Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын орлогын тухайд оны эхний найман сарын байдлаар 1.17 тэрбум ам.долларт хүрч орлогын дүнгээр эрдсийн экспортыг тэргүүлж эхэллээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Алтны экспортын тухайд оны эхний найман сард манай улс нийт 19.9 тонн алт худалдаалж 1.15 тэрбум ам.долларын орлого олсон байна. Ингэснээр алтны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 2.7 дахин, орлогын дүнгээр 3.3 дахин нэмэгджээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн тогтворгүй байдал нь дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөхөд нөлөөлж, ханшийн үзүүлэлт дээд хэмжээнд хүрсэн нь Монгол Улсын алтны экспортын орлого огцом өсөх шалтгаан болсон юм.

Зэсийн баяжмал нь эрдсийн экспорт дундаа орлогын дүнгээр гуравдугаарт бичигдэж байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 905 мянган тонн баяжмал экспортолж 1 тэрбум 11 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 8%-иар, үнийн дүнгээр 24%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ зэсийн ханш дэлхийн зах зээлд сэргэсэн төдийгүй Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ энэ онд тооцоолж байснаас нэмэгдэх зэрэг нь зэсийн экспортын өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байна.

Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд 5.59 сая тоннд хүрч, орлогын дүн 402.5 сая ам.доллартай тэнцсэнээр эрдсийн экспортын орлогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдэв.

Дээрх дөрвөн эрдсийн экспорт улсын нийт экспортын 83.2%-ийг бүрдүүлж буйг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Оны эхний найман сарын байдлаар орлогын дүнгээр алт, төмрийн хүдрийн экспорт өсөлттэй гарч байгаа бол бусад эрдсийнх буурсан байна.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний найман сард 7.93 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 16.3%-иар (1.55 тэрбум ам.доллараар) буурчээ. Гэхдээ гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум 26 сая ам.долларын ашигтай гарсан байна. Улсын нийт экспорт мөн хугацаанд 4.48 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.9%-иар (908 сая ам.доллараар) буурсан дүн юм. Улсын нийт импорт эхний найман сард 3.45 тэрбум ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеэс 15.6%-иар (638 сая ам.доллараар) багасчээ.

 

Б.Төгс