А.Тэмүүжин:  Монгол Улс 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй

2020-09-29 15:24

2019 онд Засгийн газраас газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахаар шийдвэрлэсэн билээ.  Монгол Улсын газрын ховор элементийн нөөц болоод судалгааны ажил, “Газрын ховор элемент” хөтөлбөрийн талаар судалгааны төслийн нэгжийн Удирдагч А.Тэмүүжинтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.  

Юуны өмнө сэтгүүлийн уншигчдад, Та өөрийгөө танилцуулна уу?
Би Англи улсын Лестерийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, мөн Санхүү, эдийн засгийн их сургуулийн санхүү менежментийн чиглэлээр тус тус бакалаврын зэрэгтэй. 2014 онд ажлын гараагаа эрчим хүчний салбарт эхлүүлж байсан бөгөөд сүүлийн 2 жил уул уурхайн салбарт ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд зөвхөн Монголд гэлтгүй олон улсад энэ салбар маш их анхаарал татаж байна. Технологийн хөгжлийг дагаад хөрөнгө оруулалт татах тун сонирхолтой салбар болоод байгаа билээ. Дэлхийн энэ эрэлт хэрэгцээг Монгол Улс хэрхэн ашиглах боломжийг Та харж байна вэ? 
Өнөөдөр дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед шилжиж байна. Энэ цаг үед дэлхийн улс орнууд ухаалаг үйлдвэрлэл болон өндөр технологийн бүтээгдэхүүнээр өрсөлдөж буй. Энэхүү үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь яах аргагүй газрын ховор элемент юм.

Монгол Улсын хувьд одоогоор газрын ховор элементийн 4 орд, 80 гаруй илрэл тогтоогдоод байна. Нэг талдаа манай улсад газрын ховор элементийн нөөц бий. Нөгөө талдаа дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байгаа нь Монгол Улсын хувьд энэхүү ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай нөхцөл бүрдсэн гэж үзэж болно. Газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь алт, зэс, төмөр, нүүрс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай адил биш бөгөөд шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээлүүд байдаг.
Гэхдээ гадаад улс орнуудад байгаа нөөц боломжуудад тулгуурлан төр-хувийн хэвшил-их сургуулийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар газрын ховор элементийн ордуудыг байгаль дэлхийд ээлтэйгээр ашиглах бүрэн боломжтой.

Дэлхийн банкнаас, Монгол Улсыг 10 тэрбум ам.долларын үнэ цэн  бүхий газрын ховор элементийн нөөцтэй гэсэн тойм тооцоо гаргасан байдаг. Манай улс хэдийнээс энэ салбарт анхаарах болсон бол, энэ салбарын түүхээс харвал...?
Газрын ховор элемент нь 2010 оноос зөвхөн Монгол Улс гэлтгүй олон улсын хэмжээнд анхаарлын төвд орж ирсэн. Энэ нь БНХАУ газрын ховор элементийн экспортын хэмжээгээ багасгах мэдэгдэл хийсэнтэй холбоотой байсан. Энэхүү мэдэгдэл нь дэлхийн өндөр хөгжсөн олон улс орнуудыг “сандралд” оруулсан. Учир нь өндөр технологийн аж үйлдвэрийн гол түүхий эд болох газрын ховор элементийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй болж ирсэн юм. Тиймээс тухайн цагаас эхлэн улс орнууд газрын ховор элементийн найдвартай эх үүсвэрийн эрэлд гарсан.

Сонирхуулахад, өнөөг хүртэл дэлхийн газрын ховор элементийн нийт хэрэгцээг цөөн тооны үйлдвэрүүд хангаж ирсэн. Тухайлбал 1960-1980 онд АНУ-ын Маунтин Пассын газрын ховор элементийн үйлдвэр, 1980 оноос өнөөдрийг хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баян Овоогийн төмөр, газрын ховор элементийн үйлдвэр нь дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн дийлэнхийг нийлүүлж байсан. Үйлдвэрлэл ийнхүү ганц нэг улс оронд төвлөрч, явагдаж байсантай холбоотой дэлхийн бусад улс орнуудад түвэгтэйд тооцогддог газрын ховор элементийн баяжуулалтын технологийн хүний нөөц болон туршилт судалгааны бааз бэлтгэгдээгүй юм.

