Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна

2020-10-26 10:30

Б.Төгсбилэгт

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон. 

Энэхүү техникийн тайлан өмнө нь 2016 онд гарч байсан нь одоо ийнхүү шинэчлэгдсэн   юм. 2020 оны тайлан нь далд уурхайн зураг төслийг шинэчлэн боловсруулж буй үетэй давхцаж байгаагаараа онцлогтой. Иймд өмнөх тайлангийн тоо баримтуудтай харьцуулахад тодорхой өөрчлөлтүүд гарчээ.

Шинэ тайлангаас үзэхэд Оюутолгой уурхайн олборлолтын үйл ажиллагаа 2051 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Уурхайн үйл ажиллагаа нь үндсэндээ Оюутолгойн одоо ажиллаж байгаа Оюут ил уурхай  болон далд уурхай (Хойд Хюго Лифт 1)-н үйл ажиллагааг хамарч буйг тодотгоё.  Өмнөд Хюго, Херуга болон бусад хэсгийн ордын ашиглалт огт яригдаагүй.

Өмнөх 2016 оны техникийн тайланд дурдсанаар ил болон далд уурхайг нийлээд 40 жил ашиглах буюу 2057 он хүртэл ашиглахаар байсан бол одоо 2020 оны шинэ техникийн тайланд 2051 он хүртэл ашиглахаар тусгажээ. Үндсэндээ уурхайн ашиглах хугацаа богиноссон гэсэн үг. Олборлолтын хугацаанд Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтаас нийтдээ 69.4 тэрбум ам.долларын орлого олно гэж тусгажээ. Өмнөх 2016 оны тайланд уг үзүүлэлт даруй 82.8 тэрбум ам.доллар  байсан юм. 

Далд уурхайн тухайд 2023 оны хоёрдугаар сард үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаанд шилжиж, ашиглалтад орох төлөвтэй байгаа билээ. Тэгвэл 2029 оны эхний хагаст далд уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Тодруулбал жилдээ 33 сая тонн хүдэр буюу өдөрт 95 мянган тонныг олборлоно гэсэн үг. Далд уурхайгаас хүдэр олборлох үйл явц 2023 оноос эхэлж 2043 оноор тасалбар болно. Энэ хугацаанд далд уурхайгаас нийт 440 сая тонн хүдэр олборлоно гэж тооцжээ.
Ил уурхайн хувьд одоогоор жилдээ 40 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар ажиллаж байна. Энэ хүчин чадлаар ил уурхай 2023 он хүртэл ажиллаж улмаар бага зэрэг “амсхийнэ”. Учир нь түүнээс хойш далд уурхайн олборлолт түрж орж ирснээр ил уурхайн  олборлолтын хүчин чадал аажмаар буурах юм. Гэхдээ ил уурхай бүр зогсоно гэсэн үг биш, зэрэгцээд олборлолт өрнөнө.

2021-2051 онд Оюутолгойн уурхайгаас нийтдээ 1.23 тэрбум тонн хүдэр олборлож, боловсруулж нийт 31 сая тонн баяжмал үйлдвэрлэх юм. Энэхүү баяжмалд үндсэндээ 8.8 сая тонн зэс, 8.5 сая унц алт /264 тонн алт/, 52 сая унц мөнгө /1600 тонн/ агуулагдах юм. 
2013 оны долдугаар сард Оюутолгойн баяжмал борлуулалт эхэлсэн бөгөөд үүнээс хойш 2020 оны нэгдүгээр сарын байдлаар тус уурхайгаас нийтдээ 4.6 сая тонн баяжмал борлуулсан дүнтэй байна. 
Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийн тухайд уурхайн ажиллах хугацаанд үндсэндээ жилд 40 сая тонн хүдэр боловсруулна. Гэхдээ энэ дотроо 2040 он хүртэл уурхайн хүдэр дэх зэс, алтны агуулгын хамгийн баялаг үе тохионо. Түүнээс хойш хүдрийн агуулга харьцангуй буурах ажээ. 
Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 2028 онд оргилдоо хүрч 580 мянган тонн баяжмал дахь зэс болж нэмэгдэхээр байна. Энэ нь тус ордын одоогийн үйлдвэрлэлээс даруй 314%-иар өсөхөөр байгаа юм. Мөн баяжмал дахь алтны агуулга ч 2028 онд 570 мянган унц (~18 тонн)-д хүрэхээр байна. Ингэснээр тухайн онд Оюутолгой уурхайн баяжмалын борлуулалт 4.74 тэрбум ам.доллартай тэнцэнэ.  Энэ бол Оюутолгойн борлуулалтын оргил цэг. 

