Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Газрын тосны үйлдвэрийн төслийн эхний бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэв

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажлын (EPC-1)  Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд гэрээг цахимаар (2020.10.04)байгуулжээ. 

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.

“Энэтхэг улсын тусгаар тогтнолын эцэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Гандийн мэндэлсэн өдөр  тохиож байна. Миний хувьд хоёр баярт үйл явдал давхардсан сайхан өдөр болж байна гэж бэлгэшээж байна. Энэтхэг-Монгол орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэмээн Элчин сайд М.П.Сингх онцлон тэмдэглэжээ. 

БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж. Гэрээг байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлснийг  тус үйлдвэрийн удирдлагууд  энэ үеэр хэлсэн байна. 

“Үйлдвэр байгуулах төсөл маань төлөвлөлтийн үе шатаас бүтээн байгуулалтын шат руу шилжиж байна. Гэрээ байгуулах ажлын явцад дэлхий дахиныг хамарсан цар тахал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн боловч манай хамт олон болон Энэтхэгийн талаас хүчин чармайлт гаргасны үндсэн дээр ийнхүү ажил хэрэг болж байна” хэмээн  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ярьжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Инженерчлэл, Худалдан авалт, Барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ.  Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC ProjectsIndia” компани шалгарсан аж. Тус компани үйлдвэрийн талбайд иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),  ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх юм. “EPC-1 ажлыг хэрэгжүүлснээр үйлдвэрийн дараа дараагийн технологийн барилга угсралтын ажлуудыг эхлүүлэх суурь нь болно” гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.  “JMC ProjectsIndia” компани нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 40 орчим жилийн туршлагатай компани. Тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Г.Идэр