Монгол Улсын газрын ховор элементийн батлагдсан нөөцийн хэмжээ хэд вэ? Ер нь манай улсын газрын ховор элементийн судалгаа ямар түвшинд явж байна вэ? Энэ чиглэлд манай улсын геологийн судалгаа хэр хөгжсөн бэ? Ямар төрлийн газрын ховор элементийг тогтоосон бол? 
Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) статистик мэдээгээр, Монголд Улс 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэй. Судалгааны тухайд манай улсын хэмжээнд газрын ховор элементийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон Монгол Улсын газрын ховор элементийн нөөцийг сонирхож байгаа улс орнуудын гүйцэтгэж байгаа төслүүдийн хүрээнд уялдаа холбоо багатай ч гэсэн явагдаж байна. Хамгийн хүндрэлтэй зүйл нь газрын ховор элементийн хүдрийн баяжуулалтын технологи юм. Энэ нь баяжуулалтын технологиуд дотроо хамгийн хэцүүд тооцогддог. 

Цаашдаа судалгааны ажлуудыг уялдаа холбоотой болгож, хүн хүч, хөрөнгө санхүүжилт төвлөрүүлж, хамтарч ажиллах шаардлага байна. Газрын ховор элементийн ордын эрэл хайгуулын ажлыг зах зээлийн тогтолцоонд орохоос өмнө ч геологийн ангиуд сайн гүйцэтгэж байсан. Зах зээлд орсноос хойш ч энэхүү ажлыг хувийн хэвшлийн компаниуд тасралтгүй үргэлжлүүлээд явж байна. u
2010 оноос дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн эрэл хайгуулын ажил эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсад мөн адил газрын ховор элементийн ордуудыг судлах ажил эрчимжсэн. ХБНГУ, Япон, Финланд гэх мэт олон орны эрдэмтэн, судлаачид манай орны газрын ховор элементийн ордуудыг судалж эхэлсэн. Эдгээр гадаад хамтын ажиллагааны хүрээнд судалгаа шинжилгээний материаллаг бааз бэхжих, хүний нөөц бэлтгэгдэх зэрэг сайн үр дүнгүүд гарсан. Манай улсын газрын ховор элементийн ордуудад газрын ховор элементийн бүлэгт багтдаг 17 метал бүгд байдаг. Гэхдээ говийн бүсэд байгаа Мушгиа худаг, Хотгор болон Лугийн голын газрын ховор элементийн ордуудад хөнгөн газрын ховор элемент давамгайлдаг бол Халзан бүргэдэйн   ордод хүнд газрын ховор элемент түлхүү бий.  

Хэдийгээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас эдийн засаг хямралтай байгаа ч дэлхийн технологийн хөгжлийг дагаад манай улс газрын ховор элементийн салбартаа хөрөнгө оруулалт татах боломжтой санагддаг. Мэргэжилтний хувьд Та хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийг хэрхэн харж байна вэ?
Уул уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэг нь уул уурхайгаас ашиг олохын төлөө хөрөнгө оруулалт хийдэг. Хоёр дахь хэсэг нь өөрийн үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцийг баталгаажуулах зорилгоор хөрөнгө оруулдаг бөгөөд эдгээр нь гол төлөв өндөр технологийн компаниуд байдаг. Тиймээс энэ ажлыг өндөр технологийн аж үйлдвэр хөгжсөн улс орнуудтай хамтарч гүйцэтгэхэд хүндрэл бэрхшээл бага гарна гэж үздэг.

Засгийн газрын (2019.05.01) хуралдаанаар, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй Төслийн нэгж байгуулах шийдвэр гарсан билээ. Төслийн нэгж яг хэдийд байгуулагдсан бэ? Нэгжийн бүтэц бүрэлдэхүүнийг уншигчдад танилцуулна уу?
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” нь  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан. Төслийн нэгжийн гол зорилго нь Монгол Улсын газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байна. Манай төслийн нэгжид газрын ховор элементийн технологиор олон жил эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байсан эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа юм. Тухайлбал, газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, хими технологийн аргаар боловсруулах судалгааг олон жил гүйцэтгэсэн Монгол Улсын зөвлөх инженер, профессор, доктор А.Хаумдас, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн дэд профессор, доктор Д.Энхбат нар манай төслийн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөж байна. 

