Даяаршил баяртай 

2020-10-16 15:38

The Mongolian mining Journal /Sep.2020/

Б.Төгсбилэгт

Шинэ коронавирус  нь дэлхий дахиныг хамарсан цар тахал болж, хүмүүс ажлаа гэрээсээ хийхэд хүрэв. Энэ нь нэг талаас амаргүй хэрэг боловч нөгөө талдаа дижиталчлалын үйл явцыг урьд хожид байгаагүй хурдасгаж  байна. Массачусетсийн Технологийн Институтын профессор Дэвид Автор энэхүү цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг автоматжуулалтыг хурдасгасан үйл явдал гэж тодорхойллоо. Өмнө нь автоматжуулалт, хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай явагдах болсон гэж яригдаж байсан бол одоо цар тахлын улмаас энэ үйл явц улам бүр түргэсэх болжээ. 
Үүнтэй зэрэгцээд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн тогтолцоо хэрхэн хувирч өөрчлөгдөх тухай асуулт гарч ирж байна. Үүнд шууд хариулахад бэрх ч цар тахлын дараа улс төр, худалдаа – эдийн засгийн тогтолцоонд гарцаагүй өөрчлөлт ирэхийг судлаачид хэлж байна. 

Бидний хувьд илүү сонирхолтой асуулт нь Хятадтай холбоотой өрнөл юм.  Тус улс нь дэлхийн үйлдвэрлэлийн төв болсон орон гэдэг утгаараа  олон улсад  чухал. Манай орны хувьд Хятад   нь гадаад худалдааны хамгийн том түнш. Энэ улсад автомашин, электрон бараа, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл гээд бүхий л өртөг шингэсэн үйлдвэрлэл цогцолсон. Ийм ч учраас “дэлхийн үйлдвэрлэлийн цөм”  гэж нэрлэгддэг. Гэхдээ цар тахлын үед үйлдвэрлэлийг нэг цэгт төвлөрүүлэх нь хичнээн эрсдэлтэй болохыг улс орнууд цар тахлын үеэр илүү ойлгох болжээ. Тэд арга хэмжээ авах нь гарцаагүй. Хэрэвзээ Хятадын үйлдвэрлэл буурч, түүхий эдийн эрэлт  хумигдвал манай улсын экспортод   шууд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ Хятадаас “өрх тусгаарлах” үйл явц цар тахлын дараа шууд эрчимжих нь гэвэл хараахан тийм биш. Учир нь Хятад улсын “дэлхийн үйлдвэрлэлийн төв” болох аялал нь сүүлийн 30-40 жилийн хугацаанд хамаарах ойлголт юм. Ийм урт хугацаанд аажмаар өрнөсөн хөгжлийн үр дүнг богино хугацаанд өөрчлөх аргагүй. 

Гэсэн ч Хятадаас Зүүн өмнөд Азийн улс орнууд руу үйлдвэрлэл шилжих үзэгдэл аль хэдийнэ өрнөсөн нь нууц биш.  Хятад улс цар тахлын дараа Энэтхэг зэрэг томоохон улс оронд байр сууриа алдах уу гэсэн асуудал  сүүлийн үед яригдах болов. Цар тахлын үед Энэтхэг улс нь гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн боломж амлаж буй ч дэлхийн худалдааны интеграцчлалд Хятад шиг нэгдэж чадаагүй. Жишээ нь Энэтхэг нь өнгөрсөн онд АСЕАН-ы бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (RCEP)-д нэгдэхгүй байхаар шийдвэрлэсэн. Иймд Энэтхэгийн экспортлогчдын хувьд худалдааны зардлыг бууруулах боломж хомс  юм.
Нөгөө талаар гадаадын компаниуд Хятадыг үнэхээр орхих хүсэлтэй байгаа юу гэвэл үгүй. Цар тахал Хятадын зарим хэсгийг нөмрөөд байсан үе буюу гуравдугаар сард АНУ-ын компаниудаас Хятадаас гарах эсэх тухай судалгаа явуулахад тэдгээрийн 70% нь тийм бодолгүй  гэж хариулсныг “AmCham China” /Хятад дахь АНУ-ын Худалдааны танхим/ мэдэгдсэн байна. 
Хятадын   магадгүй зарим салбарт бууралт гарч болзошгүй ч ерөнхийд нь авч үзвэл урьдны адилаар үйлдвэрлэлийн гол төв хэвээр  байна гэж  судлаачид хариулах нь давамгайлна.

