Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Монголын нүүрсний экспорт 18 сая тоннд хүрэв

Он гарсаар есдүгээр сарын 15-ны байдлаар Монголын нүүрсний нийт экспорт 17.74 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21%-иар бага дүн юм. Гэхдээ нүүрсний экспорт эрчимтэй өсөх хандлагатай байна. Сарын дүнгээр есдүгээр сарын эхний хагаст 2.56 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн долдугаар сарын нүүрсний экспортын дүнгээс ч давсан үзүүлэлт боллоо.

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

 

Монголын нүүрсний экспорт өнгөрсөн наймдугаар сараас эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь “Ногоон гарц” түр журмын хэрэгжилттэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр Хятадын Өвөрмонгол дахь нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт хумигдаж байгаа нь Монголын нүүрсний худалдаа нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байна. Мөн Хятадын дотоодод олборлосон сайн чанарын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах нь тодорхой юм.

Наймдугаар сарын дүнгээр Монголоос 3.07 сая тонн коксжих нүүрс Хятад импортолсон нь Австралиас импортолсон 3.02 сая тонноос давсан дүн болсныг “Фэнвэй Энержи” мэдээлсэн байна.

Өвөрмонгол, Шэнси мужид нүүрсний уурхайнуудад хяналт шалгалт хийж буйн сацуу борлуулалтын хязгаар тавьж буй нь олборлолт буурахад нөлөөлж буй тухай “Аргус Медиа” онцоллоо.

Хятадын баруун урд хэсэгт орших Чунчин хотын ойролцоох нүүрсний далд уурхайд өнгөрсөн ням гаригт осол гарч 16 хүн нас барсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн осол гардаг өдөр Хятадын Нүүрсний уурхайн аюулгүй байдлыг шалгах үндэсний газар Шэньси муж дахь нүүрсний хоёр ч уурхай аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн тухай зарлажээ. Сүүлд гарсан осол нь Хятадын төр засгаас авч хэрэгжүүлж буй нүүрсний уурхайн хяналт шалгалтыг улам бүр эрчимжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Энэ онд Хятадын эрх баригчид нүүрсний импортын хэмжээг өнгөрсөн оны хэмжээнд буюу 300 сая тоннын түвшинд барих төлөвтэй байгаа юм. Гэсэн ч Хятадын дотоодын нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт хумигдаж, залгуулаад үйлдвэр, станцуудын өвлийн нөөцийн нүүрсний татан авалт эхлэх гэж байгаа нь импортын хэмжээг нэмэгдүүлэх хөшүүрэг болж магадгүй байна.

Б.Төгс

 

 

 

 

Сэтгэгдэл (1)

  • Батаа (66.181.189.21)
    Нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ гээд л зам, жолооч, машин, хил гааль дээр нь ковид нэмэгдээд бүх хүндрэлээ шийднэ гээд бүгд зовлон хүндрэлүүдээ шийдэх гээд л олон жил бужигналаа. Одоо хурдхан шиг төмөр замаа тавиад эртхэн бага зардлаар экспорт хийх голдрилдоо орооч.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах