Simon Thompson: Juukan Gorge-ийн агуйн хэрэг шиг зүйл “Рио Тинто”-ийн үйл ажиллагаанд дахин давтагдахгүй

2020-10-16 15:53

Б.Төгсбилэгт
 

Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна.

“Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
Хэрэг явдал болохоос өмнө буюу тавдугаар сарын 21-нийг хүртэл Рио-ийн удирдлагууд тэсэлгээ хийх газрын соёлын өвийн ач холбогдлын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан тухай хэвлэлүүдэд онцолжээ.
“Рио Тинто” компанийн нийт үйл ажиллагааны орлогын 90 гаруй хувийг Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн олборлолтоос бүрдүүлдэг тул энэ хэрэг нь компанид маш ноцтой зүйл гэдэг нь ойлгомжтой юм. 

Уг хэсэгт анх 2013 онд “Рио Тинто” компани тэсэлгээ хийх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авсан ч түүнээс хойш жилийн дараа соёлын өвийн дурсгалт зүйлс олдсон байна. Улмаар соёлын дурсгал талаасаа хавьгүй илүү ач холбогдолтой эртний дурсгалт газар болох нь тогтоогджээ. Иймээс соёлын өвийн тухайд “Рио Тинто” компани эртнээс мэдэж байжээ. Нөгөө талаас өнгөрсөн тавдугаар сард тэсэлгээ хийхээс өмнө нутгийн уугуул иргэд тэсэлгээ хийхгүй байх хүсэлтийг удаа дараа өгч байсан гэсэн мэдээллийг Австралийн хэвлэлүүдэд онцоллоо. 

Гэсэн ч тэсэлгээ хийсэн бөгөөд нутгийн уугуул иргэдийн зөвшөөрлийг авсан гэж бодсон хэмээн “Рио Тинто” компанийн зүгээс тайлбарлажээ. Улмаар тэсэлгээг зогсоохоор оролдсон ч хэтэрхий оройтсон байсан гэдгээ учирласан байна.

Тэсэлгээ болсны дараа нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэл ихээхэн эрчимжсэн билээ. Хариуд нь компани Гүйцэтгэх захирал болон төмрийн хүдрийн бизнес хариуцсан захирал компанийнхаа өмнөөс уучлал хүссэн ч хангалтгүй байв. Улмаар компанийн ТУЗ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, төмрийн хүдрийн группийн захирал Крис Солсбери, компанийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симон Нивен зэрэг захирлуудын урамшууллыг 7 сая ам.доллараар танахаар болсноо наймдугаар сарын 24-нд мэдэгдсэн юм. Гэвч энэ хэргийг зөвхөн урамшуулал танах байдлаар шийдвэрлэх нь хэтэрхий хангалтгүй гэж компанийн хувьцаа эзэмшигчид болон уугуул иргэдийн төлөөлөл шаардсанаар ийнхүү гурван захирлыг ирэх зургаан сарын дотор албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон юм.

Компанийн Гүйцэтгэх захирлын суудалд дараагийн хүнийг шинээр томилох хүртэл буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл одоогийн захирал Жан Себастьян Жак нь ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна. Жак захирлын оронд томилогдох хэд хэдэн хүмүүсийн нэр яригдаж буйн дунд “Рио Тинто” компанийн Эрчим хүч, эрдсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд багтаж байгаа юм. Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдсон.
Juukan Gorge-ийн агуйн хэрэг шиг археологи, соёлын чухал өвийг устгасан зүйл “Рио Тинто”-ийн үйл ажиллагаанд дахин давтагдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ компанийн ТУЗ-ийн дарга Simon Thompson мэдэгдсэн юм.

Гэхдээ компанийн удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь халснаар уг асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй гэдгийг Австралийн томоохон сан болох HESTA сануулж байна. Өөрөөр хэлбэл асуудлыг уурхайн компани болон уугуул иргэд (газар эзэмшигчид)-ийн хооронд байгуулсан гэрээний зарим заалтыг өөрчлөх замаар шийдвэрлэх шаардлагатайг анхааруулжээ. Учир нь тэдгээр гэрээ нутгийн уугуул иргэдийн эрхийг зөрчиж, уул уурхайн компанийн эрх ашгийг хангах талд үйлчлэх байдал түгээмэл байдаг аж.

Түүх соёл, археологийн дурсгалт агуйг сүйтгэсэн энэхүү явдал нь Баруун Австрали мужийн Засгийн газарт соёлын өвийг хамгаалахтай холбоотой хуулийг яаралтай сайжруулж, өөрчлөх шаардлагатайг харуулж буйг Австралийн Археологийн холбоо анхааруулсан байна. Учир нь соёлын өвийг хамгаалах тухай холбогдох хуулийн 18 дахь хэсгийн зүйл заалтаар, “Рио Тинто” -ийн хийсэн тэсэлгээ нь хуулийн дагуу үйлдэл болон хувирч байна. Тэгэхээр тус компани ийнхүү олон нийтээс уучлалт хүсч, захирлуудаа халж буй алхам нь зөвхөн нийгмийн лиценз олж авах, алдагдсан нэр хүндээ сэргээх оролдлого гэж ойлгож болно.

Жан Себастьян Жак төмрийн хүдэр гэхээс илүүтэй зэсийн салбарт мэргэшсэн гэж хэлж болно. “Рио Тинто”-ийн зэсийн группийн захирлаар ажиллаж байхдаа тэрээр Оюутолгойн өргөтгөл төслийн гэрээг 2015 онд Монголын талтай байгуулсан билээ. Дараа жил нь 2016 оны долдугаар сард “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд түүний ажилласан хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгджээ. Тэрбээр “Рио Тинто”-ийн хувьцаа эзэмшигчдэд очих үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнтэй ажиллаж чадсан бол төмрийн хүдрийн “Brockman 4” ордын өргөтгөлийн төслийн явцад гарсан томоохон алдаа түүнийг суудлаасаа буухад хүргэлээ.


Төмрийн хүдрийн “Brockman 4” ордыг өргөтгөснөөр “Рио Тинто”-ийн Пилбара дахь хоёр дахь томоохон төсөл болох юм.
“Рио Тинто”-ийн Juukan Gorge-ийн хэргийн дараа нутгийн уугуул иргэдийн зүгээс тус компани цаашид нэмж  уугуул иргэдийн соёлын дурсгалт 124 газрыг уурхай ашиглалт нэрийн дор сөнөөж мэдэх талаар мэдээлсэн байна. Компани эдгээр 124 газрын 26-д хамаарах нутагт уурхай ашиглах зөвшөөрөл аль хэдийнэ авчээ. Холбогдох хуулийн 18 дугаар зүйлийн “далбаан дор” соёлын дурсгалт газрыг устгах нь хуулийн дагуу ажил болж хувирахыг  The Yinhawangka Aboriginal Corporation (Yinhawangka уугуул иргэдийн холбоо) мэдээлжээ. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 32 минутын өмнө
    “Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 
  • 23 цаг 16 минутын өмнө
    2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
  • 23 цаг 51 минутын өмнө
    "Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 
  • 2021-11-25 14:32
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
  • 2021-11-25 13:59
    Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.