Одоогийн байдлаар Германы компаниудын бараг 80% нь Хятадын ханган нийлүүлэгчдээс ямар нэг байдлаар хараат байна. Бусад орны томоохон компаниуд ч Хятадаас ихээхэн хараат байгаа юм. Цар тахлын үед автомашины томоохон үйлдвэрлэгчид болох Fiat Chrysler болон Hyundai автомашины компаниудын машин үйлдвэрлэл бүрэн зогссон билээ. Учир нь тухайн компаниуд   Хятадын ханган нийлүүлэгчдээс бүрэн хараат байсан хэрэг. Эрсдэл өндөр болохыг компаниуд ойлгож байгаа ч Хятадыг бүрэн орхихыг хүсэхгүй. Учир нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол чиглэл нь өмнө нь экспортын зүгт хандаж байсан бол одоо дотоодын хэрэглээнд шүтсэн зах зээл рүү чиглэж байна. Энэ нь компаниудыг асар том зах зээлээс зуураад үлдэх сэдлийг өдөөж байна гэж хэлж болно. Дундаж давхарга нэмэгдэхийн хэрээр Хятадын дотоодын зах зээл нь компаниудад асар том боломж болон хувирна. 

Хятад улсад хөдөлмөрийн хөлс улам бүр нэмэгдэх хандлагатай  төдийгүй АНУ-Хятадын худалдааны дайны үйл явц нь тус улсаас үйлдвэрлэлээ холдуулах бодлыг эрхгүй төрүүлж буйг энд бас дурдах нь зүйтэй. Гэсэн ч асуудлыг шууд хялбархнаар шийдэх боломж компаниудын хувьд хомс юм.
Үнэхээр АНУ болон барууны орнууд Хятадыг дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс тусгаарлах аваас тэдгээр улс орнуудын ард иргэд илүү өндөр өртгөөр худалдан авалт хийх   дүр зураг харагдаж байгааг хятадууд биш америкчууд өөрсдөө ил тод зарладаг. 

АНУ-ын төр засгаас худалдаа, технологийн салбартай холбоотой явуулж буй бодлого нь асар олон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагуулж болзошгүй байна.  АНУ-ын эдийн засагч, “Morgan Stanley Asia” банкны тэргүүн асан Стивен Роучийн тайлбарласнаар АНУ-ын компаниуд илүү өндөр үнэтэй компаниудаас бараа бүтээгдэхүүнээ худалдан авах магадлалтай. Энэ нь АНУ-ын хэрэглэгчдийн татварын дүнг нэмэгдүүлсэнтэй агаар нэг хэрэг болох ажээ. 

“IMA Asia”-ийн Ерөнхий захирал Ричард Мартин Хятадыг нийлүүлэлийн сүлжээнээс гаргахаар завдах нь эцэстээ хана мөргөж,   үнэ өсгөхөөс хэтрэхгүй гэж өгүүлжээ. Тэрбээр АНУ руу хүргэгддэг зарим бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл Хятадаас гарч Вьетнам, Тайвань, Энэтхэг, Индонез тэргүүтэй орнууд руу шилжсэн. Гэхдээ тэдгээр улс орон эргээд Хятадаас бараа бүтээгдэхүүнээ импортолж таардаг. Эцэстээ энэ нь АНУ, Хятадыг салгаж байгаа хэрэг болохгүй. Гагцхүү АНУ-ын хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэх явдал болохыг сануулжээ.  

