бол утсыг метрлэж зарна. Энэ бүхэн дээр нэмүү өртөг гарч ирж байгаа юм.  

Зэс утасаа экспортод гаргадаг уу?
Экспортод гаргаж чаддаггүй. Дотоодынхоо хэрэгцээнд 2005 оноос хойш гаргаж байна. Орос, Хятад, Солонгосын зэс кабель дотоодын зах зээл дээр орж ирж байгаа. Ер нь бол эрдэс баялаг, металаа сайн  боловсруулдаг улс л хүчирхэг байдаг бололтой.   

“Эрдмин”-ий бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь иргэд, аж ахуйн нэгжүүд үү?
Голдуу барилгын компаниуд худалдаж авдаг. Улаанбаатар хотод “Эрдмин”-ий өөрийн борлуулалтын дэлгүүр бий. Ер нь бол нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, түүнд хамааралтай тоног төхөөрөмжүүдийг монголчууд өөрсдөө л санаачилж хийсэн. Цаашдаа зэс труба ч хийж магадгүй. Тийм учраас бид татвар хөнгөлөөд өгөөч гэж Засгийн газарт удаа дараа санал оруулж ирсэн. Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих татварын бодлого, эрх зүйн орчин тааруу байна.  Гэхдээ  Орос, Хятадаас кабель оруулж ирж байгаа компаниудын лобби их байгаа.   

Таныг Лондоны металын бирж дээр цэвэр зэс зарж үзсэн анхны монгол хүн гэлцэх нь бий. Тийм үү?
Тэгж хэлж болно оо. Цэвэр зэс анх зарж байлаа. Зэсийн үнийг хянаж байж аль болох өндөр үнээр өрөө барагдуулахын төлөө үзэлцэж байсан. Лондоны  металын биржийг маш их судалсан. Тухайн үед Лондоны металын биржийн бүртгэлтэй болох нь маш их ач холбогдолтой байлаа. Бүртгэлтэй компанийн бүтээгдэхүүн дэлхийн хаана ч зарагддаг. Гэтэл “Эрдмин” тэгж чаддаггүй. Учир нь бүртгүүлсэн компани жилдээ дор хаяж 10 мянган тоннын хүчин чадалтай байх ёстой. Манайх 2500 тонн катодын зэс л үйлдвэрлэдэг. 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлээд түүнээсээ 25 тонныг нь аваачиж өгч байж зарах эрхтэй болдог. Манай компани бүртгэл байхгүй учраас 75 ам.доллараар дутуу зарна. “Марубени”-д катодын зэсээ өр төлөх байдлаар зарж байгаад Солонгосын “Самсунг”-д бас зургаан жил зарсан. Сүүлийн хоёр жил Хятадад бас борлуулалт хийж байгаад жаахан  бүтэмжгүй байхаар нь буцаад “Самсунг”-даа зарсан. Одоо харин “Nobеl” гэдэг компанид зарж байна.        

Монгол Улс анх удаа Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөртэй боллоо. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлыг уг хөтөлбөрт тусгаж өгсөн. Олон жил яригдаж байгаа энэ үйлдвэрийг барьж байгуулах нь хэр оновчтой вэ?
Зэс хайлуулах үйлдвэр Монголд зайлшгүй хэрэгтэй. Өртөг ихтэй, байгаль орчинд хортой гэж зарим хүмүүс ярьдаг. Үнэндээ хүнд аж үйлдвэргүйгээр ямар ч улс орон хөгжихгүй. Монгол Улс түүхий эдээ гадагшаа гаргаад оронд нь бүтээгдэхүүн авч байна. Уг нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өөрсдөө л хиймээр байгаа юм. Манай улсад бүтээгдэхүүн борлуулах амаргүй. Учир нь бага зах зээлтэй. Тиймээс экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээл дээр өрсөлдөх хэрэгтэй. Томоохон уурхайн гэрээг байгуулахдаа хажууханд  нь жижигхэн ч болтугай боловсруулах үйлдвэр барих төслийг суулгаад өгчих хэрэгтэй байгаа юм. Европын орнууд сантехникийн эд ангиудыг зэсээр хийгээд эхэлчихэж. Ийм нөхцөлд манай улс зэс труба үйлдвэрлэж болно шүү дээ. Байгаль орчинд хоргүй цахилгаан машинуудын бүх эд анги  зэсээр хийгдэж байна. Ер нь бол Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулах нь зүйтэй гэж үздэг хүмүүсийн нэг нь би. Дэд бүтэц сайтай, усны нөөц, хангамж талаасаа ч бодсон зөв хувилбар байгаа юм.     

Монголчууд эрт дээр үед боловсруулах үйлдвэрлэлийг сайн явуулдаг байж. Төмөрлөгийг хамгийн сайн мэддэг улс Монгол байсан гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй байх аа?
Кидан, түүнээс урагшаа Хүннү гүрэн металыг маш сайн боловсруулж хэрэглэдэг байсан нь түүхэн баримт бичиг, эд өлгийн зүйлээс тодорхой харагддаг. Нөгөө талаас  монгол хүмүүсийн нэр голдуу төмөр, алт, мөн­гө, хүрэл, болд, ган гээд дан төмрөөр нэрлэгдсэн байдаг.  Хүн хамгийн сайныг, хамгийн чанарыг нь л бодож  хүүхдэдээ нэр өгдөг гэж би боддог. Их хаадын нэр гэхэд л Тогоонтөмөр, Өлзий төмөр, Улсболд гээд олон бий. Ерөнхий сайдуудаас дурдвал Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх гэх жишээтэй. Монгол бол ашигт малтмалаараа нэн баян орон. Гол нь төрийн зөв бодлогоор, ард түмэндээ өгөөжтэй ашиглах хэрэгтэй.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.  
 

Сэтгэгдэл (2)

  • DR MAXWELL (129.205.124.145)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 11 сарын 05 | Хариулах
  • DR MAXWELL (127.0.0.1)
    Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 59 минутын өмнө
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 15 цаг 14 минутын өмнө
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 15 цаг 22 минутын өмнө
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • Уржигдар 15 цаг 42 минутад
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
  • Уржигдар 14 цаг 27 минутад
    Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.