Төслийн нэгж байгуулагдсан цагаасаа хойш ямар ажилд төвлөрөн ажиллаж байна вэ? Уул уурхайн салбарт цоо шинэ чиглэл учир Төслийн нэгжийн хүндрэл бэрхшээл болоод ололт, ахицын тухайд?
Юуны түрүүнд, газрын ховор элементийн ордын эрэл хайгуул гүйцэтгэж байгаа компанийн төлөөллүүдтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийлээ. Зарим компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баян-Овоогийн газрын ховор элементийн үйлдвэрүүдтэй танилцаж, хамтран ажиллах боломжийг судалсан.  

Төслийн нэгж нь хоёр ажилд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт,  газрын ховор элементийн үйлдвэрлэлийг цогцоор нь явуулах талбайн сонголт хийх, хоёрт хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх асуудал юм. Эхний ажлын хүрээнд, геологийн хайгуул хийх талбайн сонголтоо хийсэн. Одоогоор тусгай зөвшөөрөл авах ажил хийгдэж байна. Хоёр дахь ажлын хүрээнд, ХБНГУ болон Япон улсын төлөөлөгч нартай уулзсан ба хамтран ажиллах санал боловсруулах ажил одоогоор явагдаж байна.

Ололттой зүйл гэвэл Монгол Улсын хэмжээнд өөр хоорондоо уялдаа холбоо багатай ч гэсэн бас судалгааны ажлууд хийгдсэн байдаг юм байна. Тодорхой хэмжээнд судалгааны материаллаг бааз болон залуу судлаачид бэлтгэгдэж байгаа нь олзуурхууштай юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж буй “Газрын ховор элементийн хөтөлбөр” ямар шатандаа явж байгаа вэ? Хөтөлбөрийн төсөлд, 2020-2024 онд хоёр үе шаттайгаар 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Ирэх 4 жилд Төслийн нэгж ямар ажил, зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас (УУХҮЯ) Ажлын хэсэг гарч тус хөтөлбөрийг боловсруулсан. Төслийн нэгжийн зүгээс хөтөлбөртэй танилцаж, саналаа өгсөн. Газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч үзэх гол асуудлууд бүрэн туссан байсан. 

Төслийн нэгжийн хувьд ирэх жилүүдэд тодорхой талбай дээр геологийн эрэл хайгуул, хүдрийн баяжуулалтын технологи, баяжмалын гидрометаллургийн боловсруулалтын технологийн асуудлыг иж бүрнээр нь шийдэж, дэлхийн зах зээлийн шаардлага хангасан газрын ховор элементийн дан исэл гарган авахыг зорьж ажиллана. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх ёстой.  

Төрийн эрх барьж буй МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн үндсэн түүхий эд  болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах оруулна”  гэж тусгасан. Газрын ховор элементийн судалгаанд түшиглэн, хамгийн ойрын ирээдүйд ямар ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой вэ?
Төслийн нэгжийн зүгээс газрын ховор элементийн судалгаа цогцоор нь гүйцэтгэх зорилгоор тодорхой талбайг сонгон авсан. Одоогоор тухайн талбайн тусгай зөвшөөрөл авах ажил явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Манай улс  газрын ховор элемен­- тийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ямар зорилго, зорилтыг дэвшүүлж байгаа вэ? Дэлхийн зах зээлд өрсөлдөх үү, аль эсвэл дотоод­доо өндөр технологийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэ­хэд ашиглах уу? 
Манай улс газрын ховор элементийн нөөцөд суурилсан үйлдвэрлэлийг зөвхөн түүхий эд бэлтгэн экспортлохоор хязгаарлаж болохгүй. Манай улсад нөөц нь байна. Тиймээс дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн зорилго тавих ёстой. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын газрын ховор элементийн технологийн Замын зураглал гаргах хэрэгтэй. Хэрэгжүүлэх арга хэлбэрийн хувьд авч үзвэл Аж үйлдвэрийн кластер хэлбэрээр хөгжүүлбэл илүү тохиромжтой юм байна гэж харж байгаа.

Ярилцсанд баярлалаа. 
 

Сэтгэгдэл (1)

  • Орд (122.201.31.98)
    Олигархууд дарчихсан ордууд олон байгаа.
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-01-22 16:34
    Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.
  • 2021-01-22 16:33
    QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж.
  • 2021-01-22 11:49
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • 2021-01-20 16:43
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • 2021-01-20 16:39
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.