Наймдугаар сарын 17-нд Хятадын гар утас, компьютер үйлдвэрлэгч   Хуайвэй болон бусад томоохон компани руу АНУ-аас чип экспортлохыг хориглосон. Энэ нь АНУ-ын хагас дамжуулагч чип үйлдвэрлэгч компаниудын борлуулалтыг ихээхэн  боогдуулахаар байна. Үүнийг зарим хэвлэлд асуудлыг Америкгүйгээр шийдэх сэдлийг улам бүр өдөөж, урамшуулна гэж өгүүлжээ.
Сүүлийн үед компаниуд Хятадад үйлдвэрээ байгуулахын зэрэгцээ Зүүн өмнөд Азийн аль нэг оронд дахин нэг үйлдвэр байгуулах стратеги баримтлан ажиллах болсон байна. Гэхдээ энэ нь онолын хувьд боломжтой ч амьдрал дээр хэрэгжихэд амаргүй ажээ. Одоогийн байдлаар Хятадтай зэрэгцэхүйц Азийн орнууд гэвэл Япон, Өмнөд Солонгосыг нэрлэж байна. Гэхдээ эдгээр хоёр орны үйлдвэрлэлийн зардал харьцуулшгүй өндөр гэдэг нь дамжиггүй. Харин Энэтхэгийн тухайд дэд бүтцийн хөгжил сул  нь асуудал болж байна. 
Хятадад шинэ үйлдвэрлэл хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, чадварлаг ажиллах хүч, хөрөнгө оруулалтыг дэмжих орчин, баялаг зах зээл гээд олон давуу талтай нь компаниудыг татсан хэвээр байна. Нөгөөтэйгүүр Хятад   нь өндөр технологи шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэхээр эрмэлзэх нь тус улсыг өөр нүдээр харах нөхцөл болж байна. u


Дэлгүүрийн барааг хэрэглэгчдэд дроноор хүргэх, зоогийн газарт робот   үйлчлэх зэрэг үзэгдэл одоо Хятадад шинэ үзэгдэл биш болж. Чухамдаа энэ улс өндөр технологийн чиглэлд араас нь биш бусдыгаа түүчээлэхийг зорих боллоо. Ийм нөхцөлд Хятадын байр суурь ганхах эсэх тухай бодоход эрт байна. Хятад цар тахлын үед АНУ-тай харьцуулахад илүү хүчирхэг байдлаар асуудлыг шийдэж  байгаа нь эдийн засаг, геополитикийн байр сууриа  улам бүр баталгаажуулж буйг   судлаачид тэмдэглэлээ.


КОВИД-19-ЫН ДАРААХ ЕРТӨНЦ

Цар тахлын дараах шинэ  байдал гэж юуг хэлээд байна вэ? Шууд утгаар ойлговол бүх зүйл өмнөх шигээ байхгүй гэсэн санаа. Шинэ коронавирусын вакцин ирэх хавар гэхэд нийлүүлэгдэх  таамгийг олонх судалгааны байгууллага дэвшүүлж байна. ОХУ вакцин үйлдвэрлээд эхэлсэн, гурав дахь шатны туршилт явагдаж буй. Хятадын вакцин ирэх арваннэгдүгээр сард гарах тухай мэдээллүүд найдвар төрүүлж байгаа ч бүх нийтэд вакциныг хүргэнэ гэдэг амаргүй. Улмаар шинэ коронавирусын аюулаас айх айдасгүй хэвийн амьдрал руу ирэх оны гурав, дөрөвдүгээр улиралд шилжих төлөвийг McKinsey   дэвшүүлжээ. 

