Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

П.Ганхүү: “Газпром”-той нууцлалын гэрээ байгуулна

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр мэдээлэл /08.28/  хийсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана“ хэмээн онцлов.  

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшүүлэхэд анхаарахаар болсон.  Тиймээс Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж байгаагаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд дуулгасан юм.

Мөн “Эрдэнэс Метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил ч урагштай байна гэлээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд Метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоогоор нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэж байгаа аж.  

“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудын мэдээлснээр, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусчээ. “Багануур”, “Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ П.Ганхүү захирал онцолсон.

Г.Идэр