Оюутолгойн “оргил мөчлөг” ийнхүү цаашид 2040 он хүртэл үргэлжилнэ.  Өөрөөр хэлбэл 2040 он хүртэл Оюутолгойн борлуулалтын орлого 2 тэрбум ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Энэ тооцооллыг гаргахдаа “Туркойз Хилл Ресурс” зэсийн үнийг фунт тутамд 3.08 ам.доллар (~6900 ам.доллар/тонн), алтны ханшийг 1292 ам.доллар/унц, мөнгийг 19 ам.доллар/унц байхаар тооцсон. Эрдсийн зах зээлд голлох метал, үнэт металын ханш “өнгөтэй” байх тусам эдгээр тооцоолол шууд дагаад өсөх нь тодорхой. 

 
Оюутолгойн хувьд одоогийн байдлаар 187МВт цахилгаан хэрэглэж байгаа бол далд уурхайн бүтээн байгуулалтын үе шувтарч, олборлолт нь эхлэх үед уг үзүүлэлт 230МВт-д хүрнэ гэж тооцоолжээ. 
Усны хэрэглээний тухайд Оюутолгой уурхай нь үндсэндээ Гүний хоолойн газрын доорх усны ордоос 918 л/с  хэмжээгээр ус авч ашиглах боломжтой байгаа юм. Гэдхээ “RPS Aquaterra” байгууллагын шинэчилсэн судалгаагаар Гүний хоолойгоос авч ашиглах усны хэмжээ 1415 л/с  байх боломжтой гэж гарчээ. 
2018 оны байдлаар Оюутолгойн газрын гүний усны хэрэглээ дунджаар 460 л/с байсан бөгөөд оргил үедээ 630 гаруй л/с-ээр хэмжигдсэн байна. Харин 2019 онд усны хэрэглээ нь 16 тэрбум литрт хүрчээ. Ус дахин ашиглалтын хувь хэмжээ 2019 онд дунджаар 87.2%-тай гарсан байна. 

Тайланд Оюутолгой төслийн борлуулалт, маркетингтай холбоотой эрсдлийг гаргасан байна. Тухайлбал баяжмалд агуулагдах хорт бодисын хэмжээ Хятадын импортын шаардлага, стандартаас давах магадлалтайг тэмдэглэсэн байна. Баяжмалд агуулагдах хүнцлийн хэмжээ нь ямар ч байсан урд хөршийн импортын стандартад нийцэж байгаа ажээ. Харин хар тугалга, кадмий, мөнгөн ус зэргийг одоогийн байдлаар судалж байна. Эдгээрээс гадна борлуулалт Хятадын зах зээлээс хамааралтай байдлыг нэрлэсэн байна. Тиймээс цаашид Хятад, Оросын хилээр бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэх зорилт тавьж ажиллах тухай тайланд дурджээ. 

Ийнхүү Оюутолгой уурхайн бидний мэдэх ил болон далд уурхай 31 жилийн дараа буюу 2051 оны эцсээр  ашиглагдаж дуусах дүр зураг тодорч байна. Уурхайн хаалтын ажилд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөө гарчээ. Хаалтын ажил  15 жил үргэлжлэх бөгөөд хаалтын өмнөх бэлтгэл ажил, хаалт-нөхөн сэргээлт болон хаалтын дараах гэсэн гурван үе шаттай хэрэгжих юм байна. 

Дээрх зураглал нь 2051 оноор Оюутолгой уурхайн олборлолт дуусна гэж өгүүлж буй боловч тухайн үед бусад хэсгийн олборлолтыг эхлүүлэх эсэх нь Засгийн газар, “Рио Тинто”-ийн тохиролцооноос хамаарна. Бүр илүү тодорхой зүйл гэвэл зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна. 
 

Сэтгэгдэл (1)

  • Баагий (66.181.161.32)
    Ашиг орлого ахиу хүртэх болтугай. Баахан зээлийн хүү төлөөд балларах нь бидний зорилго баймааргүй л байна.
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.