Урьд нь дэлхийн улс орнууд зөвхөн хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжид  анхаарал хандуулж   байсан. Даяарчлалын үед улс орны хил хязгаарын асуудал төдийлөн сонин биш гэж ярьдаг, мэтгэлцэж ирсэн. Тэгвэл  цар тахлын үеэр улс орны хил хязгаар хичнээн чухал болох нь харагдав. Улс орнууд амны хаалт, эмнэлгийн хэрэгслийн хэрэглээг чухалчилж,   нийлүүлэлтийг хэрхэн найдвартай хийхэд   ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ үеэр нэг зүйл   анзаарагдсан  нь улс төр, эдийн засгийн хамгийн гол үзэл баримтлал  даяарчлагдсан дэлхий гэхээсээ илүүтэй тусгаар улс, үндэстэнд  төвлөрсөн явдал юм. Цаашид ч энэ төвлөрөл улам бүр хүчээ авна гэдэгт олон судлаач итгэлтэй байна.

Дэлхийн нэгдүгээр гүрэн цар тахлын үед эмийн хангамж нь гаднаас хараат болохоо ухаарав. АНУ-ын эм хангамжийн 72%-ийг Европ, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэдэг болохыг тус улсын иргэд цар тахлын үеэр  мэдэв. Гэхдээ  энэ тоо хэмжээ антибиотик дээр авч үзвэл бүр 97%-иар яригдана. Улс орнууд цар тахлын үеэр хилээ хааж, амны хаалт, эмнэлгийн хэрэгслийн экспортыг хориглож байсан нь саяхны сургамжит түүх болон үлдсэн буйза. 

Дэлхийн улс орнууд хамгийн үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд хямд үйлдвэрлэл бүхий зүйл дээр голлон төвлөрч байсан бол  яг үнэн хэрэгтээ доголдож тасалдах цагт хичнээн том эрсдэлтэй болох нь  харагдлаа. Энэ нь   тэсвэртэй, найдвартай  бус илүү хэврэг тогтолцоо байсан  нь одоо илүү тодорч   байна. Дэлхийн эдийн засаг 2008 оны санхүүгийн хямралаас сургамж аваагүй. Хэрэв Засгийн газрын тусламжийн санхүүжилт байгаагүйсэн бол тухайн үед үл хөдлөх салбарт тохиосон үнийн хөөсрөлт өндөрлөхөд эдийн засаг бүхэлдээ нуран унах аюултай байсан. 

Одоо харин улс орнууд даяарчлалаас хангалттай ашиг хүртэхээс илүүтэй   хэрхэн дотооддоо хараат бус үйлдвэрлэлийг бий болгох   тэнцвэрт байдлыг эрэлхийлэх  тухай таамгийг Колумбын их сургуулийн профессор Жозеф Стиглиц дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гол стратеги нь өртөг багатай гэхээсээ илүү эрсдэл багатай хувилбар руу шилжинэ.
Коронавирусын дэгдэлтээс үүдсэн цар тахал бол дайн гэдгийг зарим улс орны удирдагч нар тодорхойлох болсон. Дайны үед бүтцийн томоохон өөрчлөлтүүд явагддаг болохыг түүхийн хуудаснаас харж болно. Хэдийгээр энэ удаад дайсан нь харийн хүчин биш, өчүүхэн жижиг вирус ч   дайны үеийн уур амьсгал, орчин нөхцөлийг бий болгосон   гэдэг утгаараа томоохон өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй гэдгийг Иелийн их сургуулийн эрдэмтэн Роберт Шиллер сануулав. 

