Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Говийн ус-Ногоон хөгжил” анхдугаар чуулган болно


Говь нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр цагаас усны нөөцийн асуудал чухлаар тавигдаж, орон нутгийн иргэдийн зүгээс ч дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж ирсэн. 2025 он гэхэд говь нутагт усны хомсдол нүүрлэж, уул уурхай байтугай жирийн иргэдийн амьдралд хүндрэлтэй зүйлүүд тулгарч болзошгүй байгааг салбарын эрдэмтэд анхааруулдаг. Монгол орны усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, 20%-ийг газрын доорх ус эзэлдэг. Тиймээс хамгийн бага нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байгаа хэмээн тэд байр сууриа илэрхийлсээр байна.

Энэ бүхнийг нэг цэгт төвлөрүүлж, гарц  шийдэл хайх зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн анхдугаар чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг санаачлан зохион байгуулахаар болжээ. Есдүгээр сарын 10-нд Даланзадгад хотноо “Шинэ спорт” цогцолборт болох тус чуулганд усны салбарын мэргэшсэн эрдэмтэн судлаачид, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцож, олон чухал илтгэл тавихаар төлөвлөсөн байна.

Чуулганы хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайхан хуралдааныг нээж үг хэлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын илгээлтийг танилцуулна гэдгийг зохион байгуулагчид тодотголоо. Өмнөговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхбаяр чуулганд оролцогчдод хандан баяр хүргэж үг хэлснээр салбарын судлаач, эрдэмтдийн илтгэлүүд тавигдах аж.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Сэддорж “Өмнөх жилүүдэд усны асуудлаар авч хэрэгжүүлсэн бодлого, үр дүн” сэдвээр эхний илтгэлийг  тавьж хэлэлцүүлэх юм. Уул уурхайн ус ашиглалтын талаар  тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Батчулуун “Уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, тулгамдсан асуудал” илтгэлийг танилцуулахаар бэлтгэжээ. Мөн “Говийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн усны хангамж, эрүүл ахуй, өнөөгийн байдал” сэдвээр Даланзадгад сумын 6-р багийн Засаг дарга Б.Дэндэвсамба, “Хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй, өнөөгийн байдал” сэдвээр Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг дарга Ц.Дэнээдорж нар сонирхолтой илтгэл тавина хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцолсон.

Гадаргын усыг говь руу татаж, уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах асуудлаар олон жил яригдаж байгаа. Тэгвэл Усны агентлагийн дарга Ш.Мягмар “Төрийн усны бодлого ба “Хөх морь” төслийн танилцуулгыг хийх аж. Түүнчлэн доктор Ц.Сосорбарам ”Говийн усны тулгамдсан асуудлууд ба хэрэгжих боломжтой төсөл” хөтөлбөрүүд,  усны салбарын нэртэй эрдэмтдийн нэг Н.Жадамбаа “Говийн усны нөөц, гидрогеологийн зураглал”, Д.Басандорж “Саарал усны технологи, ус цэвэрлэгээний инновацийн технологи”-ийн талаар танилцуулах аж.

“Монголд хамгийн чухал хувилбар бол хангайн бүсэд усаа хуримтлуулж, говийн бүсийн усан хангамжийг сэлбэн, уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах. Энэ нь эдийн засагт хамгийн ашигтай. Учир нь, гадаргын ус 14 хоногийн дотор сэргээгддэг. Газрын доорх ус 10 мянган жилээс цааш хугацаанд нөхөн сэргээгддэг учраас  усны асуудал нь  Монгол Улсын хөгжлийн тэргүүн зэргийн асуудал юм” хэмээн доктор Ц.Сосорбарам байр сууриа илэрхийлжээ. 

“Говийн эрчим хүчний ирээдүй” сэдэв чуулганы үндсэн илтгэлүүдийн нэг байх болно хэмээн чуулганы зохион байгуулагчид тодотгов. Энэ талаар доктор Д.Пүрэвбаяр илтгэхээр бэлтгэжээ.  Төгсгөлд нь, чуулганаас гарах шийдвэрийг танилцуулах аж.

Чуулганыг  хамтран зохион байгуулагчаар “Говийн ус-Ногоон хөгжил” ТББ, “Монголын усны түншлэл” ТББ, “Нүхэн жорлонгүй ногоон хот” ТББ ажиллаж байгаа юм.

Г.Идэрхангай