Хэдхэн сарын  дотор дэлхийн эдийн засаг 1930-аад оны хямралаас хойш байгаагүй хурдаар доош нурав. Маш олон хүний ажил, амьдралд томоохон асуудал үүсэв. Улс орнууд хилээ хааж сүүлийн 50 жилийн хугацаанд өсөлттэй байж ирсэн аялал жуулчлалын салбар анх удаагаа уналттай гарч байна.   Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болох компаниуд ихээхэн алдагдал хүлээлээ. Цаашид нийлүүлэлтийн тогтолцоо даяарчлагдсан гэхээсээ илүүтэй дотоодод төвлөрөх хандлага давамгайлна гэж ОУВС-ийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат таамаглажээ. Энэ нь хөгжиж буй орнууд гадаадаас хөрөнгө татах гэсэн эрмэлзэл рүү “ус цацсан” хэрэг болж мэдэх юм. Цар тахал намжсаны дараа ч хүмүүс өмнөх шигээ төдийлөн их аялахгүй байж магад. Хамгийн том асуудал нь цар тахлын дараа хүмүүсийн айдаст   тулгуурлан эдийн засгийг нэгдмэл бус салангид болгохыг чармайх популист улс төрчид гарах болов уу гэсэн болгоомжлол байгааг тэрбээр сануулжээ. 

Олон улсын эдийн засгийн Петерсоны хүрээлэнгийн тэргүүн Адам Посен цар тахлын дараа дэлхий хэрхэх тухайд мөн сонирхолтой таамаг дэвшүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхийн эдийн засагт зогсонги байдал үүсч болзошгүй. Энэ нь эдийн засагт ямар ч үйлдвэрлэлийн өсөлт гарахгүй, магадгүй дефляци руу тулж очих, хувийн хөрөнгө оруулалтын өгөөж буурах үзэгдэл юм. Үр дүнд нь хүмүүсийн орлого буурч, хэрэглээгээ танаж, орлогоо хуримтлуулснаар   эрэлт, инноваци  буурдаг сул талтай гэдгийг  онцолж байна.

Мөн хөгжиж буй   болон хөгжингүй орнуудын хоорондын ялгаа улам бүр тэлж, эдийн засгийн үндсэрхэг үзэл газар авахад хүрнэ. Зэрэгцээд улс орнууд хилийн чанад дахь өөрсдийн   үйлдвэр, хөрөнгө оруулалтаа зогсоож, хаах болно. 
Америк долларын ноёрхол улам бүр тэлж, улмаар АНУ руу урсах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, харин бусад улс оронд  буурна. 
Эцэст нь эдийн засгийн үндсэрхэг байдал  хэзээ ч эдийн засгийн хараат бус байдлыг авчрахгүй, түүнд ойртуулсан үр дүнд ч хүргэхгүй. Гагцхүү дээрх  үр дагаврыг улам бүр бататгасаар байна гэж  тайлбарлажээ.
Цар тахлаас үүдсэн эдийн засаг, санхүүгийн хохирол бүрэн нөхөгдөх хүртэл урт хугацаа шаардлагатай гэдэгт судлаачид санал нэгтэй байна. Гэхдээ алдагдсан ажлын байрны зарим нь хэзээ ч эргэн бий болохгүй байж мэдэх ажээ. Үүнд дижиталчлал шууд үүрэгтэй.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Лаура Тайсон цар тахлын нөлөөгөөр дижиталчлалын өрнөл асар ихээр хурдасч буйг тэмдэглэж байна. Үүний нөлөөгөөр бага ур чадвар шаардсан дундаж цалинтай ажлын байр багасах дүр зураг харагдана. Тухайлбал үйлчилгээний салбар цаашид өсөх боловч хүний оролцоо шаардсан ажлын байрууд тэр дундаа, жижиглэнгийн худалдаа, эмнэлгийн байгууллага, аялал, боловсрол, сувилал, төрийн байгууллага гээд салбар салбарт ажлын байр буурах төлөв бий. 

Ингэснээр хүмүүсийн орлогын зөрүүтэй байдал улам бүр нэмэгдэх ажээ. Эдийн засаг бүрэн сэргэсний дараа ч маш олон ажлын байр дахин сэргэхгүй.
Шинэ коронавирусын цар тахлаас үүдэн даяарчлал гол хохирогч болон үлдэж буйг зарим эрдэмтэн  хэлж байгаа ч яг үнэн хэрэгтээ 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын  үед глобалчлалд асуудал үүсээд   байсан юм. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар сэргэлт ажиглагдаагүй билээ. Гэхдээ энэ нь даяарчлалын төгсгөл биш гагцхүү дэлхий дахин илүү бага хамаарал бүхий хувилбарыг бодолцож үзнэ гэсэн үг. 

Дэлхийн санхүүгийн хямралын дараагаар Брексит, Европын өрийн хямрал, АНУ-Хятадын худалдааны дайн гээд хэд хэдэн асуудал тохиосон. Гэхдээ яг үнэн хэрэгтээ эдгээрийн аль нь ч шинэ коронавирусын үеийнх шиг эдийн засгийн тодорхойгүй байдлыг үүсгээгүй. Эдийн засагчид яг одоо тодорхойгүй байдал гэж чухам юу болохыг илүү ойлгож, мэдэрч байгаагаа ярьж байна. 

Хэрэв улс орнууд цар тахлын хямралыг амжилттай давж чадахгүй аваас НҮБ-ын  Тогтвортой хөгжлийн зорилго-2030, Парисын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлнэ гэж санахын ч хэрэггүй   гэдгийг нуухгүй байна. Тиймээс энэ удаагийн хямралыг даван гарахад олон улсын байгууллагууд оновчтой ажиллахаас их зүйл хамаарахыг судлаачид санууллаа. 
Хятад  цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг хамгийн хөнгөн давж гарч чадаж буй улсаар тодорч байна. Энэ онд Хятадын эдийн засаг өсөлттэй гарах боломжтойг ч тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян есдүгээр сард  мэдэгдлээ. Хамгийн гол нь Хятадын тоо баримтад барууныхан ихээхэн эргэлзэж байна. Хятад улс нь худал тоо баримт, мэдээллээр сайрхаж дотоодын хөрөнгийн зах зээлээ өсгөдөг гэсэн шүүмжлэл бий.  

Мөн тус улс геополитикийн хувьд илүү хүчирхэгжих шинжтэй байгаа юм. Гэхдээ үүнийг АНУ зүгээр хараад суухгүй. Иймд цар тахлын дараа хүйтэн дайн өөр түвшинд эхэлнэ. Тэр нь АНУ, Хятадын хооронд өрнөнө гэж Еврази групп мэдэгджээ. Цар тахлын дараа глобалчлал улам бүр хэврэгших нөхцөл  үүснэ гэж эрдэмтэд тооцоолж байна.

“McKinsey Global Institute”-ээс  цар тахлын дараа дэлхий хуучин хэвэндээ эргэн орохгүй гэж үзжээ. Дижиталчлалын хурдац нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ даяарчлагдсан бус, харин илүү бүс нутгийн шинжтэй төвлөрөл рүү шилжих төлөвтэй байна. 
Глобалчлал нь эдийн засгийн хямралын үед үргэлж “буруутан” болж хувирдаг байсан. Одоо цар тахлын үед ч мөн л буруутнаар нэрлэгдэж байна. Гэхдээ цар тахлыг хүн төрөлхтөн хамтын хүчээр давах нь чухлыг судлаачид сануулж буй. 
Цар тахлын дараа   өмнөх амьдрал яг тэр хэвээрээ эргэн ирнэ гэж судлаачдын дийлэнх нь үзэхгүй байгаа нь тодорхой байна. Илүү автоматжсан, илүү бие даасан нийлүүлэлтийн сүлжээний хөгжлийн загвар цар тахлын дараах “шинэ хэвийн байдал” болон биелэх магадлал өндөр байна.  

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 13 минутын өмнө
    Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
  • Уржигдар 11 цаг 59 минутад
    Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
  • 2020-10-19 17:29
    Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
  • 2020-10-19 15:55
    УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой  6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
  • 2020-10-16 15:53
    Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.